| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 149/2019/0032/э |
| Дугаар | 431 |
| Огноо | 2019-09-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 431
Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, хохирогч Б.Т-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ, нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр магадлалтай, Д.Б-д холбогдох 1832000970116 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хохирогч Б.Т- нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д-н Б-.
Д.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг, сайжруулсан шороон замын уулзвар дээр “Хьюндай” загварын 18-23 СЭҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Т-ийн жолоодож явсан “Тоёота гранд марк-2” загварын 67-78 СЭҮ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Б.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Д.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож..., Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ас 5,129,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Т-т олгож шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг:
“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг журамлан прокуророос шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Б-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж,
4 дүгээр заалтыг: “4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ас гэм хорын хохиролд 4,032,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Т-т олгож, нэхэмжлэлээс 1,025,800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
5 дугаар заалтыг: “5.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай." гэж тус тус өөрчлөн найруулж, 3 дугаар заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Д.Б- нь миний хувьд буруугүй хохирогч замын хөдөлгөөний аюулгүйн байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч согтууруулах ундааны зүйл уусан үедээ замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон заалт, мөн хорооллын дундах замд болсон ослыг төв, засмал зам гэж хаагуур явж байгаагаа ч мэдэхгүй байдалд байхдаа жолоо барьсан эгнээ байраа эзлээд эргэх хөдөлгөөн хийсэн үед автобусыг хажуу бөөрнөөс ирж мөргөсөн, маш хурдтай хурд хэтрүүлэн явснаас энэ осол гаргасан тул би шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гэм буруугийн тал дээр маргаантай байдаг.
Анхан шатны шүүхээс Б.Баттулгыг гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж, 5,129,000 төгрөгийн хохирол төлөхөөр шийдвэрлэсэн. Шүүх гэм буруугийн тал дээр хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь бодитойгоор үнэлж чадаагүйгээс зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үнэлж Д.Б-г гэм буруутайд тооцсон нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж байгаа юм.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөгч, прокурор нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтооно гэсэн зарчим алдагдсан. Үүнд:
1. Осол гарсан газар дээр хийсэн схем зураглал. /хх-н 14/ Дархан-Уул аймгаас Улаанбаатар чиглэлд явдаг төв, засмал зам дээр осол болсон мэтээр зураглалыг үндэслэн шинжээчийн 2 удаагийн дүгнэлт гарсан нь осол гарсан газар шалтгааныг зөв бодитойгоор тогтоож чадсангүй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Б-... гэр хороолол доторх сайжруулсан зам гэж мэдүүлж байхад хохирогч Б.Т- төв зам гэж мэдүүлдэг. Энэ байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад замынхаа нэршлийг зөв тогтоож чадаагүй байдал Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөв хэрэглэх, шинжээчийн дүгнэлт бодитойгоор гарч чадаагүйд нөлөөлсөн улмаар шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг шийдвэрийнхээ үндэслэл хэсэг болгосон атлаа Б.Т-ийн замын хөдөлгөөний заалтыг зөрчсөн эсэхийг юу гэж дүгнэж байгааг шийтгэх тогтоолдоо огтхон ч дурдаагүй.
2. Осол гарсан газарт 5 сарын дараа 2018 оны 08 сарын 09-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд сайжруулсан шороон зам гэсэн тодотгол хийсэн боловч энэ үзлэгийн зураглалаар шинжээчийн дүгнэлт гаргаагүй анхны схем зураглалаар дүгнэлт гаргасан нь үнэн зөв эргэлзээгүй дүгнэлт гэж хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүгдэгч Д.Б-н гомдоод байгаа зүйл үндэслэлтэй болно.
З. Осолд орсон автобусны зургийг хэн ч харсан бөөрөн талаас нь ирж мөргөсөн байдал тогтоогдоно. Тэр тусмаа ямар хэмжээний эвдрэл гарсан гэдэг нь харагдаж байгаа. Энэ байдал нь согтуу жолооч Б.Т-ийн жолоодож явсан машин хэр хурдтай явж байсан, зогсох арга хэмжээ аваагүй байдал тогтоогдоно.
4. Шүүх 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 13 тоот /хх-н 69/, 2018 оны 10 сарын 19-ны өдрийн 77 тоот /хх-н 73/ шинжээчийн дүгнэлтүүдийг үнэлэхдээ “Тоёто гранд марк-2” тээврийн хэрэгслийн жолооч Б.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон заалтыг, мөн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байхад дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц асуудал орхигдсон байна. Гэрч Баянжаргал /хх-н 64/ марк 2 машиныг хурдтай явж байсан талаар гэрчилдэг. Дээрх нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзээгүйгээс гэм бурууг зөв тогтоож чадсангүй.
5. /хх-135/ 2018 оны 08 сарын 12-ны өдөр мөрдөгчийн тогтоол гарч Д.Б-н гаргасан хүсэлтээс хэргийн газрын үзлэгийг хийх, туршилт явуулах хүсэлтүүдийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн байдаг боловч энэ ажиллагаанууд мөрдөн шалгах ажиллагааны явцад огт хийгдээгүй орхигдсон байдаг.
6. Т- хэрэгт сиди авчирч өгсөн байдаг. Хаанаас, хэн авсан эх сурвалжийг тогтоогоогүй уг машин мөн эсэхийг ч тогтоосон нотолгоо байхгүй зэрэг мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байхад шүүх энэ болгоныг анхаарч нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байдаг.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Д.Б- нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх...гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Магадлалд ... хохирогч ...замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон заалтыг санаатайгаар зөрчиж хөдөлгөөнд оролцож явсан нь гэм хор учрахад нөлөөлсөн байх тул Д.Б-н хариуцах гэм хорын хэмжээг 20 хувь буюу 1,025,800 төгрөгөөр багасгаж 4,032,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа болно.
Учир нь хэрэв жолооч Д.Т- согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцоогүй байсан бол осол гарахгүй байсан. Энэ жолоочоос болж осол үйлдэгдсэн. Тиймээс 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр “Тоёота гранд марк-2” тээврийн хэрэгслийн жолооч Б.Т- нь Замын хөдөлгөөний дүрмээр жолоочид хориглосон заалтыг санаатайгаар зөрчсөн гэдгийг мэргэжлийн шинжээч нар тогтоосон учир өөрт учирсан хохирлоо өөрөө хариуцах ёстой.
Харин ч согтуу жолоочийн балгаас болж шүүгдэгч Д. Б- нь сум хөгжүүлэх сангийн зээлээр 19,000,000 төгрөгийн үнэ бүхий иргэдийнхээ төлөө үйлчилгээнд явах зорилгоор худалдан авсан автобусанд 5,407,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан одоогоор засуулах боломжгүй, эдийн засгийн хувьд хүндрэлтэй, зээлээ төлж чадахгүй байдалд орсон, эрүүл мэндийн хувьд чих дүлийрч байгаа, донсолгоотой зам явах, хүнд юм өргөх үед чихнээс нь цус гардаг толгой байнга өвддөг өвчлөлтэй болсон зэрэг маш их хохирол амсаж байгаа билээ.
Давж заалдах шатны шүүх гэм буруугийн тал дээр дүгнэлт хийх боломжгүй нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “энэ зүйлийн 1.1, 1.2 -т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг ...шүүгдэгч ...түүний өмгөөлөгч ...эс зөвшөөрвөл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтаар шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан гэм буруутай эсэхийг дахин шийдвэрлэх үндэслэл байна гэж үзэн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.
Мөн шийтгэх тогтоол, магадлалд хохирогч Б.Т-т олгохоор шийдвэрлэсэн 4,032,000 төгрөгийн гэм хорын хохирлыг хэрэгсэхгүй болгуулах гомдлыг гаргаж байна” гэжээ.
Мөн шүүхэд хохирогч Б.Т- гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...ослоос болж хөлний өсгий бяцарч, баруун хөлний дунд чөмөг хугарсан эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, машинд их хэмжээний эвдрэл гарсан хохирол тус тус учирсан. Би тухайн үед бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа ба гаргасан зөрчилдөө хуулийн дагуу хариуцлагаа хүлээж 400,000 төгрөгөөр торгуулж, 1 жилийн хугацаагаар жолооны эрхээ хасуулсан.
Гэтэл энэ хэргийн холбогдогч Д.Б- янз бүрийн арга заль хэрэглэсээр хэргийн шийдвэрлэлтийг санаатай удаашруулж ирсэн ба зөвхөн шүүхэд хэрэг шилжсэнээс хойш анхан шатны шүүх хуралдааныг 3 удаа, давж заалдах шатны шүүх хуралдааныг санаатайгаар 1 удаа хойшлуулж, хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусган ял хариуцлагаас чөлөөлөгдөөд байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэдэг боловч өнөөдөр хохирсон хохирогч би хариуцлага хүлээж, гэм буруутай этгээд нь шударга бус байдлаар ямар ч хариуцлага хүлээхгүй үлдсэн, давж заалдах шатны шүүх хохирогч намайг давхар хохироож, надад төлөгдөх ёстой хохирлын мөнгийг 20 хувиар хасаж шийдсэн зэргийг үл зөвшөөрч байна.
Иймд Д.Б-ас 5,129,000 төгрөг гаргуулах тухай шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэрэгт гурван удаа техникийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд шүүгдэгч Д.Б- замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол болох шалтгаан гэж үзсэн. Хохирогч Б.Т- нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан заалтыг зөрчсөн бөгөөд энэ нь зөрчлийн шинжтэй байна гэж үзэн холбогдох арга хэмжээ авхуулсан. Шүүгдэгч Д.Б-н удаа дараагийн гаргасан хүсэлтийг шалгахаар удсан учраас энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хохирогч Б.Т- нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Б.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дээр тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан заалтыг зөрчсөний улмаас Б.Т-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Баттулгын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гаргасан зөрчил нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон гэж дүгнэн, түүний уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Б.Баттулгын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.
Түүнчлэн, хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь гэм хор учрах буюу түүний улмаас гарах хохирлын хэмжээ ихсэхэд нөлөөлсөн байх тул шүүгдэгч Б.Баттулгын хариуцах гэм хорын хэмжээг 20 хувь буюу 1,025,800 төгрөгөөр багасгаж, хохирогч Б.Т-т гэм хорын хохиролд 4,032,000 төгрөг гаргуулан олгож, 1,025,800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Иймд шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруу дээр маргаж буй учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй, иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах, ...мөн гэм хорын хохирлыг хэрэгсэхгүй болгуулах”, болон хохирогч Б.Т-ийн гаргасан “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх” агуулгатай гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Р.Атарцэцэг, хохирогч Б.Т-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН