Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            Улсын яллагч Л.Мажигсүрэн,

Өсвөр насны шүүгдэгч Э.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Удвал, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Тийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 1709013620150 дугаартай хэргийг 2017 оны 12дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Техник технологийн политехник коллежийн 1-р курст” суралцдаг, ам бүл-3, ээж, ахын хамт Сүхбаатар дүүрэг 11-р хороо Алтайн 27-150 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,Боржигон овогт Э.Т/ регистрийн дугаар РД:УФ01270799/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Өсвөр насны яллагдагч Э.Тнь 2017 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Кибер” зочид буудлын гадна байрлаж байсан хохирогч Г.Алтангэрэлийн унаж явсан 1775 УНК улсын дугаартай “Тоёота Харриер” маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, улмаар уг автомашинд байсан хохирогч Б.Батмагнайгийн “Делл Ай-5” маркийн зөөврийн компьютерийг хулгайлж нийт 8.400.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Өсвөр насны шүүгдэгч Э.Т шүүх хуралдаанд “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цагийн үед би ганцаараа Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Кибер зочид буудлын хажуугийн Лоф нэртэй ПС тоглоомын газар орж 1 цаг 30 минут мөнгө төлж тоглосон юм. Тэгээд цагаа дуусгаад босоод гарах гээд явж байхдаа нэг залуугийн ард очиж зогссон. Учир нь түүний тоглож байгаа тоглоомыг харах гэж зогссон юм. Тэгээд зогсож байтал тэр тоглож байгаа залуугийн куртикны халаасанд машины түлхүүр харагдсан бөгөөд куртикээ сандлын түшлэг дээр тавьчихсан байсан юм. Тэр үед яагаад би түлхүүрийг нь авсан бэ гэхээр намайг тоглож байх үед манай найз Болдоо надтай фэйсбүүкийн месэнжирээр  харьцахдаа “чамд машин олдох уу найзуудаасаа асуугаад өгөөч хэрэг болоод байна” гээд байсан бөгөөд тэр нь санагдаад тэгээд тэр залуугийн түлхүүрийг нь авчихсан юм. Тэгээд түлхүүрийг нь авч гараад Кибер зочид буудлын гадна зогсоол дээр байсан машинуудад түлхүүрийг нь шургуулж үзэхэд тэр хариер маркийн машин таараад онгойчихсон юм. Тэгээд би тэрмашиныг хулгайлаад аваад унаад явчихсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-20, 29-30/,

 

Хохирогч Б.Батмагнайгийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “…2017 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн үед Шөлөндөө нэртэй хоолны газрын баруун талд байрлах Кибер төвийн хойно байрлах Лоф-4 цахим тоглоомын газар руу найз Алтангэрэлийн хамтаар орж 2 цаг 30 минутад тоглоод 3 цагийн үед Кибер төвийн гадна гарч ирэхэд Алтангэрэлийн саарал өнгийн 17-75 УНК улсын дугаартай “Тоёота харриер” маркийн машин байхгүй байхлаар нь шууд 102-т дуудлага өгөөд цагдаа ирсэн. Тэгээд өглөө 8 цагийн үед Алтангэрэл бид хоёр цагдаагийн хэлтэс байж байхад Алтангэрэлийн утас руу машинаас холдуулаарай гэж хүн залгахаар нь бид хоёр шууд гараад машин байгаа газар болох 19 дүгээр хорооллын автобусны буудлын хойно байрлах 4 дүгээр байрны гадна очиход өөдөөс цагаан өнгийн саравчтай малгайтай өндөр туранхай биетэй сэжигтэй этгээд гүйж ирээд орц руу орсон. Тэгээд бид хоёр машинаа олоод ажиглаад зогсож байтал нөгөө сэжигтэй залуу нэг найзын хамтаар гарч ирээд машин дээр холдоод явахлаар би зогсоогоод Алтангэрэл машин холдуулаарай гэж залгасан хүн рүү яриад цагаан өнгийн саравчтай малгайтай залуу мөн үү гэж асуухад мөн гэж хэлээд тэр залуугаас түлхүүрээ аваад хэлтэс рүү явсан. Тэгээд машины арын суудал дээр байсан хар өнгийн үүргэвчтэй цүнхэнд байсан миний зөөврийн компьютер байхгүй байсан. Хар өнгийн Делл ай-5 маркийн зөөврийн компьютер, 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан…”  гэсэн мэдүүлэг /хх-15/,

 

Хохирогч Г.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “…Би цагдаагийн байгууллагад хандчихад өглөө нь байж байтал 07 цаг өнгөрч байхад миний утас руу хүн залгаад автомашинаа холдуулаарай, машин таглаж тавьсан байна гэсэн. Тэр хүн миний машины цонхон дээр дугаарыг хараад над руу залгасан байсан. Тэгээд тэр хүнээс хаана байгааг нь асуутал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 19 дүгээр хороолол 4 дүгээр байрны урд байна гэхээр нь очсон юм. Очоод над руу залгасан хүн рүү залгахад сая өндөр цагаан малгайтай залуу машин холдуулаад урд талын зогсоол руу тавьчихсан тавьчихсан гэсэн тэгээд би урд талын зогсоол руу тойроод харахад миний машин байсан. Тэгээд машиныхаа ард зогсож байхад 4 дүгээр байрны орцноос өндөр бор царайтай, цагаан малгайтай эрэгтэй хүн бас нэг нэг намхан эрэгтэй хүн гарч ирсэн. Тэгээд миний машины чиглэж ирж байгаад намайг хараад өөр тийшээ явсан тэгэхээр нь би тэр залууг барьж аваад чи миний машины түлхүүрийг гаргаад ир гээд тулгаад асуухад тэр залуу цүнхнээсээ түлхүүр гаргаж өгсөн…”  гэсэн мэдүүлэг /хх-18/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-8/, Т.Э нэртэй Фэйсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-11/, Эд зүйлийн үнэлгээ /хх-22/, Өсвөр насны шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-38/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-37, 39-48/, хохирлын баримт /хх-32-38/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-50-52/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Тнь 2017 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Кибер” зочид буудлын гадна байрлаж байсан хохирогч Г.Алтангэрэлийн унаж явсан 1775 УНК улсын дугаартай “Тоёота Харриер” маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, улмаар уг автомашинд байсан хохирогч Б.Батмагнайгийн “Делл Ай-5” маркийн зөөврийн компьютерийг хулгайлж нийт 8.400.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол учруулсан нь болох нь дээр дурьдсан хохирогч Б.Батмагнай, Г.Алтангэрэл нарын мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч Э.Тийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Өсвөр насны шүүгдэгч Э.Тбусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Э.Тийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд “…хохирол төлбөр, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэдгээ илэрхийлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Э.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Тийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тэрээр үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа харгалзав.

 

Шүүх өсвөр насны шүүгдэгч Э.Тт ял оногдуулахдаа хуульд заасан дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаатарын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Тт ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Тийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Тийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Н.Удвалд даалгасугай.

 

5.Өсвөр насны шүүгдэгч Э.Тнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР