| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2024/0065/З |
| Дугаар | 111/ШШ2025/0006 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 111/ШШ2025/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдох
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн “2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , хариуцагч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “*******” ХК нь Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь “*******” ХК-д холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр дүгнэлтийг гаргасан. Нэхэмжлэгч дүгнэлтийг эс зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 105 дугаартай албан бичгээр Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад гомдол гаргасан.
3. Нэхэмжлэгч шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Манай байгууллага нь 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад нь гомдол гаргасан боловч шүүхэд хандана уу гэсэн агуулгатай хариу ирсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана”, 14.2-т “Улсын байцаагч, улсын ахлах байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг дээд шатны улсын байцаагч хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ. Хэрэв гомдол гаргагч уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэсэн заалтын дагуу энэхүү гомдлыг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гаргасан боловч хүлээж аваагүй.
Үйл баримтын хувьд Баянхонгор аймгийн “*******” ХК-ийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссоос “Баянхонгор сумын “*******” ХК-ийн 13 дугаар цэцэрлэгийн нам даралтын уурын зуухны дэлбэрэлтэд өртөн нас барсан *******той холбоотой асуудлаар судлаад Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1-д зааснаар Н.Нямтогтохтой “Баянхонгор-Чандмань” ХК-аас хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул үйлдвэрлэлийн осолд тооцож акт тогтоох боломжгүй” гэсэн шийдвэрийг гаргасан байдаг.
Улсын байцаагчаас Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “Хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөх” гэсэн үндэслэлээр талийгаач *******ыг үйлдвэрийн аюултай хүчин зүйлд өртсөн болохыг нотолж байна гэжээ.
Хэдийгээр уурын зуухны дэлбэрэлтэд иргэн өртөж амь насаа алдсан үйл баримт байгаа боловч тухайн иргэн ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэхээс шалтгаалан Үйлдвэрлэлийн осол мөн эсэх, мөн бол тухайн осолдогчийн ар гэрт мөнгөн тэтгэмж олгох эсэхийн шийдвэрлэх гол үндэслэлийг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай.
Арван гуравдугаар цэцэрлэгийн үндсэн ажлын байранд Ө.******* гэх хүн ажиллаж байсан ба тэрээр байгууллагын аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдсан, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч байсан хүн юм.
Тус осол болох үед Ө.******* нь байгууллагын захиргаанаас албан ёсоор чөлөө аваагүй, эрүүл мэндийн шалтгаантай байсан эсэх талаараа байгууллагын удирдлагад мэдэгдээгүй өөрийн хүү болох талийгаач *******ыг өөрийнхөө оронд байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажиллуулж байсан болох нь тогтоогддог.
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Ө.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд зааснаар чөлөө авах журам, чөлөө авсан тохиолдолд дараагийн ажилтныг томилон ажиллуулах журмыг мөрдөөгүйгээс болж аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдсан, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй хүнийг ажиллуулсан нь тус уурын зуух дэлбэрэх нэг суурь үндэслэл болсон гэж манай байгууллага үзэж байна.
Энэ зөрчлөөс шалтгаалан байгууллагад ч гэсэн их хэмжээний хохирол учирсан ба хэн буруутай эсэхийг шалган тогтоохоор Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байгаа.
Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр манай байгууллагыг зааварчилгаа өгөөгүй нь байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж шууд буруутган дүгнэлт гаргасан нь өрөөсгөл буюу хэт нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл юм.
Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх дүрмийн 5.1.5-д заасан баримт байхгүй, баримт бичгийн бүрдэл дутуу, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй тул үйлдвэрлэлийн осолд тооцох үндэслэлгүй юм.
Иймд 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Үйлдвэрлэлийн осолд өртөгч болон ажил олгогч хоёрын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн үү гэдгийг анхаарах хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан хөдөлмөрийн харилцааг тодорхойлон зааж өгсөн. Үүнд: ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын дор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд тохирсон цалин хөлс олгох, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа гэж тодорхойлсон. 4.1.1 болон 4.1.3-д заасан ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын харилцаа албан ёсоор үүсээгүй. Хэнтэй үүссэн бэ гэхээр ажилтан буюу Ө.******* гэдэг хүнтэй харилцан үүсгэсэн. Тийм учраас үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэхдээ Ө.******* гэдэг хүнтэй холбоотой баримт бичгүүд гарч ирж байгаа болохоос хохирогчтой холбоотой баримтууд огт гарч ирээгүй.
Улсын байцаагчийн дүгнэлтэд хэд хэдэн зүйлийг буруутгасан байдаг. Дүгнэлтийн 2 болон 3 дахь заалтад гэрээ байгуулах ажиллагаа, ажил үүрэг гүйцэтгүүлсэн гэж байгаа. Хохирогчид байгууллагын захиргаа, удирдлагын зүгээс ажилла гэсэн үүрэг чиглэл огт өгөөгүй. Үндсэн ажилтан нь Ө.******* гэдэг хүн байсан. Ийм учраас “*******” ХК-ийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөх учраас нэхэмжлэл гаргасан.
Ө.******* гэдэг хүн тодорхой хугацаагаар өөр хүн ажиллуулах байсан бол хуульд заасан ажилтныхаа үүргийг гүйцэтгэж байгууллагынхаа захиргаанд мэдэгдэж, чөлөө, зөвшөөрөл авч, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх байсан бол мэдэгдэх ёстой байсан. Нэхэмжлэгчийн төлөөллөөс хэлсэн, та ажлаа өгөх үү гэхэд зүгээр би өөрөө ажлаа хийчихнэ гэсэн агуулгатай тайлбар өгсөн учраас хийчих юм байна гэж ойлгоод явсан гэдэг.
Хариуцагчтай жижүүр ажил үүргээ хэвийн явагдсан гэдэг, өөр хүн гарсан байна гэдэг асуудал огт яригдаагүй. Үүнтэй холбоотой асуудал цагдаагийн газарт шалгагдаад явж байгаа.
Дүгнэлтийн хувьд үйлдвэрлэлийн осолтой холбоотой тодорхой нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл хууль бусад дүрэмд шууд заагаагүй ч гэсэн, улсын байцаагчид өөрт нь эрх байгаа. Энэ асуултуудтай холбоотой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж гаргах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөнө үү ” гэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Осолдогчийн аав Ө.******* нь “Чандмань Баянхонгор” ХК-ийн салбар 13 дугаар цэцэрлэгийн халаалтын зууханд 2024 оны 01 дүгээр сард ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байгаад яндан хөөлөх гэж гараад дээврээс унахдаа хөл нь гишгэж болохгүй болоод өдөр бүр ажил шалгадаг дулааны инженер ******* нь ирж ажил олгогчдоо мэдэгдээд гэрт нь хүргэж өгсөн байдаг. Осолдогчийн аав Ө.*******ын баруун талын дунд чөмөгний углуур яс хугарч бэртсэний улмаас ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүйн улмаас өөрийнхөө оронд хүүгээ ажиллуулахаар болсон байдаг. “Чандмань Баянхонгор” ХК-ийн мэргэжилтнүүд харьяаллын зуухнуудад өдөр тутмын хяналтыг хийж байхдаа осолдогчтой таарч байсан байдаг. Энэ талаар ХАБЭА-н ажилтан анхны яриан дээрээ дурьдсан.
Ослын дараа миний зүгээс “Чандмань Баянхонгор” ХК-ийг тайлбар гаргаж өгөхийг шаардахад анх ярьж байсан зүйлээсээ өөр зүйлийг ярьж, осолдогчийн ажиллаж байгааг мэдээгүй талаар бичгээр тайлбар өгсөн. Осолдогч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын сүүлээс 2 сарын 29-ний осол болох өдөр хүртэл 13 дугаар цэцэрлэгийн галчаар ажиллаж байсныг 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч болон жижүүрүүд, нөгөө ээлжний ажилтан мэддэг.
“Чандмань Баянхонгор” ХК нь үйлдвэрлэлийн ослын актад галч Ө.*******ын оронд гарч байсан хүү ******* нь ажлын байр орхиж явсны улмаас тог тасарсныг мэдээгүй өнгөрөөсөн байж болзошгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1-д зааснаар хохирогч ******* “Чандмань Баянхонгор” ХК-ийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл байх тул “Чандмань Баянхонгор” ХК-ийн Осол судлан бүртгэх комиссын гишүүдийн 100 хувийн саналаар үйлдвэрлэлийн осолд тооцож акт тогтоох боломжгүй гэсэн шийдвэрийг гаргалаа.) гэж дурьдсан байдаг. Энэ нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн хүрээнд тодорхой шийдвэрийг гаргаагүй акт тогтоожээ.
Дээрх ослын талаарх комиссын бүрдүүлсэн баримт материалыг судлаад комиссын гаргасан шийдвэр тодорхой бус байгаа тул Улсын байцаагч миний бие “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2-т заасан “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.11-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана” гэсэн заалтыг тус тус үндэслэн дараахь байдлаар дүгнэсэн. Үүнд:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д “"үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ” гэж заасан бөгөөд ослын актаас талийгаач ******* нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад 13 дугаар цэцэрлэгийн нам даралтын зуухны дэлбэрэлтэд өртөн осолдсон нь үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлд өртсөн болохыг нотолж байна.
2. “Чандмань Баянхонгор” ХК-ийн ажил олгогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан осолдогчид өдөр тутмын зааварчилгааг өгдөггүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй.
3. “Чандмань Баянхонгор” ХК нь *******ыг 13 дугаар цэцэрлэгийн нам даралтын зууханд ажиллаж байсныг Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналтаараа илрүүлээгүй ажиллуулсан. /мэдсээр байж осол гарсны дараа мэдээгүй гэж хариуцлагаас зайлсхийх гэж оролдож байна./
4. “Чандмань Баянхонгор” ХК нь *******той хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэсэн заалтыг зөрчсөн.
5. ******* нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-д заасан “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед”-д хамаарах тохиолдлын улмаас үйлдвэрлэлийн осолд өртсөн байх тул актыг хянан баталгаажуулсан.
6. Энэхүү дүгнэлт нь тус аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын гаргасан “акт”-ын салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.
Миний гаргасан дүгнэлт нь хуулийн хүрээнд байх тул хүчингүй болгуулахгүй байх саналтай болно. Осолдогч нас барсан нь гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул Захиргааны хэрэгт оролцуулах нь зөв гэж үзэж байна.” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ө.******* нь Баянхонгор аймгийн “*******” ХК-ийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 57 дугаар тушаалаар ажилд томилогдож Баянхонгор сумын 13 дугаар цэцэрлэгийн уурын зууханд галчаар 2 ээлжээр ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 6-нд ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолдож биедээ гэмтэл авч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Ө.******* нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэх явцад осолдож биедээ гэмтэл авсан тул албан газар нь яриад хүүхдүүдээ ажиллуулж байгаач гэснээр нэг хүүхэд ажиллаж байгаад өөр ажилд явах болоод амь хохирогч ******* 2024 оны 02 дугаар сарын эхээс эхлэн ажилласан.
2024 оны 02 дугаар сарын 29-нд хүү нь ажилдаа өглөө гарсан үдээс хойш аав руугаа залгаад ...зуухны даралт нь буухгүй байна яахуу... гэхээр нь аав нь ...Чандмань ХК руу хэл... гэж хэлээд дүүг нь оч гээд явуулсан бөгөөд дүүг нь очиход зуух нь дэлбэрч хүүхэд нь нас барсан байсан гэсэн. Дэлбэрэлт болсноос хойш компаниас нь хүмүүс ирэхгүй байж байгаад нилээн удаж ирсэн гэсэн. Хүү нь аав, ээж хоёртоо түшиг тулгуур болж байсан, сайхан залуу хүүгээ ослоос болж алдсандаа үнэхээр их гомдож харамсаж байгаа.
Амь хохирогч залуугийн тухайд “Чандмань Баянхонгор” ХК-ийн ажил үүргийг л тухайн ажлын байран дээр гүйцэтгэж байгаад амь насаа алдсан байтал үйлдвэрлэлийн осол биш гээд байгаад гайхаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар "Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлын хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна" мөн хуулийн 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гэж хуульчилсан тул Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа.
Амь хохирогч хүү сайн дураараа очиж ажиллаагүй тухайн албан газрын эрх бүхий хүмүүс ...аавынхаа ажлыг үргэлжлүүлээд хий... гэсний дагуу 1 сар шахам ажилласан ба уурын зуухны ажлыг тасалдуулалгүй ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байхад нь ...битгий ажилла... гэж хэлээгүй мөртлөө одоо ажиллах ёсгүй байсан гээд байгаа нь ажил хариуцсан хүний зөвхөн өөрийгөө ямар нэгэн хариуцлагаас аврах гэсэн санаа. Энэ айлын тухайд хэдийгээр ядуу зүдүү ч хүний ажлыг тасалдуулчихгүй юмсан гэх хүн чанар гаргаж чадах чинээгээрээ ажиллаж байгаад хайран сайхан хүүгээ алдсан нь үнэхээр харамсалтай. Хүний амь нас ийм үнэ цэнэгүй болсон юмуу. Ажлын байранд дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан тохиолдолд үйлдвэрлэлийн осол гэж үзнэ гэж хуульчилсан байхад хөдөлмөрийн гэрээ хийгээгүй дур зоргоороо ажиллаж байсан мэтээр буруутгаж байгаад гомдолтой байна. Эрх бүхий албан тушаалтнууд амь хохирогч хүүг ажиллаж байгааг мэдсэн, хүү ээж, аав 2-тоо манай дарга ажил дээр ирээд явлаа сайхан хүн байна гэж ярьж байсан байдаг. Тэгээд ч аав Ө.*******ыг ажлаа хийж байгаад гэмтэл авсныг мэдсээр байж түүний оронд хэн яаж ажиллаж байна гэдгийг мэдээгүй байх боломжгүй яагаад гэвэл 2 ээлжээр ажилладаг 2 хүний нэг нь гэмтсэн байхад нэг хүн дагнаж ажиллана гэж байхгүй учраас тухайн үед аавынхаа оронд ажиллуулахыг зөвшөөрснөөр ажиллаж байсан нь үнэн юм.
Ө.*******ыг албан газар байгууллагаасаа албан ёсоор чөлөө аваагүй, эрүүл мэндийн шалтгаантай байсан талаар мэдэгдээгүй гэжээ.
Ө.******* ч гэсэн ажлаа хийж байгаад ажлын байранд дээрээ биедээ гэмтэл авч улмаар ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон байхад үйлдвэрлэлийн ослын акт гаргалгүй өнөөг хүрч байгаа. Энэ ******* гэмтсэн асуудал ч Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. “Чандмань Баянхонгор” ХК-ийн удирдлагын тухайд ажилтан хүний эрх ашгийг хамгаалах тэдний ажиллах нөхцөлийг хангаж ажиллаагүйгээс удаа дараа үйлдвэрлэлийн осол гарсан гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа.
Иймд Улсын байцаагчийн акт хуульд заасан журмын дагуу үнэн зөв гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
2.Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр “Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20, 28 дугаар зүйлийн 28.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоол, 2015 оны 269 дүгээр “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-д тус тус заасныг үндэслэн *******ыг үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж үзэн хянан баталгаажуулжээ.
3.Нэхэмжлэгч талаас “Осол болох үед Ө.******* нь байгууллагын захиргаанаас албан ёсоор чөлөө аваагүй, эрүүл мэндийн шалтгаантай байсан эсэх талаараа байгууллагын удирдлагад мэдэгдээгүй өөрийн хүү болох талийгаач *******ыг өөрийнхөө оронд байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажиллуулсан. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Ө.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд зааснаар чөлөө авсан тохиолдолд дараагийн ажилтныг томилон ажиллуулах журмыг мөрдөөгүйгээс болж аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдсан, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй хүнийг ажиллуулсан нь тус уурын зуух дэлбэрэх нэг суурь үндэслэл болсон. Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх” дүрмийн 5.1.5-д заасан баримт байхгүй, баримт бичгийн бүрдэл дутуу, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй тул үйлдвэрлэлийн осолд тооцох үндэслэлгүй” гэх,
4. Хариуцагч талаас “Үйлдвэрлэлийн осолыг судлан бүртгэх нь ажил олгогчийн үүрэг, энэ үүргийн дагуу гарсан актыг хүлээн зөвшөөрөөгүй учир дүгнэлт гаргасан, Ө.******* нь 2024 оны 01 дүгээр сард ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэмтсэний улмаас өөрийнхөө оронд хүү *******ыг ажиллуулахаар болж, энэ тухай байгууллагын хариуцсан ажилтнууд мэдсэн байдаг. ******* нь 13 дугаар цэцэрлэгийн халаалтын ажил үүргийг гүйцэтгэж байгаад нам даралтын зуухны дэлбэрэлтэд өртөн нас барсан нь үйлдвэрлэлийн осол болсныг нотолж байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, мөн Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналтаараа илрүүлээгүй ажиллуулсан. “*******” ХК нь *******той хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж маргадаг, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэсэн заалтыг зөрчсөн, ******* нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-д заасан “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед”-д хамаарах тохиолдлын улмаас үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсан байх тул актыг хянан баталгаажуулж, дүгнэлт гаргасан” гэх,
5. Гуравдагч этгээдийн зүгээс “Амь хохирогч залуугийн тухайд “Чандмань Баянхонгор” ХК-ийн ажил үүргийг ажлын байран дээр гүйцэтгэж байгаад амь насаа алдсан байтал үйлдвэрлэлийн осол биш гээд байгаад гайхаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар "Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн иргэн, ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлын хариуцах, осол, хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна" мөн хуулийн 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гэж хуульчилсан тул Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.
6. Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/591 дүгээр захирамжаар Баянхонгор сумын 13 дугаар цэцэрлэгийн халаалтын үйл ажиллагааг “*******” ХК-ийн харьяалалд шилжүүлснээс харахад 13 дугаар цэцэрлэгийн халаалтын уурын зуух нь “*******” ХК-ийн ажлын байр мөн байна.
7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д ““үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг”, 28 дугаар зүйлд ажил олгогчин үүргийг тусгасан бөгөөд 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.”, 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана.”, 29.4-т “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 29.4.1-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”, 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, 33 дугаар зүйлийн 33.2.5-д “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах” гэж тус тус заажээ.
8. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, ажил олгогч аж ахуй нэгжийн зүгээс үйлдвэрлэлийн осол гарах бүрд тус осолын шалтгаан, хүчин зүйлийг судалж, бүртгэх, тайлагнах, мэдээлэх үүргийг хуулиар хүлээж, холбогдох журам, дүрмийн дагуу Үйлдвэрлэлийн осолын талаар акт, дүгнэлт гаргаж, түүнд мэргэжлийн чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан хяналт тавьж хууль, дүрмийн хэрэгжилтэд хангуулан ажиллах, мөн улсын байцаагч нь ажил олгогчийн байгуулсан комиссын гаргасан ослын актыг зөвшөөрөөгүй бол өөрөө бие даасан дүгнэлт гаргахаар байна.
9. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-р багт байрлах “*******” ХК-ийн харьяа 13 дугаар цэцэрлэгийн уурын зуух дэлбэрсний улмаас иргэн *******ын амь нас хохирсон болох нь тогтоогдож байна. Болсон үйл явдалтай холбогдуулан талууд маргаагүй.
10. Энэхүү осолтой холбогдуулан тус компанийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/16 дугаар тушаалаар байгуулагдсан Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комиссын актаар “”*******” ХК-ийн дулааны машинист Ө.******* нь зохих журмын дагуу чөлөө аваагүй байхдаа дур мэдэн зөвшөөрөлгүйгээр орондоо өөр хүн гаргасан. Галч Ө.*******ын оронд гарч байсан хүү ******* нь ажлын байраа орхиж явсны улмаас тог тасарсныг мэдээгүй өнгөрөөсөн байж болзошгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1.1, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1-д зааснаар хохирогч *******, “*******” ХК-ийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл байх тул “*******” ХК-ийн Осол судлан бүртгэх комиссын гишүүдийн 100 хувийн саналаар “Үйлдвэрлэлийн осолд тооцож, акт тогтоох боломжгүй”” гэсэн шийдвэрийг гаргасан бөгөөд тус актыг хариуцагч Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянаад, эс зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар “Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлт гаргасан.
11. Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар “Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлтээр
“…1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д “"үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ” гэж заасан бөгөөд ослын актаас талийгаач ******* нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад 13 дугаар цэцэрлэгийн нам даралтын зуухны дэлбэрэлтэд өртөн осолдсон нь үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлд өртсөн болохыг нотолж байна.
2. “*******” ХК-ийн ажил олгогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан осолдогчид өдөр тутмын зааварчилгааг өгдөггүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй.
3. “*******” ХК нь *******ыг 13 дугаар цэцэрлэгийн нам даралтын зууханд ажиллаж байсныг Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналтаараа илрүүлээгүй ажиллуулсан.
4. “*******” ХК нь *******той хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэсэн заалтыг зөрчсөн.
5. ******* нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-д заасан “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед”-д хамаарах тохиолдлын улмаас үйлдвэрлэлийн осолд өртсөн байх тул актыг хянан баталгаажуулсан…” гэжээ.
12. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг”, 21 дүгээр зүйлийн 21.1.8-д заасны дагуу батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гээд 2.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” гэж тус тус заасан.
13. Ө.******* нь 2023 оны 09 сараас машинистаар томилогдон ажилласан бөгөөд 2024 оны 1 сард ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэмтэж, түүний оронд хүү Улаанаа буюу *******, н.*******, зээ хүү ******* нар ажиллаж байсан /гэрчүүд мэдүүлдэг/ болох нь “*******” ХК-ийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаар “Хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах тухай” тушаалаар батлагдсан хуваарийн дагуу хөтлөгдсөн Хариуцлагатай жижүүрийн тэмдэглэлд тэмдэглэсэн “...1 сарын 16-нд ******* *******ын банди, 1 сарын 19-нд *******, 1 сарын 20-нд *******, 1 сарын 22-нд *******, 1 сарын 24-нд ******* *******, 2 сарын 1-нд *******, 2 сарын 03-нд ******* *******ын зээ, 2 сарын 05-нд *******ын хүүхэд, 2 сарын 13-нд *******, 2 сарын 17-нд *******ын хүүхэд, 2 сарын 19-нд *******ын хүү, 2 сарын 29-нд *******ын хүү …” гэсэн баримтаар нотлогдож байна.
14. 2024 оны 01 сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд албан тушаалтнуудын хариуцлагатай жижүүр хийх хуваарийг баталж, улмаар хариуцлагатай жижүүр нь обьект тус бүрт биечлэн очиж, хяналт тавьж, зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авч, тэмдэглэл хөтөлж ажиллахыг үүрэг болгосон, мөн хариуцлагатай жижүүр болон ээлжийн ажилтай ажилчдын ажил үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, дүн мэдээг удирдлагын багийн хуралд танилцуулахыг Ерөнхий менежер *******ид үүрэг болгосон байна.
15. Нэхэмжлэгч тал Ө.*******ыг, чөлөө аваагүй, түүний оронд ээлжинд гарч байсан хүү *******той гэрээ байгуулаагүй гэж маргаж байгаа хэдий ч Ө.*******ыг ажилдаа ирэхгүй, чөлөө аваагүй, өвчтэй эсэх нь мэдэгдэхгүй ажилдаа ирэхгүй байгааг мэдсэн, мэдсээр байж ажил олгогчоос ямар нэгэн арга хэмжээ аваагүй энэ талаар баримт байдаггүй, харин түүний оронд өөр хүмүүс гарч байгааг мэдсэн, эдгээр хүмүүс нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдгийг мэдсээр байж дээрх тушаалаар томилогдсон ерөнхий менежер болон бусад хариуцлагатай жижүүрүүд энэ талаар удирдлагын багт мэдээлээгүй, үүнийг зөрчил гэж үзэж байгаа бол таслах зогсоох арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй буруутай.
16. Түүнчлэн …Ө.******* 1 сард гэмтсэнээс хойш ажиллаагүй, түүний оронд хүүхдүүд нь гэх хүмүүс ажиллаж байсан… гэдгийг гэрчүүд мэдүүлсэн, тэдгээр хүмүүст аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй, дотоод хяналтаар илрүүлээгүй болох нь Шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
17. Нөгөө талаас тухайн үед Ө.******* нь өөрийн ээлжинд хүү, зээ хүү нараа ажиллуулж, тэдгээр хүмүүс нь тухай бүр халаалтын үйл ажиллагааг хэвийн явуулж байсан болох нь 2024 оны 1, 2 дугаар сарын цалин Ө.******* гэсэн нэрээр бүтэн олгогдсон цалингийн цэс, хариуцлагатай жижүүрийн тэмдэглэлээс харагддаг. Тэднийг ажиллаж байхад хариуцлагатай жижүүрүүд болон компанийн зүгээс ямар нэгэн шаардлага, хориглолт тавиагүй болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн талын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас харагддаг бөгөөд Ө.*******ыг орондоо өөр хүмүүс ажиллуулахыг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж болохоор байна.
18. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараахь этгээдэд үйлчилнэ”, 4.1.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1, 4.1.3-т заасан ажил олгогч, ажилтан”, Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1-д “"ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа... ...байгууллага...”, 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “"ажилтан" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн...”, 48 дугаар зүйлийн 48.3-д “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж тус тус хуульчилсан.
19. Ажил олгогчоос *******той гэрээ байгуулаагүй гэж маргаж байгаа ч ******* нь “*******” ХК-ийн харьяа 13 дугаар цэцэрлэгийн халаалтын үйл ажиллагааг ээлжит хуваарийн дагуу тодорхой хугацаанд, мөн осол болох өдөр тус ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэж байсан нь тус компанийн хариуцлагатай жижүүрийн дэвтэрийн тэмдэглэл, Ослын акт, Дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу “*******” ХК, ******* нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх боломжтой юм.
20. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь шийдвэр гаргах хуулиар олгосон чиг үүргийнхээ хүрээнд “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг буюу ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдлыг хянаж, эс зөвшөөрч Дүгнэлт гаргасан нь дээрх хууль, журамд нийцсэн, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн /зөрчигдөж болзошгүй/ гэх байдал тогтоогдохгүй байх тул маргаан бүхий акт болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн “2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр дүгнэлтийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд, “*******” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20, 28 дугаар зүйлийн 28.1.8, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 29.4.2, 29.5, 33 дугаар зүйлийн 33.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтуудыг тус тус баримтлан “*******” ХК-ийн гаргасан “Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар “Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлтийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА