Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 616

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганболд, Н.Оролжмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, Л.Ганчимэг нарыг оролцуулан “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Миат” ХК-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “М*******” ХХК

 

Хариуцагч: “Миат” ХК

Хаяг: Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа 45

Нэхэмжлэлийн шаардлага: “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” МИАТ 16/2016 дугаар тендерийн баримт бичгийг баталсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг хариуцсан Зам тээврийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 01/3443 дугаар бичигт заасан үүргийн дагуу “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх” МИАТ 16/2016-М тендерийн баримт бичгийг дахин боловсруулж, агаарын хөлөгт шатахуун нийлүүлэх тендерийг бүхэлд нь нэг багц болгон хуульд заасан журмын дагуу захиалагчид буюу “МИАТ” ХК-д тендер зарлуулахыг даалгуулах. 

ТОДОРХОЙЛОХ Нь:

Нэхэмжлэгч “М*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Mанай компани нь Агаарын хөлгийн шатахуун импортолж, агаарын хөлгийг цэнэглэх үйлчилгээ гэдэг дан ганц үйлчилгээ эрхэлдэг ИНЕГ-аас тусгай зөвшөөрөл бүхий агуулах, мэргэжлийн техник, мэргэшсэн ажилтнууд бүхий аж ахуй нэгж болно. “МИАТ” ХК нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх” 16/2016-М дугаарын тендерийн баримт бичгийг бэлтгэхдээ нэг ижил төрлийн бүтээгдэхүүнийг 6 багц болгон хувааж зарласан байгаа нь манай компанийн зүгээс уг тендерийн сонгон шалгаруулалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу үр ашигтай, хэмнэлттэй, чанар аюулгүй байдлыг ханган оролцох нөхцөлийг хязгаарлаж байна гэж бид үзэж байгаа тул нэхэмжлэл гаргасан болно. 

Манай компанийн иргэний нисэхийн салбарт агаарын хөлгийн шатахуун хангамжийн ажлыг 5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж зохих үүрэг нийгмийн хариуцлага хүлээж байгаагийн хувьд Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” тогтоолын хавсралтын 3.3-д заасан үндэсний аюулгүй байдал, олон нийтийн ашиг сонирхол, эрх ашгийг дээдлэн ажиллах зарчмын дагуу “МИАТ” ХК-аас зарласан уг тендер болон сонгон шалгаруулалт нь доорх нөхцөл шалтгаануудын улмаас тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд агуулагдсан ...өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, эдийн засгийн хэмнэлттэй, аюулгүй, хариуцлагатай байх зарчим алдагдсан, хуулийн 8.5, 8.7.1, 8.7.4 дүгээр зүйлүүдэд заасан тендер шалгаруулах худалдан авах ажлыг төлөвлөх журам зөрчигдсөн, мөн техникийн эдийн засгийн үндэслэл муутай, тендер шударга явагдах эсэхэд эргэлзэхээр нөхцөл байдалтай болсон тул дээрх холбогдох байгууллагуудад хүргүүлэхийн хамт шүүхэд хандахаар болсон юм. Тодруулбал:

Олон улсын тээврийн практикийг ажиглахад Агаарын хөлгийн шатахууны хангамж сумлах үйл ажиллагаа, шатахууны чанар аюулгүйн асуудал нь Олон улсын иргэний агаарын тээврийн хяналтын байгууллагын нягт тасралтгүй байх хяналт шаардлагын дор зохих журам, стандарт, аюулгүй шаардлагын иж бүрдэл шаардлага хангасан техник технологи үйл ажиллагааны процессыг бүрэн хангасан, шатахууны чанар нислэгийн аюулгүй байдлыг дотоодод болон гадаадад баталгаажуулсан, тогтвортой найдвартай эх үүсвэр бүхий мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлдэг байна. 

“МИАТ” XK нь жилийн хэрэгцээндээ Буянт-Ухаад агаарын хөлгийн 11000 орчим тонн шатахуун авахаар захиалж байхад Оросын Холбооны Улсын Шереметьево нисэх буудал 14 хоногт, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжингийн нисэх буудал нь 10 хоногт хэрэглэдэг гэдэг. 

Нэг л зориулалтаар хэрэглэгдэх нэг төрлийн бараа ажил үйлчилгээг нэг аж ахуй нэгжээр нэг мөр иж бүрэн хариуцлагатайгаар гүйцэтгүүлж үр дүнг хүлээн авч болох байтал “МИАТ” ХК нь уг тендерийг зарлахдаа тухайн бизнесийн талаар ойлголт багатай, хэт өрөөсгөл нэг талыг барьж, олон улсын жишигтэй харьцуулахад маш бага хэмжээгээр авах шатахууныг тэгш өрсөлдөх боломжийг олгохгүй олон багц болгон хувааж, олон тусдаа хамааралгүй байдлаар зарласан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.5, 8.7.1 дэх хэсэг зэрэг заалтыг тус тус зөрчсөн. 

“МИАТ” ХК нь тендер төлөвлөж зарлах болон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.7.1 дүгээр зүйл “Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо бүх багцын нийлбэр өртгийг үндэслэл болгох”, 8.7.4-д “Тухайн тендер шалгаруулалтын дүнгээр байгуулах бүх гэрээний үнийн дүнгийн нийлбэр нь хамгийн бага байх хувилбарыг” гэсэн зарчмуудыг чанд баримталсан бол, уг заалтуудыг зөрчөөгүй бол тендерийн бүх бараа ажил үйлчилгээг хямд үнээр авах нөхцөл бүрдэх юм. Гэтэл үл ойлгогдох эрх ашгийн үүднээс олон багц болгон хувааж байгаа нь тухайн худалдан авах барааны нийлүүлэлтийн зардлыг нэмэгдүүлэх, барааны чанар, аюулгүй байдлыг алдагдуулах нөхцөл байдалд хүргэж байгаа.

Монгол Улсын шатахууны нийт хэрэглээний нэгхэн хувь болох арван мянгахан тонн агаарын хөлгийн шатахууныг импортолж, Буянт-Ухаад агаарын хөлгийг сумлах иж бүрдэл ажлыг олон багц болгон хувааж, олон этгээдийг оролцуулснаар үйл ажиллагааны өртгийг багасгаж шахах боломжгүй болгохын хамт гадаадаас нийлүүлэх үнийг буулгах болон тогтвортой байлгах боломжийг багасгасан. Тухайлбал: 1 компанид 2 компани өөр өөр шатахуун нийлүүлж, 2 өөр баазад хадгалж, 2 өөр шатахуун сумлах баазаар дамжуулахаар болж байгаа нь нэг иж бүрдэл үйлчилгээний үнэ 1 тонн тутамд даруй 300.000₮-өөр өсөхөд хүргэж байна. 

Түүнчлэн өөр өөр компанийн нийлүүлэх шатахууны чанар нь нислэгийн аюулгүй байдалд нийцэх эсэх баталгаа харилцан адилгүй, манай компанийн өөрийн импортлон оруулж ирдэг, хадгалж байгаа агаарын хөлгийн шатахууны чанар, стандарттай зөрчсөн тохиолдолд өөрийн агуулахын нэг саванд хадгалах боломжгүй, мөн өөр өөр этгээдүүдийн нийлүүлсэн өөр өөр стандартын эсхүл стандартад нийцээгүй шатахууныг өөрийн компанийн нэг сумлагчаар сумласан тохиолдолд “МИАТ” XK болон бусад авиа компаниудад нислэгийн аюулгүй ажиллагааны баталгаа гаргаж өгч хариуцлага хүлээх боломжгүй болох нь нэгэнт тодорхой тул энэ талаар Зам тээврийн яам, Төрийн өмчийн хороо болон “МИАТ” ХК-д анхааруулсан.

Дээр дурдсан нөхцөл байдлын улмаас Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн хамгийн эрхэм зорилго болох Монгол Улсын гадаад харилцааг найдвартай хангах, дотоодын болон гадаад нислэгийг тогтмол үйлдэх, нислэгийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна гэж үзэж байна. 

“МИАТ” XK нь агаарын хөлөгт шатахуун нийлүүлэх тендерийг жил бүр зарладаг бөгөөд 2015 онд зарлахдаа мөн 6 багцад хуваан зарласныг нь манай компанийн зүгээс өмнө нь буюу 2015 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Зам тээврийн яам, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол, нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн байдаг. Тодруулбал: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1/951 дүгээр албан бичгээр “МИАТ” ХК “Aгаарын хөлгийн шатахуун нийлүүлэх” 08/2015 дугаар тендерийн баримт бичгийг 6 багц болгосон нь нийлүүлэхээс сумлах хүртэлх үйл ажиллагааг олон шат дамжлагатай болгон хувааж эдийн засгийн хувьд үр өгөөжгүй, зардлын хувьд өндөр байхаар байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.7.1, 8.7.4 дэх заалт, мөн Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж байна” гэж тогтоон тендерийн баримт бичгийг хуульд нийцүүлэхийг үүрэг болгосон байдаг.

Харин Зам тээврийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 01/3443 тоот албан бичгээр “MИАТ” ХК-аас 11000 тонн шатахууныг 6 багц болгон хуваан тендер зарласан нь агаарын хөлгийн шатахууны чанар, аюулгүй байдлын стандартыг хангах,үр ашигтай байдлыг эрсдэлд оруулж байна гэж, “МИАТ” ХК-аас 2015 онд зарласан тендерийг хүчингүй болгож … нэг иж бүрдлээр багц болгож шийдвэрлэхийг “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захиралд үүрэг болгосон. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах МИАТ-08/2015 дугаарын тендерийн баримт бичгийг илт хууль бус болохыг тогтоож, уг тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нь “…агаарын хөлгийн 11000 тонн шатахууныг 7700, 3300 гэсэн тэнцүү бус хэмжээнд болон олон үйлдэлд хуваасан нь “Худалдан авах ажиллагаанд өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим алдагдсан. Ингэснээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг зөрчсөн байна” гэж дүгнэсэн. 

Гэтэл дахин “МИАТ” ХК-аас 20106 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Aгаарын хөлөгт шатахуун нийлүүлэх” 16/2016-M дугаартай тендерийг цахимаар зарлахдаа уг тендерийг нийлүүлэхээс сумлах хүртэл олон шат дамжлагатай болгон хуваан нэг ижил барааг 6 багц болгон хувааж зарласан нь эдийн засагт үр өгөөжгүй, зардлыг өндөр болгож төрийн өмчийг үр ашиггүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн, хуульд нийцээгүй шалгуурыг тавьж байгаа үйлдэл болж байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.7.1, 8.7.4 дэх заалт, мөн Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтыг тус тус дахин зөрчиж байна. 

Иймд “MИАТ” ХК-ийн удирдлагууд агаарын хөлөгт шатахуун нийлүүлэх тендерийг зарлахдаа олон багц болгон хуваасан болон нэг ижил барааг хэмжээний хувьд хувааж багц болгож байгааг хууль бус болохыг тогтоосон төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэр байгаа бөгөөд нэг багц болгон зарлаж хуульд нийцүүлэх үүрэг даалгаврыг өгсөөр байхад анхнаасаа хууль зөрчиж зарлаж байгаа уг тендерийн сонгон шалгаруулалтыг түр түдгэлзүүлэн шалгаж, тендерийн баримт бичгийг баталсан захиалагчийн шийдвэр, тендерийн баримт бичгийг илт хууль бус болохыг тогтоож, агаарын хөлөгт шатахуун нийлүүлэх тендерийг нэг иж бүрдэл багц болгон дахин зарлахыг “МИАТ” ХК-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ. 

Хариуцагч “Миат” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн 2016-2017 онд авах агаарын хөлгийн шатахууны тендерийг 6 багц болгон зарласантай холбогдуулан тендерт оролцогч “М*******” XXK-ийн зүгээс Тендерийн баримт бичиг илт хууль бус болохыг тогтоож, агаарын хөлөгт шатахуун нийлүүлэх тендерийг нэг иж бүрдэл болгон дахин зарлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. 

“МИАТ” ТӨХК-аас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Aгаарын хөлгийн шатахуун нийлүүлэх компани сонгон шалгаруулах тухай” 16/2016-M тоот 6 багц бүхий болгох, нэг аж ахуйн нэгжийн хараат байдлаас гарах үүднээс Tөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарласан. Үүнд:

Багц №1 Агаарын хөлгийн 6,000 тонн шатахуун Улсын хил нөхцөлөөр нийлүүлэх.

Багц №2 Агаарын хөлгийн 6,000 тонн шатахуун Улсын хил нөхцөлөөр нийлүүлэх.

Багц №3 Агаарын хөлгийн 6,000 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулгын үйлчилгээ үзүүлэх.

Багц №4 Агаарын хөлгийн 6,000 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулгын үйлчилгээ үзүүлэх.

Багц №5 Агаарын хөлгийн 6,000 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх 

Багц №6 Агаарын хөлгийн 6,000 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх тендер болно.

Хууль зүйн үндэслэл нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар худалдан авах ажиллагааны гол зарчим нь худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх бөгөөд “МИАТ” ХК 16/2016-М тоот тендерийн баримт бичиг нь дээрх зарчмын шаардлагад нийцсэн. 

Худалдан авах ажиллагааны журмыг сонгох талаар хуулийн 8 дугаар зүйлд тодорхой зохицуулагдсан. 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус бүрээр дараах босго үнийг тогтооно гэсний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор “МИАТ” ХК-ийн 16/2016-М тоот тендерийн бүх багц нь 50,000,000 төгрөгөөс дээш буюу нээлттэй тендер шалгаруулалтад хамаарч байна. 

Түүнчлэн хуулийн 8.5-д босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно гэсэн ба манай 08/2015 тоот тендерийн баримт бичиг нь нээлттэй тендер шалгаруулалтад хамаарч байгаа тул хуульд нийцэж байгаа. 

Мөн хуулийн 8.6-д заасан Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж тендер шалгаруулалт явуулж болно гэсэн заалтын дагуу 6 багцад хувааж тендер шалгаруулалт явагдсан болно.

Тухайлбал тендерийг:

1-рт: Агаарын хөлгийн шатахууныг улсын хил нөхцөлөөр нийлүүлэх;

2-рт: Шатахууныг дамжуулан хадгалах, агуулахын үйлчилгээ үзүүлэх;

3-рт: Шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх гэж гурван багц болгосон нь хуулийн 8.6-д заасан бараа, ажил, үйлчилгээг зориулалтаар нь багцад хувааж болно гэсэнтэй нийцэж байгаа.

Мөн дээрх багцад тулгуурлан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 7.3, Монгол улсын Засгийн газраас өгсөн чиглэл, өрсөлдөөнийг бий болгох, нэг аж ахуй нэгжийн хараат байдлаас гарах үүднээс хуулийн дээрх заалтад заасан нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан авах шатахууны хэмжээг 6,000тн болон 6,000 тн гэж хуваасан. Энэ нь газар зүйн хувьд хойд болон урд хилээр, хэрэв нэг улсаас нийлүүлэх тохиолдолд бүс нутаг, бусад хотуудад байрлах нефть боловсруулах үйлдвэрүүдээс нийлүүлэлт хийж өрсөлдөөнийг бий болгох, улмаар шатахууны үнэ тогтвортой байх, тасралтгүй найдвартай бүтээгдэхүүнээр хангах улмаар хариуцлагатай байх бололцоог бий болгосон. 

Түүнчлэн нэр төрлийн хувьд “BOEING” компанийн заавар, үйлдвэрлэгчийн зааварт зааснаар агаарын хөлгийн шатахуун нь ТС-1 болон ЖЕТ А-1 гэсэн хоёр төрөлтэй байдаг бөгөөд эдгээр шатахуунуудыг ‘’МИАТ” ХК-д ашиглаж байгаа “Бойнг” агаарын хөлгүүдэд ашиглах боломжтой. Эдгээр агаарын хөлгүүдийн шатахууныг агаарын хөлгийн шатахууны саванд хольж сумлаж болдог боловч тээвэрлэх, зориулалтын саванд хадгалахад хольж болдоггүй. Нэхэмжлэгч агаарын хөлгийн шатахууныг 6,000 тн болон 6,000 тн гэж хувааснаар “худалдан авах ажиллагаанд ... өрсөлдөх, тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим алдагдсан, техник эдийн засгийн үндэслэлгүй, тендер шударга явагдах эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэжээ. 

Харин ч 2013 оноос өмнө “МИАТ” ХК тендер зарлаж ганц нийлүүлэгчээс агаарын хөлгийн шатахууныг агуулахад болон агаарын хөлгийн далавчинд сумлах нөхцөлөөр авч ашиглаж байсан ба энэ нь нийлүүлэгч дураараа үнээ нэмэгдүүлэх, шатахуун үйлдвэрлэгчээс агаарын хөлгийн далавчинд сумлах хүртэл ямар зардал гардаг, тэр зардал нь ямар нөхцөл байдлаас үүсэж өссөн зэргийг хянах боломжгүйгээс нэг компанийн хараат байдалд орох, улмаар нислэгийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, шатахууны зардал асар их хэмжээгээр нэмэгдсэнээр компани ашиггүй ажиллах нөхцөлийг байнга бүрдүүлж байсан. Энэ нь нөгөө талдаа зорчигчийн билетийн үнэ нэмэгдэх үндсэн шалтгаан болдог. 

Агаарын хөлгийн шатахууны зардал нь манай компанийн хамгийн том зардал ба бид 2013 оноос агаарын хөлгийн шатахууныг хэд хэдэн багц болгож холбогдох зардлуудыг хянаж, өрсөлдөөнийг бий болгосноор сүүлийн жилүүдэд “МИАТ” ХК ашигтай ажиллаж чадсан. 

“М*******” ХХК нь тендерийн баримт бичигтэй холбоотой гомдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт гаргасан ба тус газраас гомдлыг шалгаад, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1/854 дугаар албан бичгээр тендерийн албан бичгийг хэвээр үлдээж, олон талт өрсөлдөөнийг бүрдүүлэн саадгүй тендер шалгаруулалтыг явуулахыг мэдэгдсэний дагуу 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 11.00 цагаас тендерийг тендерт оролцогчдыг байлцуулан нээсэн болон. 

Иймд 16/2016-М тоот тендерийн баримт бичиг нь агаарын хөлгийн шатахууныг аж ахуй нэгжүүд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой байдлаар нийлүүлэх, нийлүүлэгч болон худалдан авагч талууд харилцан үр ашигтай, хэмнэлттэй ажиллах, нийлүүлэгч талууд хариуцлагатайгаар гэрээний үүргээ биелүүлэх, ингэснээр Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн байх, зорчигч хэрэглэгчдэд тогтвортой үнээр үйлчлэх нөхцөлийг бүрэн хангаж чадсан тул “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М*******” ХХК нь “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх” 16/2016-М дугаарын тендерийн баримт бичгийг бэлтгэхдээ нэг ижил төрлийн бүтээгдэхүүнийг 6 багц болгон хувааж зарласан нь тендерийн сонгон шалгаруулалтад үр ашигтай, хэмнэлттэй, чанар аюулгүй байдлыг ханган оролцох нөхцөлийг хязгаарлаж байна гэх үндэслэлээр “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” МИАТ16/2016 дугаар тендерийн баримт бичгийг баталсан шийдвэрийг илт хууль болохыг тогтоолгох, Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг хариуцсан Зам тээврийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 01/3443 дугаар бичигт заасан үүргийн дагуу “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх” МИАТ 16/2016-М тендерийн баримт бичгийг дахин боловсруулж, агаарын хөлөгт шатахуун нийлүүлэх тендерийг бүхэлд нь нэг багц болгон хуульд заасан журмын дагуу захиалагчид буюу “МИАТ” ХК-д тендер зарлуулахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлд “Худалдан авах ажиллагааны журмыг сонгох” 8.1-д “Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус бүрээр дараах босго үнийг тогтооно” гэсний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор “МИАТ” ХК-ийн 16/2016-М тоот тендерийн бүх багц нь 50,000,000 төгрөгөөс дээш буюу нээлттэй тендер шалгаруулалтад хамаарч байна. 

“МИАТ” ХК-аас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Aгаарын хөлгийн шатахуун нийлүүлэх компанийг сонгон шалгаруулах тухай” 16/2016-M тоот тендерийг дараах байдлаар багц болгон зарлажээ. 

Багц №1 Агаарын хөлгийн 6,000 тонн шатахуун Улсын хил нөхцөлөөр нийлүүлэх.

Багц №2 Агаарын хөлгийн 6,000 тонн шатахуун Улсын хил нөхцөлөөр нийлүүлэх.

Багц №3 Агаарын хөлгийн 6,000 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулгын үйлчилгээ үзүүлэх.

Багц №4 Агаарын хөлгийн 6,000 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулгын үйлчилгээ үзүүлэх.

Багц №5 Агаарын хөлгийн 6,000 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх 

Багц №6 Агаарын хөлгийн 6,000 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх. 

Ийнхүү багц болгосон үндэслэлээ хариуцагч “...“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар худалдан авах ажиллагааны гол зарчим нь худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмын шаардлагад нийцсэн...”, ...мөн хуулийн 8.5-д “энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно гэсэн ба манай 08/2015 тоот тендерийн баримт бичиг нь нээлттэй тендер шалгаруулалтад хамаарч байгаа тул хуульд нийцэж байгаа” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж тендер шалгаруулалт явуулж болно” гэсний дагуу тухайн тендерийг дараах байдлаар 

1-рт: Агаарын хөлгийн шатахууныг улсын хил нөхцөлөөр нийлүүлэх; 

2-рт: Шатахууныг дамжуулан хадгалах, агуулахын үйлчилгээ үзүүлэх; 

3-рт: Шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх гэж гурван багц болгосон нь хуулийн холбогдох заалттай нийцэж байна гэж шүүх дүгнэв. 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд агаарын хөлгийн шатахуун нь ТС-1 болон ЖЕТ А-1 гэсэн хоёр төрөлтэй байх бөгөөд эдгээр шатахуунуудыг ‘’МИАТ” ХК-д ашиглаж байгаа “Бойнг” агаарын хөлгүүдэд ашиглах боломжтой, агаарын хөлгийн шатахууны саванд хольж сумлаж болдог боловч тээвэрлэх, зориулалтын саванд хадгалахад хольж болдоггүй байна. Мөн “...“МИАТ” ХК 2013 оноос өмнө ганц нийлүүлэгчээс агаарын хөлгийн шатахууныг агуулахад болон агаарын хөлгийн далавчинд сумлах нөхцөлөөр авч ашиглаж байсан нь нэг компанийн хараат байдалд орох, улмаар нислэгийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, шатахууны зардал асар их хэмжээгээр нэмэгдсэнээр компани ашиггүй ажиллах нөхцөлийг байнга бүрдүүлж байсан, ...2013 оноос агаарын хөлгийн шатахууныг хэд хэдэн багц болгож холбогдох зардлуудыг хянаж, өрсөлдөөнийг бий болгосноор сүүлийн жилүүдэд “МИАТ” ХК ашигтай ажиллаж чадсан...” гэх тайлбар нь үндэслэлтэй байх бөгөөд нотлох баримтаар тогтоогдож байна. 

Иймд хариуцагчийн “...өрсөлдөөнийг бий болгох, нэг аж ахуй нэгжийн хараат байдлаас гарах үүднээс барааны нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан авах шатахууны хэмжээг 6,000 тн болон 6,000 тн гэж хуваасан нь газар зүйн хувьд хойд болон урд хилээр, хэрэв нэг улсаас нийлүүлэх тохиолдолд бүс нутаг, бусад хотуудад байрлах нефть боловсруулах үйлдвэрүүдээс нийлүүлэлт хийж өрсөлдөөнийг бий болгох, улмаар шатахууны үнэ тогтвортой байх ... бололцоог бий болгосон” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн “...агаарын хөлгийн шатахууныг 6,000 тн болон 6,000 тн гэж хувааснаар худалдан авах ажиллагаанд ... өрсөлдөх, тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим алдагдсан, техник эдийн засгийн үндэслэлгүй, тендер шударга явагдах эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн...” гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн 7.3-т “агаарын хөлгийн шатахууныг харилцан хамааралгүй олон эх үүсвэрээс бүрдүүлж, чөлөөт өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжинэ” гэж заасныг тухайн тендерийн баримт бичигт тусгасныг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд “М*******” ХХК нь тендерийн баримт бичигтэй холбоотой гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар шалгаж, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1/854 дугаар албан бичгээр тендерийн албан бичгийг хэвээр үлдээж, олон талт өрсөлдөөнийг бүрдүүлэн саадгүй тендер шалгаруулалтыг явуулахыг мэдэгдсэн байна.

Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч “МИАТ” ХК-ийн зорилго нь аль болох хамгийн хямд цэгээс хямд үнээр шатахуун худалдан авах өөрөөр хэлбэл шударга өрсөлдөөнийг бий болгож тендерийг багцад хувааснаар зардлаа тухай бүр хянах боломжтой болдог гэх бөгөөд ингэснээр нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн “МИАТ” ХК-аас зарласан тендерийн бүх багцад үнийн саналаа өгч оролцож, шударгаар өрсөлдөх боломжийг хариуцагчийн зүгээс хязгаарлаагүй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэлүүд тогтоогдсон байх явдал юм. “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” МИАТ 16/2016 дугаар тендерийн баримт бичгийг баталсан шийдвэр илт хууль бус байх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна. 

Түүнчлэн захиргааны акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхаар мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон байх ёстой тул нэхэмжлэгчийн “...“МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” “МИАТ 16/2016” дугаар тендерийн баримт бичгийг баталсан шийдвэрийг илт хууль болохыг тогтоолгох, ... “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх” “МИАТ 16/2016-М” тендерийн баримт бичгийг дахин боловсруулж, агаарын хөлөгт шатахуун нийлүүлэх тендерийг бүхэлд нь нэг багц болгон хуульд заасан журмын дагуу захиалагчид буюу “МИАТ” ХК-д тендер зарлуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.6, 8.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” МИАТ 16/2016 дугаар тендерийн баримт бичгийг баталсан шийдвэрийг илт хууль болохыг тогтоолгох, Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг хариуцсан Зам тээврийн сайдын 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 01/3443 дугаар бичигт заасан үүргийн дагуу “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх” МИАТ 16/2016-М тендерийн баримт бичгийг дахин боловсруулж, агаарын хөлөгт шатахуун нийлүүлэх тендерийг бүхэлд нь нэг багц болгон хуульд заасан журмын дагуу захиалагчид буюу “МИАТ” ХК-д тендер зарлуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Н.ДОЛГОРСҮРЭН