Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 225/МА2021/00011

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 225/МА2021/00011

 

 

 

,

3ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 342 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: 3ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.П-т холбогдох малчнаар ажиллах хугацаанд хорогдуулсан 137 толгой малын үнэ 8,430,000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдоржийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагч О.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч 3ын захирагч хошууч Р.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус рот нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр О.Птэй хөдөлмөрийн гэрээ байгуулан малчнаар ажилд авч нийт 353 толгой мал хүлээлгэн өгсөн. О.П өөрийн хариуцлагагүйн улмаас 84 хонь зүй бусаар, 1 морийг ажилд хүлээлгэн өгөх үед гэмтээж зүй бусаар хорогдуулсан тул О.Пээс нэхэмжилж буй морь 1 толгой, хонь 84 толгой, шинэ төлийг тооцохдоо охин төлөг оруулахгүйгээр нас гүйцсэн эм хонь 62 толгойг 85 хувиар төл авах ёстой гэж үзээд 62х85%=52 толгой хурга, нийт 137 толгой мал нэхэмжилж байна.

Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн малын үнэлгээ гаргаж өгсөн албан бичгийн дагуу 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэ ханшаар тооцоход дараах байдалтай байна. Үүнд: Адуу /соёолон үрээ/-1х700,000 /долоон зуун мянга/, эм хонь 27х100,000 /нэг зуун мянга/=2,700,000, төлөг 57х70,000 /далан мянга/=3,990,000 /гурван сая есөн зуун ерэн мянга/, хурга 52х20,000 /хорин мянга/=1,040,000 /нэг сая дөчин мянга/, нийт 8,430,000 /найман сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн малыг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны шатанд мал нэгэнт үхэж үрэгдсэн тул дээрх 137 толгой малын үнэ болох 8,430,000 /найман сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлтэй танилцлаа. Өмнө нь шийдвэрлэгдэж байв. Энэ удаа гаргасан нэхэмжлэлийг бас бүхэлд нь зөвшөөрөхгүй. ... Малчин хүний хувьд бас өнөөдөр хүртэл өөрийн итгэл үнэмшлээрээ, ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч байгаа ба шүүхэд үнэн зөв тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэлд тэмдэглэгдсэн ...84 толгой хонь, 2020 оны 1-р сараас эхэлж үхэж хорогдсон. Тухайн үед малын эмч Т.Нарантуяа, малын эмч Цээлхам нар нь үзэж, холбогдох баримтыг хийж өгч байсан. Үхсэн малын тоо толгой, зүсмийн талаар бичиж тэмдэглэн гар утсаар зургийг нь авч актад хавсаргаснаа төлөөлөгч Батбаатарт хүлээлгэн өгсөн. Батбаатар нь акт баримтыг гэрээнд заасны дагуу захирагчийн дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэж хэлээд таг чиг болсон. Уг нь зөвлөлийн хурал хийхээр надад мэдэгдэнэ гэсэн юм, гэтэл чимээгүй байсаар 2-3 сар болтол цалин мөнгө ч өгдөггүй, тэгээд асуутал шүүх дээр уулзаарай гэж хэлсэн.

2.Малчин надтай нэг жилийн гэрээ байгуулсан хугацаа болоод гэрээгээ ч дүгнээгүй, гэрээний үүргээ энэ байгууллага биелүүлээгүй. Бид өөрсдийн боломж бололцоогоороо, малд нь тариаг нийлүүлж, үзлэгт хамруулж байсан. Бас малын эмчээс зээлээр эм тариа авч байгаа. Одоо өртэй байгаа. Тэжээл болон өвсний хувьд хүмүүсээс бас авч өгсөн. Байгууллагын бог мал нь тарга тэвээрэг муу авсан, хүйтэнд өл даахгүй, даарах, бээрэх, хөлдөх, хоол ус нь таарахгүй, өвчин тусах нь амархан байсан. Иймд олноороо үхсэн нь үнэн юм.

3.Акт, бичиг баримтаа 2020 оны 6 дугаар сард өгсөн юм. Учир нь Хилийн цэргийн хангамж хариуцсан орлогч И.Батбаатар нь малын хорогдсон акт баримтыг авчихаад, яасан нь мэдэгдэхгүй алга болчихоод 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

4.Морины хувьд би дараагийн малчинд хүлээлгэн өгчихсөн. Тухайн үед зүгээр л байсан. Үүнийг өмнөх дарга Баттулга нь мэдээд морийг нэхэмжлэхгүй гэсэн юм.

5.Төл болох хурганы хувьд, ... жилбэгүй төллөсөн болохоор харангадсан, бас үхсэн хурга олон гарсан, бүгдийг нь өвчиж, дарга Баттулгад 52 ширхэг хурганы арьсыг байгаагаар нь өгсөн. Үхсэн хургыг би хариуцахгүй.

6.Захирагчийн дэргэдэх зөвлөл нь хорогдсон малыг зарлагадах талаар ярилцсан хэдий ч малчин намайг оролцуулахгүйгээр шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, тэгээд ч олноор мал үхсэн байж таарахгүй гэсэн хардалтаар нэхэмжлэл анх гаргасныг дарга Баттулгын ярианаас сонссон. Одоо энэ нэхэмжлэл гаргаж байгаа дарга Р.Ц нь нэхэмжлэлийнхээ шаардлагын бодит байдлыг мэдэхгүй, энэ хүн байгаагүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 342 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Пээс 26 толгой төлөгний үнэ 1,820,000 /нэг сая найман зуун хорин мянга/ төгрөг, 12 толгой хонины үнэ 1,200,000 төгрөг, нийт 3,020,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1 толгой соёолон үрээний үнэ 700,000 /долоон зуун мянга/ төгрөг, 15 толгой эм хонины үнэ 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, 31 толгой төлөгний үнэ 2,170,000 /хоёр сая нэг зуун далан мянга/ төгрөг, 52 толгой хурганы үнэ 1,040,000 /нэг сая дөчин мянга/ төгрөг, нийт 5,410,000 /таван сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 149,830 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 63,270 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрээр хариуцагч О.Пээс 26 толгой төлөгний үнэ 1,820,000 төгрөг, 12 толгой эм хонины үнэ 1,200,000 төгрөг, нийт 3,020,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч 3од олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй тул хариуцагчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.2019.06.01-ний өдөр ... Туслах аж ахуйн малчинтай байгуулсан гэрээнд... байгууллагын хүлээх үүрэг, эрх, малчны хүлээх үүргийг тодорхой заажээ. Малчин О.П нь 2020.06.01-ний өдөр дуустал нэг жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч И.Батбаатартай харилцан тохиролцож, гэрээг байгуулсан.

2.Дээрх гэрээний үүргээ байгууллагын зүгээс биелүүлээгүй учир гэрээг дүгнэх үүргээ мөн хэрэгжүүлээгүй байдаг. Тухайлбал: ... Гэрээний 2.4, 2.7, 2.8, 2.13, 2.14 заалтуудыг огтхон ч хэрэгжүүлээгүй. Мал хорогдох, хохирол учирсан тохиолдолд дотоодын хяналт шалгалтын комисс ажиллуулах, жилд малдаа 2 удаа тооллого явуулж, ангийн тайлан тэнцэлд тусгаж, дутсан, хорогдсон малын тооцоог гаргана. Малын вирк зэргийг жил бүр шинэ гарсан төлд шинээр хийх, тооллого явагдсаны дараа гэрээгээ дүгнэсэн тайлан, тэнцлийн хамт захирагчийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэнэ... гэсэн байхад энэ талаар ямар ч үзүүлэх үйл баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч ... тусгай ротын захирагч Р.Ц нь энэ талаар юу ч тайлбарлаж мэддэггүй,... би өөрөө тэр үед энд байгаагүй гэсэн тайлбарыг л шүүхэд өгч байсан.

3.Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн малын эмч М.Нарантуяа, их эмч Д.Цээлхам, иргэн О.П нар нь үгсэн хуйвалдаж, албан тушаалаа урвуулан ашигласан, хорогдсон малыг өөрийн нүдээр харж баталгаажуулаагүй, нэг малын зургаар 2-3 малын акт бичсэн нь дараах зургуудыг нягтлан үзэхэд батлагдаж байна... гэж өөрийнхөө төсөөллийг дүгнэлт болгож байгаагаас өөр ямар ч нотлох баримтад үндэслээгүй байна.

4.Малчин О.П нь ... Тосонцэнгэл суманд тухайн байгууллагын малчнаар ажиллаж байсан. Мал хорогдсон актыг бичүүлж аваад байгааг 3ын мал гэж үзэхгүй гэж шүүхээс дүгнэлт хийж байгаа нь ямар ч ойлгомжгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч байгууллага нь маргаагүй бөгөөд малын холбогдох актад ямар ч гомдол, санал гаргаж байгаагүйг энд зориуд тэмдэглэж байна. Холбогдох малын актад гомдол гаргаагүй тул уг акт нь одоо хүчин төгөлдөр байгаа болно.

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийнхээ үндсэн шаардлагыг ерөөсөө нотолж чадахгүй, үнэн зөв тайлбар гаргаж мэдэхгүй байхад ... үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 26 толгой төлөгний үнэ 1,820,000 төгрөг, 12 толгой эм хонины үнэ 1,200,000 төгрөг нийт 3,020,000 төгрөгийг хариуцагч О.Пээс гаргуулахаар нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг зөрчсөн анхан шатны шүүхийн 2021.03.10-ны өдрийн 155/ШШ2021/00342 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч 3 нь хариуцагч О.Пээс малчнаар ажиллаж байх хугацаанд дутагдуулсан морь 1 толгой, хонь 84 толгой, шинээр авах төл 52 толгой, нийт 137 толгой мал буюу 8,430,000 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч О.П ...1 морийг хүлээлгэж өгсөн, 84 толгой хонь үхэж үрэгдсэн нь малын эмчийн баримт, актаар нотлогдоно, хурга жилбэгүй төллөсөн, 52 хурганы арьсыг байгаагаар хүлээлгэн өгсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Пээс 26 толгой төлөг, 12 толгой хонь буюу нийт 3,020,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Зохигч нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, нэхэмжлэгч 353 толгой мал маллуулахаар хүлээлгэн өгч, хариуцагч хүлээн авсан талаар маргаангүй, харин 137 толгой мал дутагдуулсан талаар маргажээ.

Хариуцагч 1 морь, 52 хурганы арьсыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь зохигчийн тайлбараар, 46 хонь үрэгдсэн нь үхсэн, хорогдсон малд олгох тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Мөн хэрэгт авагдсан үхсэн, хорогдсон малд олгох тодорхойлолтод 26 толгой төлөг, 12 толгой эм хонь яг хэдийд үхэж үрэгдсэн, уг тодорхойлолтыг хэзээ олгосон нь тодорхойгүй учир уг баримтыг үнэлэх, улмаар 3ын мал үрэгдсэн гэж дүгнэх боломжгүй тул хариуцагчаас 26 толгой төлөг, 12 толгой эм хонь буюу нийт 3,020,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хувьд:

Зохигч 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээгээ дүгнээгүй байх боловч 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 353 толгой мал хүлээлцэж, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч 163 толгой мал хүлээлгэн өгсөн талаар маргаагүй байна.

Үхсэн, хорогдсон малд олгох тодорхойлолтын 38 толгой малтай холбогдох хэсэгт хэдийд хорогдсон малд, хэзээ тодорхойлолт олгосон талаар тодорхой тусгаагүй, он, сар, өдөргүй байх тул уг баримтыг үнэлэх, нэхэмжлэгчийн мал хорогдсон гэж дүгнэх, улмаар нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох боломжгүй.

Тодорхойлолт нь үйл явдал, бодит байдлын үнэн зөвийг нотлох зорилготой баримт учир уг үйл явдал болсон болон түүнийг тодорхойлсон он, сар, өдөр тодорхой байх шаардлага тавигдана. Малын эмчээс олгосон 38 толгой мал хорогдсон талаарх тодорхойлолт энэ шаардлагыг хангаагүй учир хариуцагчаар дээрх малыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх учиртай. Харицагчийн шүүхэд гаргасан 38 толгой мал үхэж, үрэгдсэн талаарх тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангаагүй учир нэхэмжлэгчийг уг тодорхойлолтын талаар гомдол гаргаж байгаагүй гэж буруутгах, улмаар нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, үнийг нэхэмжлэлдээ тодорхой тусгасан, хариуцагч нэхэмжлэлийн үнийн талаар маргаагүй байх ба шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 342 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдоржийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,270 /жаран гурван мянга хоёр зуун дал/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ