Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

            Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

Өсвөр насны шүүгдэгч Б.Пүрэвдорж, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Ариунгэрэл, 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Пүрэвдоржийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 1709011600107 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 11-нд Дорнод аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймаг Хэрлэн сум 10-р баг Ялалтын 15-8 тоотод оршин суух бүртгэлтэй одоо Сүхбаатар дүүрэг 12-р хороо Хангайн 5-171 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт Б.П/регистрийн дугаар РД: ЖЮ00251135/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Өсвөр насны яллагдагч Б.Пнь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар гудамжны 136 тоот, хохирогч П.Цогзолмаагийн монгол гэрийн тооноор нэвтэрч 250.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн Сони маркийн эл си ди зурагт хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Өсвөр насны шүүгдэгч Б.Пшүүх хуралдаанд “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Манайх Сүхбаатар дүүргийн 12 хорооны Хангайн 5-171 тоотод байдаг юм. Би 2017 оны 09 сарын 10-ны өдөр гэрээсээ гараад явж байгаад 9 дүгээр дэлгүүрийн ТҮЦ орж тамхи аваад буцаад гэртээ ирсэн. Тэгээд удалгүй гэрээсээ 22 цагийн үед гараад ертөнцийн зүгээр урд зүг рүү гудамж руу алхаж байгаад далан талдаа мөнгөлөг саарал өнгийн төмөр хашаа байсан ба хашаанд монгол гэр байсан. Тэр гэр нь харанхуй гэрэлгүй байсан болохоор тэр айлын тооноор орж 32 инчийн Сони маркийн зурагт аваад гарсан бөгөөд зуун айл руу явж байгаад замаар нэг хүн явж байхаар нь “ахаа надад мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлээд зурагтыг 50.000 мянган төгрөгөөр зарсан. Тэгээд би тэр шөнөө интернэт тоглоом тоглох гээд явсан бөгөөд тоглоомын газар хаалттай байсан болохоор буцаад гэртэй исрэн. Тэгээд маргааш нь явж интернэт тоглоом тоглосон бөгөөд хоол авж идээд мөнгийг дуусгасан…” гэсэн мэдүүлэг /хх-45-46/,

 

Хохирогч Б.Цогзолмаагийн “…2017.09.10-ны өглөө 08 цагт гэрээсээ гараад ажилдаа явж орой охиныхоо гэрт хоночхоод 2017.09.11-ний өдөр 15 цагийн үед гэртээ ороход гэрийн баруун хана дагуу тавиур дээр байдаг 32 инчийн сони маркийн зурагт хулгайд алдагдсан байсан…”  гэсэн мэдүүлэг /хх-27/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/, Эд зүйлийн үнэлгээ /хх-18/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-19/, Өсвөр насны шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-38/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-49-50/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Пнь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 3 дугаар гудамжны 136 тоот, хохирогч П.Цогзолмаагийн монгол гэрийн тооноор нэвтэрч 250.000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн Сони маркийн эл си ди зурагт хулгайлсан болох нь дээр дурьдсан хохирогч П.Цогзолмаа, өсвөр насны шүүгдэгч Э.Төгөлдөрийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.П бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Пүрэвдоржийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд “…хохирол төлбөр, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэдгээ илэрхийлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Пийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Пийн дээрх үйлдэл ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзав.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Пнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хоёроос найман жилийн хугацаатай хорих ял шийтгэж болох хүнд гэмт хэрэг үйлдсэн боловч тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ял оногдуулж, эдлэх хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосон болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 18.3, 18.10, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Өсвөр насны шүүгдэгч Бодонгууд овогт Бын Пийг бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Пд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг 2 дахин багасгаж, түүний эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Пийн эдлэх хорих ялыг нээлттэй сургалт хүмүүжлийн тусгай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Өсвөр насны шүүгдэгч Б.Пнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн 1709011600107 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

                                                                                        

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР