2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/02467 

 

2025          03          25                                    191/ШШ2025/02467                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:**************, ************* хаягт байрлах, “Х.**************” ХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: **************, ************* тоот хаягт оршин суух **************овогт Б.Б************** /РД:**************/, 

Хариуцагч: **************, ************* тоот хаягт оршин суух ************** овогт Ц.С************** /РД:**************/, 

Хариуцагч: У**************, ************* байрлах, “М.**************” ХХК /РД:**************/ нарт холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 16,741,975 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, батлан даагчаас зээлийн төлбөрийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчХ.Е**********, хариуцагч, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б**************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар: 

Зээлдэгч Б.Б**************, Ц.С********** нар нь “Х.**************" ХК-тай 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр №ОЗГ-2012/124 тоот "Орон сууцны зээлийн гэрээ"-г байгуулан, 44,900,000.00 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан.    

Зээлдэгч Б.Б**************, Ц.С********** нар нь "Орон сууцны зээлийн гэрээ"-ээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, №ОБГ-2012/124 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ"-г байгуулан Б.Б**************ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*************дугаарт бүртгэгдсэн, *************, ************** тоот хаягт байршилтай, 57.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.  

"Орон сууцны зээлийн гэрээ"-ээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, “М.**************" ХХК нь "Х.**************" ХК-тай 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр №БДГ-2012/124 тоот "Зээлийн батлан даалтын гэрээ"-г байгуулан зээлдэгч зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг, зээлийн гэрээний хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх баталгааг “М.**************" ХХК гаргасан.  

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон.  

"Х.**************" ХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 7-410/409 тоот “Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай" мэдэгдлээр нийт 1,745,261.13 төгрөгийг зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон. “Х.**************" ХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 7-410/496 тоот “Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай” мэдэгдлээр нийт 2,334,101.23 төгрөгийг зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон. Зээлдэгчид үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан №ОЗГ-2012/124 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсгүүдэд заасны дагуу “Х.**************” ХК- ийн зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар №ОЗГ-2012/124 тоот "Орон сууцны зээлийн гэрээ"-г хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй болно.  

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцно”, мөн хуулийн 21.2-т “Зээлдэгч зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан.  

Зээлдэгч нарын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №ОЗГ-2012/124 тоот "Орон сууцны зээлийн гэрээ”-ний үүрэгт 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээл 16,658,111.35 төгрөг, үндсэн хүү 48,863.79 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 35,000 төгрөг байна.   

Иймд хариуцагч нараас Б.Б**************, Ц.С********** нарын “Х.**************" ХК-тай 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан №ОЗГ-2012/124 тоот "Орон сууцны зээлийн гэрээ"-г нэг талын санаачилгаар шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 16,741,975.14 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Б**************, Ц.С********** нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ОБГ-2012/124 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ"-гээр барьцаалсан Б.Б**************ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*************дугаарт бүртгэгдсэн, *************, ************** тоот хаягт байршилтай, 57.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч Б.Б**************, Ц.С********** нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №БДГ-2012/124 тоот "Зээлийн батлан даалтын гэрээ"-ний дагуу батлан даагч "М.**************" ХХК-ийн хөрөнгөөр хангуулахыг тус тус шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.  

2.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Одоо санхүүгийн байдал дээрдэж байгаа. Энэ зээлийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Хугацаа авч хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна. Дансанд байгаа 2 сая орчим төгрөг энэ үнийн дүнгээс хасагдах байх гэж бодож байна гэв.  

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, зээлийн хүсэлт, анкет, 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барьцаалбар,2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн батлан даалтын гэрээ, үл хөдлөх хөрөнгө  худалдах, худалдан  зээлийн төлбөр барагдуулах мэдэгдлүүд, зээл хүүгийн тооцоолол,  

Хариуцагч “М.**************” ХХК-иас, улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэрэг  бичгийн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.  

 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,  

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “Х.**************” ХК нь хариуцагч Б.Б**************, Ц.С**********, “М.*************” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,741,975 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу зээлийн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б************** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, хариуцагч “М.*************” ХХК-ийн зүгээс шүүхэд хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.  

2.Нэхэмжлэгч “Х.**************” ХК болон хариуцагч Б.Б**************, Ц.С********** нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр №ОЗГ-2012/124 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулагдсан байх бөгөөд зээлийн гэрээгээр Б.Б**************, Ц.С********** нар нь 44,900,000 төгрөгийг, жилийн 13,2 хувийн хүү, сарын 1,1 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаагаар зээлж авсан болох нь зохигчдын тайлбар,  “Орон сууцны зээлийн гэрээ”, зээл эргэн төлөх хуваарь зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.  

3.Нэхэмжлэгчийн зээлийн төлбөр 16,658,111 төгрөг, зээлийн хүү 48,864 төгрөг, нийт 16,658,111 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,  

Зохигчдын хооронд байгуулсан мөнгө зээлдүүлэх гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.  

Талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ” нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна. 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ. 

Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөр болон хүүний төлбөрийг зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай “Х.**************” ХК-иасс зээлдэгчид  хүргүүлсэн мэдэгдлүүд зэрэг баримтуудаар тогтоогдох ба гэрээний үүргийн дагуу төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан талаар хариуцагч маргаагүй байна.   

Мөн шүүх хуралдаан дээр хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.  

Иймд хариуцагч Б.Б**************, Ц.С********** нараас зээлийн төлбөр 16,658,111 төгрөг, хүүгийн төлбөрт 48,864 төгрөг, нийт 16,706,975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х.**************” ХК-д олгох нь зүйтэй байна.  

4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа, мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.   

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй” гэж заасан. 

Мөн талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, зээлийн гэрээний үндсэн болон хуваарьт хугацаанд, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг гэрээнд заасан журмаар худалдан борлуулж, барьцаагаар хангагдах шаардлагыг хангуулах эрхтэй гэж зохицуулжээ. 

Нэхэмжлэгч “Х.**************” ХК болон хариуцагч Б.Б************** нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр №ОБГ-2012/124 дугаартай, “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээгээр иргэн Б.Б**************ын өмчлөлийн ***********, ************* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*************дугаарт бүртгэлтэй, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. 

Энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч Б.Б************** байх бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1., 158 дугаар зүйлийн 158.1. дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтад нийцэж байна.  

Иймд хариуцагч Б.Б**************, Ц.С********** нар нь гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.  

5.Түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагч Б.Б**************, Ц.С********** нар нь  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол батлан даалтын гэрээний дагуу “М.**************” ХХК-иас зээлийн төлбөрийг гаргуулах шаардлага гаргаж байна.  

Нэхэмжлэгч “Х.**************” ХК, хариуцагч “М.**************” ХХК-ийн хооронд 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр №БДГ-2012/124 тоот “Батлан даалтын гэрээ” байгуулагдсан байна. 

Дээрх батлан даалтын гэрээгээр зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг үл маргах журмаар төлөх үүрэг хүлээсэн байна.  

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж заасан.  

Хариуцагч “М.**************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гардуулан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд  шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ” гэж заасан. 

Иймд хариуцагч Б.Б**************, Ц.С********** нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийг буцаан төлөх үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч “М.**************” ХХК-иас зээл, хүүгийн төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна.  

6.Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал буюу нотариатын үйлчилгээний хураамж 35,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэжээ.  

Нэхэмжлэгчийн өөрийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардлыг гэрээнээс учирсан хохирол гэж үзэхээргүй байх бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасан зардалд хамаарахгүй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 35,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Б**************, Ц.С********** нараас зээлийн гэрээний үүрэгт 16,706,975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х.**************” ХК-д олгож, зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч нарын өмнөөс нөхөх хариуцлага хүлээх болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 35,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б**************, Ц.С********** нараас зээлийн гэрээний үүрэгт 16,706,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.**************” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 154 дүгээр зүйлийн 154.4., 234 дүгээр зүйлийн 134.1., Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.-т заасныг баримтлан хариуцагч Б.Б**************, Ц.С********** нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Б.Б**************ын өмчлөлийн ***********, ************* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*************дугаарт бүртгэлтэй, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн батлан даагч “М.***************” ХХК-иас зээлийн төлбөр болох 16,706,975 төгрөгийг нөхөн гаргуулсугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,059 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас 377,509 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.**************” ХК-д олгосугай.   

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           З.БАЯРМАА