Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0206

 

 

 

   2025          03           24                                     128/ШШ2025/0206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч:Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т*******;    

            Хариуцагч:Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Д.Б******* нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:Дүгнэлт /нэхэмжлэл/ гаргасан прокурор А.Т*******, хариуцагч Д.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг.Хэргийн үйл баримтын тухай:

            1.1.Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Д.Б******* хяналт шалгалт хийж, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар М.Б*******д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300,000 төгрөгийн торгууль, 820,000 төгрөгийн нөхөн төлбөр тус тус төлүүлэхээр шийтгэл ногдуулсан.

            1.2.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т*******ээс улсын байцаагчийн дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.

            Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

            2.1.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

... би, Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Д.Б******* нь "... зохих зөвшөөрөлгүй 1 ширхэг тарвага худалдан авсан ..." гэх зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч М.Б*******ыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ******* дугаартай мэдээллийг шалгалтын хүрээнд хянасан.

Материалд авагдсан, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай тэмдэглэл, эд зүйл баримт бичиг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайран дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэх хяналтын цэгээр ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөл, дагалдах тодорхойлолтгүй 1 ширхэг хөлдөөсөн тарвага тээвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

Зөрчлийн холбогдогч М.Б******* тайлбартаа "... би 2024 оны 07 дугаар сард Г******* аймгаар явж байгаад нутгийн хүмүүст ганц нэг тарвага мэдэж байгаарай гэж тухайн үед хэлсэн, тэгээд миний нэр дээр ачаа ирсэн, ямар хүн надад миний утасны дугаарыг бичээд явуулсан талаар би мэдэхгүй байна" гэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ", мөн хуулийн 3 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана", 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэж тус тус хуульчилсан.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан Д Б******* нь зохих зөвшөөрөл, дагалдах тодорхойлолтгүй 1 ширхэг хөлдөөсөн тарвагыг хэн, хэзээ, хаанаас тээвэрлэсэн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид хэн, хэзээ хүлээлгэж өгсөн, иргэн М.Б******* худалдан авсан гэж үзэж байгаа бол хэзээ, хэнээс худалдаж авсан, зөвшөөрөлтэй эсэх зэрэг зөрчлийг нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулахгүйгээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 300.000 төгрөгөөр шийтгэл оногдуулж, 820.000 төгрөгийн нөхөн төлбөр тавьж, холбогдогч хүлээн зөвшөөрсөн хэмээн үзэж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалттай нийцээгүй байна.

Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулаагүй, зөрчлийн шинжийг Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэсэн, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасан "хууль ёсны зарчим", Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэн, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан "шударга ёсны зарчим" хангагдаагүй, зөрчлийг хэн, хэзээ, хаана үйлдсэн талаар нотлох ажиллагаа явуулалгүйгээр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн зорилго буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж заасантай нийцээгүй, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзнэ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 72 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Д.Б*******ийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас буюу захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.

Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Д.Б******* нь зөрчлийн З-754 дугаартай гомдол мэдээллийг шалгаад шийтгэл оногдуулан ирүүлсэн. Тус зөрчлийн холбогдогч нь М.Б******* гэж хүн бий. Болсон үйл явдлын тухайд 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дахь хяналтын цэгээр улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөл, дагалдах тодорхойлолтгүйгээр 1 ширхэг тарвага тээвэрлэсэн үйл баримт тогтоогдсон. Зөрчлийн холбогдогч М.Б******* тайлбартаа би 2024 оны 07 дугаар сард Говь-алтай аймагт явж байгаад нутгийн хүнд ганц, нэг тарвага мэдэж байгаарай гэж хэлсэн. Үүний дараа миний нэр дээр ачаа ирсэн бөгөөд ямар хүн миний утасны дугаарыг бичиж явуулсныг би мэдэхгүй байна гэсэн мэдүүлгээс харахад одоогийн зөрчлийн холбогдогч М.Б******* нь 2024 оны 07 дугаар сард Г******* аймгаар явж байгаад тарвага захисан байгаа. Үүний дараагаар буюу 2025 оны 02 дугаар сард түүний нэр дээр, дугаарыг нь бичсэн хайрцагт хийсэн ачаа ирсэн байдаг бөгөөд Эмээлт дээр хийсэн хяналт шалгалтын үед тарвага болох нь тогтоогдсон байна. Тухайн үед дагалдах тодорхойлолтгүйгээр 1 ширхэг хөлдөөсөн тарвагыг ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тээвэрлэн явж байсан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь зохих зөвшөөрөлгүй, дагалдах тодорхойлолтгүй 1 ширхэг хөлдөөсөн тарвагыг хаанаас тээвэрлэсэн, өөрөөр хэлбэл, тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь хэн гэдэг хүн байсан, тухайн тарвагыг хэзээ, хэнээс авсан, ямар зорилгоор тээвэрлэсэн, хэнд хүргэхээр авч явж байсан талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй байдаг. Тухайн жолоочоос тайлбар мэдүүлэг аваагүй байдаг.

М.Б*******ыг зөрчлийн холбогдогчоор тодорхойлохдоо 2024 оны 07 дугаар сард Г******* аймгаар явж байхдаа хүнд тарвага захисан гэх мэдүүлгийг үндэслэсэн бөгөөд түүнийг худалдан авсан гэж үзсэн. Гэтэл хэзээ, хаанаас, хэнээс, хэдэн төгрөгөөр, хэрхэн худалдан авсан, худалдан авахдаа дагалдах бичиг баримт, зөвшөөрөл байсан эсэх талаар шалган шийдвэрлэх, нотлох ажиллагааг явуулаагүй. Худалдаж авсан гэж үзэж байгаа бол нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр М.Б*******д шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй бөгөөд дээрх нотлох ажиллагааг явуулаагүй байх учир уг шийтгэлийн хуудас үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн М.Б******* худалдан авсан гэдэг нь тогтоогдохгүй бол тухайн тээвэрлэж явсан жолоочид хариуцлага тооцох үндэслэлтэй байдаг.

Өөрөөр хэлбэл, М.Б******* худалдан авсан эсэх талаарх нотлох ажиллагааг явуулаад хэрэв нотлогдохгүй бол тухайн барааг тээвэрлэж ирсэн жолоочид шийтгэл оногдуулах боломжтой байдаг. Гэтэл хүнд захисан гэдгийг худалдан авсан байх гэсэн таамгаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж шийтгэл оногдуулсан захиргааны актын хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. Уг шийтгэл оногдуулснаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим мөн тухайн иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна” гэв.

            2.2.Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Д.Б******* миний бие нь нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Т*******ын гаргасан "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай" Прокурорын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлттэй танилцаад дараахь хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1/ Экологийн цагдаагийн албанаас 2025 оны 01 дүгээр 31-ны өдрийн 16-6/467 дугаар албан бичгээр харьяаллын дагуу шилжүүлсэн 3-78 дугаартай М Б******* //-ын Г******* аймгаас бусдад захиж 1 ширхэг тарвага худалдаж авсан гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 7.6-5 дахь заалтад заасны дагуу торгууль 300,000 төгрөг, нөхөн төлбөр 820,000 төгрөгийг тус тус ногдуулж шийдвэрлэсэн.

2/Прокурорын дүгнэлтэд бичсэнээр "... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулаагүй, зөрчлийн шинжийг зөрчлийн тухай хууль бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэсэн Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасан "хууль ёсны зарчим", зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэм хэмжээнд тохирсон байна гэсэн, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан "шударга ёсны зарчим" хангагдаагүй, зөрчлийг хэн, хэзээ, хаана үйлдсэн талаар нотлох ажиллагаа явуулалгүйгээр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн зорилго буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүний үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж заасантай нийцээгүй, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзнэ гэжээ:

Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтад “Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно" гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах тухай" 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тушаал батлагдсан бөгөөд уг тушаалд 15 аймагт 9 нэр төрлийн амьтныг агнах дээд хязгаарыг баталсны дотор Г******* аймагт тарвага агнах тоо хэмжээг огт батлаагүй бөгөөд 2024 онд агнах агнуурын амьтдаас тарвага агнах нь зөвшөөрөгдөөгүй байна.

Холбогдогчоос авсан мэдүүлэг болон холбогдох бусад баримтаар тухайн тарвагыг бусдаас худалдсан авсан үйлдэл нь тодорхой түүнийгээ хэрэглэх гэж байгаад Цагдаагийн байгууллагад хураалган албадлагын арга хэмжээ авхуулан хураалгасан байдаг.

3/ Энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн "... энэ хугацаанд агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалт заалтад заасан зөрчил юм.

Иймд холбогдогч М.Б******* нь эрх бүхий байгууллагаас тарвага агнах зөвшөөрөл олгогдох боломжгүй цаг хугацаанд Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалтыг /Тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглоно/, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтыг тус тус зөрчин "зохих зөвшөөрөл, тодорхойлолтгүй, төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөөгүй бүс нутгаас хууль зөрчин тарвага захиж худалдан авсан гэж үзэж, М.Б*******д хариуцлага тооцох нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд /Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна/ нийцсэн, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, амьтны сүргийн бүтцийн төлөв байдлыг доройтохоос урьдчилан сэргийлэх, жам ёсоороо өсөх, ашиглах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах нь зүйтэй гэж үзэж, М.Б*******д // оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна.

2.3.Хариуцагч шүүх хуралдаан дээр нэмж гаргасан тайлбартаа:

Тайлбар хэлэхээсээ өмнө хууль бус ан агнууртай холбоотой товчхон мэдээлэл хүргэе гэж бодлоо. Сүүлийн жилүүдэд хууль бус ан агнуур нь байгаль орчны зөрчлийн 80 хувийг эзлээд байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод тээвэрлэгдэн, зөөвөрлөгдөн ирж байгаа хууль бус ан агнуурт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж 500 сая төгрөгийн торгууль тавигдсан байгаа. Өнөөдөр яагаад хууль бус ан агнуур буухгүй байна вэ, энэ зөрчлийн оролцогч нь хэн бэ гэх асуулт гарч ирнэ. Хууль бус ан агнуурын оролцогч нь арван жилийн хүүхэд, 80 нас гарчихсан хөгшин хүмүүс ч байж болдог. Нийгмийн гарлын хувьд ажилгүй хүн, төрийн албан хаагчид, бизнес хийдэг хүмүүс гэх мэт хүмүүс байдаг. Шалтгааны хувьд Монгол хүний генд нь байдаг. Тухайлбал, тарваганы махыг эрт дээр үеэсээ идээд сурчихсан, тухайн аппетит /дуршил/ нь арилахгүй байгаатай холбоотой. Мөн шинжлэх ухаанаар нотлогдоогүй ч анагаахын чиглэлээр хэрэглэдэг. Тухайлбал, тарваганы хүн махыг нойр булчирхай, бөөрийг нь бөөрөнд сайн гэх мэтчилэн. Мөн дур сонирхлоо дарах гэж ан агнадаг хүмүүс байна. Дээрх шалтгаан нөхцөлүүдийн улмаас зөрчил буурахгүй байна. Улаанбаатар хотын хувьд хууль бус ан хийгддэггүй. Харин гаднаас зөөвөрлөсөн, худалдан авсан, дамжуулсан, түүнийг хүлээн авсан гэх мэт хэлбэрээр үйлдэгддэг. Үүний үр нөлөөгөөр тухайлбал, Европод асар их хэмжээний тахал гарсан байдаг. Асар их хэмжээний хүн нас барсан байдаг. Манай оронд, тодруулбал баруун аймагт тахлын давтамж өсөж байгаа. Зүүн аймагт тарвагагүй болсон. Тийм учраас Улаанбаатар хот руу голчлон баруун аймгуудаас тарвага зөөдөг. Ингэж явсаар Улаанбаатар хотод уг тахал тарах нөхцөл байдал бий болж байна. Үүнээс сэргийлэх үүднээс хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага гол арга хэмжээг авч ажилладаг. Улаанбаатар хот руу орж ирж байгаа тарваганы тухайд өөрийн машинаар орон нутгаас зөөвөрлөн ирж байгаад баригддаг, эсхүл ах дүү, хамаатан садандаа захиж зөөвөрлүүлэх гэх мэт хэлбэрээр орж ирдэг. Өнөөдрийн хэргийн тухайд өөрөө үйлдлээ хүлээн зөвшөөрчихсөн, үйлдлийн хувьд зөөвөрлөгдөөд хүлээгээд авчихсан, цагдаагийн байгууллага зөрчлийг илрүүлэн шалгаад, нотлох баримтыг Зоонозын өвчин судлалын төв рүү шилжүүлж устгуулаад, харьяаллаар манайд ирээд шалгагдаад шийдвэрлэгдсэн зөрчлийн хэрэг байгаа. Өөрөөр хэлбэл, үйлдлээ хүлээн зөвшөөрсөн буюу үйлдэл нь тодорхой хэрэг дээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад арга хэжээ авсан” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “Эрх бүхий этгээд нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа процессын зөрчил гаргасан” гэх үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч А.Б******* /цаашид “Улсын байцаагч” гэх/ нь Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагчаас гаргасан “М.Б******* нь ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр Г******* аймгаас Улаанбаатар хот руу 1 ширхэг хөлдөөсөн тарвага зөвшөөрөлгүй тээвэрлүүлсэн” гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд, уг гомдол, мэдээллийг шалган шийдвэрлүүлэхээр 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид харьяаллын дагуу шилжүүлэхээр санал гаргасныг үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

            2.2.Улсын байцаагч нь уг ажиллагааныхаа хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр холбогдогчоор М.Б*******ос мэдүүлэг авахад тэрээр “... ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээс гарч ирсэн тарвага минийх мөн” гэж, “Би 2024 оны 07 дугаар сард Г******* аймгаар явж байгаа нутгийн хүмүүст ганц тарвага мэдэж байгаарай гэж тухайн үедээ хэлсэн. Тэгээд миний нэр дээр ачаа ирсэн байсан”, “хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйл байхгүй” гэх агуулгатай мэдүүлгүүд өгсөн нь тогтоогдож байна.

            2.3.Зөрчлийн хэргийн холбогдогч М.Б******* нь мөн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “...Г******* аймгаас 1 ширхэг тарвага захиж авч ирсэн нь үнэн болно” гэсэн тайлбарыг бичгээр гаргаж өгсөн байна.

            2.4.Ингээд хариуцагч Улсын байцаагч нь М.Б*******ыг зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзээд, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ М.Б*******д “зохих зөвшөөрөлгүй 1 ширхэг тарвага худалдан авсан” гэх үндэслэлээр 300,000 төгрөгийн торгууль ногдуулж, тарваганы экологийн үнэлгээ болох 820,000 төгрөгөөр хохирол учруулсан гэж үзэн нөхөн төлүүлэхээр 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ******* дугаартай Шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулжээ.

            2.5.М.Б*******ос Шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч маргасан үйл баримт байхгүй байна.

            2.6.Дээрх зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн Хяналтын прокурор А.Т******* хяналт тавиад Эрх бүхий албан тушаалтан нь “... М.Б*******ийг зохих зөвшөөрөл, дагалдах тодорхойлолтгүй 1 ширхэг хөлдөөсөн тарвагыг хэн, хэзээ, хаанаас тээвэрлэсэн, ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид хэн, хэзээ хүлээлгэж, өгсөн, иргэн М.Б******* худалдан авсан гэж үзэж байгаа бол хэзээ, хэнээс худалдан авсан, зөвшөөрөлтэй эсэх зэрэг зөрчлийг нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй учраас М.Б*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэн шүүхэд дүгнэлт бичиж ирүүлсэн.

            2.7.Г******* аймагт 2024 онд тарвага агнах зөвшөөрлийг зохих байгууллагаас гаргаагүй буюу тус аймагт тарвага агнах нь хориотой байгаа гэдэгтэй талууд маргаагүй зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж, мөн зүйлийн 2-т “зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж тус тус заажээ.

3.2.Иймд хуулийн дээрх заалтын дагуу Улсын байцаагчийн М.Б*******д оногдуулсан шийтгэл нь түүний үйлдэлд тохирсон эсэхийг энэхүү маргааны хүрээнд шүүх дүгнэлт хийх шаардлага үүссэн.

3.3.Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.

3.4.Зөрчлийн хэргийн холбогдогч М.Б******* нь зөрчлийн хэргийг хянан шалгах явцад илэрсэн 1 ширхэг тарвагыг “захиж” авсан гэдгээ зөвшөөрсөн нь нотлогдож байна.

3.5.Дүгнэлт үйлдсэн прокуророос хариуцагч Улсын байцаагчийг буруутгахдаа ”М.Б*******ыг уг тарвагыг худалдан авсан” гэдгийг нотлоогүй гэж тайлбарлаж байгаа ч М.Б******* нь тарвагыг бэлгэнд авсан, хамаатан, найз нөхөр нь илгээсэн, бусдаас худалдан авсан зэргээс үл хамааран уг тарвагыг бусдаас хүсэж өөртөө олж авсан” гэдгээ зөвшөөрсөн байгаа тул шүүхээс “худалдан авсан эсэхийг” тогтоох шаардлагатай байсан гэж үзэхгүй.

3.6.Учир нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг “ашигласан”, “агнасан” бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “Тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглоно” гэж, 39 дүгээр зүйлийн 39.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус хуульчилжээ.

3.7.Иймд М.Б******* нь Шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол гаргах эрхтэй байхад ийнхүү гомдол гаргаагүй бол уг “худалдан авсан” гэсэн үндэслэлийг зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үр дагавартай ба хэрэв уг тарвагыг худалдан аваагүй байсан ч Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу “ашигласан” гэдэг үйлдэлд хамааруулж хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байсан байна.

3.8.Харин дүгнэлт гаргасан прокуророос тарвагыг хууль ёсоор тээвэрлэсэн эсэх, хэн худалдсан, хэн агнасан зэрэг үйл баримтыг тогтоох ёстой гэж маргаж байгааг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

3.9.Тодруулбал, нэгэнт амьгүй болсон тарвага эд мөрийн баримтаар авагдсан тохиолдолд “худалдсан эсхүл үнэ төлбөргүйгээр шилжүүлж өгсөн этгээд”, “агнасан этгээд”-ийг олж тогтоохгүй байгаа нь уг этгээд хариуцлага хүлээхгүй өнгөрөх үр дагавар үүсэж, энэ нь төрийн “ан амьтныг хууль бусаар агнахыг хориглосон болон хууль бус ан хийдэг этгээдийг үйлдлийг хязгаарлах” зорилгод нийцэхгүй зэрэг эрх зүйн сөрөг үр нөлөөтэй байна.

3.10.Хариуцагч Улсын байцаагчийн “М.Б******* тарвагыг хэн агнасныг хэлээгүй учир худалдан авсан этгээдээр экологийн хохирол 820,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн” гэх тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй байна.

3.11.Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу М.Б*******ын гаргасан зөрчил нь түүнд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх ёстой.

3.12.Иймд зөрчлийн хэрэг эд мөрийн баримтаар авагдсан амьгүй тарвагыг агнасан, худалдаж авсан гэж үзсэн бол худалдсан этгээд зэргийг олж тогтоох талаар ямар нэг ажиллагаа, хяналт шалгалт хийгээгүй, М.Б*******ос энэ талаар тодруулсан тайлбар ч аваагүй атлаа агнасан, худалдсан этгээд нь тодорхойгүй гэдгээр М.Б*******д 820,000 төгрөгийг нөхөн төлбөрийг оногдуулсан нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасантай болон Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан зарчимд нийцэхгүй болно.

3.13.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж, мөн зүйлийн 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ” гэжээ.

3.14.Мөн хуулийн 4.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно” гэж, 4.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна” гэж, мөн зүйлийн 2-т “Мэдүүлгийг тухайн хүнийг эрх бүхий байгууллагад ирүүлэн, эсхүл тухайн хүний байгаа газарт авч болно” гэж хуульчилсан.

3.15.Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна” гээд мөн хэсгийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”, 1.5-д “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” гэсэн байна.

3.16.Хуулийн дээрх заалтуудын дагуу Улсын байцаагч нь зөрчлийн хэрэгт нотлох баримт цуглуулах эрх хэмжээ бүрэн олгогдсон байхад тарвагыг худалдсан болон агнасан этгээдийг олж тогтоох, тээвэрлэсэн этгээд нь уг ачаанд тарвага байгаа эсэхийг мэдэж, эсхүл мэдэхгүй тээвэрлэсэн зэрэг үйл баримтыг нэг бүрчлэн шалгаж тогтоогоогүй атлаа тарвагыг агнаж, экологид учруулсан хохирол 820,000 төгрөгийг дан ганц М.Б*******д оногдуулсан нь захиргааны акт “хууль ёсны байх”, “зорилгодоо нийцсэн байх”, төрийн байгууллагын үйл ажиллагааны “шударга ёсны зарчим” зэрэг эрх зүйн зарчмуудад нийцээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасныг зөрчсөн байгаа тул прокурорын дүгнэлтийг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

3.17.Прокурорын “М.Б******* худалдан авсан гэдэг нь тогтоогдохгүй бол тухайн тээвэрлэж явсан жолоочид хариуцлага тооцох үндэслэлтэй байдаг” гэж маргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, учир нь тээвэрлэсэн жолооч хууль бус үйлдэл гаргасан бол түүндээ тохирсон хариуцлага хүлээх зарчимтай, харин М.Б******* худалдан аваагүй гэдэг нь нотлогдоогүйгээс үүсэх үр дагаврыг жолооч хариуцах эрх зүйн үндэслэл байхгүй байна.

3.18.Шүүхийн энэ шийдвэр нь хариуцагч Улсын байцаагчаас зөрчлийн хэргийн холбогдогч М.Б*******ын гаргасан зөрчилд нь тохирсон шийтгэл хүлээлгэсэн актыг шинээр гаргах, худалдсан, тээвэрлэсэн, агнасан этгээдийг шалгаж тогтоосны үндсэн дээр шинээр акт гаргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд хэрэв ийнхүү шинэ акт гаргах бол Зөрлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцүүлсэн байхыг анхаарвал зохино.

3.19.Энэ шийдвэрийн 3.18-д хийсэн дүгнэлт нь шүүхээс хариуцагч Улсын ахлах байцаагчийг шинэ акт гаргахыг үүргэжүүлж байгаа явдал биш болохыг тэмдэглэж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.2, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1.3 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1 дэх хэсгийн 1.1, 5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 1.1, 1.3, 1.5, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн Хяналтын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар Шийтгэлийн хуудасны үйлчлэл дуусгавар болох ба Улсын байцаагч нь М.Б*******ын гаргасан зөрчилд нь тохирсон шийтгэл хүлээлгэсэн актыг шинээр гаргах  эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу дүгнэлт бичсэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн Хяналтын прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЭРДЭНЭЧИМЭГ