Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга А.Болор,

                        улсын яллагч Ц.Мөнхжаргал,

            шүүгдэгч Б.Саруул, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Ишийнхэн овогт Б.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703000010076 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 12-нд Увс аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, Хангайн 01-15 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ишийнхэн овогт Б.С /регистрийн дугаар ОЮ 97111210/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Снь 2017 оны 08 дугаар сарын 08-ны шөнө 02 цаг 16 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вlue sky tower-н урд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Тоёота приус маркийн 67-57 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 9.2-т заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Идэрчулуутын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

мөн дүрмийн 2.5 а, б, в-д заасан заалтыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Сшүүхийн хэлэлцүүлэгт “…2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр манай найз над руу залгаад машины хэрэг гарчихлаа машин олоод хүрээд ирээч гэхээр нь аавынхаа машиныг гуйж аваад Энхтайваны гүүр дээр явж байтал найз маань эргэж залгаад машин олчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь буцаад гэр рүүгээ явах замд Blue sky-ийн хажууханд явж байтал замын эсрэг талд хэдэн согтуу хүмүүс таксинд сууцгааж байсан. Хажуугаар нь 40-50 км цагийн хурдтай явж байхад согтуу эгч зүүн талаар мөргүүлсэн. Тухайн үед айж балмагдаад сандарсандаа шууд гэр рүүгээ явсан. Гэртээ хариад аавд болсон явдлыг хэлээд байж байтал аавын утас дуугараад 2 цагдаа ирээд авч явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрт 15.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчтой 15.000.000 төгрөгийг өгөхөөр тохирсон...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2017 оны 08 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед найзтайгаа уулзахаар гэрээсээ аавын эзэмшлийн тоёота приус 20 маркийн 67-57 УБЭ дугаартай автомашиныг унаад гарсан, тэгээд уулзах гэж байсан найз маань завгүй болсон гэхээр нь буцаад гэр лүүгээ явж байгаад Вlue sky tower-ийн урд талын зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш 40 орчим км/цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалд зогсож байсан тоёота приус маркийн
автомашины ард талаар гэнэт нэг хүн гарч ирээд машины зүүн урд хэсэгт
мөргүүлсэн, тэгээд айсандаа зогсолгүй балмагдаж явсаар гэртээ ирээд аав
Бямбадоржид үнэнээ хэлээд байж байтал аавын утас дуугарсан, аав цагдаатай
яриад удаагүй цагдаа нар манайд ирсэн…” гэсэн мэдүүлэг /хх-93/,

 

Хохирогч М.Идэрчулуутын мөрдөн байцаалтад өгсөн “...би эхлээд машины араар тойрч байхад зам руу харахад машин ойр хавьд ерөөсөө байгаагүй, тэгэхээр нь хөдөлгөөнөө үргэлжлүүлэн алхаад л машинд суух гэж байхад айхтар хурдан машины гэрэл орж ирээд л намайг мөргөсөн, ...би ослоос хойш хэвтэрт хэвтэж байгаа, миний зүүн гар, арцаг байнга өвдөж байгаа, зүүн гар ялтас хадаастай үен дээр таарсан болохоор гар бүрэн тэнийхгүй, эсвэл бүрэн нугалахгүй байна. Эмчилгээнд баримттай 1.800.000 гаруй мянган төгрөг эмчилгээнд зарцуулсан. Хохирлын тооцоог гаргаж өгсөн, Осол гаргасан жолоочоос 5.000.000 төгрөг өгсөн байгаа. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-32-34/,

 

Гэрч А.Индрагийн “…2017 оны 08 дугаар сарын эхээр байхаа өдрийг санахгүй байна....караокен урд талд такси зогсож байсан эхлээд би баруун хойд талын хаалгаар , миний араас Санчир суусан, араас Идэрчулуут автомашины араар тойроод зүүн хойд талын хаалгаар суух гэж байтал хүчтэй пис пас гээд дуу гарсан....буугаад иртэл Идэрчулуут таксины нэлээн ар талд хол газарт шидэгдэж унасан байсан., мөргөсөн машин зугтаад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-53/,

 

Гэрч Г.Санчирын “…Зам дээр такси байхаар нь баруун хойд талын хаалгаар эхлээд Индра, араас нь би суусан, Идэрчулуут машины араар тойроод л суух гэж байсан тэгтэл хүчтэй мөргөх чимээ гарсан, буугаад иртэл Идэрчулуут зам дээр хэвтэж байсан, осол гаргасан автомашин зугтаад явчихсан, би өөрийн утаснаас 102.103 залгаж ослын талаар мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-54/,

 

Гэрч С.Сэр-Одын “…Замын цагдаагийн албаны жижүүрээс “шөнийн 02 цаг 00 минутын орчимд Вlue sky tower-ийн урд талын зам дээр хүн мөргүүлээд жолооч нь зугтаасан гэх дуудлагын дагуу Идэрчулууны хамт яаралтай хэргийн газар ирэхэд мөргүүлсэн эмэгтэй хүн ухаан алдсан байдалтай, хамт явсан гээд нэг эмэгтэй хүн байсан бөгөөд тэр хавьд байсан хүмүүстэй уулзахад цагаан өнгийн суудлын автомашин байж магадгүй гэсний дагуу Вlue sky tower-н гадна камер бичлэг шүүхэд цагаан өнгийн приус-20 маркийн автомашин хурдтай явж байхдаа ямар нэгэн зүйл мөргөөд тэр чигтээ явж байгаа бичлэг байсан. Хэргийн газрын ойр орчим биечилсэн сурвалжлага хийхэд ШУТИС-ийн уулзвар дээр явж байсан үл таних жолоочоос асуухад урдуураа эвдрэлтэй цагаан өнгийн тоёота приус-20 маркийн явж өнгөрсөн эсэхийг тодруулахад 67-57 гэсэн цагаан өнгийн приус 20 маркийн автомашин урд хэсэгтэй эвдрэлтэй хурдтай зөрөөд өнгөрсөн гэсний дагуу номерыг шүүж үзэж автомашины эзэмшигч Бямбадоржтой уулзахад манай хүү Саруул машинаа бариад сая гэртээ ирлээ гэсний дагуу Саруул гэгчийг автомашины хамт Замын цагдаагийн албан дээр авчирч бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-56/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹10151 тоот актын “…М.Идэрчулуутын биед зүүн тохойн үе үүсгэгч яснуудын ил хугарал / зүүн атгаал чөмөгт ясны доод булууны гадна төвгөрийн сэлтэрсэн хугарал, зүүн богтос ясны залааны олон тооны хэлтэрхий үүсгэсэн хугарал/, баруун талын ацетабулын урд багана дайрсан зөрөөтэй хугарал, баруун талын умдаг ясны дээд салааны зөрөөгүй, доод салааны зөрөөтэй хугарал, баруун талын 5,6-р хавирга, зүүн талын 6,7-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун шаант ясны доод булууны дотор төвгөрийн сэлтэрсэн хугарал, тархи доргилт, зүүн гуя, шилбэ, баруун зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний шинжээчийн 4683 дугаартай дүгнэлт: Хэргийн газраас хураан авч шинжилгээнд ирүүлсэн 8 ширхэг эд зүйл нь харьцуулах загварт ирүүлсэн автомашины эд ангиас салж унасан байж болно. Дээрх 8 ширхэг эд зүйл нь 67-57 УБЭ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашинаас салгаж авсан зүүн урд далбаа, зүүн талын толины хагархайтай зах ирмэгийн хэлбэрийн онцлог, зузаан нимгэн, гадаргуун хэлбэр, гадаргууд гарсан зураасан мөрүүдээрээ тохирно /хх-68/

 

Техникийн шинжээчийн 493 тоот актын “Тоёота приус маркийн 67-57 УБЭ дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Снь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна”, а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх:, 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх:, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх:, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага / ажилтанд/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх:, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”...” гэсэн дүгнэлт /хх-85/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-10/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-09/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-14, 70-72/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-15/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-16/, 67-57 УБЭ дугаартай авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-23/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-26, 29/, СД-ны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-30/, хохирлын баримтууд /хх-37-46/, хохирлын тооцоо /хх-47-49/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-96/,  шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-99/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-100/, хохирогчийн өвчний түүх /хх-108-114/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /117-119/  зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны шөнө 02 цаг 16 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вlue sky tower-н урд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Тоёота приус маркийн 67-57 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 9.2-т заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Идэрчулуутын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч М.Идэрчулуут, гэрч А.Индра, Г.Санчир, С.Сэр-Од нарын мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹10151 тоот актын дүгнэлт, Замын цагдаагийн албаны шинжээчийн 493 тоот дүгнэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.Сын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар,

Мөн түүний Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 9.2-т заасныг зөрчин явган зорчигч М.Идэрчулуутын биед хүнд хохирол учруулсан атлаа мөн дүрмийн 2.5 а, б, в-д заасныг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээс гадна Замын цагдаагийн албаны шинжээчийн 493 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.Сын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, улмаар М.Идэрчулуутын биед хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг,

мөн түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн атлаа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлүүдийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Сыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирогч М.Идэрчулуут нь мөрдөн байцаалтын шатанд дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 26.727.725 төгрөгийн нэхэмжилсэн хэдий боловч шүүгдэгчийн зүгээс хохирогчид 15.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх ба хохирогч нь “цаашид гомдол саналгүй” гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Саруулыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Сын дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 11 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 11 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж, нэгтгэн шүүгдэгч Б.Саруулын эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Б.Саруулд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэн шийдвэрлэсэн болно.     

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт үлдээж, автомашины хар өнгийн хуванцар хагархай 4 ширхэг, цагаан өнгийн хуванцар хагархай 3 ширхэг, 1 ширхэг толь зэрэг зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Снь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Б.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 11 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 11 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн Б.Сын нийт эдлэх хорих ялыг Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Сд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Сд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.

 

6.Шүүгдэгч Б.Сд авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг харьяа дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

7.Шүүгдэгч Б.Снь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  хохирогчид эмчилгээний зардалд 15.000.000 төгрөг төлсөн, хохирогч М.Идэрчулуут нь гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээж, автомашины хар өнгийн хуванцарын хагархай 4 ширхэг, цагаан өнгийн хуванцар хагархай 3 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                   

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР