Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 317/ШШ2025/00137

 

 

 

 

 

 

 

  2025      02          07                                                    317/ШШ2025/00137

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: М ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д ,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,568,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч А.Д-д холбогдуулан 4,568,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Д нь 2024 оны 01 сарын 07-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд надаас нийт 3,800,000 төгрөгийг гаргуулж авсан, 3,800,000 төгрөгийн зээлийн хүүнд 768,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдож байгаа юм. Иймд хариуцагч А.Д-ээс 4,568,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч А.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 4,568,000 төгрөгөөс 3,800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөгийг төлж барагдуулъя. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч А.Д-ийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлд дурдсан зээлийн хүү болох 768,000 төгрөгөөс татгалзаж байна. Хариу тайлбарт дурдсан хугацаанд 3,800,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 88,039 төгрөг төлсөн баримт, хариуцагч А.Д-ийн Худалдаа хөгжлийн банкны 417071000 тоот данс руу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хаан банк ХК-ийн 5005478066 тоот дансанд 1,800,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 417071000 тоот данс руу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 300,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 417071000 тоот данс руу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 700,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга зэргийг, хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Шүүхээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч А.Д нь нэхэмжлэгч Б.М-аас 3,800,000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч А.Д-д холбогдуулан 4,568,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 768,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардагаас татгалзаж, хариуцагч А.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,568,000 төгрөгөөс 3,800,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,039 төгрөгийн тал хувь 44,019 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 44,019 төгрөгийг, хариуцагч А.Д-ээс 44,019 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгох нь зүйтэй байна.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага 4,568,000 төгрөгийн 768,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч А.Д нь үлдэх нэхэмжлэлийн шаардлага 3,800,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,800,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.М-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,039 төгрөгийн тал хувь 44,019 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 44,019 төгрөгийг, хариуцагч А.Д-гээс 44,019 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.МАРИНА