Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 225/МА2021/00009

 

 

 

 

 

 

 

Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн

авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 246 дугаар захирамжтай,

Нэхэмжлэгч: Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Ж-д холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл төлбөр 5,731,000.75 /таван сая долоон зуун гучин нэгэн мянга далан таван мөнгө/ гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол шуудан банк болон Хадгаламж банкны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр Монгол шуудан банкны зарим шаардах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн.

...Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Хадгаламж банкны чанаргүй актив нь банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Ц.Жд олгосон чанаргүй зээл хамаарч байна.

...Зээлдэгч Ц.Жнь Монгол шуудан банктай 2007 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ЗГ/0140 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн БГ/0135 дугаартай Барьцааны гэрээ тус тус байгуулж 8,000,000 /найман сая/ төгрөгийг жилийн 31,2 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай авч ашигласан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан.

Зээлдэгч Ц.Жны үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна.Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 3,044,464.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 686,536.30 төгрөг. Нийт 5,731,000.75 /Таван сая долоон зуун гучин нэгэн мянга далан таван мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.

...Иймд зээлдэгч Ц.Жнаас зээлийн гэрээний үүрэгт нийт 5,731,000.75 /таван сая долоон зуун гучин нэгэн мянга далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулж Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Пүрэвнайдан анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Жныг 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилсан байдаг. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас түүний оршин суугаа газрыг олж тогтоосон талаар манай байгууллагад мэдэгдсэн. Үүний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн өмгөөлөгч зээлийн дансны хуулгаар зээлийг нотолж чадаагүй гэж байна. Зээлийн хүү, зээлийн данс тусдаа бүртгэгдсэн нь дансны хуулгаар тодорхой харагддаг. Зээлийн гэрээтэй холбоотой хангалттай нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийг 2008 онд эрэн сурвалжилж цагдаагийн газраас олж тогтоон эрх хүлээн авагчид мэдэгдсэн. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Ц.Жнь Монгол Шуудан банкнаас 2006 оны 5-р сард машин худалдан авах зорилгоор 5 сая төгрөгийн зээлийг анх авч тэр мөнгөөрөө Улаанбаатар хот орж 5 сая төгрөгөөр шинэ Делика автомашин худалдан авч байсан. Тэгээд энэхүү зээлийг 2007 оны 6-р сард эргүүлэн 8 сая төгрөг болгож төлөх ёстой байсан. Тэр өнгөрсөн 1 жилийн хугацаанд сар бүр төлбөр төлдөг байсан. Гэхдээ манайх зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлсэн, 2007 оны 5-р сард нөгөө делика машинаа зарж зээлээ төлөх гэсэн боловч зарагдахгүй болохоор нь машинаараа Мөрөнгөөс Их уул сум руу замд явж байгаад зам тээврийн осолд орсны улмаас миний бие ажил хийх боломжгүй болж, машин маань ямар ч засваргүй болж эвдэрсэн. Тэгээд бид зээлээ төлөх боломжгүй болсон учир 2007 оны 06-р сарын 06-ны өдөр өмнөх 5 сая төгрөгийн зээл, зээлийн хүүг нэмж 8 сая төгрөг шинээр зээл авсан мэтээр зээлийн гэрээ байгуулсан. Энэ үед бид 8 сая төгрөг бол бодитоор зээлээгүй харин өмнөх зээлээ үргэлжлүүлж байна гэж ойлгоод гэрээ хийсэн. Тэгээд 2008 оны 6-р сард өөрийн амьдарч байсан Их-Уул сумын Сэлэнгэ багийн 5-2 тоотод байрлах хашааг зээлийн өрөндөө бүрэн өгөөд, тухайн үеийн Монгол Шуудан банкны эрхлэгчээр ажиллаж байсан Цэрэндоржийн Амаржаргал нь хураан авч, банкинд хураалгаж зээл төлбөрөө бүрэн хаагаад Их уул сумын 1-р багийн иргэн Ванчингийн Мөнхбаяр гэж хүнд зарж манайх Улаанбаатар хот руу шилжсэн. Тухайн үед манай хашаа, байшинг 10 гаруй сая төгрөгөөр зарсан гэсэн тул бид энэ зээлийг бүрэн төлсөн гэж ойлгоод өдийг хүртэл банкнаас ч биднийг эрж хайгаагүй, бид ч зээлгүй гээд 2008 оноос 2019 оныг хүртэл Улаанбаатар хотод амьдарч байгаад 2019 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирж амьдарсан. Манай нөхөр тухайн үедээ хашаа байшингаа зээлийн төлбөртөө бүрэн тооцуулаад өр төлбөрөө хаалаа гэсэн учир энэхүү зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хариуцагч бүх эд хөрөнгөө банкны барьцаанд тавиад зээлээ бүрэн хаагаад явсан гэдэг. 2008 оноос хойш банкнаас нэг ч удаа залгаж байгаагүй тул бид хоёр зээлгүй л гэж бодож байсан. Хашаа байшинг нь худалдаж авсан В.Мөнхбаярыг гэрчээр асуулгасан. Гэтэл энэ хүн тухайн хашаа байшинг хэдэн төгрөгөөр худалдаж авснаа санадаггүй боловч 26-27 тооны үхрийг зарж авсан гэдэг. Үүнийг хариуцагчийн тайлбараас бодоход дор хаяж 13,000,000-14,000,000 төгрөг болж байгаа. Гэтэл 8,000,000 төгрөгийн зээл болон зээлийн хүү нь нийт 10,000,000 төгрөг болохоор байдаг. Нэхэмжлэгч талаас зөвхөн зээл манайд ирсэн болохоос биш барьцаа хөрөнгөтэй холбоотой материалууд ирээгүй гэдэг. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн боломжтой байхад 10 гаран жил хүү тооцсон нь үндэслэлгүй юм.

...Иймд гэрээтэй холбоотой 3 жилийн, мөн ерөнхий 10 жилийн хугацаа дууссан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 246 дугаартай захирамжаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Ц.Жнд холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл төлбөр 5.731.000 /таван сая долоон зуун гучин нэгэн мянга/ төгрөг 75 /далан тав/ мөнгө гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаас нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч давж заалдах гомдолдоо: Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй иргэн Цэрэнхүү овогтой Ц.Жд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн хувьд 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШШ2021/00246 дугаартай Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гардан аваад дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Шуүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

1.1 Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тухайд:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байх ба 2008 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Тодруулбал шүүх ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргахад Ц.Жныг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр нь хугацаа тасалдах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ ... Ц.Жныг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр нь Хадгаламж банк ХХК-ийн банкны эрх хүлээн авагчаас шаардах эрхээ хэрэгжүүлэхийг хязгаарлах үндэслэл болохгүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1104 дугаартай шийдвэрээр хариуцагч Ц.Жныг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоохыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасан. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Иргэний хэргийн эрх зүйн харилцаанд хариуцагч Ц.Жнь ... оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул... эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох нь зүйтэй... гэж үзсэн.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан... хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заасан байдаг. Энэ нь зээлдэгч Ц.Жолдсон өдрөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой болж байгаа учир мөн хуулийн 79.7 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол... хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зааснаар хариуцагч Ц.Жолдсон өдрөөр хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй юм.

1.2 Хариуцагчид холбогдуүлан нэхэмжлэл гаргах тухайд:

Хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид ИХШХШТ гэх/ 155 дугаар зүйлийн 155.4 дэхь хэсэгт зааснаар шүүх Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх тул нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг олж тогтоох боломжтой гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь ИХШХШТ хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн оршин суугаа хаягийг тусгах, мөн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар түүний оршин суугаа хаягийн харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргана. Мөн эрэн сурвалжлах ажиллагаагаар хаягийг тогтоогоогүй бол нэхэмжлэл гаргах боломжгүй, гаргасан ч ИХШХШТ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх үндэслэл бий болно гэдгийг шүүх анхаараагүй, шүүхээс хуулийг үгчлэн тайлбарласан нь учир дутагдалтай, агуулгын хувьд үндэслэлтэй тайлбарлаагүйд гомдолтой байна.

2. Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны тухайд:

Хадгаламж банк нь хэвийн үйл ажиллагаатай байх үед банкны системийн нийт хадгаламж эзэмшигчдийн 15.9 хувийг эзлэх системийн нөлөө бүхий банк байсан тул хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөн хөрөнгөд учрах эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монгол банкнаас Хадгаламжийн Даатгалын Корпорациар дамжуулан Хадгаламж банкны актив, пассив хөрөнгийн зөрүүг (Хадгаламж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дутагдсан мөнгө) нөхөхөд зориулж 119.9 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд энэ хэмжээгээр төрд хохирол, зардал учирсан.

Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны чанаргүй зээл, авлагыг төлүүлсэн хөрөнгөөр төрд хохирол, зардлыг нөхөн төлүүлэх, түүн дээр нэмж Хадгаламж банкнаас татварын байгууллагад төлөх буюу ард иргэдэд зарцуулагдах ёстой 530.6 сая төгрөгийн татварын өрийг төлөх үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь төрд учирсан хохирлын дүнд нэмэгдэх юм.

Нөгөө талаар Хадгаламж банкнаас зээл авч, зээлийг эргэн төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа этгээд нь хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгө болон төрөөс гарсан зардлаар хөлжих, Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан буулгах ажиллагааг дуусгасны дараа зээлийг эргэн төлөхгүй үлдэх нь шударга бус явдал юм.

Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Ц.Жнд холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл нийт төлбөрт 5,731,000.75 /таван сая долоон зуун гучин нэгэн мянга далан таван мөнгө/ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг төлөхийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Ц.Жнд холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл төлбөр 5,731,000 /таван сая долоон зуун гучин нэгэн мянга/ төгрөг 75 /далан тав/ мөнгө гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэгт цугларсан, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй доорх алдаа зөрчил гаргасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Үүнд: 1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 116, 118 дугаар зүйл, заалтыг удирдлага болгосон атлаа 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 246 дугаартай шүүгчийн захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна 22.4.1-т анхан шатны шүүх... шүүхийн шийдвэр... гэж,

Мөн хуулийн 22.5-д Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүх дээрх заалтыг зөрчиж шүүх хуралдаанаас Монгол улсын нэрийн өмнөөс гэж захирамж гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

2. Хууль хэрэглээний талаар:

Анхан шатны шүүх захирамжийн Үндэслэх хэсэгтээ ЗГ/0140 дугаар зээлийн гэрээг үндэслэн 5,731,000.75 төгрөгийг Ц.Жнаас гаргуулах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо зөвхөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай, Иргэний хуулийн Наймдугаар бүлэг Хугацаа тодорхойлох, тоолох, Есдүгээр бүлэг Хөөн хэлэлцэх хугацаа-тай холбоотой зүйл, заалтыг зөв тайлбарлаж, оновчтой сонгож хэрэглээгүй байна.

Хөвсгөл аймаг дахь Монгол шуудан банкны 110 дугаар салбар нь зээлдэгч Ц.Жнаас зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Ц.Жоршин байгаа газартаа байхгүй гэх үндэслэлээр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №1104 дугаартай шийдвэрээр хариуцагч Ц.Жныг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар даалгаж шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т ....хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно, мөн хуулийн 79.4-т энэ хуулийн 79.3-т заасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох боловч талуудын аль нэг нь хэрэг шийдвэрлэх ажиллагааг үргэлжүүлэхээр бол шаардлага гаргасны нэгэн адил үзэж хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдана, хуулийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд зээлдэгч Цэрэнхүүгийн Ц.Ж-ыг эрэн сурвалжлах ажиллагааг шүүхийн 2008 оны №1104 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлүүлж, уг ажиллагаа дуусгавар болсон буюу хариуцагч Ц.Жны оршин суугаа газрыг олж тогтоож, Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид мэдэгдсэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийг эрэн сурвалжилж, олж тогтоох нь нэхэмжлэгчээс шалтгаалах ажиллагаа биш болно.

Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө нь өнгөрсөн хугацааг тоолохгүй, хугацааг дахин шинээр тоолохоор хуульд зохицуулсан байна.

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэв.

Мөн банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэх талаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т нарийвчлан зохицуулсан байхад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримталж, хууль буруу хэрэглэсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагч Ц.Жнаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл төлбөр гаргуулах талаар дүгнэлт хийх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 246 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                             Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ