2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 191/ШЗ2025/02568

 

2025          03          27                                    191/ШЗ2025/02568                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн  

шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ***************, ***************** тоот хаягт оршин суух, **********шонхор овогт Б.А********** /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ***************, ***************** тоот хаягт оршин суух, ********** овогт Ч.Ө********** /РД:***********/-д холбогдох, 

Газар өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.  

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч Б.А**********гийн охин Ч.Б*********** нь өөрийн төрсөн эх Б.А**********д хандаж мөнгөний хэрэг гараад, “банк бус санхүүгийн байгууллагаас  авсан зээл нэхэгдээд байна, тийм учир газрын гэрчилгээг барьцаалаад түр хугацаанд мөнгө зээлмээр байна” гэхээр нь нэхэмжлэгч охиныхоо нэр дээр өөрийн өмчлөлийн ****************, ***************** тоот хаягт байршилтай,  456 м.кв талбайтай газрыг бусдад барьцаалж, зээл авах эрхийг итгэмжлэлээр олгосон. Ингээд Ч.Б*********** нь өөрийн нөхөр А.Л************ийн хамт "П.**************" ХХК-иас анх 5,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсэж, улмаар уг зээлийг хаахад бусдаас мөнгө зээлэх шаардлагатай болсон тул тэд мөнгө зээлэх хүн хайж байгаад Х.Х************** гэх хүний “*************” гэх фейсбүүк хаягаас зар харж холбогдож, харилцан тохиролцсоноор Х.Х**************ээс 10,000,000 төгрөг зээлэх тохиролцоонд хүрсэн байдаг. Х.Х************** нь “10,000,000 сая төгрөг зээлдүүлье, уг мөнгөний барьцаанд нь 635б тоот хаягт байршилтай,  456 м.кв талбайтай газрыг Худалдах худалдан авах гэрээ хийгээд барьцаалчих, харин уг гэрээг Ч.Ө********** гэх хүнтэй байгуулаарай, энэ саналыг зөвшөөрсөн тохиолдолд 10,000,000 төгрөг зээлдүүлье” гэсэн байдаг. Ингээд Хэнмэдэхэвийн хэлсний дагуу Ч.Ө**********тэй 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр "Газар худалдах худалдан авах гэрээ" байгуулж түүний нэр дээр газрын гэрчилгээг шилжүүлсэн байдаг. 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Б.А**********гийн газрыг Ч.Ө********** нь анхнаасаа худалдаж авах сонирхол байгаагүй бөгөөд Х.Х************** гэх хүнээс мөнгө зээлж авахын тулд газраа түүний нэр дээр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, шилжүүлж өгсөн байдаг. Ингээд Х.Х************** нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ч.Б***********, түүний нөхөр А.Л************ нартай хамт "П.**************" ХХК дээр очиж, зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөгийг Х.Х************** нь өөрийн данснаас зээлийн данс руу шилжүүлэн төлж, зээлийг хаагаад, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг нотариатч орж “Худалдах худалдан авах гэрээ” байгуулахдаа Ч.Б***********ын нөхөр А.Л************ийн “ХААН банк” ХК дахь 5171073624 тоот данс руу шилжүүлсэн байдаг. Ингээд тохиролцсон ёсоор зээлсэн 10,000,000 төгрөг дээр 6,000,000 төгрөг нэмж, нийт 16,000,000 төгрөгийг Х.Х**************д өгч газраа буцаан шилжүүлж авах гэхэд зугтаж, утсаа авахгүй, олддоггүй нөхцөл байдал үүсдэг. Иймд өөрсдийнхөө  эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байсан бөгөөд улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан процесс байдаг. 

Маргаан бүхий газар дахин төлөвлөлтөд орсон. Энэ талаар гэрээ байгуулагдсан. 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ГХДТ-Б/001 тоот "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ"-г Б.А**********гийн зүгээс "Ж.*************" ХХК-тай  байгуулсан. Уг гэрээ нь  Ч.Ө**********тэй хийгдсэн гэх гэрээнээс өмнө 2015 онд хийгдсэн, 4 жилийн өмнө харилцаа үүссэн байдаг. Уг гэрээгээр 3 өрөө орон сууцаар тухайн газрыг солихоор гэрээ байгуулсан, үнэ цэнэтэй газар юм. Гэрээнд тодорхой үнийн дүн тусгагдсан байдаг бөгөөд ингэхдээ 130,000,000 гаруй төгрөгийн бодит үнээр үнэлж, 70 гаруй метр квадратаар орон сууцаар солихоор тохиролцсон байдаг. 

 Ийм гэрээтэй буюу 130,000,000 гаруй төгрөгийн үнэ бүхий байраар солих газрыг 10,000,000 төгрөгөөр худалдсан гэх бодит бус байдал үүсгэж байгаад гомдолтой байна. 

Уг асуудлаар нэхэмжлэгч Б.А**********гийн аав болох н.Б************ гэх хүн цагдаад гомдол гаргаж байсан бөгөөд тухайн үед уг асуудлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж “Худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, газар буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс манай гаргасан нэхэмжлэл хүлээн авч шийдвэрлээд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/04069 дугаартай шийдвэр гарсан.  

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...дээрх газар “Худалдах, худалдан авах гэрээ” нэхэмжлэгч нар болон хариуцагч Ч.Ө********** нарын хооронд байгуулагдаагүй үзэх үйл баримт тогтоогдож байна. Тодруулбал, талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр Ч.Ө**********тэй газар “Худалдах, худалдан авах” хүсэл зоригийн илэрхийлэл нээгдээгүй байна” гэх шийдвэр гарсан.  

Нэхэмжлэгчийн зүгээс Улсын бүртгэлд газарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж маргаан бүхий газартай холбоотой асуудлаар тухайн улсын бүртгэлийн гэрчилгээг илт хууль бус акт болохыг тогтоож өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байхад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрийг тайлбарлуулах хүсэл гаргасны дагуу тайлбарлаж өгсөн бөгөөд тайлбарын гол агуулгад "Газар худалдах, худалдан авах гэрээ" нь нэхэмжлэгч болон иргэн Ч.Ө********** нарын хооронд байгуулагдаагүй гэж тайлбарласан. Бодит байдал дээр Х.Х************** нь А.Л************ид 10,000,000 төгрөг зээлүүлж байгаа үйл баримт байгаа болохоос биш Ч.Ө********** болон Б.А********** нарын хооронд “Худалдах худалдан авах гэрээ”-ний харилцаа огт байгаагүй гэдгийг шүүхийн баримт, тайлбараар тогтоогдож байна гэж үзэж байна.  

Ч.Ө**********гийн хувьд хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй байсан тул Ч.Ө********** нь үнэ цэнэтэй газрыг 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан хэлбэрийн гэрээ хийж үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Энэ нь шүүхийн шийдвэр, тайлбар, нотлох баримт, шүүх хуралдааны тэмдэглэл дээрээс тодорхой харагдана.  

Тодруулбал, мөнгө зээлсэн Х.Х************** болон зээл авсан харилцаа байгаа болохоос Ч.Ө**********тэй иргэний эрх зүйн харилцаанд буюу нэхэмжлэгч Б.А********** болон Ч.Ө********** нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй буюу Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар Ч.Ө********** нь маргаан бүхий ***б тоот хаягт байрлах, 456 м.кв талбайтай газрыг өөрийн нэр шилжүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул маргаан бүхий газрыг Б.А**********д буцаан шилжүүлж өгнө үү гэв.  

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж ямар агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Үндэслэлгүй хөрөнгөжих нь гэрээний бус үүргийн харилцаа байдаг. 

 Ч.Ө********** нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Б.А**********тай “Газар худалдах худалдан авах гэрээ” байгуулсан. Үүнээс үзэхэд үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.  

“Худалдах худалдан авах гэрээ” хийж газраа барьцаалж зээлсэн гэж байна.  

Ийм үйл баримт байхгүй, нотлогдохгүй. Мөн мөнгө зээлсэн гэж байна ийм хүсэл, зориг байгаагүй. Нэхэмжлэгч тал газраа зарах хүсэл зоригтой байсан тэрнийхээ дагуу газраа зарсан. 

 Ийм зүйлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Газраа зарах санал гаргасныг мөнгө зээлээч гэх санал гаргасан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч талын Иргэний хуулийн 40.2-т заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь харагдаж байна. Нотариатч дээр очиж гэрээ байгуулсан, ямар нэгэн болзол тавьж хийсэн гэх гэрээ, хэлцэл хийгээгүй, нэхэмжлэгч талыг мөнгөө өгсний дараа газрыг буцааж өгнө гэх иргэний хуульд заасан болзол тавьж хийсэн гэрээ, хэлцэл байхгүй.  

Итгэмжлэлийн тухай ярьж байна. Б.А********** нь охин Ч.Б***********т газар худалдах итгэмжлэл олгосон гэж байна. Энэ итгэмжлэл нь хуульд заасны дагуу хийгдсэн, итгэмжлэлтэй холбоотой ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Гэрээний хүсэл зоригтой холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, аль ч шүүхээр ийм асуудлын талаар шийдээгүй. Х.Х************** гэх хүнийг ярьж байна, Х.Х************** гэх хүнийг хариуцагчаар татаж хэргийг шийдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байдаг. Б.А********** өөрийн охин Ч.Б***********т итгэмжлэл олгож, Ч.Ө********** нь Ч.Б***********ыг хууран мэхэлж хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэж тайлбарлаж байна. Өнөөдөр энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ч.Ө********** нь ямар үндэслэлээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна вэ. Иргэний хуульд гэрээний бус үүрэгт үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудал дурдагдана. Нэхэмжлэгч тал улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар гомдол гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн. Иймд Х.Х************** гэх хүн зар тавьж мөнгө зээлсэн гэж байгаа нь ямар нэгэн баримтаар нотлогдохгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа зүйл нь бодит байдалд нийцэхгүй байна, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Мөн газар худалдаж авч, өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Бүртгэл үнэн зөв байх зарчим иргэний хуульд байдаг. Энэ зарчмын дагуу бүртгэл үнэн зөв байх тул гэрээ байгуулагдсан гэж үзнэ.  

Иймд маргаан бүхий газрын өмчлөгч болсон хүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна үндэслэлгүй байна гэв.    

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Б.А**********гийн нэр дээрх эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа, Гэр хороолол газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, Гэр хороолол дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр тал гэрээ, Газар худалдах, худалдан авах гэрээ, Х.Х**************ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газрын кадастрын зураг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “хариу хүргүүлэх тухай” албан бичиг, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шаины шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн магадлал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.  

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Нэхэмжлэгч Б.А********** нь хариуцагч Ч.Ө**********д холбогдуулан, ********************, ***************** хаягт байршилтай, 456 м.кв талбайтай газрыг газар буцаан гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, зохигчдын хооронд хүсэл зоригын хувьд “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаагүй талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул хариуцагч Ч.Ө**********г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, газар буцаан гаргуулна гэж гэж тодорхойлж байна. 

Хариуцагчаас, “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт үнийг төлж газрыг шилжүүлж авсан тул үндэслэлгүй хөрөнгөжөөгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан. 

2. Б.А********** нь Ч.Ө**********тэй 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн  “Газар худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.А********** нь ********************, ***************** тоот хаягт байршилтай, 456 м.кв талбайтай газрыг Ч.Ө**********гийн өмчлөлд шилжүүлэх, Б.А********** нь 10,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 9 дүгээр тал/. 

Улмаар 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Газар худалдах, худалдан авах гэрээ”-ээр хариуцагч Ч.Ө********** нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ********************, ***************** тоот хаягт байрлах 456 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр бүртгэгдэж, гэрчилгээ олгожээ. /хх-ийн 11 дүгээр тал/ 

3.”Худалдах, худалдан авах гэрээ” нь аливаа хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг бусдын өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас түүнд тохирсон үнийг төлөх талуудын хүсэл зоригоор илэрхийлэгдэх хоёр талын хэлцэл бөгөөд нэхэмжлэгчээс өөрийн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг байгаагүй гэдгийг мэдэж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.  

Учир нь нэхэмжлэгч Б.А********** нь ********************, ***************** тоот хаягт оршин сууж, эзэмшиж, ашиглаж байгаа, мөн гэр хороолол газрын төлөв байдал,  чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, Гэр хороолол дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээгээр өөрийн өмчлөлийн 456 м.кв талбайтай газрыг 136,766,620 төгрөгийн үнэ бүхий байраар арилжаалсан байх бөгөөд Б.А**********гаас Ч.Б***********т олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Ч.Б*********** нь “П.**************” ХХК-д тавьсан зээлийн үлдэгдлийг төлөх зорилгоор Х.Х**************ээс 10 сая төгрөгийг шилжүүлсэн авсан үйл баримттай талууд маргаагүй. /хх-ийн 6-10 дугаар тал/ 

4.Нэхэмжлэгч Б.А**********, Ч.Б*********** нар нь хариуцагч Ч.Ө**********д холбогдуулан, дээрх газар “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчингүйд тооцуулж, газрыг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/04069 дугаар шийдвэрээр “Газар худалдах, худалдан авах гэрээ” талуудын хооронд байгуулагдаагүй гэх үндэслэлээр уг гэрээг хүчингүйд тооцож, газрыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-ийн 22-25 дугаар тал/ 

Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.А********** болон хариуцагч Ч.Ө********** нарын хооронд “Газар худалдах, худалдан авах гэрээ” талуудын хооронд байгуулагдаагүй буюу үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. 

5.Тодруулбал, зохигчдын хооронд байгуулагдсан гэх “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулагдаагүй, тэдгээрийн хооронд газар худалдах, худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдээгүй, гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.  

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1..-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө шилжүүлсэн этгээд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасан. 

6.Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Ө**********г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй тул ********************, ***************** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-************** дугаарт бүртгэлтэй газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.А**********гийн нэр дээр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэх  нь хууль зөрчихгүй гэж үзэхээр байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

     

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А**********гийн хариуцагч Ч.Ө**********д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, **************, ************** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-************** дугаарт бүртгэлтэй газрын өмчөгчөөр Б.А**********г бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Ө**********гээс 247,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А**********д олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА