Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 225/МА2021/00010

 

Д-О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д-О ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл Дулааны станц ТӨХК-нд холбогдох 15,195,000 /арван таван сая нэг зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д-О ХХК-ийн захирал Д.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д-О ХХК нь Хөвсгөл Дулааны станц ТӨХК-тай 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №1819 тоот гэрээ байгуулж Мөрөн сумын 7 дугаар багт байрлах Д-О ХХК-ийн Ус дулаан дамжуулах төв -ийг ажлын байрны зориулалтаар түрээслэх гэрээг байгуулсан. Энэ асуудлаар 2019 онд түрээсийн төлбөрөө өгөхгүй шүүхээр шийдвэрлүүлэхэд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №155/ШШ2019/01190 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №05 дугаартай магадлалаар түрээсийн төлбөр, цахилгааны зардал, цалингийн зардал зэрэг 10,857,000 төгрөгийг Д-О ХХК-нд гаргуулан өгөх шийдвэр гарч байсан юм. Өнөөдөр Хөвсгөл Дулааны станц ТӨХК нь түрээсийн төлбөрөө өгөхгүй дахин шүүхэд хандахад хүрч байна. Хөвсгөл Дулааны станц ТӨХК нь 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сарууд, 2020 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад дулааны төлбөр болох 34,757,500 төгрөгийг айл өрх, аж ахуйн нэгжүүдээс бүрэн гүйцэд мөнгийг нь авсан байдаг юм. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Д-О ХХК, Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ийн хооронд Ус дулаан дамжуулах төв-ийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ныг хүртэл 2 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан юм. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №18/19 тоот гэрээний дагуу Хөвсгөл Дулааны станц ТӨХК нь 7 дугаар багт байрлалтай Д-О ХХК-ийн Ус дулаан дамжуулах төв-ийг ажлын байрны зориулалтаар 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сарууд 2020 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад түрээслэн ажилласан хугацааны цахилгааны зардал 4,455,234 төгрөг, мөн 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сарууд, 2020 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад гэрээгээр ажилласан гурван ажилтны цалин хөлсний зардал 10,740,000 төгрөг бүгд 15,195,000 төгрөгийн зардлуудыг Хөвсгөл Дулааны станц ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д-О ХХК, Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ийн хооронд Ус дулаан дамжуулах төв-ийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №18/19 тоот гэрээний ерөнхий 3 буюу түрээсийн төлбөр дээр талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр сард гарсан бүх зардлыг түрээслэгч бүрэн хариуцна гэж, гэрээний 5.4-т мөн ус дулаан дамжуулах төвийн гарсан бүх зардал үүнд ус, цахилгаан, засвар гэх мэт бүх зардлыг бүрэн хариуцна гэж байгаа.

... Хөвсгөл Дулааны станц ТӨХК нь түрээсийн гэрээний дагуу ажилчдыг ажиллуулах, хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулж эдгээр хүмүүсийг цалинжуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөх асуудал байх ёстой. Гэтэл энэ хүмүүсийг ажиллуулчихаад хүн ажиллуулахгүй цалин хөлс өгөхгүй ийм байгаа учраас манайх өөрсдөө ажиллуулах асуудал үүссэн. Ямар учраас ажилтан тэнд ажиллах ёстой байдаг гэхээр Д-О ХХК-ийн 300,000,000 төгрөгийн үнэ өртөг бүхий тоног төхөөрөмж байдаг. Үүнийг хэвийн ажиллуулах, тухайн объектын аюулгүй байдал, гадна дотно тохижилт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хянах самбарыг байнгын хяналтад байлгахын тулд ажилтан ажиллуулдаг. Түрээслэгч өөрөө ажиллуулаагүй учраас түрээслүүлэгч аюулгүй ажиллагаагаа хангах өөрсдийн эд хөрөнгөө хамгаалахын тулд эдгээр гурван ажилтныг ажиллуулаад байгаа юм.

Нэхэмжлэгч хариуцагч хоёр байгууллагын хооронд 2020 оны 4 дүгээр сараас 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн гэрээний харилцаа байгаагүй учир 3 ажилтан тус бүрийн 2020 оны 4, 5 дугаар сарын цалин болох 2,280,000 төгрөгийг, цахилгааны зардалд 4,455,234 төгрөг нэхэмжилснээс төлөгдөөгүй байгаа 3,828,000 төгрөгийг, нийт 6,108,000 төгрөгийг нэхэмжилсэн 15,195,000 төгрөгөөс хасаж үлдэх 9,087,000 төгрөгийг хариуцагч Хөвсгөл Дулааны станц ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл Дулааны станц ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүхэд өмнө нь тус байгууллага нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь үндэслэлгүйгээр зардал нэхэмжилж байсныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдлаас харж болно. Энэ удаа ч мөн үндэслэл муутай буюу 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сарууд, 2020 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудад нийт 4,455,234 төгрөгийн цахилгааны төлбөр гарсан гэж нэхэмжилж байгаа нь хэт өндөр буюу бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн гурван ажилтны цалин хөлс 10,740,000 төгрөг гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь гэрээнд ажилчдын тоог заагаагүй бөгөөд ажилтны сарын цалин 384,000 төгрөг байна гэж гэрээгээр тохиролцсон. Тухайн дулаан дамжуулах төв нь бусад дулаан дамжуулах төвүүдтэй харьцуулахад ямар ч ачаалалгүй буюу 3 ажилтан ажиллуулах хэмжээний хүчин чадалтай биш тул 3 ажилтан ажиллуулж байгаа гэж үндэслэлгүй зардал нэхэмжилж байна.

... Иймд дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ манай байгууллага шударгаар биелүүлэх үүрэгтэй хэдий ч нэхэмжлэгч байгууллага нь гэрээгээр хүлээсэн ажилтны цалин, цахилгааны төлбөрийг ор үндэслэлгүй нэмэгдүүлж, нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсүх анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбарыг хариуцагч байгууллагаас гаргаж байгааг дэмжиж оролцож байна. Учир нь цахилгааны зардал Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн лавлагаагаар тооцоход 1,400,000 төгрөгийн тооцоо гарч байгаа. Мөн хамгийн маргаантай асуудал болох гурван ажилтны цалинд нийт 10,740,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж маргаж байгаа. Учир нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр ажилтны нэг сарын цалинг 384,000 төгрөг, цалинг сар бүр олгож байхаар тохиролцсон. Гэрээний талууд ажилтны тоо, ямар мэргэжилтэй хүн ажиллуулна гэдгээ гэрээнд тусгаагүй. Гэхдээ гэрээнд үнийн дүнг тодорхой бичсэн 384,000 төгрөг гэж байгаа учраас гэрээний үнийн дүнгээр буюу нийт 9 сарын цалинг сард 384,000 төгрөгөөр тооцож, мөн цахилгааны зардалд 1,400,000 төгрөгийг нэмээд нэхэмжилсэн нийт нэхэмжлэлийн шаардлага болох 15,195,000 төгрөгөөс 4,856,000 төгрөгийг төлөх боломжтой. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ, харин илүү нэхэмжлээд байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №313 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.11-д зааснаар хариуцагч Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаниас 9,087,000 /есөн сая наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дулаан Орд хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,925 /хоёр зуун гучин гурван мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаниас 160,342 /нэг зуун жаран мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дулаан Орд хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсүх давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ... тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаартай шүүхийн шийдвэр-ийн үндэслэл болсон нотлох баримт болох 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ №8, Ажил гүйцэтгэх гэрээ №9", Ажил гүйцэтгэх гэрээ №10, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ №3, Хөдөлмөрийн гэрээ №4, Хөдөлмөрийн гэрээ №5, Д-О ХХК-нийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтыг буруу үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Тодруулбал:

1. Тус компани нь ажилтнуудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Гэвч ажил гүйцэтгэх гэрээгээр Ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон ажил гүйцэтгэж, үр дүнг гэрээний нөгөө талд буюу захиалагчид шилжүүлэх, захиалагч нь гэрээгээр тодорхой төрлийн ажил гүйцэтгүүлж, ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээж, түүнийг гүйцэтгэснээр бий болсон биет үр дүн байна гэж тодорхойлсон. Гэтэл тус гэрээнүүдээр 3 ажилтан нь ямар ажил гүйцэтгэж, ямар үр дүн гаргасан нь тодорхой бус байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн цалин хөлс олгож байгаа нь ойлгомжгүй байна.

2. Мөн Д-О ХХК-ийн захирал Д.Нарантуяа нь 2019 оны 6 дугаар 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээнүүдийг ажилтан тус бүртэй байгуулсан байна. Энэ нь захирал Д.Нарантуяа нь төлөөлөх эрх үүсээгүй байх үед уг гэрээнүүдийг байгуулжээ. Учир нь Д-О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ний нэмэлт өөрчлөлтийг 2019.09.23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа нь Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

3. Иргэний хуулиар Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж зааснаар тус компанийн дүрэмд өөрчлөлт орж, өмнөх захирлыг чөлөөлж, дараагийн захирлыг томилох болгонд бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх зүйн чадвар үүсч, дуусгавар болох учиртай. Захирал Д.Нарантуяаг Д-О ХХК-ийн захирлаар томилсныг бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр тус байгууллагыг төлөөлөх эрх нь үүснэ гэж ойлгоно.

4. Компанийн тухай хуулиар Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно. гэсний дагуу компани нь дүрмийн өөрчлөлт хийж захирлыг өөрчлөн томилсон эрх зүйн баримт бичиг хүчин төгөлдөр болоогүй байх хугацаандаа дээрх гэрээнүүдийг байгуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас тодорхой харагдах ба шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байна гэж үзэх үндэслэл болжээ.

5. Мөн тус дулаан дамжуулах төв нь 3 ажилтан ажиллуулж байгаа гэх боловч тус ажлын байр байнгын цоожтой байдаг бөгөөд тус төвийн хариуцсан айл өрхүүдийн дуудлагыг Хөвсгөл дулааны станц ТӨХК-ний ажилчид очиж дуудлагыг барагдуулдаг. Мөн тус дулаан дамжуулах төвийн ажилтан гэх Б.Соёл-Эрдэнэ нь техникийн зах дотор сэлбэгийн дэлгүүрт худалдагч хийж, ажиллуулдаг байх жишээтэй.

... Иймд ажлын байрны зориулалтаар ус дулаан дамжуулах төв түрээслэх гэрээний 3.4-т зааснаар тус төвд ажиллах хүний цалин 384,000 төгрөг бөгөөд 2019 оны 9,10,11,12 сарууд 2020 оны 1,2,3 дугаар саруудын цалин, мөн цахилгааны төлбөр 731,693 төгрөг, нийт 3,419,693 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч байгууллагын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д-О ХХК нь Хөвсгөл Дулааны станц ТӨХК-нд холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 15,195,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 9,087,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсүх 4,856,000 төгрөг төлөхийг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөхгүй гэж анхан шатны шүүхэд маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.11-д зааснаар хариуцагч Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаниас 9,087,000 /есөн сая наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дулаан Орд хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч нийт 3,419,693 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй доорхи алдаа зөрчил гаргасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үүнд:

1. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д-О ХХК нь 15,195,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, өөрөөр хэлбэл Батаа МӨНХСАЙХАН гэсэн өөр хүний нэрээр төлсөн баримтыг нэхэмжлэлд хавсаргасан байгаа нь Д-О ХХК нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана гэж заасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжид 233,925 төгрөг төлсөн болохыг дурдаж, 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус зөрчжээ.

2. Хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан Д-О ХХК-ийн 000127837 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд Даваасүрэн овогтой Нарантуяаг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэж баталгаажуулжээ. Гэтэл Д.Нарантуяа нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Д-О ХХК-ийг төлөөлж ажилтан Н.Батзаяа, О.Баярмаа, Б.Соёл-Эрдэнэ нартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ-г тус тус байгуулсан нь ойлгомжгүй, Хөдөлмөрийн гэрээнд ажилтан Н.Батзаяа, О.Баярмаа, Б.Соёл-Эрдэнэ нар гарын үсгээ зурж баталгаажуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл Д.Нарантуяа нь Д-О ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоогүй, тус компанийг төлөөлөх бүрэн эрхтэй эсэх нь тодорхойгүй байхад Ажил гүйцэтгэх болон Хөдөлмөрийн гэрээ-г ажилтантай байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд Хэрэглэгч: Жанцан овогтой Насандэлгэр /РМ-79111302/ гэх №9191125000500 дугаар бүхий төлбөрийн нэхэмжлэл, 30 дугаар хуудсанд авагдсан Нэр: Насандэлгэрийн эзэмшил Д-О ХХК гэх бэлэн мөнгөний орлогын №1118036 дугаартай баримт, 51 хуудсанд авагдсан Овог: Насандэлгэр эзэмшил, Нэр: Д-О ХХК гэх хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэрэгт хэрэглэгчийн нэр зөрүүтэй баримтууд авагдсан байх ба цахилгааны төлбөр нь хэрэглэгч Насандэлгэр, Д-О ХХК-ийн алиных болох нь тодорхойгүй байна.

Мөн хавтаст хэргийн 50 хуудсанд авагдсан Хөвсгөл-эрчим хүч ХХК-ний Д-О ХХК буюу 9068356 кодтой хэрэглэгчийн... цахилгаан эрчим хүч хэрэглэсний нэхэмжлэх гэх албан бичгээс харвал Д-О ХХК-ийн цахилгааны төлбөр эсвэл зөвхөн гэрээгээр түрээслүүлж байгаа тухайн объектийн дулаан дамжуулахтай холбоотой үйл ажиллагааны цахилгааны зардлын аль нь болох тодорхойгүй байхад шүүх дээрх баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ....Д-О ХХК-ийн захирал Д.Нарантуяа нь 2019 оны 6 дугаар 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнүүдийг ажилтан тус бүртэй байгуулсан байна. Энэ нь захирал Д.Нарантуяа нь төлөөлөх эрх үүсээгүй байх үед уг гэрээнүүдийг байгуулжээ... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,342 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 313 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,342 /нэг зуун жаран мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                     Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ