Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2021/00008

 

Хаан банк ХХК-ийн Хөвсгөл салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 262 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хаан банк ХХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Т, Л.Бнарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 116,459,434 /нэг зуун арван зургаан сая дөрвөн зуун тавин есөн мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Тын Хаан банк ХХК-ийн Хөвсгөл салбартай байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ201642699514, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ201642834054 дугаартай зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аззаяа, Х.Хишигсүрэн, хариуцагч Ч.Т, хариуцагч Л.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч овогтой Т нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкнаас бизнесийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулан 40,000,000 /дөчин сая/ төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай эхний 3 сарын хүү, үлдсэн хугацаанд сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр авсан. Зээлийн барьцаанд Хөвсгөл аймаг Мөрөн сумын 6-р баг 31-р гудамж 01 тоотод байрлах 168 м.кв талбайтай Y-1723001182 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний объект, Хөвсгөл аймаг Мөрөн сум 06-р баг 31-р гудамж 01 тоотод байрлах 420.5м.кв талбайтай Г-1723004614 улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, бараа материал зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан. ... Одоогоор зээл хугацаа хэтрээд 242 хонож байгаа. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгчээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Зээлийн төлбөр:

1.Үндсэн зээлийн төлбөр 26,516,576 төгрөг,

2.Зээлийн хүүгийн төлбөр 4,052,593 төгрөг,

3.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 163,496 төгрөг нийт 30,732,665 төгрөгийг,

Мөн зээлдэгч Ч овогтой Т нар нь 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкнаас бизнесийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулан 50,000,000 /тавин сая/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай шугамын зээлийн нөхцөлтэйгөөр авсан. Зээлийн барьцаанд Хөвсгөл аймаг Мөрөн сумын 6-р баг, 4-р гудамж 14 тоотод байрлах 168 м.кв талбайтай Y-1732002754 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Хөвсгөл аймаг Мөрөн сум 6-р баг, 4-р гудамж 14 тоотод байрлах 505 м.кв талбайтай Г-1723000361 улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, ХӨА 32-54 улсын дугаартай Ланд-80 машин, контейнер 3 ширхэг, бараа материал зэрэг хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан. ... Одоогоор зээл хугацаа хэтрээд 257 хонож байгаа. Иймээс зээлдэгчээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1.Үндсэн зээлийн төлбөр 49,140,302 төгрөг,

2.Зээлийн хүүгийн төлбөр 1,158,099 төгрөг,

3.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 231,620 төгрөг нийт 50,553,080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Хөвсгөл салбар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ... Дээрх гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт нийт 81,262,683 төгрөгийг хариуцагч Ч.Т, Л.Бнараас гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг тус тус үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг дараах байдлаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ201642834054 дугаартай зээлийн гэрээгээр авсан 40,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт:

Зээлийн хүүгийн төлбөрт 8,811,930 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,762,387 төгрөг, нийт 10,574,317 төгрөгийг,

2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ201642699514 дугаартай зээлийн гэрээгээр авсан 50,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт:

Зээлийн хүүгийн төлбөрт 20,516,143 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,103,229 төгрөг, нийт 24,619,372 төгрөг.

Нийт 35,193,689 төгрөгийг хариуцагч Ч.Т, Л.Бнараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Т, Л.Бнар шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкны 2016 оны 11 сарын 04-ний өдрийн зээлийн хүүгийн төлбөрт 4,052,593 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 163,496 төгрөг, нийт 4,216,089 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие тус банкнаас зээл авсан, эргүүлэн төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2016 оны 8 дугаар сарын 04-нд зээлж авсан 50,000,000 төгрөгт оногдуулж байгаа хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Хаан банкны зүгээс нэхэмжилж байгаа 81,265,745 төгрөгөөс анх зээл олгохдоо шимтгэлд авсан мөнгөнд оногдуулсан хүү, бизнес маань гэмт хэргийн улмаас эрсдэлд орсон учраас банкинд хандан зээлийн хүүг зогсоох хүсэлт гаргаснаас хойш зээлүүдэд оногдуулсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцуулах ёстой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Ч.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний зүгээс Хаан банкны нэхэмжлэлтэй холбоотойгоор 40,000,000 төгрөгийн зээлийн үндсэн зээлийн эргэн төлөлтөд төлсөн 915,000 төгрөгийг зээлийн хүүнд тооцсон, 50,000,000 төгрөгт ногдох зээлийн хүүг бүрэн төлж барагдуулан зөвхөн үндсэн мөнгийг төлөх ёстой байхад түүнд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон, банкны зүгээс надад олгосон 2 зээлийн мөнгөнөөс 900,000 төгрөгийг үндэслэлгүйгээр суутган авч надад өгөөгүй мөнгөндөө 255,150 төгрөгийн хүү бодсон, зээлдэгчийн зүгээс бизнес нь эрсдэлд учирсан болохыг мэдэгдсээр байтал банкны зүгээс арга хэмжээ авахгүй байсаар хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцож миний хууль ёсны эрх ашгийг санаатайгаар хохироосон, шүүхийн ажиллагаа явагдаж байхад зээлийн үлдэгдэл мөнгийг дахин хүүлж 35,193,689 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа үйлдлүүдийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

... Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг үзэж, үнэн зөв шийдвэр гаргаж, миний хууль ёсны эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээл авсан талаар талууд маргахгүй байгаа бөгөөд бизнесээ эрхэлж байхдаа 50,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт төлөгдөх бүх хүүг Ч.Т төлөөд дууссан. Хүүгийн төлбөрт 25,431,503 төгрөгийг, үндсэн зээлийн төлбөрт 15,259,859 төгрөгийг өгсөн. Нийт 90,000,000 төгрөгөөс 40,691,632 төгрөгийг бэлэн төлсөн байгаа.

... Энэ зээл Ч.Т гэдэг хүний ар гэрийг эдийн засаг болоод сэтгэл санааны маш хүнд байдалд оруулж байгаа учраас сэтгэл зүй, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орж байгаа. Иймд 81,265,745 төгрөг гаргуулах болон сүүлд нэмэгдүүлсэн 35,193,689,45 төгрөгийг гаргуулах тухай үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч миний бие Хаан банкны зүгээс зээлдэгч надтай байгуулсан гэрээнүүд нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироосон, үндэслэлгүй гэж байгаа тул зээлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байна. Иймд Хөвсгөл аймаг дахь Хаан банкны салбарын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ201642699514, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ201642834054 дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аззаяа, Х.Хишигсүрэн нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ... Ч.Т үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй, харилцан тооцогдож хамт шийдвэрлэх боломжгүй нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй сөрөг нэхэмжлэл гэгчийг гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулж хэргийг шийдвэрлүүлэхгүй гэсэн далд санаа агуулж байгаа гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан.

Хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу үүргээ ухамсарлаад зээлийн төлбөр төлж байсан. Энэ талаараа шүүх хуралдааны явцад тайлбарлаад зээл олгосон, авсан дээр маргаан байхгүй, зөвхөн зээлийн төлбөрийг миний тооцоололтой нийцэхгүй байна гэх тайлбарыг хэлдэг. ... Зээлийн төлбөр тооцоотой холбогдуулаад гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 262 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Т, Л.Бнараас 74.739.029 /далан дөрвөн сая долоон зуун гучин есөн мянга хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Хөвсгөл салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41.720.405 /дөчин нэгэн сая долоон зуун хорин мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Ч.Тын гаргасан 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ201642699514, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ201642834054 дугаартай зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 4 дүгээр гудамжны 14 тоотод байрлах 168 м.кв талбайтай Y-1723002754 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах 505 м.кв талбайтай Г-1723000361 улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, 32-54 ХӨА улсын дугаартай Ланд 80 маркийн машин, контейнер 3 ширхэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 31 дүгээр гудамжны 01 тоотод байрлах 168 м.кв талбайтай Y-1723001182 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний объект, мөн хаягт байрлах 420.5 м.кв талбайтай Г-1723004614 улсын бүртгэлийн дугаартай өмчилсөн газар, бараа материал зэргийг тус тус албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792.428 /долоон зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг, хариуцагч Ч.Тын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 607.950 /зургаан зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Т, Л.Бнараас 531,645 /таван зуун гучин нэгэн мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэжээ.

Хаан банкны Хөвсгөл салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аззаяа давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлт нь ... бодит байдалтай нийцээгүй, эрх зүйн хувьд бүрэн дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

1. ... Зээлдэгч Ч.Т 2016.08.04-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн шугамын гэрээ байгуулж 18 сарын хугацаатай уг зээлийг авсан ба гэрээний хугацаа 2018.02.04-ний өдөр дууссан. Ингээд 2018.03.02-ны өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан өргөдөл гаргасан боловч эвлэрэлд уригдаж байгаа тал буюу Ч.Т, Л.Бнар ирэхгүй, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дуусч сунгах боломжгүй гэсэн үндэслэлээр 2018.05.01-ний өдөр дээрх ажиллагааг дуусгавар болгож баримтуудыг өргөдөл гаргагчид буцаасан.

... талуудын хооронд байгуулсан зээлийн шугамын гэрээний 2.1.4 зээлийн хүү жилийн 20,4 хувь байна гэж, 2.1.5 нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд төлөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэсэн нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасантай нийцсэн байхад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

... Мөн зээлийн гэрээнд хүү, нэмэгдүүлсэн хүүг дээрх байдлаар тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ тул дээрх зээлийн төлбөрийг банк шаардах эрхтэй байна. ... зээлийн эргэн төлөлтийн талаар 2.5.1-2.5.5-т тохиролцсон болохыг шүүх харгалзан үзэлгүй, үндэслэлгүйгээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

2. ... Зээлдэгч Ч.Т 2018.02.22-ны өдөр Хаан банкны Хөвсгөл салбарт гаргасан хүсэлтдээ миний бизнест эрсдэл үүсч хамтран ажиллаж байсан хүмүүс надад хохирол учруулсан ба хэрэг үүсгэн шалгагдаж байгаа тул зээл төлөлтөд хүндрэл үүссэнийг харгалзан зээлийн хүүг зогсоож өгөхийг хүссэн. Харин зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, татгалзах талаар огт дурдаагүй бөгөөд зээлийн шугамын гэрээний хугацаа хэтэрсэн тул банк түүний хүсэлтийг харгалзан гэрээ болон хуульд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлж 2018.03.02-ны өдөр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Ч.Т, Л.Бнар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасан үүргээ зөрчиж 2 сарын хугацаанд эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд хүрэлцэн ирээгүй саад учруулсан байдлыг зээлдэгчид ашигтайгаар тайлбарлаж, банкийг гэрээнээс татгалзсан, цуцалсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайн үед 2016.11.04-ний өдрийн 40,000,000 төгрөгийн зээл хугацаа хэтрээгүй, хэвийн төлөлттэй байсан учраас банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүсэхгүй гэдэгт эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Тодруулбал зээлийн гэрээнд хүүгийн хэмжээ тодорхойгүй эсхүл маргаантай байгаа тохиолдолд талууд гэрээгээр хүү тохирсон гэж үзэх эсэх, тохирсон бол хүүг ямар хэмжээтэй болохыг тогтоосны эцэст нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ. Гэтэл анхан шатны шүүх гэрээний тэгш шударга байдалд нийцээгүй, гэрээний аль тал гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан гэдгийг тодруулалгүй ойлгомжгүй дүгнэлт хийсэн ба гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаатай болохыг, зээлийн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүү болон хэтэрсэн хугацааны хүү тус тус хэд болохыг ялгамжтай тодорхойлоогүй, шүүх энэ байдлыг тодруулж, шаардлага бүрт эрх зүйн дүгнэлт өгч тооцоолол хийж чадаагүй. Зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт тус тус хамаардаг тул эдгээрийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэл өөр байдгийг анхаарч шаардлага тус бүрийг тодруулсны эцэст эрх зүйн дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

... Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2021/00262 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Т давж заалдах гомдолдоо:

... 50,000,000 төгрөгийн зээлэнд эргэн төлөлт хийсэн мөнгийг хувь тэнцүү байдпаар үндсэн зээл болон зээлийн хүүнд тооцох ёстой байтал 15,782,207 төгрөгийг нэг талыг баримтлан зөвхөн хүүнд тооцон банкинд ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. ... анхан шатны шүүхийн шийдвэрлэх хэсэгт ... үндэслэлгүйгээр 900,000 төгрөгийг суутгасан гэж тайлбарлаж маргаж байх боловч талууд зээлийн гэрээний 2.3.1-т Зээл олгох үйлчилгээний шимтгэл олгосон зээлийн дүнгийн нэг хувь байна гэж гэрээгээр тохиролцсон байх тул зээлийн үндсэн төлберөөс хариуцагчийн маргаж буй дээрх 900,000 төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй гэж дүгнэлээ гэж зөвхөн ззэлийн гэрээ хүчинтэй гэж үзэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг шүүхээс гаргалаа гэж үзэж байна.

3. 74,739,029 үнийн дүнгээс 1% суутгасан 300,000 төгрөг, хий тооцогдсон 900,000 төгрөг, хүүнд суутгасан 255,150,000, бүгд 2,055,150 төгрөгийг хасаж тооцуулах.

4. Хаан банкны зүгээс зээл авах гэж байгаа этгээдийн хөрөнгийг үнэлж, үнэлгээнийхээ 40 хувьд зээл олгодог ба надад ч гэсэн мөн адил миний зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийг 225,000,000 төгрөгөөр үнэлэн түүнийхээ 40 хувьд 90,000,000 төгрөгийн зээл олгосон. Гэтэл Хаан банкны зүгээс үнэлсэн хөрөнгүүдийнхээ үнийг тодорхой мэдэж байгаа атлаа тодорхой бус гэж үзэн миний хөрөнгийг шүүхийн шийдвэрт тусгуулах нэхэмжпэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлсөн байхад шүүхээс 2 зээлийн барьцаанд тавьсан бүх хөрөнгийг шүүхийн шийдвэрт тусгаж миний эрх зүйн байдпыг дордуулсан нь хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэснийг харуулж байна. ... Шинжээчийн зүгээс шүүхээс гаргасан захирамжийг бүрэн хэрэгжүүлээгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой тооцоог нарийвчлан хийгээгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх шинжээчийн энэхүү дүгнэлтэд шийдвэрээ үндэслээгүй гэж дүгнэснийг огт ойлгохгүй байна.

... Иймд дээрхи үндэслэлүүдээр шийдвэрийг хянан үзэж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2021/00262 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж зөвшөөрөхгүй үнийн дүнг хасаж тооцож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Ч.Т, Л.Бнартай 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, гэрээний үүрэгт 30,732,665 төгрөг гаргуулах, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний үүрэгт 50,533,080 төгрөг, нийт 81,265,745 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт 10,574,317,32 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт 24,619,372,13 төгрөг, нийт 35,193,689,45 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан.

Харин хариуцагч Ч.Т Хаан банк ХХК-ийн Хөвсгөл салбартай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 201642699514, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ/201642834054 дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байна.

Хаан банк ХХК-ийн Хөвсгөл салбар нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөгийг нэг жилийн 20,4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээл олгох, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 40, 000,000 төгрөгийг нэг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл олгох, хариуцагч Ч.Т, Л.Бнар зээлийг хүлээн авч, гэрээгээр тохирсон хуваарийн дагуу буцааж төлөхөөр харилцан тохирч ЗГ/201642834054 дугаартай зээлийн гэрээ, Зээлийн шугамын 201642699514 дугаартай гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулжээ.

 Гэрээний дагуу банк 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн, зээлдэгч нар 50,000,000 төгрөгийн зээлийн төлбөр, хүүд 16,642,428 төгрөг, 40,000,000 төгрөгийн зээлийн төлбөр, хүүд 24,050,575 төгрөг төлсөн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж зохицуулсан.

Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч нараас 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 49,140,302 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 25,598,726 төгрөг, нийт 74,739,029 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Хөвсгөл салбар болон хариуцагч нар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар ...хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг нь өөрсдөө тодорхойлж, өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр сайн дураар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулж, зээлдүүлэгч 2 гэрээний үүргийн дагуу нийт 90,000,000 төгрөг шилжүүлснийг зээлдэгч хүлээн авсан байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх 2 гэрээ сөрөг нэхэмжлэлд дурдсан ...Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийг илт зөрчиж, зээлдэгчийн эрхийг хохироож, эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч энэ талаарх баримт гаргаагүй байна.

Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотолж чадаагүй учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хувьд:

1.Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйл, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч зээлээ заасан хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй боловч хариуцагч эрүүгийн хэргийн улмаас уг үүргийг биелүүлэх боломжгүй болж, энэ талаараа нэхэмжлэгчид тухайн үед нь мэдэгдэж, зээлийн хүүг зогсоохыг хүссэн, нэхэмжлэгч хүсэлтийг хүлээн авсан байх тул дээрх хугацаанаас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг хасч тооцсоныг буруутгах боломжгүй байна.

2.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3., 24.3.-т заасан ...зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэн заалт нь нэхэмжлэлийн дээрх шаардлагад хамаарахгүй.

Тодруулбал нэхэмжлэгч 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг дуусгавар болгож эвлэрүүлэн зуучлагч болон шүүхэд хандсанаар хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхгүй болох тул гэрээ цуцалсан, дуусгавар болгосноос хойшхи хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй.

Хариуцагчийн давж заалдах гомдлын хувьд:

1.Зохигч 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн хэмжээ, хугацаа, хүүг гэрээгээр тохиролцсон байх ба хариуцагч эхэлж зээлийн хүү /18 удаагийн төлөлтөөр/ төлсөн талаараа тайлбарласан, энэ нь зээлийн бүртгэлийн карт, зохигчийн тайлбараар нотлогдсон байна. Шүүх дээрх баримтыг үндэслэн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү төлөгдсөн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, нэхэмжлэгч талд ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.Зохигч зээлийн гэрээ байгуулахдаа 1 хувийн шимтгэл тооцохоор гэрээгээр тохиролцсон, нэхэмжлэгчийн ...зээл судлах үйл ажиллагааны зардлыг шимтгэл хэлбэрээр авсан гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

3.Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ нэхэмжлэлийн үнийн дүн, хуульд заасан хувь, хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.

4.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэхээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулиар зохицуулсан тул шүүхийн нотлох баримт үнэлэх ажиллагааг буруутгах боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аззаяа, хариуцагч Ч.Т нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2021/00262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,552 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,832 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


,