2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/02494

 

2025          03          25                                    191/ШШ2025/02494                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ******************, ***************** хаягт байрлах, “Х.***********” ХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ******************, ***************** тоот хаягт бүртгэлтэй, “Х.*********** ХХК /РД:***********/, 

Хариуцагч: ******************, ***************** тоот хаягт оршин суух, *********** овогт Э.А*********** /РД:***********/, 

Хариуцагч: ******************, ***************** тоот хаягт оршин суух, *********** М.Э*********** /РД:***********/ нарт холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 171,111,839 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, баталгаа гаргагч нараас зээлийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е***********, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Э.А***********, хариуцагч М.Э***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Зээлдэгч “Х.***********" ХХК нь “Х.*************" ХК-тай 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр №ЗГ/RCC210303019-1 тоот “Зээлийн гэрээ"-г байгуулан, 150,000,000 төгрөгийг, жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлдэгчийн №ЗГ/RCC210303019-1 тоот "Зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Э.А*********** нь "Х.*************" ХК-тай 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр №ЗБ/RCC210303019-1-1 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ"-г байгуулан улсын бүртгэлийн Ү-************ тоот дугаарт бүртгэгдсэн, **************, *************** тоот хаягт байршилтай, 66 м.кв талбайтай, 2 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.  

Зээлдэгчийн №ЗГ/RCC210303019-1 тоот "Зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Э.А*********** нь 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр №БГ/RCC210303019-1 тоот "Баталгааны гэрээ", М.Э*********** нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр №БГ/RCC210303019-2 тоот “Баталгааны гэрээ"-г тус тус байгуулж зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадаагүй тохиолдолд нөхөн төлөх баталгааг баталгаа гаргагч Э.А***********, М.Э*********** нар гаргасан. 

 "Х.*************" ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №7-405/176 тоот албан бичгээр нийт 8,140,673.17 төгрөгийн төлбөрийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс зөрчиж зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, гэрээний үүрэг зөрчигдөж байгааг мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан №ЗГ/RCC210303019-1 тоот "Зээлийн гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах үндэслэлтэй болно.  

Зээлдэгч нар нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээл 136,465,929.69 төгрөг, зээлийн үндсэн хүү 34,074,284.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 518,625.76 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 53,000.00 төгрөг, нийт 171,111,840 төгрөгийг гаргуулж өгнө үү.  

Хариуцагч “Х.***********" ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн №ЗГ/RCC210303019-1 тоот "Зээлийн гэрээ"-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, №ЗБ/RCC210303019-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр барьцаалсан Э.А***********ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-************ тоот дугаарт бүртгэгдсэн, **************, *************** тоот хаягт байршилтай, 66 м.кв талбайтай, хоёр өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч “Х.***********” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №БГ/RCC210303019-1 тоот "Баталгааны гэрээ”-ний дагуу баталгаа гаргагч Э.А***********ын хөрөнгөөр хангуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2023 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн №БГ/RCC210303019-2 тоот "Баталгааны гэрээ"-ний дагуу баталгаа гаргагч М.Э***********ийн хөрөнгөөр хангуулахаар тус тус шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв. 

2.Хариуцагч М.Э*********** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

 

Манай “Х.***********” ХХК нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Х.***********наас 150,000,000 төгрөгийн зээлийг авсан. Мөн барьцааны болон баталгааны гэрээ байгуулсан. Уг зээлийг авсны маргааш нь улс орон даяар хөл хорио зарласан тул тухайн талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Хил гааль хаагдаж үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон. Бид хоёр тухайн байрыг дэлгүүрийн журмаар ажиллуулахаар зээл авсан. Дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах дэлгүүрийн доторх лангуу, бусад хэрэгслийг Хятад улсаас авах байсан. Хил хаагдаж дотоодоос авъя гэсэн боловч хэд дахин өндөр үнэтэй байсан, зээл авч үйл ажиллагаагаа явуулахад хэцүү болсон. Энэ нөхцөл байдлыг Х.***********инд хэлж, зээлсэн мөнгөөрөө Хангай хотхонд байр түрээслэж үйл ажиллагаа явуулж байсан. Тодорхой хугацаанд зээлийг ямар ч асуудалгүйгээр төлж байсан. Ингээд үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн явуулах боломжгүй болж, манай зээлийг хариуцаж байсан зээлийн эдийн засагчтай холбогдоход “зээлийг үргэлжлүүлэх боломжтой хүнд шилжүүлье” гэж хэлсэн. Энэний  талаар судлаад хариу өгье гэж хэлж байсан. Гэтэл банкны үйл ажиллагаа удааширсан. Бидний олсон хоёр ч хүний зээлийг судлаад шилжүүлнэ гэж байсан боловч зээл олгоогүй байсан. Х.*********** дээр маш олон удаа очиж уулзсан байхад нэг талаас гэрээний үүргээ биелүүлээгүй, оргон зайлсан байдлаар тайлбар өгч байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Хамгийн сүүлд тухайн зээлдэгчид зээл өгөх боломжгүй гэх хариу өгч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй. Хэрэв шийдээд өгчихсөн бол өнөөдөр хүүгийн төлбөр 34,000,000 төгрөгт хүрэхгүй байсан. Манай зүгээс зээл авсан үйл баримттай маргахгүй. Тухайн объектыг зах зээлийн ханшаар үнэлүүлж банканд шилжүүлж өгөх саналтай байна. Өнгөрсөн хугацаанд хүү болон, үндсэн зээлээ ямар асуудалгүйгээр төлж байсан тул зээлийг хаалгая гэв.  

3.Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Э.А*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй байна. Өөр тайлбаргүй гэв. 

4.Нэхэмжлэгчээс шүүхэд: Улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон  итгэмжлэл, зээлийн хүсэлт, анкет, компанийн дүрэм, 2021 оны 4 сарын 08-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барьцаалбар, батлан даалтын гурвалсан гэрээ, 2021 оны 5 сарын 11-ний өдрийн баталгааны гэрээ, 2023 оны 01 сарын 31-ний өдрийн баталгааны, зээлийн төлбөр барагдуулах мэдэгдлүүд, зээл хүүгийн тооцоолол,  

Хариуцагчаас шүүхэд, Х.***********инд гаргасан хүсэлт зэрэгт баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.  

 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,  

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “Х.***********” ХК нь хариуцагч “Х.***********” ХХК, Э.А***********, М.Э*********** нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 171,111,840 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд баталгаа  гаргагч нараас зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

2.Нэхэмжлэгч “Х.***********” ХК болон хариуцагч “Х.***********” ХХК нарын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр №ЗГ/RCC210303019-1 дугаартай, “Зээлийн гэрээ” байгуулсан байх бөгөөд гэрээгээр “Х.***********” ХХК нь 150,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, сарын 2,1 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаагаар зээлж авсан болох нь зохигчдын тайлбар,  “Зээлийн гэрээ”, зээл эргэн төлөх хуваарь зэрэг бичгийн нотлох баримтуудаааар нотлогдож байна.  

3.Нэхэмжлэгчийн үндсэн зээлийн төлбөр 136,465,930 төгрөг, зээлийн хүү 34,074,284 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 518,626 төгрөг, нийт 171,058,840 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,  

Талуудын хооронд байгуулсан мөнгө зээлдүүлэх гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.  

Талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ” нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна. 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ. 

Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөр болон хүүний төлбөрийг зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай “Х.***********” ХХК-иас зээлдэгчид  хүргүүлсэн мэдэгдлүүд зэрэг баримтаар тогтоогдох ба гэрээний үүргийн дагуу төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан талаар хариуцагч маргаагүй байна.  

Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбартаа гэрээ байгуулагдсан болон гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй боловч банкны буруутай эс үйлдэхүй буюу өөр зээлдэгчийг олж өгөх ажиллагаанд идэвхитэй хандаагүй гэх үндэслэлээр хүүгийн төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

Зээлдэгч нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш үндсэн зээл, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс хойш хүүгийн төлөлт хийгээгүй байх бөгөөд аливаа гэрээ, хэлцэл нь хоёр талын хүсэл зоригийн нэгдлээс хамаарах тул нэхэмжлэгчийг өөр зээлдэгчийг олох ажиллагаанд идэвхитэй хандаагүй гэх үндэслэлээр хариуцагчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй байна. 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.  

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 8.2-т “зээл төлөх хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал хугацааны үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөхгүй” гэжээ. 

Иймд хариуцагч “Х.***********” ХХК-иас үндсэн зээлийн төлбөр 136,465,930 төгрөг, хүүгийн төлбөрт 34,074,284 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 518,625, төгрөг, нийт 171,058,840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х.***********” ХК-д олгох нь зүйтэй байна.  

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа, мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.  

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй” гэж заасан. 

Мөн талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, зээлийн гэрээний үндсэн болон хуваарьт хугацаанд, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг гэрээнд заасан журмаар худалдан борлуулж барьцаагаар хангагдах шаардлагыг хангуулах эрхтэй гэж зохицуулжээ. 

 Нэхэмжлэгч “Х.***********” ХК болон хариуцагч Э.А*********** нарын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр №ЗБ/RCC210303019-1 дугаартай, “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээгээр иргэн Э.А***********ын  өмчлөлийн, ************, ************* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч Э.А*********** байх бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч “Барьцааны гэрээ”-нд заасан барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1., 158 дугаар зүйлийн 158.1. дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтад нийцэж байна.  

Иймд хариуцагч “Х.***********” ХХК нь гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна. 

5.Түүнчлэн, нэхэмжлэгчээс хариуцагч М.Э***********, Э.А*********** нар нь  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол баталгааны гэрээний дагуу баталгаа гаргагч нараас зээлийн гэрээний үүргийг гаргуулах шаардлага гаргаж байна. 

Нэхэмжлэгч “Х.***********” ХК нь хариуцагч Э.А***********тай 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр №БГ/RCC210303019-1 тоот “Баталгааны гэрээ”, хариуцагч М.Э***********тэй 2023 оны 01 дүгээр  сарын 31-ний өдөр №№БГ/RCC210303019-2 тоот “Баталгааны гэрээ”-г тус тус байгуулсан байна. 

Дээрх баталгааны гэрээнүүдээр зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн үл маргах журмаар төлөх үүрэг хүлээсэн байна. 

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д “үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно” гэж, 234.4.-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана” гэж заасан.  

Иймд хариуцагч “Х.***********ц ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлэхгүй бол хариуцагч Э.А***********, М.Э*********** нараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна.  

6.Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал буюу нотариатын үйлчилгээний хураамж 518,626 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. 

Талуудын байгуулсан гэрээгээр шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардлыг зээлдэгч төлөхөөр тохиролцоогүй байх бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй байна. 

Тодруулбал, өөрийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардлыг гэрээнээс учирсан хохирол гэж үзэхээргүй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 518,626 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Х.***********” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 171,058,840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х.***********” ХК-д олгож, зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн баталгаа гаргагч нараас үүргийг гүйцэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас 518,626 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х.***********” ХХК-иас зээлийн гэрээний төлбөрт 171,058,840 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч “Х.***********” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 518,626 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1., 154 дүгээр зүйлийн 154.4., 234 дүгээр зүйлийн 234.1., Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х.***********” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ************, ************* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-************ дугаарт бүртгэгдсэн, 66.5 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, мөн баталгаа гаргагч Э.А***********, М.Э*********** нараас зээлийн төлбөрийг гаргуулсугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,224,109 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас 1,013,244 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.***********” ХК-д олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            З.БАЯРМАА