| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 112/2025/0036/З |
| Дугаар | 112/ШШ2025/0011 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 112/ШШ2025/0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Тус аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн ......... дугаар байрны оршин суугчид болох иргэн Г.Б, Ж.М, Н.Б, Д.Н, Д.Ч, Б.Б, Н.О, Э.Б, Д.Б, С.Н нар
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатад холбогдох газартай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М, Н, Б.Б, Э.Э, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.Б-ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Тус аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын 4 дугаарт Г.Ад газар эзэмших эрх сэргээсэн захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:
2.1. 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.Х-гаас Г.А эзэмшиж буй газраа эрх шилжүүлэн авсан. Г.Агийн газар эзэмших эрхийг аймгийн Засаг дарга С.Гансэлэмийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон байна.
2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаар захирамжаар Г.А-гийн газар эзэмших эрхийг сэргээсэн байна.
2.2. Нэхэмжлэгч нар нь Өргөө хорооллын айлуудын орж гарах зам, машины зогсоол, инженерийн шугам сүлжээ, цахилгаан дулаан, ус хангамж бүхий газар олгогдсон, хүүхдүүдийн тоглож наадах талбай, машинтай орж гарах хөдөлгөөнийг хаасан тул тус байрны иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн байна.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Г.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жаргалант багийн Өргөө хороолол ......... дугаар байрны оршин суугчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын 4 дугаарт Г.Ад газар эзэмших эрх сэргээсэн захирамжийг хүчингүй болгуулах тухай
Нэхэмжлэлийн үндэслэлдээ: Говь-Алтай аймгийн засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын 4 дугаарт Г.А-д газар эзэмших эрх сэргээсэн захирамж нь өргөө хорооллын айлуудын орж гарах зам машины зогсоол, инженерийн шугам сүлжээ бүхий цахилгаан дулаан ус хангамж бүхий газар дээгүүр олгогдсон нь Жаргалант багийн өргөө хорооллын орон сууцны олон айлуудын орон гэртээ тав тухтай амьдрах орчин нөхцөлийг зөрчсөн өөрөөр хэлбэл хүүхдүүдийн тоглож наадах талбай машинтай орж гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Иймд өргөө хорооллын олон айлын эрх ашгийг хөндөж байгаа тул уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2 Нэхэмжлэгч Ж.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Өргөө хорооллын .......... тоотод оршин суугч байна. Яагаад энэ нэхэмжлэлийг гаргах болсон бэ гэхээр иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх ашиглуулахтай холбоотой газрын харилцааг Газрын тухай хуулиар зохицуулдаг байгаа. Тус хуульд зааснаар газар эзэмшигч иргэн аж ахуйн нэгж байгууллага нь дараах зөрчлийг гаргасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байдаг. Үүнд: Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол хүчингүй болгохоор хуульд заасан байгаа. Өөрөөр хэлбэл тухайн Засаг даргын захирамж анх 2018 онд гарсан байдаг. 2018 оноос хойш тухайн газар дээр юм баригдаагүй учраас хүчингүй болгоод 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар сэргээсэн байгаа. Тухайн сэргээсэн захирамжийн 4 дүгээрт нь Г.А-д газар эзэмших эрхийг нь сэргээсэн байгаа. 2021 оноос хойш дахиад 2 жилийн хугацаа өнгөрсөн байхад энэ газар дээр юм баригдаагүй байгаа. Энэ нь хүчингүй болгож өгнө үү гэсэн үндэслэл болж байгаа. Уг захирамжаар тухайн газрыг эзэмшүүлсэн байгаа нь өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргаад байгаа айлуудын, олон нийтийн эрх ашгийг илт зөрчсөн ийм захирамж гарсан байгаа. Тухайн айлд олгосон эзэмшлийнх нь газар дээгүүр манай байр руу явсан бохирын ус, цэврийн ус, халаалтын шугам сүлжээ бүгд олгогдсон байгаа. Тэгэхэд энэ бохирын шугам сүлжээг нь өөрсдийнхөө эрх ашгийн төлөө энэ олон айлын эрх ашгийг бодохгүйгээр өөрчлөлт оруулаад 2024 оны 09 дүгээр сараас эхэлж энэ газар дээр барилга барих гэж байна гэдэг байдлаар шугам сүлжээнд ямар ч үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулж эхэлсэн. Энэ өөрчлөлт оруулсан байдлаас нь болоод манай оршин суугчид амар тайван амьдрах ийм боломж нөхцөлгүй болчихсон байгаа. Яагаад гэхээр энэ шугамд өөрчлөлт оруулахдаа эгцээрээ явж байсан шугам сүлжээг өөрсдөө барьчихсан байгаа хавтаст хэргийн материалд үзлэг хийсэн зураг дээр хашааг тойруулаад бохирын шугам сүлжээг нь өөрчлөлт оруулсан. Энэ байдлаасаа болоод бохирын шугам сүлжээ нь ч хүртэл бүгдээрээ дүүрээд битүүрчихсэн байгаа. Одоо дулааны улирал болоод энэ бохирын шугам сүлжээ нь гэсэхээр энэ хавийн орчин тэр чигээрээ бохирын шугам сүлжээний хөлдчихсөн байгаа ус нь гэсэхээр манай эргэн тойрны газар бүгд бохирдсон байдалтай болж байгаа. Үүнийг ямар ч үндэслэлгүйгээр байшин барьж байвал болоо гэдэг байдлаар энэ орон сууцуудын айлуудын эрх ашгийг зөрчсөн байдлаар ийм 5 давхар байр баригдах гэж байгаа дээр зөвшөөрөхгүй байгаа. Тэгэхээр манай байрны энэ олон айлын ая тухтай амьдрах орчин нөхцөл нь зөрчигдөөд байна. Хүүхдүүд гараад тоглож наадах ямар ч талбай байхгүй, машин зогсох зогсоол байхгүй, байшин барих гэж газар малтаж байгаад гэрлийн утсыг тасалсан. Тэрнээс хойш гэрлийн утасны кабель нь хоёр, гурав залгаатай болчихсон. Одоо хүртэл ил байгаа. Энэ байдал дээр Говь-Алтай аймгийн Алтай улиастай эрчим хүчээс ч гэсэн албан тоот бичиг энэ хавтаст хэргийн материалд ирчихсэн байгаа. Үүнийг манайх хариуцахгүй, барилга бариад дур мэдэн таслаад байдаг компани нь өөрсдөө хариуцна гэдэг байдлаар өнөөдрийн байдлаар тодорхойлолт өгчихсөн байгаа. Энэ олон айлын тав тухтай амьдрах орчин нөхцөл зөрчигдсөөр байгаа учраас Г.А-нд холбогдох газар эзэмших эрх сэргээсэн хэсгийг хүчингүй болгож өгөөч гэж нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байгаа гэжээ.
3.3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж орж байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаартай аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтад 4 дэх Г.А-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Ямар учраас хууль бус вэ гэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж байгаа. Энэ нь автоматаар дуусгавар болох үндэслэл байгаа. Нөгөө талаасаа Засаг даргын эрх хэмжээнд газрын эрхийг сэргээх гэдэг ойлголт байдаггүй. Харин энэ тохиолдолд яах байсан бэ гэхээр 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А02 дугаартай захирамжаар өмнө нь эзэмшиж байсан эрх нь хүчингүй болчихсон байдаг. Тэгэхээр хүчингүй болсноороо хүмүүс гомдол гаргаагүй өдийг хүрсэн. Тэгээд 2021 онд сэргийлэх хүсэлтээ гаргаад явчихсан байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш хүчингүй болчихсон байсан газар нь энэ хүмүүсийн эзэмшилд дуусгавар болчихсон байгаа. Дуусгавар болчихсон тохиолдолд энэ газар яаж бусдад эзэмшүүлэгдэх вэ гэхээр Газрын тухай хуульд зааснаараа дуудлага худалдаа явагдаад нийтэд зар тавиад шинээр газар олгож байгаатай нэгэн адил явах байтал шууд хуульд заасан эрх хэмжээ байхгүй сэргээх гэдэг эрх хэмжээ байхгүй байхад шууд сэргээх гэдгээр газар эзэмших эрхийг сэргээгээд байгаа нь өөрөө хууль бус үндэслэл болж байгаа. Ийм учраас захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох ийм үндэслэл нь бүрэн байна гэж өмгөөлөгчийн хувьд харж байгаа. Тухайн орон сууцны айлууд бол эрх ашиг нь хэрхэн яаж зөрчигдөж байгаа талаараа нэхэмжлэгч тайлбараа хэлсэн байгаа.
Газрын тухай хуульд газрын зохион байгуулалт эзэмшил ашиглалттай холбоотойгоор Говь-Алтай аймгийн Засаг даргын эрх хэмжээ 21 дүгээр зүйлд зааж өгсөн байгаа. Тэгэхээр 21.3.2-т тухайн төлөвлөгөө ном журмынхаа дагуу газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Тэгэхээр тэр эрх хэмжээ нь газар эзэмших эрхийг сэргээнэ гэдэг ойлголт байхгүй. Тухайн 2018 онд хүчингүй болдог газар нь 2014 онд шилжүүлж авсан газар байгаа юм. Мөн 2 жил баригдалгүй байж байгаад бусдад шилжигдээд байгаа ийм ойлголт явж байгаа. 2014 онд дахиад хүнд шилжиж байгаа. 2014 оноос хойш 4 жил ашиглаж чадалгүй байж байгаад 2018 онд хүчингүй болоод байгаа үйлдэл. Гэтэл энийг газрын төлбөр төлөөгүйгээр манайхыг хүчингүй болгочихсон байсан гэж тайлбарлаад байна. Гэтэл энэ чинь 2014 оноос хойш 2018 он хүртэл 2 жил дараалан ашиглаагүй гэдэг ойлголт нь байсан учраас 2 жил дараалан ашиглаагүй байна гэдэг үндэслэлээр 2018 онд хүчингүй болно гэдэг ойлголт чинь өөрөө нийтийн эдэлбэр болчхож байгаа юм. Нийтийн эдэлбэр болчихсон газрыг ямар тохиолдолд эргээд одоо авах юм бэ гэхээр шинээр газар авч байгаатай нэгэн адил авах боломжтой ингэж байж авах ёстой. Сэргээж байна гээд сэргээчхэж байгаа нь өөрөө нийтийн эрх ашиг л мөн зөрчигдчихэж байгаа юм. Энэ хүмүүс тэнд очоод хууль бус шийдвэр гаргуулаад яваад байгаа чинь өөрөө өөр бусад хүмүүсийн боломжийг хаагаад хууль бус шийдвэр гаргуулаад он дамжаад 2014 оноос хойш явсан байна. Энэ үндэслэлээр аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн захирамж нь хууль бус захирамж байна. Эрх сэргээх гэдэг ойлголт Газрын тухай хуульд байхгүй учраас энэ захирамж хууль бус байна. Тухайн газар нь барилга байгууламж баригдахтай холбоотойгоор шугам сүлжээг өөрчлөх, газрыг ямар тохиолдолд олгодог вэ гэдэг асуудал дээр бид нар эхлээд дүгнэлтээ хийх нь зүйтэй байх. Хавтаст хэрэгт авагдчихсан байгаа материалаас харахаар газрын эрх огт олгогдох ёсгүй байсан газрыг авчхаад шугам сүлжээг нь өөрчлөөд байгаа энэ нөхцөл байдлаар харагдаж байгаа. Шугам сүлжээн дээр газар олгохыг хориглочихсон. Гэтэл газраа авчихаад шугам сүлжээ дайрч байгаа юм байна гээд шугам сүлжээ өөрчлөөд байгаа чинь өөрөө анхнаасаа хууль бус шийдвэр гаргуулсан байна гэдэг ийм нөхцөл байдал нь харагдаж байгаа. Тогийг нь өөрчлөөд байгаа, бохир цэвэр усных нь шугамыг өөрчлөөд байгаа. Энэ нь шугам дээр анхнаасаа газар олгогдчихсон энэ чинь өөрөө хууль бус байсан байна. Гэтэл та нарын амьдралын ахуйг сайжруулах гэж бид нар энэ газрыг авчхаад сайжруулж өгөөд байгаа юм биш үү гэдэг байдлаар тайлбар хийж байгаа нь үнэхээр харамсалтай. Ерөөсөө л шугаман дээр газар авчихсан асуудал чинь өөрөө хууль бус байгаа. Тухайн оршин суугчдын байр орон сууцын цэвэр бохир усны шугам дээр газар аваад байгаа энэ үйлдэл нь өөрөө хууль бус учраас тухайн захирамжийг сэргээж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна гэж үзэж байна гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлартаа: 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаартай захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 1, 33.14, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д заасан үндэслэлүүдээр гомдлыг хүлээн авах, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байгаа юм. Гэхдээ иргэдийн нийтлэг эрх ашиг гаргасан хүсэлт энэ байдлыг харгалзаж үзээд шүүх хурал дээр тайлбараа гаргаж өгье. 2024 оны 09 дүгээр сараас хойш энэ газрын асуудал байшин баригдах гээд яриад явагдаж байна. Шугам сүлжээг тойруулсан гэдэг асуудал бас ярьж байна. Тэгэхээр хойд талын байр барьж байсан Б гэдэг хүн шугам сүлжээг маргаан болж байгаа газар дээгүүр тавьсан байсан. Тэгээд дараа нь гуравдагч этгээдээр орж байгаа Г.А тухайн газрыг өөрсдөө мөнгө гаргаад газрынхаа ар талаар өөрчилсөн гэдэг асуудлууд яригдаж байгаа. Энэ иргэдийн нийтлэг эрх ашгийг хангах үүднээс нолийн асуудлыг нь аймгийн 2025 оны орон нутгийн хөгжлийн санд мөнгө төгрөгийг нь тусгаад шугам сүлжээг нь өргөтгөөд 150-н труба байсныг 300 болгоё гэдэг ийм асуудал явж байгаа. Энэ шугам сүлжээ газар дээгүүр явсан газраа тойруулаад тавьсан гэдэг асуудал яригдахаас өмнө сүүлийн 4, 5 жилд энэ ойролцоо байгаа төрийн байгууллагуудын бохирын ноль зарим үед үнэртдэг, тэр айлуудын бохир заримдаа бөглөрдөг ийм асуудлууд байсан юм байна. Яагаад гэхээр 132, 127, 129-ийн урд талаас доошоогоо төв магистрал руу явж байгаа шугамынх нь хоолой нь нарийхан учраас нөгөө төв магистралдаа бохирынх нь хаягдал явж чадахгүй ачааллаа даахгүй тухайн үедээ бөглөрөх үнэртэх ийм асуудлууд удаа дараа гарч байсан юм байна. Ийм учраас шинээр барилга байгууламж баригдах асуудал яригдаж байгаа учраас, хоёрдугаарт айлууд, орон сууц байгаа учраас энэ шугам сүлжээг нь энэ оны төсөвт нь суулгаад шинэчлээд иргэдийн эрх ашгийг хамгаалах бохир шугам хоолойг нь аюулгүй болгох ийм асуудлуудыг нь Засаг дарга өөрийнхөө хүлээсэн үүргийн хэмжээнд энэ оны төсөвт мөнгийг нь тавиад Ундарга-Алтайд эрхийг нь шилжүүлсэн байгаа гэдгийг бас тайлбарлаж байна. Хоёрдугаарт: Хүүхдийн орох гарах, тоглох газрыг байхгүй болгож байна уу гэдэг асуудал яригдаж байх шиг байна. Машины орох гарах хөдөлгөөнийг хаасан гэдэг юм уу, дээрээс нь тохижуулсан, төлөвлөгөөнд орсон тийм тоглоомын талбай, машины зогсоол одоогоор байхгүй. Ер нь байшин баригдахдаа мэдээж тэр хоёр байшингийн хоорондох зай тодорхой хэмжээгээр хязгаарлагдана. Г.А-д Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар дамжуулаад шаардлага тавьж байгаа. Та нар барих гэж байгаа газрынхаа 30-40 хувьд нь хуулийн хүрээнд барилгаа барих ёстой, үлдсэн талбайд нь зогсоол хий, хүүхдийн тоглоомын талбай байгуул, ар талынхаа байр урд талынхаа байрнууд, өөрийнхөө барьж байгаа байрны гэдэг юм уу тэгээд ар талын ............... байрны айлуудын хүүхдүүд, эргэн тойрны хүүхдүүд тоглох болон машин тавих зогсоол хүүхдийн тоглоомын талбай ногоон байгууламжийнхаа асуудлыг шийдээрэй гэдэг шаардлага тавиад зураг материалыг нь хуулийн хүрээнд хийлгэчихсэн явж байгаа. Тэр шугам сүлжээ захирамж гарахад байж байсан гэж байна. Тэр ард талын шар байшин чинь баригдаад улсын комисс тухайн үедээ ажиллаад гадна шугам сүлжээ хаагуур яаж явсан асуудлуудаа тухайн үед нь бас дутуу хүлээж авсан ийм асуудал байгаа. Яагаад гэхээр газрын кадастрын мэдээллийн сан дотор энэ олгогдчихсон маргаан болж байгаа газраас гуравдагч этгээдийн яриад байгаа тэр чиглэлээр газрын кадастрын мэдээллийн санд шугам сүлжээ нь байгаа. Тэгэхээр бид нар шугам сүлжээн дээр байгаа газрын кадастрт орсон энэ нөхцөл байдал дээр төрийн албаны бичиг баримт бүх юм явагддаг та бүхэн мэдэж байгаа. Мэдээллийн санд ороогүй, шугам сүлжээгээ буруу татчихсан, тухайн үед барилга барьсан хүмүүсийн мэргэжлийн алдаа гаргачихсан тэрийг нь дутуу хянасан асуудал байгаа юм. Ер нь кадастрын зураг нь баригдах гэж байгаа барилгын гадуур байгаа. Мэдээллийн сан бүх юмаа орж байж үзэж хянаж байж газрын захирамжаа гаргана. Д.Ариун-Эрдэнэ өмгөөлөгчийн яриад байгаа сэргээгдэх гэж ойлголт байхгүй гэж байна. Тэр нь Засаг даргын захирамж гарахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүн эд хөрөнгө авах, газар эзэмших, өмчлөх гэдэг юм уу хувь хүн өөрөө хөрөнгөтэй болох чиглэлийн бүх үндэслэл заалтууд нь бүгдэд нээлттэй эрх тэгш үйлчлэх ёстой. Тэгэхээр өмнө нь эзэмшиж явж байгаад хүчингүй болчихсон тэр байдал нь яах вэ давуу тал болсон байж магадгүй. Тэгэхдээ зургаа хийгээд энэ газар талбай дээр барилга барья гээд ирж байгаа энэ хүнээс өөр хүн байгаагүй юм байна. Тийм учраас Засаг даргын захирамжаар энэ газар нь олгогдсон Газрын тухай хуулийн 29.1, 3 гэсэн заалтуудад бас заасан байгаа. 700 м.кв хүртэл газрууд дуудлага худалдаанд орохгүйгээр орон сууцын болон бусад худалдаа үйлчилгээний зориулалтаар олгож болохоор хуулийн заалтууд байгаа. Тоглоомын талбай энэ орчинд чинь байхгүй байгаа. Дээд талын саадан дотор орж хүүхдүүд тоглодог тоглоомын талбай байх юм бол хүүхдүүд хаана ч байсан ямар нэг хувийн өмч биш учраас тэр дээр очоод тоглох боломж бололцоо нь бүгд байгаа. Одоо энэ гадна орчин чинь тохижилт ямар нэгэн юм алга байна, кадастрт орсон зогсоол алга байна, энэ газрын кадастрт орсон тоглоомын талбай хийх гэж байгаа төлөвлөлтөд орсон асуудал алга байна. Ийм учраас энд тоглоомын талбай бий болох юм бол энэ орчмын хүүхдүүд бүгд л очиж тоглоно. Тэрийг чинь хашаа хороогоор хязгаарлаад энэ хойд талын байрны хүүхдүүд орохгүй, урд талын байрны хүүхдүүд орно гэсэн ойлголт байхгүй. Ийм учраас энэ урдах хойдох алдаануудыг нь засаад шинээр барилга барих гэж байгаа бол тоглоомын талбайгаа бий болго, зогсоолоо бий болго гэдэг ийм шаардлагыг хуулийнх нь хүрээнд тавьж байгаа. Шугам сүлжээний талаар яалт ч үгүй хэлж байх шиг байна. Энэ талаар шаардлагатай бол Улсын бүртгэлийн газар, Байгаль орчны газрынхан мэдэж байгаа. Мөн аймаг тэлэх дээрээс нь барилга байгууламж нэмэгдэх ийм хэрэгцээ шаардлагууд явагдаж байгаа учраас ............ Байгаль орчны газрын урд талаас төв магистралд нь холбох бохирын шугамын хоолойг өргөн болгоё энэ иргэдийн эрх ашиг зөрчигдөх ийм асуудал гарч байгаа учраас энийг нь өргөтгөе шинэчилье шинээр байшин барилга аймаг орон нутгийн хэмжээнд чинь ганц энэ газар биш аймгийн хэмжээнд явагдаж байгаа энэ магистралууд нь нарийн шугамуудыг өргөн болгоё гэдэг асуудлуудыг дэс дараалалтай аймгийн Засаг даргын хийж байгаа 2024-2028 оны төлөвлөгөөнд нь тусгаад хамгийн эхний ээлжид энэ яригдаж байгаа газрын урд талаас доошоо төв магистрал руу холбох шугам сүлжээний ажлын өргөтгөх шинэчлэх ажлууд давхар явагдаж байгаа гэжээ.
3.5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анх 2014 онд уг газрыг манай дүү Г.А авсан байгаа. Тэгээд 2018 онд газрыг цуцалсан байдаг. Ямар үндэслэлээр яагаад цуцалсан бэ талаар Засаг дарга С.Гансэлэм, газрын албаны дарга Ууган-Эрдэнэ нартай уулзаад газрын төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан гэсэн. Цуцлахдаа яагаад мэдэгдээгүй юм бэ гэдэг асуудлыг ярьсан. Мэдэгдэлгүй цуцалсан гэдгээр явсан. Яагаад газрын төлбөрөө төлөөгүй вэ гэхээр анх эхлээд 2014 онд тухайн газрыг авснаас хойш 2018 он хүртэл газрынх нь төлбөрийг иргэнийхээ эрх үүргийг хэрэгжүүлж тухайн газрын төлбөрийг цаг тухайд нь жил болгон төлж явсан. 2019 оны төлбөрөө төлөх гэж очиход 2018 онд цуцалчихсан байна гэж хэлээд тэрийг мэдсэн учраас бид нар 2019 оныхоо төлбөрийг төлсөн. 2020 онд Засаг даргад өргөдөл гаргасан өргөдлийнхөө дагуу 2021 онд дахин сэргээлгэж авсан. Тухайн газрыг 2014 онд авсан байхад 131 дүгээр байр баригдаагүй байсан. Энэ байр 2016 онд баригдаад тухайн газар дээгүүр Баттулга гэдэг хүн дур мэдэн бохир татсан. Тухайн үед манай нэр дээр байсан газарт дур мэдэн бохирын шугам татсан. Тэр үед би Улаанбаатар хотод байсан учраас утсаар Баттулгатай холбогдож хэлсэн. Өөрчилнө, ирэхээр чинь уулзъя гэж байгаад тэр хүн зугтаад явсан. Дараагийн дугаарт тухайн бохирыг шилжүүлсэн. Шилжүүлсэн учрас бохир үнэртээд байгаа гэдэг зүйлийг хэлж байна. Барилга байгууламж барих талбайгаа гаргаж авахын тулд бохирын шугамыг өөрсдийнхөө зардлаар мэргэжлийн байгууллагаар зөөлгүүлсэн байгаа. Мэргэжлийн байгууллагаар зөөлгүүлэхдээ бүх үнэ хөлсийг нь өгөөд мэргэжлийнх нь хүмүүс уналт налуу бүх юмыг нь тааруулж хийсэн. Тэрнээс болоод бохир үнэртлээ гэсэн асуудал тавьсан. Тэр бохир үнэртлээ гэдэг асуудал нь төв шугам нь нарийхан учраас ачааллаа дийлэхгүй бохир үнэртэж байгаа бохирын худаг нь буцааж усаар дүүрээд байгаа гэсэн хариуг Ундарга-Алтай өгсөн. Би үнэ хөлсөө өгч хийлгүүлсэн учраас буцаад мэргэжлийн байгууллагад нь хандаж тайлбар авсан. Тухайн барилга нь подволтой нийлээд 4 давхар барилга байгаа. Үүнээс болж гэрлийн утас тасалсан гэдэг зүйлийг ярьж байна. Тухайн үед 2 айлын бохир янзалсан байгаа. Тэгээд 2 гэрлийн утас тасалсан байхаар нь АУЭХС ТӨХК-д дуудлага өгөөд тухайн үеийн гарч байсан монтёруудаар нь мэргэжлийн залгалтыг хийлгүүлсэн. Иймээс гэрлийн утсан дээр Ундарга-Алтай тасалсан боловч мэргэжлийн байгууллага нь залгалт хийсэн байгаа. Мөн онд сэргээсэн газрыг цуцалж өгнө үү гэж байна. Газрын төлбөрийг төлсөн байхад мэдэгдэлгүй цуцалсан гэдэг үндэслэлээр бид нар сэргээлгэж авсан. 2021 оноос хойш ашиглах боломжгүй болсон яагаад гэхээр корона гээд улс орон даяар бэлэн байдал аваад янз бүрийн ажил хийлгэхгүй зогсоочихсон учраас ажиллах бололцоогүй болсон. 2023 оноос эхлээд барилга барих мэргэжлийн зургийн компанид хүсэлтээ өгөөд тухайн газрыг хэмжилтийг нь хийлгүүлээд хөрсний дээжийг нь авхуулаад зургийг оруулсан байгаа. Тухайн зургийг хийлгээд магадлал нь гарчихсан. Газрын албанд танилцуулаад газрын албанаас тухайн газрын архитектур төлөвлөлтийн даалгавар гэж гаргаж өгсөн байгаа. Тухайн зургийг гаргахад хангагч байгууллагуудаас бүгдэнгээс нь тодорхойлолт авсан хангагч байгууллагууд зөвшөөрсөн, тодорхойлолт гаргаад өгсөн байгаа. Мөн энэ байр гаднаа хүүхэд тоглох талбайгүй, машин зогсох зогсоолгүй гэдэг зүйлийг ярьж байна. Хэрэв тухайн байрыг бариулахгүй гэхээр Засаг даргын мөрийн хөтөлбөр болон янз бүрийн ийм зогсоол хийнэ гэсэн төлөвлөлт байхгүй. Хэрэв манай байр баригдах юм бол айлын үүдэн дээр зогсоол болон хүүхдийн тоглоомын талбай гээд бүгдийг нь шийдэхээр байгаа. Ийм учраас манайх энэ айлуудын эрх ашгийг хөндөөгүй. Харин ч гадна талд нь зогсоолыг нь хийж өгөөд хүүхдийн тоглоомын талбайг нь хийж өгөөд явж байгаа учраас энэ оршин суугч нарын эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байгаа. 2018 оноос хойш гэж яриад байнаа. 2014 онд энэ газрыг хүнээс авсан байгаа. Тэгээд барилга барих гэж бид хэд хөөцөлдөөд санхүү хөрөнгө мөнгөө босгоод явж байтал тэр бохирын асуудал яригдсан байгаа. Тэгээд тэрийг шийдэж чадалгүй явсан тэр бол тэр үед бид хэдийн хөөцөлдлөгөө муутай санхүүгээ босгож чадаагүй явснаас жил алдсан. Бохирын асуудлыг Н.Э дарга тодорхой ярилаа. Мөн цахилгаан гэж ярьж байна. Бид нарын тасалсан газарт гэмтэл гараагүй, өөр газар гэмтэл гараад гэмтлээ олоогүй ил утас татсан байгаа. Өмгөөлөгчийн хэлснээр 2018 оноос хойш газрын төлбөр төлөөгүй болон 2 жил ашиглаагүй газрыг цуцалдаг гэж уншсан байгаа. 2 жил ашиглаагүй гэдэг нь бид нар санхүүжилт байгаагүй, мөн бохирын шугам татагдсан байсан, 2018 он хүртэл төлбөрөө төлчихсөн байгаа. Газрын төлбөрийг байнга төлөөд явж байсан. Газрын албанаас 700 м.кв газрын 30 хувьд нь барилгаж гэсэн үүрэг өгсөн. Тийм учраас бид нар зургаа гучин хувьд 70 хувьд нь зогсоол болон хүүхдийн тоглоомын талбай гэж зургаа гарган мэргэжлийн байгууллагаар зуруулсан байгаа. Хангагч байгууллагуудаас зөвшөөрөл аваад явахад бид хэдээс 200 сая төгрөг гарсан байгаа. Бид нар зээл тусламж аваад энэ ажлыг үргэлжлүүлээд явж байгаа. Энэ барилга өөрөө зөрчилтэй баригдсан барилга гэдгийг мэдсэн. Яагаад гэхээр манай байр руу шахаж баригдсан байсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг Өргөө хороолол ...............дугаар амны сууцны оршин суугчдид гэсэн нэр бүхий 18 иргэний нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэр бүлийн гишүүдээс нэг нь төлөөлөн оролцохоор ярилцаж нэхэмжлэлийг ....... дүгээр байрны оршин суугч Г.Б, Н.Б, Б.Б, С.Н, Д.Б, Н.О, Э.Б, Ж.М, 129 дүгээр амины сууцны оршин суугч Д.Ч, ........ дугаар амины орон сууцны оршин суугч Д.Н нар гаргасан болно. Н.Б, Б.Б, С.Н, Д.Б, Н.О, Э.Б, ..... дүгээр амины сууцны оршин суугч Д.Ч, 127 дугаар амины орон сууцны оршин суугч Д.Н нар иргэн Г-ын Б-д өөрсдийгөө шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгожээ.
5. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 11 дүгээр сарын 27-нд “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын 4 дугаарт Г.А-д газар эзэмших эрх сэргээсэн захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон, захиргааны хэрэг үүсгээгүй байхад дахин нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын 4 дугаарт Г.А-д газар эзэмших эрх сэргээсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэж тодорхойлсон.
Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулахад “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын 4 дугаарт Г.А-д газар эзэмших эрх сэргээсэн захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон болно.
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох, өөрчлөх, ихэсгэх, багасгах нь нэхэмжлэгчийн бүрэн эрх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э-оос: “...нэхэмжлэгч нар хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан, энэ хугацаа дуусгавар болсон” гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нарын гомдлын хариуг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гардуулсан болох нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “хуулбар үнэн” тэмдэг бүхий дардсаар нотлогдож байна. Иймээс нэхэмжлэгч нарыг хөөн хугацааг хэтрүүлээгүй гэж шүүхээс дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: Өргөө хорооллын айлуудын орж гарах зам, машины зогсоол, инженерийн шугам сүлжээ, цахилгаан дулаан, ус хангамж бүхий газар олгогдсон, хүүхдүүдийн тоглож наадах талбай, машинтай орж гарах хөдөлгөөнийг хаасан гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Газар эзэмших эрхийг сэргээн олгосон, бусдын эрх ашгийг зөрчөөгүй, барилгын норм ба дүрмийг хангуулж ажиллах боломжтой, нэг нэгнийхээ газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар маргах эрхгүй гэж,
Гуравдагч этгээдээс: ...... дүгээр байр өөрөө зөрчилтэй баригдсан, манай газар дээр байрласан бохир ус дамжуулах шугам сүлжээг өөрийн зардлаар шилжүүлсэн, зураг төслөө магадлалаар оруулж бэлтгэсэн, норм дүрэм зөрчөөгүй гэж тус тус маргадаг.
8. Нэхэмжлэгч нар нь Өргөө-......./одоогийн хаягаар ......./ гэсэн 9 айлын 3 давхар орон сууцны оршин суугчид бөгөөд уг орон сууц 2015 оны 11 дүгээр сарын 19-нд “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-ашиглалтад оржээ.
Тус аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн А/401 дүгээр захирамжаар Ч А-д 144м2 газар эзэмшүүлсэн бөгөөд энэхүү газарт Ч.А “Өргөө .....” 9 айлын орон сууцыг барьсан байна. Ийнхүү барихдаа өөрийн эзэмшил газрын тэн хагасаас урагшлуулан нийтийн эзэмшлийн талбайд уг барилгыг барьсан байгаа нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон болно. Гэхдээ гуравдагч этгээд Г.А-гийн эзэмшил газартай давхцалгүй.
9. Нэхэмжлэгч Д.Ч-ын өмчлөлийн амины сууц, түүний эзэмшлийн газар гуравдагч этгээд Г.А-гийн газартай давхцалгүй.
10. Нэхэмжлэгч Д.Н-ийн /С.М гэсэн газар эзэмших гэрчилгээтэй/ өмчлөлийн амины сууц, түүний эзэмшлийн газар гуравдагч этгээд Г.А-гийн газартай давхцалгүй бөгөөд шүүхийн үзлэгээр хийсэн хэмжилтээр гуравдагч этгээдийн эзэмшил газартай хөрш залгаа биш, түүний байшинтай тууш байрлалд Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын автомашины граж байрлаж байна.
11. Нэхэмжлэгч нарын орон сууц, амины сууц нь бүгдээр ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай, харин барилгуудын хойд талд ямар нэг барилга байгууламж байхгүй, мөн тохижуулалтгүй.
12. Гуравдагч этгээд Г-ийн А эзэмшиж буй газраа 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.Х-гаас эрх шилжүүлэн авсан байна. Г.А-гийн газар эзэмших эрхийг аймгийн Засаг дарга С.Гансэлэмийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон байна. Гэвч 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаар захирамжаар Г.А-гийн газар эзэмших эрхийг сэргээсэн байна.
13. Гуравдагч этгээдээс нэхэмжлэгч нарын орон сууц өөрийн эзэмшил газарт баригдаагүй, зөрчилтэй гэж маргаж байх боловч 2015 онд ашиглалтад хүлээн авч, өмчлөгч нарын худалдан авсан уг орон сууцны хувьд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь газрын үндсэн бүрдэл хэсэг байх гэсэн зарчим үйлчилнэ. Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн газар дээр баригдах барилга байгууламжийн хувьд нэхэмжлэгч нарын орон сууцтай харьцах барилга байгууламжийн норм нормативын шаардлагыг хангаж баригдах ёстой. Энэ шаардлагыг хангуулах нь хариуцагчийн үүрэг байна.
14. Нэхэмжлэгч нарын орон сууцны ариутгах татуургын шугам сүлжээ гуравдагч этгээд Г.А-гийн эзэмшил газраар дайран өнгөрч байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, шүүхийн үзлэгээр нотлогддог. Өргөө орон сууцыг барьж ашиглалтад оруулах үед буюу 2015 онд уг шугамыг бусдын эзэмшил газар дээгүүр дайруулан татсан байна. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...Уг барилгын шугам сүлжээг гүйцэтгэхдээ манай газар дээгүүр дайруулсан. Холбогдох хүмүүстэй удаа дараа уулзсан боловч шугам сүлжээг зайлуулж өгөөгүй” гэж тайлбарладаг.
Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй., 48.3-т Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах бусдын эрх хадгалагдана., 48.4-т Газар эзэмшигч, ашиглагч нь газраа бусдад хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулснаас уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болбол тийнхүү ашиглахыг зогсоохыг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж байгаа этгээдээс шаардах эрхтэй. гэж тус тус заасан. Ийнхүү нэхэмжлэгч нарын орон сууцны шугам сүлжээг гуравдагч этгээдийн газар дээгүүр татахдаа Газрын тухай хуулийн дээрх заалтад нийцүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Энэ тохиолдолд гуравдагч этгээдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж дүгнэх үндэслэлгүй.
Учир нь Улсын дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. гэж тайбарласан болно. Иймээс нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн нөхцөл байдал одоо ч үүссэн байгаа” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
15. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. гэж зааснаар аймгийн Засаг дарга гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг сэргээсэн байдаг. Харин нэхэмжлэгч нараас: “...бидний орц гарц, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байрлах газарт ямар нэг барилга байгууламж барихгүй байх ёстой” гэж маргадаг.
Гэвч аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах бүрэн эрхийг сумын Засаг дарга биш аймгийн Засаг дарга хэрэгжүүлж байгаа нь холбогдох төлөвлөлтөд тусгагдсаны дагуу инженерийн шугам сүлжээнд холбож газар эзэмшигч этгээд барилга барих агуулгатай байна. Тодруулбал, Улсын дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 2008 оны 15 дугаар тогтоолын 1.3-т Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, мөн зүйлийн 21.3.2-т тус тус заасан "... Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар ..." гэдэгт аймаг, нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн, дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрээс Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан "барилгын техникийн нөхцөл"-ийг авч болох газар хамаарна. гэж тайлбарласан байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй.
16. Гуравдагч этгээд Г-ийн А-ийн эзэмшиж буй газрыг 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Х-д эзэмшүүлсэн бөгөөд “орон сууц” газар эзэмших зориулалттай, 750м2 газар олгожээ. 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон боловч 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаар захирамжаар Г.А-гийн газар эзэмших эрхийг сэргээсэн байна.
Ийнхүү эрх сэргээхдээ газрын хэмжээ /750м2/, зориулалтыг өөрчлөөгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээнд “4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц” гэж тусгаснаас дүгнэвэл тухайн орчин дахь орон сууц, амины сууцны оршин суугчдын эрхийг харгалзан үзэж нам давхрын төлөвлөлттэй орон сууц барихыг зөвшөөрчээ. Нэхэмжлэгч нараас уг байршилд огт барилга баригдах ёсгүй, оршин суугчдын амар тайван амьдрах нөхцөл хангагдахгүй гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
17. Мөн нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс: Газрын тухай хуульд газрын зохион байгуулалт эзэмшил ашиглалттай холбоотойгоор Говь-Алтай аймгийн Засаг даргын эрх хэмжээ 21 дүгээр зүйлд зааж өгсөн байгаа. Тэгэхээр 21.3.2-т тухайн төлөвлөгөө ном журмынхаа дагуу газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Тэгэхээр тэр эрх хэмжээ нь газар эзэмших эрхийг сэргээнэ гэдэг ойлголт байхгүй. Дуусгавар болчихсон тохиолдолд энэ газар яаж бусдад эзэмшүүлэгдэх вэ гэхээр Газрын тухай хуульд зааснаараа дуудлага худалдаа явагдаад нийтэд зар тавиад шинээр газар олгож байгаатай нэгэн адил явах байтал шууд хуульд заасан эрх хэмжээ байхгүй сэргээх гэдэг эрх хэмжээ байхгүй байхад шууд сэргээх гэдгээр газар эзэмших эрхийг сэргээгээд байгаа нь өөрөө хууль бус үндэслэл болж байгаа. гэж маргадаг.
Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: 2014 онд тухайн газрыг авснаас хойш 2018 он хүртэл газрынх нь төлбөрийг иргэнийхээ эрх үүргийг хэрэгжүүлж тухайн газрын төлбөрийг цаг тухайд нь жил болгон төлж явсан. 2019 оны төлбөрөө төлөх гэж очиход 2018 онд цуцалчихсан байна гэж хэлээд тэрийг мэдсэн учраас бид Засаг даргад өргөдөл гаргасан өргөдлийнхөө дагуу 2021 онд дахин сэргээлгэж авсан. Тухайн газрыг 2014 онд авсан байхад 131 дүгээр байр баригдаагүй байсан. Энэ байр 2015 онд баригдаад тухайн газар дээгүүр Баттулга гэдэг хүн дур мэдэн бохир татсан. Тухайн үед манай нэр дээр байсан газарт дур мэдэн бохирын шугам татсан. гэж маргадаг.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Мэдээллийн санд ороогүй, шугам сүлжээгээ буруу татчихсан, тухайн үед барилга барьсан хүмүүсийн мэргэжлийн алдаа гаргачихсан тэрийг нь дутуу хянасан асуудал байгаа юм. гэж тайлбар гаргадаг.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана. 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно. гэж зааснаар аймгийн Засаг дарга өөрийн гаргасан захирамжийг хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй. Үүнээс үзвэл Газрын тухай хуульд “эрх сэргээх” гэсэн ойлголт байхгүй тул хариуцагч хууль зөрчсөн гэх өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Учир нь захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй.
18. Нэхэмжлэгч нараас: тус орон сууцны бохир зайлуулах шугам сүлжээг гуравдагч этгээд зөөж байршуулсны улмаас байрны гаднах шугам сүлжээ хөлдсөн, бохир үнэртсэн гэж маргасан.
Гуравдагч этгээд нэхэмжлэгч нарын орон сууцны ариутгах татгуургын худгийн байршлыг өөрийн эзэмшил газраас шилжүүлэн байршуулахаар холбогдох зураг төслийг гаргуулан “Ундрага-Алтай” аж ахуйг тооцоот үйлдвэрийн газраар гүйцэтгүүлсэн байдаг.
Энэ талаар Говь-Алтай аймгийн “Ундрага-Алтай” аж ахуйг тооцоот үйлдвэрийн газраас тодруулахад “... чиглэлийн ариутгах татуургын шугам нь Ф150мм байгаа бөгөөп энэхүү чиглэлийн хэрэглээ 100 хувь болж бохир ус зайлуулах чадамж муудсан тул худаг бөглөрөх, ус халих байдал байнга гарч байна. Иймд энэ чиглэлийн ариутгах татуургын шугам хоолойг аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2025 онд Ф300мм болгохоор зураг төсөл хийгдэж байна.” гэжээ.
Үүнээс дүгнэвэл гуравдагч этгээд нэхэмжлэгч нарын орон сууцны ариутгах татгуургын худгийн байршлыг өөрчилснөөр бохирын худаг хөлдөж, бохир үнэртсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
19. Нэхэмжлэгч нараас: “...гуравдагч этгээд бохирын шугам зайлуулахдаа байрнуудыг цахилгаанаар хангадаг кабелийн тасалсан. Үүний улмаас одоо цахилгааны шугам ил байгаа” гэж маргадаг. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компаниас “Есөнбулаг сумын Жаргалант багийн ......... дугаар байрнуудын цахилгааныг 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Ундрага-Алтай” компанийн техникээр газар ухах явцад газрын доод хэсэгт байсан туханй байрнуудыг цахилгаанаар хангадаг кабелийг 2 газарт тасалсан талаар дуудлага ирүүлсэн байна. Манай байгууллагын ажилчид дуудлагаар очиж, 2 газарт кабель тасалсан гэмтлийг устгаж ажилласан байна. Мөн 2025 оны 02 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд дээрх байрны иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу манай байгууллагын ажилчид ажиллахад өмнө тасарсан кабельд суналт өгч зарим хэсэгт язарсан ба энэ нь газрын доод хэсэгт буудаж гэмтсэн нь тогтоогдсон ба тус гэмтлийг газар гэсэхээс өмнө олж тогтоох боломжгүй байгаа тул шинээр кабель залгаж цахилгаанаар хангаж байна.” гэжээ. Нэхэмжлэгч нарын байруудын цахилгааны тэжээлийн утас гэмтсэн, үүнийг улмаас ил утас татсан нөхцөл байдал тогтоогдож байна. Гэвч энэ үндэслэлээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь учир дутагдалтай.
20. Хариуцагч маргаан бүхий 2021 оны А/410 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна. 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна. 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэсэн иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчөөгүй байна.
21. Хуулийн дээрх зохицуулалт болон маргааны үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлыг нэгтгэн үзвэл маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн газар эзэмших эрх нь нэхэмжлэгч нарын өмчлөл үүсэхээс өмнө үүссэн байх тул уг актын улмаас зөрчигдөх эрх хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж дүгнэлээ. Нэхэмжлэгч нарын орон сууц 2015 онд баригдаж, ашиглалтад орсон боловч өнөөг хүртэл 10 жил гадна орчны тохижилт хийгдээгүй, автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байгуулаагүй байгаад гуравдагч этгээдийг буруутгах нөхцөлгүй байна.
22. Хариуцагч маргаан бүхий 2021 оны А/410 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна. 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна. 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэсэн иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчөөгүй байна.
23. Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.5, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б, Х.Б, Б.Б, С.Н, Д.Б, Н.О, Э.Б, Ж.М, Д.Ч, Д.Н нараас Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын 4 дүгээрт Г.А-гийн газар эзэмших эрх сэргээсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН