Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Номин,

          улсын яллагч П.Бямбасүрэн,

          хохирогч Р.Лхагвадорж                                                                               

          шүүгдэгч Ц.Хоролсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ачит овогт Ц.Х холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709014410118 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Говь-Алтай аймагт 1958 оны 02 дугаар сарын 19-ний өдөр  төрсөн, 59 настай, эрэгтэй,  халх, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 9-344 тоотод оршин суух хаягтай,  ял шийтгэлгүй, Ачит овогт Ц Х /регистрийн дугаар ЧП58021915/,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ц.Х нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 344 тоот гэртээ байнга архидан согтуурч гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох эхнэр Р.Лхагвадорж, түүний дүү Д.Доржсүрэн, хүү Х.Батбямба, бэр Г.Хонгорзул нарт агсам согтуу тавьж, “ална”, “буудна” гэх зэргээр сүрдүүлж хутга барин дайрдаг, гэр бүлийн хүмүүс нь байнга айдастай байлгаж тарчлаасан нь Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэл, Шүүхээс агсам согтуу тавьж амгалан тайван байдал алдагдуулж танхайрсан үйлдэлд нь удаа дараа захиргааны шийтгэл оногдуулж байсан шийтгэвэр зэргээр гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ц.Х Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 344 тоот гэртээ байнга архидан согтуурч гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох эхнэр Р.Лхагвадорж, түүний дүү Д.Доржсүрэн, хүү Х.Батбямба, бэр Г.Хонгорзул нарт агсам согтуу тавьж, “ална”, “буудна” гэх зэргээр сүрдүүлж хутга барин дайрдаг, гэр бүлийн хүмүүс хамаарал бүхий хүмүүсийг байнга айдастай байлгаж, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүгдэгч Л.Ххолбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу хянан шийдвэрлэв. 

 

   Шүүгдэгч Ц.Хоролсүрэн нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 344 тоот гэртээ байнга архидан согтуурч гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох эхнэр Р.Лхагвадорж, түүний дүү Д.Доржсүрэн, хүү Х.Батбямба, бэр Г.Хонгорзул нарт агсам согтуу тавьж, “ална”, “буудна” гэх зэргээр сүрдүүлж хутга барин дайрдаг, гэр бүлийн хүмүүсийг байнга айдастай байлгаж, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан болох нь хохирогч Р.Лхагвадоржийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “…2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхөр болох Ц.Х нь архи ууж орж ирээд агсам тавиад байсан, архи уучхаараа байнга агсам тавьдаг, хэрүүл маргаан үүсгэж байдаг, яг ч зодож цохьдоггүй, хүүхдүүдээ зүгээр байлгахгүй хүүхдүүдийнхээ ажил төрөлд саад болоод унтуулдаггүй, хүүхдүүдийг маань байнга зовоодог болохоор цагдаад өргөдөл өгсөн, 1989 онд гэр бүл болж байсан, бид хоёр дундаасаа хоёр охин төрүүлсэн хоёр хүү нь миний анхны нөхрийн хүүхдүүд байгаа юм.

          Зан ааш нь гайгүй томоотой хүн, архи уучхаараа л ааш муутай болчихдог, намайг урьд нь зодож цохидог байсан, сүүлийн үед гайгүй болчихсон, хүүхдүүдээ хэл амаар дарамталдаг, цагдаагийн байгууллагад шалгуулж байсан, жил болгон л шалгуулж байсан …” гэсэн мэдүүлэг /хх-12-13/,

Хохирогч Х.Батбямбын “...амраадаггүй, би аргагүйн эрхэнд гэрээсээ гараад найзындаа очиж унтаж амардаг, архи уусан л бол байнга хараалын үг хэлдэг, “ална шүү, гичий гөлөг нар минь, та нарыг буудаж ална шүү, би шоронд ороод надад ор байгаа, би бол шоронгийн атаман” гэж айлган сүрдүүлдэг, архи ууж эхэлсэн нь 20 жил болж байна, энэ хүний хувийн байдлын талаар ярихад маш хэцүү байнга архи уудаг болохоор ярих зүйл алга, манай гэр бүлд ээж Лхагвадорж, түүний дүү Доржсүрэн, дүү Батмягмар түүний эхнэр Хонгорзул бид нар цуг байдаг…” гэсэн мэдүүлэг /хх 16-18/,

Хохирогч Г.Хонгорзулын “...Х бага хүү Батмягмарын эхнэр болоод нэг жил болж байна, хадам аав намайг энэ айлд бэр болж ирснээс хойш байнга архи дарс ууж амгалан тайван байлгадаггүй хараалын үг хэлдэг, хадам ээж Лхагвадорж байнга сэтгэл зүйн дарамтад байдаг, намайг манай хашаанаас зайл, та нарыг бүгдийг нь ална шүү гэж хутга барин ална гэж байсан, манай гэр бүл байнга айдастай хэцүү байна, намайг зодож цохисон асуудал байхгүй, байнга архи ууж агсам согтуу тавьдаг, айлган сэтгэл санааны хувьд хэцүү байна, гомдол саналгүй…” гэсэн мэдүүлэг /хх 21-22/,

Хохирогч Д.Доржсүрэнгийн “...эгч Р.Лхагвадоржийн гэрт хамт амьдардаг, хүргэн ах Ц.Х байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн агсам согтуу тавьж байсан, намайг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зодож байсан, мөн 2016 оны 06 дугаар сарын дундуур намайг унтаж байхад тоосгоор цохисон, тухайн үед цагдаагийн байгууллагаар шалгуулж чадаагүй, Хоролсүрэн ах, эгч Лхагвадорж болон хэдэн хүүхдүүдээ байнга хэл амаар доромжлон “ална шүү” гэж айлган сүрдүүлдэг, өдөр болгон архи согтууруулах ундаа хэрэглэн агсам согтуу тавьдаг, 2017 оноос буудна шүү гэж айлгадаг болсон, эгчийг залуу байхад нь зоддог байсан, одоо хүүхдүүд нь том болохоор зодож чадахгүй хэл амаар доромжлоод амар тайван байлгахгүй байгаа…” гэсэн мэдүүлэг /хх 24-25/,

Гэрч Х.Батмягмарын “...манай аав Ц.Х намайг ухаан орсноос хойш архи уусан, архи уучхаараа давьтиргүй зантай болчихдог, нэг бол уйлж унжин эсхүл хашгирч ална та нарыг гэж орилж хашгирч байгаад унтаж амардаг, нэг хашаанд тусдаа байдаг болохоор надад нээх хэцүү байдаггүй, харин ээж Лхагвадорж, ах Батбямба, Доржсүрэн, эхнэр Хонгорзул нарт хэцүү байдаг, ээлжийн ажилтай учир сайн мэдэхгүй , долоо хоногийн 4-5 өдөр байнга согтуу байдаг, бид нарыг зодож байсан асуудал байхгүй, Доржсүрэн ахтай байнга хэрүүл хийдэг, ах аав хоёр архи уусан үедээ хоорондоо зодолддог…” гэсэн мэдүүлэг /хх 33-34/,

Гэрч Х.Санжийн “...манайх Х хөрш болоод 7-8 жил болж байна, согтуу таарсан үедээ нээх олон зүйл яриад байдаггүй, харин гэр орондоо байнга агсам согтуу тавиад байдаг юм шиг байна лээ.би өөрийн хорооны хэсгийн ахлагч болохоор эхнэр Лхагвадорж нь хоёр гурван удаа надтай уулзаж байсан, баривчилгаанд явуулмаар байна гэж байсан, гэрт нь чанга дуу чимээ гараад байдаг, Хоролсүрэн ах намар нэг агсам согтуу тавьж байсан, би гараад сонсоход та нарыг хутгалж ална шүү гэсэн дуу чимээ гарч байсан, би хорооны хэсгийн байцаагчид хандаж нэг хоёр удаа саатуулж байсан, гэрийн гадаа нь сард нэг хоёр удаа цагдаагийн машин үүдэн дээр ирсэн байдаг…” гэсэн мэдүүлэг /хх 35-36/,

          Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн үзүүлсэн үйлчилгээний тэмдэглэл, нийгмийн ажилтан-шинжээчийн “…Ц.Хоролсүрэн нь хохирогч Р.Лхагвадоржид учрах эрсдэл 16 буюу эрсдэлийн түвшин өндөр гэж дүгнэлээ, гэрч, хохирогчийг хамгаалалтад авах саналтай, , хохирогч Х.Батбямба-д учрах эрсдэл 8 хуульд зааснаар шийдвэрлэх, хохирогч Д.Доржсүрэнд учрах эрсдэл 9, хуулийн дагуу арга хэмжээ авах, Ц.Х нь архины хамааралтай, гэр бүлийнхэндээ түгшүүр төрүүлдэг тул хуулийн дагуу хариуцлага тооцуулах…” гэсэн дүгнэлт,

          Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нөхцөл байдлын үнэлгээ “…нөхцөл байдлын судалгаа хийгдсэн, Ц.Х нь эрүүл. эрхэлсэн тодорхой ажилгүй, маш их зальтай, хүний итгэлийг маш хурдан олдог. амьдарч буй орчиндоо маш их түгшүүр төрүүлдэг, архины хамааралтай, цаашид гэмт хэрэг үйлдэж болзошгүй, өмнө нь эхнэрээ зодож байсан, архины албадан эмчилгээнд 1 удаа, Цагдаагийн ерөнхий газрын харъяа баривчлах төвд 20 удаа орж байсан…”  гэсэн үнэлгээ,

          шүүгдэгч Ц.Х мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…хоёр удаа баривчилгаанд орсон, би буудна, ална гэж хэлж байсан, яагаад гэвэл манай гэр бүлийнх ажилгүй гэр орон цэвэрлэхгүй болохоор нь тэгсэн, Д.Доржсүрэнг зодож байсан нь үнэн, би согтуу байсан болохоор тийм үйлдэл хийсэн…” гэсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүх шүүгдэгч Ц.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Ц.Хоролсүрэнд 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

         

          Хохирогч нарын зүгээс энэ хэрэгтэй холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

           

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ачит овогт Ц Хг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч Ц.Х 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Хд оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

 

4.Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шүүгдэгч Ц.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР