Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 122/ШШ2025/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн 40 дүгээр хорооны иргэн С.Золбоо

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Гуравдагч этгээд: М.Гэрэлсайхан нарын хоорондын газар өмчлөхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Зулаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дарханбаяр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Хүдэр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар И.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Улаанбаатар хотын ******* дүүргийн 40 дүгээр хорооны иргэн С.Золбоо нь 2024 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд иргэдэд өргөдлийн дагуу өмчлүүлэхээр батлагдсан ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбар бүхий 671 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчлөхөөр 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өргөдөл гаргажээ.

1.2. Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас иргэн С.Золбоогийн гаргасан өргөдлийг шийдвэрлэж албан ёсны хариу өгөөгүй бөгөөд хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа уг маргаан бүхий газрыг өмчилж авахаар өөр иргэнээс хүсэлт ирсэн тул шийдвэрлэх боломжгүй тухайгаа 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр албаны 70512605 утсаар мэдэгдсэн гэж маргажээ.

1.3. Нэхэмжлэгч С.Золбоогоос Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Иргэн миний газар өмчлөх өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2024 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд иргэдэд өргөдлийн дагуу өмчлүүлэхээр батлагдсан ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбар бүхий 671 м.кв газрыг надад өмчлүүлэхийг Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” нэхэмжлэлийг шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан байна.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч С.Золбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие нь Сүхбаатар аймгийн ******* сумын 2024 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд иргэдэд өргөдлийн дагуу өмчлүүлэхээр батлагдсан ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбар бүхий 671 м.кв газрыг ******* Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүйгээр өмчлөх хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан бөгөөд миний газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг ******* Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 (Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга газар өмчилж авах тухай иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ.) дахь заалтад заасан хугацаанд шийдвэрлээгүй байна. Миний бие Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад хандан дээрх өргөдлийг шийдвэрлүүлэхээр 2024 оны 09 дүгээр сард бичгээр дахин өргөдөл гаргасан боловч одоог хүртэлх хугацаанд хариу ирүүлээгүй байна. Иймд дээрх эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож миний ******* Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчлөх эрхийг баталгаажуулан ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбар бүхий 671м.кв газрыг надад өмчлүүлэн шийдвэрлүүлэхийг Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү гэжээ.       

              

2.1.Нэхэмжлэгч С.Золбоо хариуцагчийн хариу тайлбартай танилцаад шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улаанбаатар хотын ******* дүүрэг, 40 дүгээр хороо, ******* ******* ******* байр 55 тоотод оршин суугч ******* овогт *******ийн Золбоо надад Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/529 дугаартай “Хариуцагчийн тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр хүргүүлсэн тайлбарыг танилцуулахаар ирүүлсэн болно.

Миний бие Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/529 дугаартай “Хариуцагчийн тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр хүргүүлсэн тайлбартай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/529 дугаартай “Хариуцагчийн тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн тайлбарт нэхэмжлэгч намайг Улаанбаатар хотод газар өмчилж аваагүй гэсэн харьяа байгууллагын тодорхойлолт байхгүй байна гэжээ. Миний бие газар өмчлөх хүсэлт анх удаа гаргаж байгаа бөгөөд Улаанбаатар хот болон бусад суурин газарт газар өмчлөөгүй болно. Газар өмчилж авсан бол дахин газар өмчлөх эрх эдлэхгүйг мэдэж байгаа болно.

******* улсын хэмжээнд газар өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой гаргасан өргөдөл хүсэлт түүнийг шийдвэрлэх асуудал Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газрын кадастрын цахим системээр дамжиж бүртгэл хяналт хийгддэг гэсэн хэрвээ миний бие газар өмчилж авсан байсан бол Сүхбаатар аймгийн ******* сумын 2024 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд иргэдэд өргөдлийн дагуу өмчлүүлэхээр батлагдсан ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбар бүхий
671м.кв газрын өргөдлийг цахим систем хүлээн авах боломжгүй байдаг юм билээ.

******* Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд газар өмчилж авах тухай өргөдөл гаргах, түүнийг хянах ажлыг тодорхой зааж өгсөн байх бөгөөд ******* Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн холбогдох заалтуудад Улаанбаатар хот болон бусад сум суурин газрын иргэд газар өмчилж авсан тодорхойлолтыг хавсаргах талаар заагаагүй байна. Миний бие Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/156 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Газар өмчлөх тухай хүсэлт гаргах маягтад заасан бичиг баримтыг бүрдүүлж өгсөн бөгөөд дээрх маягтад Улаанбаатар хот болон бусад суурин газарт газар өмчлөөгүй талаарх тодорхойлолт хавсаргах асуудал заагдаагүй байхад миний газар өмчлөх тухай гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн нь хууль тогтоомжоор олгогдсон миний эрхийг ноцтой зөрчиж байна.

     2. Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/529 дугаартай “Хариуцагчийн тайлбар хүргүүлэх тухай” албан бичигт миний өмчилж авахыг хүссэн Сүхбаатар аймгийн ******* сумын 2024 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд иргэдэд өргөдлийн дагуу өмчлүүлэхээр батлагдсан ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбар бүхий 671 м.кв газар дээр 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өөр иргэнээс газар өмчлөх хүсэлт өгч аймаг, орон нутгийн хот
төлөвлөлтийн бодлогод нийцүүлэн өмчилж авах газрынхаа эргэлтийн цэг, хил заагийг тодорхой болгож тэмдэглүүлсэн байна гэжээ. ******* Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд иргэнд газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, үндэслэлийг тодорхой зааж өгсөн байх бөгөөд ******* Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь (сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох;) заалтын дагуу ******* сумын 2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд өмчлүүлэхээр батлагдсан нэгж талбарт өмчлөх хүсэлтээ гаргасан байхад 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өөр иргэнээс газар өмчлөх хүсэлт ирүүлснийг шийдвэрлэхээр байгаа нь хууль тогтоомжийг зөрчиж 2024 онд өргөдөл гаргаагүй иргэнд давуу байдал үүсгэж олгох нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Албан бичигт миний өмчилж авахыг хүссэн ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбар бүхий 671 м.кв газар дээр 2024 онд газар дээр иргэдээс газар өмчилж авахыг хүссэн өргөдөл хүсэлт гаргасан талаар дурдаагүй байгаа нь надад өмчлүүлэх бүрэн боломжтой юм байна гэж үзэж байна. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өмчлүүлэхээр батлагдсан газарт тухайн жилдээ (2024 онд) иргэдээс газар өмчлөх хүсэлт авч шийдвэрлэх хуулийн заалттай байдаг.

Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/529 дугаартай “Хариуцагчийн тайлбар хүргүүлэх тухай” албан бичигт ******* сумын газрын даамал 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр надад өөр хүн 2021 онд өргөдөл гаргасан учраас миний өргөдлийн хариуг өгсөн талаар дурдсан байх ба надад 70512605 дугаарын утсаар надтай холбогдоогүй, албан ёсны хариуг бичгээр өнөөдрийг хүртэл ирээгүй болно гэжээ.

 

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Зулаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Золбоо 2024 оны 11 сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо Улаанбаатар хотод ажил эрхэлж, түр оршин сууж байгаа. С.Золбоо нь 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ******* сумын 9-р баг, 3836318 дугаар бүхий нэгж талбартай газрыг өмчлөлдөө авах хүсэлтийг Сүхбаатар аймгийн Газар зохион байгуулалт, барилга, хот байгуулалтын газарт гаргасныг хүлээж аваад нэхэмжлэгчид албан ёсны хариу өгөөгүй. Иймээс тус газрыг өмчилж авахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

            Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

            3.1. Хариуцагч Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Улаанбаатар хотын ******* дүүрэг, 40 дүгээр хороо, ******* ******* 66 ж байр 55 тоотод оршин суугч ******* овогт *******ийн Золбоо (РД:*******)-оос ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна.

*******ийн Золбоо (*******)-оос 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус газарт газар өмчлөх хүсэлт ирсэн. Гэтэл газар өмчилж авах хүсэлтийн материалд Улаанбаатар хотод газар өмчилж аваагүй гэсэн харьяа байгууллагын тодорхойлолт байхгүй байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн тус байршил бүхий газарт 2021 оны 08 сарын 06-ны өдөр өөр иргэнээс тус байгууллагад хандан газар өмчилж авах хүсэлт өгч аймаг орон нутгийн хот төлөвлөлтийн бодлогод нийцүүлэн өмчилж авах газрынхаа эргэлтийн цэг, хил заагийг тодорхой болгож тэмдэгжүүлсэн байна.

Улаанбаатар хотын иргэн *******ийн Золбоогийн газар өмчилж авах хүсэлт материал дутуу байгаа мөн өмнө нь өөр иргэний газар өмчилж авах хүсэлт ирсэн байгааг тус тус үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* сумын газрын даамал байгууллагын 70512605 утсаар хариу өгсөн байна гэжээ.

 

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дарханбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Золбоо нь хүсэлтэд шаардлагатай материалыг дутуу бүрдүүлсэн байсан. Тухайн үед миний өмнөх газрын даамал Алтангэрэл ажиллаж байсан ба энэ хүн баримт бичиг дутуу талаар ажлын утсаар залгаж өөрт нь хэлсэн байдаг. 

Гуравдагч этгээдийн хашаа татсан газрын зургийн түүхчилсэн лавлагаа, газрын координатаар нь газарзүй, геодезийн тусгай зөвшөөрөлтэй “Чамбай хайрхан” компаниар дүгнэлт гаргуулсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө  тухайн жилд л хэрэгждэг. 2024 онд батлагдсан төлөвлөгөөний дагуу иргэн С.Золбоо нь М.Гэрэлсайханаас түрүүлж өргөдлөө гаргасан байдаг гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар, мэдүүлэг.

 

4.1. Гуравдагч этгээд М.Гэрэлсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн иргэн Мөнхбат овогтой Гэрэлсайхан /ЛЮ88080303/ миний бие ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбар бүхий 671 м.кв газартай холбоотой асуудлаар дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие М.Гэрэлсайхан нь 2014 онд зүүн цэргийн анги /ЗХ-168/-ийн баруун талд дан эгнээтэй байх үед “******* Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн хүрээнд ******* сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал н.Саранбаатарт газар өмчлөх тухай өргөдөл гаргаж байсан. Энэ талаар удаа дараа тодруулсан боловч сүүлд нь өргөдөл олдохгүй болсон байсан. 2016 оноос газар өмчлөх асуудал тодорхой хугацаанд шийдэгдэхгүй болсон тул уг асуудлыг хойшлуулсан. Тухайн ондоо хашаалж, бэлдсэн боловч тог цахилгаан татаагүй хүн амьдраагүй эзэнгүй орхисон тул хашаа алга болж дууссан байсан.

Газар өмчилж авах асуудлаар газрын албатай хэд хэдэн удаа уулзаж 2021 оны 08 дугаар сард Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Э.Дарханбаярт газар өмчлөхийг хүссэн өргөдөл гаргаж өгсөн. Тухайн үед 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулна хашаа татаж бэлэн болго гэсний дагуу 2022 онд тухайн хаяг дээрх газрыг хашаатай болгож, цахилгаантай холбосон.

Миний бие газар өмчлөх тухай өргөдөл гаргаснаас 11 жил болсон боловч газрын даамал, газрын албаны хариуцлагагүй байдлаас болж газар өмчлөх асуудлыг шийдвэрлэж өгөөгүй өнөөдрийг хүргэсэн. 2021 онд гаргасан өргөдлийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хуулийн хугацаанд шийдвэрлээгүй байгаа тул дээрх асуудлыг шийдвэрлэж, газрыг миний нэр дээр өмчлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Хүдэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Гэрэлсайхан нь ******* сумын 9 дүгээр багт байрлах 671 м.кв газрыг өмчлөхөөр 2011 оноос хойш Сүхбаатар аймгийн Газар зохион байгуулалт, барилга, хот байгуулалтын газарт хандаж ирсэн. Тухайн үед бичгээр газрын албанд газар хүссэн өргөдлөө өгсөн. Тэр хүсэлтүүд одоо олдохгүй байгаа. Сүүлд С.Золбоо цахимаар газар хүссэн байдаг. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтсан байдаг. 2021 онд газар өмчлүүлэх тухай хүсэлтийг өгсөн байдаг. Газрын албанаас газраа хашаажуулаагүй, эгнээ байр тодорхойгүй байгаа тул гэрчилгээ гаргах боломжгүй байна гэсний дагуу хашаа татаж айл буулгасан байдаг. Иргэн М.Гэрэлсайхан нь тухайн газрыг өмчлөхийн тулд газрын албаны тодорхой шаардлагуудыг хангаж, хүсэлтээ гаргаж ирсэн тул өмгөөлөгчийн зүгээс газар өмчлөх эрхтэй гэж үзэж байна гэв.                                                

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэлээ.

            3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Сүхбаатар аймгийн ******* сумын 2024 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбар бүхий 671 м.кв газрыг өмчлөх өргөдлийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан. Гэтэл миний өргөдөлд ямар ч хариу өгөлгүй 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр өөр иргэнээс газар өмчлөх хүсэлт ирүүлснийг шийдвэрлэнэ гэж тайлбарлаж байгаа нь хууль тогтоомжийг зөрчиж 2024 онд өргөдөл гаргаагүй иргэнд давуу байдал үүсгэж, газар олгох нөхцөлийг бүрдүүлж байна гэж тайлбарладаг.

            4.Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ, ... Улаанбаатар хотод харьяалалтай иргэн *******ийн Золбоогоос 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус газарт газар өмчлөх хүсэлт ирсэн. Гэтэл газар өмчилж авах хүсэлтийн материалд Улаанбаатар хотод газар өмчилж аваагүй гэсэн харьяа байгууллагын тодорхойлолт байхгүй байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Мөн тус байршил бүхий газарт 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр өөр иргэнээс тус байгууллагад хандан газар өмчилж авах хүсэлт өгч аймаг орон нутгийн хот төлөвлөлтийн бодлогод нийцүүлэн өмчилж авах газрынхаа эргэлтийн цэг, хил заагийг тодорхой болгож тэмдэгжүүлсэн байна гэж маргадаг.

            5.Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23/07 тоот тогтоолоор ******* сумын 2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталж, уг төлөвлөгөөний хавсралтын 721 дугаарт ******* сум 5 дугаар баг, дэнжид ******* нэгж талбар бүхий 671 м.кв газрыг иргэнд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

            6.Улаанбаатар хотод оршин суух иргэн ******* овогтой Золбоо нь ******* сумын 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан дээрх газрыг өмчлөх хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт бичгээр гаргасан.

            7.******* улсын Засгийн газрын “Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай ” 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар тогтоолоор тухайн жилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох асуудлыг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан шийдвэрлэхээр заасны дагуу нэхэмжлэгч С.Золбоогийн өргөдлийг газрын нэгдсэн цахим системд 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 48 минутад бүртгэсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүхээс газрын цахим системд үзлэг хийсэн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар нотлогдоно.

            8. Гуравдагч этгээд М.Гэрэлсайхан нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2021 онд газар өмчлөх тухай миний гаргасан хүсэлтийг Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хуулийн хугацаанд шийдвэрлээгүй тул маргаан бүхий газрыг миний нэр дээр өмчлүүлж өгнө үү гэх бие даасан шаардлага гаргасан.  

            9. Сүхбаатар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн М.Гэрэлсайханы газар өмчлөх тухай хүсэлт түүнд хавсаргасан 2 хуудас баримт нь хэзээ, хэнд хэрхэн хүлээлгэн өгсөн, хэн хүлээн авсан нь тодорхойгүй байх бөгөөд уг баримтууд нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хэлтсийн даргад байсныг хуулбарлаж ирүүлсэн гэж тайлбарладаг. Дээрх өргөдөл, баримтуудыг зохих журмын дагуу хүлээн авч, системд бүртгээгүй тухайн байгууллагын буруутай үйл ажиллагаа байна.

            10.Түүнчлэн гуравдагч этгээд М.Гэрэлсайхан нь дээрх маргаан бүхий газрыг өмчлөх өргөдлөө 2021 оны 8 дугаар сард Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Э.Дарханбаярт өгсөн гэдэг боловч энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дарханбаярын тайлбар, хэрэгт гэрчээр асуугдсан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт архив албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай Б.Анударийн мэдүүлэг, шүүхээс үзлэг хийсэн 2024 оны 12 дугаар сарын 23-ны тэмдэглэл зэрэг баримтаар үгүйсгэгдэж байна.

            11.******* улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “ Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байх бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах эрхтэй ” гэж заасан.

            12.Ийнхүү маргаан бүхий дээрх газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байх бөгөөд нэхэмжлэгч С.Золбоо нь хуулийн дээрх шаардлагад нийцүүлэн тухайн газрыг өмчлөх хүсэлт гаргасан байна.

            13.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Золбоогийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан газар өмчлөх тухай өргөдлийг зохих ёсоор шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж, гуравдагч этгээд М.Гэрэлсайханы бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.******* улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.4,19 дүгээр зүйлийн 19.1.1,19.1.2, 19.1.4, 20 дугаар зүйлийн 20.6-т заасныг баримтлан, нэхэмжлэгч С.Золбоогийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Золбоод олгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭТУЯА