| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
| Хэргийн индекс | 122/2024/0021/З |
| Дугаар | 122/ШШ2025/0004 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 122/ШШ2025/0004
Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа би, Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багийн иргэн Э.Болдбаатарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох “Иргэн миний газар өмчлөх өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, цахимаар гаргасан газар өмчлөх өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Болдбаатар миний бие 2024 оны 05 дугаар сард еgazar.gov.mn сайтаар хандаж ******* сумын төвд өөрийн өмчилж авахыг хүссэн сонирхсон байршлыг оруулж шүүсэн. Ингэхэд миний оруулсан байршлын дэлгэрэнгүй мэдээлэл харагдсан. Таны өмчлөх боломжтой газар “нөөц газар болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газар” гэсэн томьёололд байсан. Ингээд би тэр газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлөхөөр хүсэлт илгээхэд хүлээн авсан төлөвтэй болж миний нэр регистрийн дугаараар бүртгэлтэй болж өмчлөх өргөдөл өгсөн төлөвтэй болсон.
2024 оны 09 сарын эхээр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очиж өргөдөл шийдэгдсэн эсэх талаар лавлахад мэргэжилтэн нь таны өргөдлийг хүлээн авсан. Таны өмчилж авахыг хүссэн газар ямар нэгэн асуудалгүй юм байна. Удахгүй Засаг даргын захирамж гарна, танд мэдэгдэнэ гэсэн хариуг амаар өгч байсан.
Ингээд хариу өгөхгүй удаад байхаар нь дахин очиж лавлахад зөвлөлийн хурлаар удахгүй орно. Захирамж гарахаар таныг дуудаж гэрээ байгуулна, хүлээж бай гэсэн хариуг мөн л амаар өгсөн. 10 сард дахин очиход таны өргөдөл өгсөн газар өөр хүний өмчлөлийн газар байна. 2014 онд ******* гэдэг хүнд өмчлүүлсэн юм байна. Манайх мэдээллээ цахим системд дутуу оруулснаас болж таны өмчлөхийг хүссэн газар хүний эзэмшил, өмчлөлд очоогүй гэж харагдаад байсан байна. Тиймээс таны өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гээд надад 2/437 дугаар албан бичгийг өгсөн.
******* сумын Засаг даргаас тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын саналыг хэлэлцээд ******* сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлж, эзэмшүүлэхээр тусгагдсан, өөр хэн нэгний өмчлөл, эзэмшилд байхгүй газар нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын албан ёсны еgazar.gov.mn сайтад “Таны өмчлөх боломжтой газар” төлөвтэй харагддаг гэж ойлгож байна.
Тухайн газар нь хэн нэгний өмчлөл, эзэмшилд байгаа бол сайтад ийм хүний өмчлөл, эзэмшилд байна гэсэн төлөвтэй харагддаг бөгөөд иргэн миний хувьд хуулийн дагуу цахимаар газар өмчлөх өргөдлөө гаргасан гэж үзэж байна.
Таны өмчлөхийг хүссэн газарт одоогоор ямар нэгэн өмчлөл, эзэмшлийн эрх үүсээгүй байна гэсэн хариуг удаа дараа өгч байснаа гэнэт өөр хүний өмчлөлд байсан байна гэсэн хариуг өгч байгаа нь эргэлзээ төрүүлж, миний иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сумын засаг даргад гаргах, газар өмчлөх өргөдлөө хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрх зөрчигдөж байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг шалгаж, иргэн миний газар өмчлөх өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, цахимаар гаргасан газар өмчлөх өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дарханбаяр, нэхэмжлэгч Э.Болдбаатар нарын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багийн иргэн Боржигон овогт Эрдэнийн Болдбаатар /РД:*******/, нөгөө талаас Сүхбаатар аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ******* сумын газрын даамал Э.Дарханбаяр нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-т заасныг тус тус үндэслэн дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.
1. Хариуцагчийн зүгээс Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр баг ******* буюу Бага ******* овооны урд энгэрт усан сангийн зүүн талд давхар эгнээ үүсгэж зүүн талаасаа 2 дахь байрлалд, хойшоо харсан хаалгатай байхаар 700 м2 талбайтай газрыг 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж иргэн Э.Болдбаатарт газрыг өмчлүүлнэ.
2. Сүхбаатар аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь дээрх газрыг иргэн Э.Болдбаатарт өмчлүүлэхээр гэрээ байгуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох асуудлыг 2026 оны 2 дугаар улиралд багтаан шийдвэрлэнэ.
3. Иргэн Э.Болдбаатарт өмчлүүлэхээр гэрээнд заасан газар нь өөр хэн нэгний эрх ашиг хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байхыг хариуцагч тал бүрэн хариуцна.
4.Иргэн Э.Болдбаатар нь 2025 оны 05 сарын 15-ны өдрөөс хойш уг газар дээрээ хашаа татаж, амьдарч болно.
5. Газарт кадастр хийх, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, гэрчилгээ олгох ажилд өөрөөс хамаарах баримт бичиг гаргаж өгөх, дэмжих ажлыг нэхэмжлэгч хариуцна.
6. Энэхүү гэрээ бүрэн хэрэгжсэнээр гэрээ дуусгавар болно. Гэрээг хариуцагч тал сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар гүйцэтгүүлнэ.
7. Гэрээг талууд сайн дурын үндсэн дээр хийв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлжээ.
Эвлэрлийн гэрээгээр хариуцагч нь Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр баг ******* буюу Бага ******* овооны урд энгэрт усан сангийн зүүн талд давхар эгнээ үүсгэж зүүн талаасаа 2 дахь байрлалд, хойшоо харсан хаалгатай байхаар 700 м2 талбайтай газрыг 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж иргэн Э.Болдбаатарт газрыг өмчлүүлэх, Сүхбаатар аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь дээрх газрыг иргэн Э.Болдбаатарт өмчлүүлэхээр гэрээ байгуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох асуудлыг 2026 оны 2 дугаар улиралд багтаан шийдвэрлэхдээ өөр хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байхаар тохирон эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа дуусгахаар шийдвэрлэжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч … хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “... хариуцагч нь … нэхэмжлэгчтэй эвлэрэх, … эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1-д “…Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “…Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “…Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч Э.Болдбаатар, хариуцагч Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дарханбаяр нар нь харилцан тохиролцсоноо баталгаажуулж, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дарханбаяр нарын эвлэрлийг баталж, Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багийн иргэн Э.Болдбаатарын Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Иргэн миний газар өмчлөх өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, цахимаар гаргасан газар өмчлөх өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Болдбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА