Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 85

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч Л.Мажигсүрэн,

            Хохирогч Ц.Баярцогт,

Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020716 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 05-нд Увс аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Олон улсын гадаад харилцааны  ажилтан мэргэжилтэй, “Мөнх Резортс Монголиа” ХХК-д захирал ажилтай, ам бүл-1, Хан-Уул дүүрэг 5-р хороо Яармаг 9-254 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Гэгээнтэн цогцолбор” хотхоны 3-41 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Зуутраг овогт Эрдэнэ-Очирын Мөнхцэцэг /регистрийн дугаар ОЮ 92050526/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Мнь хуурч мэхлэх зорилгоор цахим хэрэгсэл буюу фэйсбүүк ашиглаж, “Болор Луна” гэх хаяг нээж, 2016 ны 12 дугаар сард хохирогч Ц.Баярцогттой өөрийгөө Лайна гэж танилцаж улмаар Монгол улсад оршин суудаг атлаа өөрийгөө "Шунхлай шатахуун түгээх" станцын захирал П.Батсайханы дүү гэж итгүүлэн Англи улсад амьдарч, суралцдаг гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Оросын Холбооны Улсын Москва хотод байна. Манай дүүгийн төрсөн өдөр болох гэж байна би 3 хоногийн дараа Монгол улсад очно гар утас аваад өгчих очоод мөнгийг нь өгнө” гэж 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1750 000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне-7” маркийн гар утас,

мөн “Москва хотод хагалгаанд орох болчихлоо 1000 ам доллар зээлүүлээч миний найз Мөнхцэцэг Москва хотод ирэх гэж байгаа түүнд өгөөд явуулчхаарай” гэж 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 800 ам доллар,

мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Англи Улсын Лондон хот руу явах гэсэн мөнгө хэрэг болчихлоо, Шунхлай группийн захирал П.Батсайхан манай ах, түүний Худалдаа хөгжлийн банкны 498032805 дугаартай данс руу 10000 ам доллар шилжүүлчих, би Лондонд очоод авсан мөнгөө буцаагаад өгнө.” гэж иргэн П.Батсайханы Худалдаа хөгжлийн банкны 498032805 дугаартай данс руу 10000 ам доллар шилжүүлүүлж, улмаар 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр П.Батсайхантай утсаар холбогдож уг 10000 ам долларыг “гадаад улс руу явах хүнд өгөх болчихлоо бэлнээр авах хэрэгтэй байна” гэж Шунхлай группийн захирлын туслах Ц.Идэрбүргэдээс уг 10000 ам долларыг авч, нийт хохирогч Ц.Баярцогтоос 28.456.224 төгрөг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд “…2016 оны 12 дугаар сарын 13 өдөр Баяраа Баярцогт гэдэг “фейсбүүк хаягаас “Hi сайн уу” гэж мессэж бичсэн байсан. удаа дараа мессэж бичсэн байсан. би өөрийн фейсбүүк хаягаа 2015 оны 05 дугаар сард нээсэн байсан. Би тухайн үед монголын вэб сайтын холбоо буюу “Болод.мн” 15 сайт хариуцсан менежерээр ажилладаг байсан. Баярцогт удаа дараа сайн уу хоёулаа уулзъя гэж мессэж бичдэг байсан. Би өөрийн Болор лайна гэдэг хаягаас Баярцогтод би Лондонд сурдаг талаараа хэлсэн. Миний хаяг руу олон хүн мессэж бичдэг. Хамгийн их мессэж бичдэг хүн бол Баярцогт, Батсайхан хоёр их бичдэг байсан. Би өөрийн фейсбүүк хаягаа ажлын шугамаар нээж байсан болохоос биш ямар нэгэн байдлаар хүн залилна, мөнгө төгрөг олох санаа зорилго байгаагүй. Баярцогт өөрийн хүсэлтээр уулзъя мөнгө төгрөг хэрэгтэй байна уу мөнгө шилжүүлье, чи юу хиймээр байна, юу авмаар байна, бенз машин авч өгөх үү, танай ээж, дүүд чинь бэлэг авч өгье чамд ямар ямар асуудал үүсэж байна би монголд танил тал олонтой намайг танихгүй хүн гэж байхгүй гэж удаа дараа хэлж байсан. Би удаа дараа татгалзаж байсан 200 гаруй мессэж болох баримт надад байна. Би энэ хэргийг үйлдэх дээ шүүгдэгч өөрөө эд зүйл мөнгө авах уу гэж удаа дараа хэлж байсан болохоор мөнгөний хэрэгцээ гараад мөнгө авсан үнэн, энэ хэрэг гарах эх үүсвэрийг хохирогч өөрөө үүсгэсэн. Би хохирогчийг залилан гэж бодоогүй, Батсайхан бол мөн адил юу хэрэгтэй байна, чамд тусалж чадна шүү гэж олон зүйл бичдэг байсан. Би хохирогчоос өөрийн хүсэлтээр болон дарамт шахалт үзүүлж мөнгө төгрөг аваагүй. Хохирогчид миний дүүд бэлэг авч өг гэж хэлээгүй. Би мөнгө нэхээгүй байхад 800 долларыг над руу шилжүүлсэн. Над руу 800 доллар гэдгийг мэдээгүй хохирогч чам руу юм илгээнэ гэж хэлсэн. Би сүүлдээ хохирогчоос айсан бүх зүйлийг мөнгөөр шийдэх гээд байсан. Хамгийн сүүлд хохирогчид бүх зүйлээ үнэнээр хэлэхэд би чамаас заавал хариугаа авна, чамайг шоронд хийнэ гэж над руу мессэж бичсэн. Хохирогчоос авсан бүх зүйлээ өгье гэхэд хохирогч одоо чамаас юу авах юм чи намайг доромжилж ханахгүй байна уу гэж над руу мессэж бичсэн. Над шиг эргүү амьтан байдаг болов уу хүүхний зурагт дурлаад мөнгө шилжүүлдэг гэж бичсэн зурвас нь байгаа. Хохирогч сүүлдээ би эхнэр хүүхэдгүй, гар хангалга хийдэг зэрэг олон зүйл бичиж байсан. Тайланд амарсан найз нөхөд болон өөрийн зургаа над руу илгээсэн, маргааш нь би согтуу учраас баахан зургаа шилжүүлчихлээ гэж хэлсэн. Надад хохирогчийг залилан мэхэлсэн зүйл байхгүй…” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…bоlог batkhuyag гэсэн фэйсбүүк хаягийг би 2016 оны 5 сард ажлын зорилгоор нээсэн, фэйсбүүк хаяг дээрх зураг бол миний таньдаг хүний зураг байгаа юм. Би сошиал цахим сүлжээгээр байгууллагуудын үйл ажиллагааг таниулах сурталчлах таниулах ашиг орлогыг нэмэгдүүлэх ажил хийдэг. Энэ ажилд маань фэйсбүүктээ олон найзтай аккаунт хэрэгтэй байдаг юм. Тэгээд царайлаг эмэгтэйн зураг хайж байгаад тэр эмэгтэйн зургуудыг олж хийсэн. Царайлаг эмэгтэйн зурагтай фэйсбүүкт найз олон болдог юм. 2016 оны 12 дугаар сард Баярцогт өөрөө bоlог batkhuyag хаяг руу найзын хүсэлт явуулсан. Тэгэхээр нь би найзаараа элсүүлсэн. Тэгсэн чинь Баярцогт над руу Сайн уу, танилцъя. хаана юу хийдэг вэ гээд нилээд олон удаа бичсэн эхэндээ би танихгүй учраас түүнтэй харилцаагүй. Тэгтэл Баярцогт нэг удаа чи Монголд байдаг уу, хэрвээ байдаг бол уулзъя гэсэн тэгэхээр нь би тэр үед завтай байсан учраас hi гэж бичдэг тэгэхээр нь би өөрийгөө Лондонд сурдаг Лайяна гэж танилцуулаад харилцаж эхэлсэн. Тэгээд бараг нэг сар мессэж бичсэн нэг өдөр Баярцогт -чи визнийхээ зургийг явуулчих хоёулаа Тайландад уулзъя, Солонгост уулзъя, чамд хэрэгтэй юм байна уу, би авч өгье, миний туслалцаа хэрэгтэй бол ямар ч асуудалгүй хэлээрэй гэж байнга хэлдэг байсан. Би тухайн үед фэйсбүүкт байнга зураг хийдэг байсан, тэгээд ковер зургаа байнга сольдог байсан тэгэхээр хандалт маш их болдог юм. Тэгсэн чинь Баярцогт над руу гадаадад байна гээд зургаа явуулаад байдаг байсан би Солонгост байна чамд хэрэгтэй юм байна уу, бэлэг авах уу, яах уу гээд байн байн бичээд байхаар нь би надад хэрэгтэй юм байхгүй ээ надад чамаас юм авах шаардлага байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Баярцогт надаас дүүдээ ч юмуу ээждээ ч юм уу бэлэг захихгүй юм уу гэж хэлсэн. Тухайн үед манай дүү Э.Мөнхбүрэн Дархан хотоос ирчихсэн байсан юм Тэгээд би Баярцогтод манай дүүгийн төрсөн өдөр болж байгаа гэж хэлэхэд, -за тэгвэл би бэлэг бэлэглье, юу бэлэглэхээ өөрөө мэдье гэхээр нь би Э.Мөнхбүрэнгийнхээ дугаарыг өгсөн. Баярцогт хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна манай дүүд гар утас бэлэглэсэн байсан манай дүү тэр утсыг нь оролдож байгаад цоожлуулаад өөрөө Баярцогт руу ярьж янзлуулсан байсан. Тэгээд манай дүү Дархан руу явахдаа тэр утсаа надад үлдээгээд явсан одоо тэр нь надад байгаа цагдаад баригдахдаа хураалгасан. Энэнээс хойш Баярцогт над руу мессэж бичээд би хариуд нь бичээд л явдаг байсан. Би 7 хоногт 2 удаа мессэж бичдэг байсан учир нь Лондонгийн цагтаа тааруулах гэж тэгж бичдэг байсан. 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Москва хот руу явах ажилтай байсан тэгээд bоlог batkhuyag хаягаасаа Баярцогт руу Москвад ирчихлээ гэж хэлсэн. Тэр би Москвад очно гэхээр нь би яахын бэ би удахгүй Монголд очно гэсэн тэгээд би түрийвчээ алдчихлаа гэж хэлсэн чинь, Баярцогт би чам руу мөнгө явуулъя, энийг буцалтгүй тусламж гэж ойлгоорой гэж байсан. Тэгэхээр нь би удахгүй манай найз Мөнхүүш энд ирэх гэж байгаа гэсэн чинь найзынхаа дугаарыг өгчих гэсэн тэгээд би өөрийнхөө 99805699 дугаарыг өгсөн. Маргааш нь миний дугаар руу Баярцогт ярихаар нь би Мөнхцэцэг болж ярьсан. Тэгээд надад мөнгө өгье би хүргээд өгье гэж хэлсэн, тэгээд Их дэлгүүр дээр явж байхад Баярцогт залгаад уулзаад тэгээд тэр 800 ам.долларыг надад тоолж өгсөн, тэр мөнгийг би өөрөө өөртөө зарцуулаад үрээд дууссан. Тэгээд Ц.Баярцогттой Лайяна болж мессэж бичиж байгаад Монгол улсад ирсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь Баярцогт Лайянаатай уулзъя гэж байн байн өдөр шөнөгүй залгаад байхаар нь би фэйсбүүкээ хаачихсан, тэгсэн чинь миний 99805699 дугаар руу залгаад Лайянаг олоод өгөөч , би Лайянаатай уулзмаар гээд өдөр шөнөгүй залгаад байсан тэгээд надтай хүртэл уулзсан. Тэгээд “bоlог batkhuyag” хаягаар Лайяна болж Баярцогтод -ар гэр асуудал гарсан уулзахгүй, хичээл рүү Лондон руугаа явлаа, чамаас авсан зүйлээ өгье гэхэд -би тэр юмнуудыг буцааж авахгүй. чи надад нэг царайгаа харуулчих , би эхнэр хүүхдээсээ салчихсан, чи надтай амьдар. би чиний сургуулийн чинь асуудлыг зохицуулна гэхээр нь би -болохгүй ээ маш их төлбөр төлөх ёстой, Монгол шиг биш чөлөө авахад маш их асуудалтай гэхэд -би чиний сургалтын төлбөрийг чинь өгье, чи онлайнаар хичээлээ авчих, ямар ч асуудалгүй би шийдээд өгнө, чи дансаа өгчих гэж хэлсэн. Тухайн үед П.Батсайхан гэдэг хүн өөрийнхөө фэйсбүүкээр “bоlог batkhuyag”-рүү бас найзын хүсэлт илгээгээд би Лайяна гэж өөрийгөө танилцуулаад харилцаж байсан юм. Тэгээд П.Батсайханаас дансных нь дугаарыг аваад Баярцогт руу Лайяна болж явуулаад П.Батсайханы дансаар Ц.Баярцогтоос 10.000 ам.доллар авч түүнийг жолооч нь надад авчирч өгсөн. Тэгээд тэр 10.000 ам.доллараар би приус-30 автомашиныг 12сая төгрөгөөр өөрийн хүргэн Мөнхтөмөрийн нэр дээр худалдаж авсан. Үлдсэн мөнгийг нь өөртөө зарцуулаад үрээд дууссан. Батсайхан Монголд ирсэн юм чинь дугаар дулаан хувцас хэрэгтэй гээд 90482233 гэсэн дугаарыг Говь брендийн бээлий, ороолт, малгайтай өгсөн. Малгайг нь хаячихсан, бээлий ороолт нь гэрт байгаа. Ц.Баярцогт, П.Батсайхантай харилцаж байсан мессэжүүд надад байгаа би өөрөө батлан даалтад гарч байж гаргаж өгнө яагаад гэвэл миний имэйл хаяг дээр байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл Ц.Баярцогтын хохирлыг хураагдсан Ай Фоне-7 гар утас, Приус-30 автомашиныг авсан үнийн дүн болох 12 сая төгрөгт тооцуулан төлж барагдуулах хүсэлтэй байна. Мөн үлдэгдэл хохирлыг батлан даалтад гарч байгаад тодорхой хугацаанд төлж барагдуулмаар байна, одоо бол миний эрхэлдэг ажил ашиг олдог үе учир батлан даалтад гаргаж өгөөч ээ, би гарч ажлаа хийж үлдэгдэл хохирлыг барагдуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-85-86/,

 

Хохирогч Ц.Баярцогт шүүх хуралдаанд “…2016 оны 12 сарын эхээр миний фэйсбүүк хаягаар Лайна гэж эмэгтэй хүнээс найзын хүсэлт ирүүлсэн байсныг хүлээж аваад хаягт байгаа зургийг үзэхэд царайлаг бүсгүйн зураг байсан. Тэгээд харилцан мессэж бичиж эхлэхэд Лайна надад би монгол хүн 10 гаран жил монголд байгаагүй талаар надад хэлж байсан. сар гаран хоорондоо харилцсан. Удахгүй монгол ирнэ гэж надад хэлсэн. Тэгээд монгол ирэхээсээ өмнө Москвад хэд хоногийн ажилтай гэж хэлсэн. Тэгтэл шүүгдэгч хэтэвч болон хамаг зүйлээ алга болгочихлоо, надад туслах боломж байна уу гэсэн мессэж ирүүлсэн. Мөн надад өөрөө хагалгаанд орох болчихлоо гэж хэлсэн би урдаас нь дансны дугаараа өгчих гэж хэлсэн чинь надад данс байхгүй миний найз Мөнхүүш гэдэг хүнтэй уулзаад мөнгөө өгчих гэж хэлсэн. Тэгээд би “Их дэлгүүр”-н хажууд шүүгдэгчийн найзтай уулзаж 800 долларыг өгсөн. Найз гэдэг нь шүүгдэгч Мөнхцэцэг нь өөрөө юм байна. Мөнхцэцэг өөрийгөө Лайна гэдэгтэй хүнтэй 10 жил найзалж байгаа талаар хэлсэн. Тэгээд удалгүй Лайна над руу хагалгаа амжилттай болоо, удахгүй монголд очно гэж хэлсэн. Шүүгдэгч дүүтэйгээ 10 жил уулзаагүй, дүүгээ төрөөд удаагүй байхад нь Англи улсад ажиллаж амьдрах болсон. Надад итгэл төрүүлтэл надад хэлсэн. Шүүгдэгч надад дүүтэйгээ 10 жил уулзаагүй учраас гоё бэлэг авч өгмөөр байна чи боломжтой бол наанаасаа бэлэг аваад өгчих гэж хэлсэн. Би монголд очихоороо мөнгийг өгье гэж хэлсэн. Шүүгдэгч болохоор надад би “АПУ”-н Батсайханы дүү, миний ах надад сайн ханддаг учраас миний англид байдаг зардлыг даадаг. Ах намайг англи руу буцаж яв гээд байна гэж хэлсэн. Шүүгдэгч надаас 10.000 доллар зээлээч гэж хэлэхээр нь би миний ээжийн бие тааруу байгаа гэж хэлсэн. Би “АПУ”-н Батсайханыг мэднэ, шүүгдэгч итгэл төрүүлэхийн тулд дансны дугаар явуулсан байдаг. Би дансны дугаарыг шалгаад үзэхэд П.Батсайханы дансны дугаар байсан. мөн шүүгдэгчийн над руу залгасан дугаар бол П.Батсайханы дугаар байсан. ийм учраас Батсайханы дүү юм байна гэж бодсон. Тэгээд шүүгдэгч рүү 10.000 доллар шилжүүлсэн, 10 хоногийн дараа шүүгдэгчээс мөнгөө авъя гэж хэлсэн. Шүүгдэгч надад би Англи улсад байна хичээлийн эрхлэгчтэй уулзсан, удахгүй чи над руу дансны дугаараа явуулаарай гэж хэлсэн. Би шүүгдэгч рүү дансны дугаараа явуултал шүүгдэгч надад банк хоорондын гүйлгээ удаж магадгүй гэж хэлэхээр хүлээсэн. Тэгээд шүүгдэгч өөрийн фейсбүүк хаягаа хаасан байдаг. Тэгэхээр нь би Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдлоо гаргаж өгсөн. Би гомдолтой, хохирлоо барагдуулж авмаар байна…” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “…би 2016.12 дугаар сард гэртээ байж байсан. Тэгтэл үл таних bolor luna гэсэн нэртэй үл таних эмэгтэй фэйсбүүк чатаар
танилцах санал тавьсан. Тэгэхээр нь би хэнээс миний хаягийг авсан гэж асуухад
хариулаагүй бөгөөд тэгээд танилцахад өөрийн Лайна гэж танилцуулаад тэр цагаас
хойш чатаар харьцаж байнга л элдэв зүйлийн талаар надтай ярилцах болсон.
Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын дунд үеэс эхлэн Лайна гэх эмэгтэй нь надад
Хайраа гэж дууддаг болсон ба тэгээд надад бие биенээ хайраа гэж дуудалцаж
байя гэж хэлсэн. Тэгээд тэр цагаас өөрийнхөө гэх эмэгтэй хүний зургийг явуулж,
биеэ бодоорой, хоол цайгаа сайн ууж идээрэй гэх мэтийн санаа тавьж эхэлсэн.
Тэгээд 2017 оны 02 дугаар сард өөрийгөө Англи улсад сурдаг удахгүй Монгол
улсад очих талаар хэлж байсан. Тэгээд нэг удаа би Монгол явлаа замаараа
Москва хотод 5 хоногийн ажил байгаа юм гэсэн ба тэгээд Москва хотод ирчихлээ
сая онгоцноос бууж байгаад түрийвчээ хулгайд алдчихлаа нэг найзындаа байгаа
талаар хэлсэн. Тэгээд маргааш нь чатаар би 3 хоноод очно манай дүү 3 дугаар
сургуульд сурдаг юм. Чи нэг гар утас аваад өгчих, би Монголд очоод мөнгийг нь
өгнө гэсэн ба би мөнгө байхгүй гэхэд элдвээр гуйгаад газар дээрх ганц дүү нь
төрсөн өдөр нь болж байгаа дүүтэйгээ 10 жил уулзаагүй гэх мэтийн зүйлүүдийг
хэлж байсан. Тэгээд би ятгалгад нь орж 1.750.000 төгрөгөөр Ай Фоне-7 маркийн гар
утас авч 88535119 дугаартай Мөнхбүрэн гэдэг дүүд нь аваачиж өгсөн. Би гар утсыг
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Ардын эрх сонингийн газрын орчим өөрийнхөө
машинд өгсөн. Мөн тэр өдрөөс хойш мөн л чатаар харьцаж байсан бөгөөд гэнэт
Москвад яаралтай хагалгаанд орох талаар хэлсэн тэгээд би юугаар туслах вэ гэхэд
би түрийвч бүх зүйлээ алдчихсан учир чи надад мөнгө явуулж тус болооч би
Монголд очоод чамд өгнө гэх мэтээр яриад өөрийгөө Шунхлай шатахуун түгээх
станцын захирал П.Батсайханы хамаатан гэж хэлж байсан юм. Тэгээд надаас 1000
ам доллар явуулчих гэж хэлсэн ба мөн л элдэв өвчин зовлон ярьсаар аргагүй
байдалд оруулсан. Тэгээд миний газар дээрх ганц найз маань энд ирэх гэж байгаа
өгөөд явуулчхаарай гэж хэлээд Мөнхцэцэг /99805699/ дугаарын утсыг өгсөн ба би
өвчтэй зовлонтой туслах хүн байхгүй, эд зүйлээ алдсан гэж ярьсан бүхэнд нь
итгээд Мөнхцэцэгтэй утсаар ярьж холбогдож, 800 ам долларыг өгсөн. Мөнхцэцэг
тэгэхэд маргааш Москва хот руу явлаа гэж хэлж байсан юм. Тэгээд би Лайнагийн
биеийг асуух гээд чатаар захиа бичихэд авахгүй хариу ирэхгүй байхаар нь
Мөнхцэцэгийн утасны дугаар руу залгасан ба тэгэхэд утас нь дуудаж байсан ба би
тэгээд яваагүй юм байна даа гэж бодож байсан. Тэгтэл Лайна чатад орж ирсэн ба
би найз чинь очсон уу гэхэд энд ирчихсэн байна гэсэн ба би утас нь дуудаад байна
шдээ гэхэд Роуминг хийлгэсэн байхаа гэж хэлсэн. Тэгээд мөн хэд хоногийн дараа
одоо Москвагаас гарлаа. Бие сайн болсон. Хагалгаа амжилттай болсон талаар
бичсэн ба би тосч авах уу гэхэд Лайна гэх эмэгтэй татгалзаад гэрийхэнтэйгээ 10
гаран жил уулзаагүй учраас манай гэрийнхэн тосож байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр
өдрөөс 2 хоногийн дараа би Монголд байна гээд намайг ирсний маргааш нь эмээ
маань нас барсан тэгээд ажил явдал гараад завгүй гарсан гээд надад 90482233
гэсэн утасны дугаар өгсөн ба энэ манай ээжийн утасны дугаар байгаа юм гээд
манай гэрийнхэн их чанга хатуу зарчимч хүмүүс байгаа юм гээд Дархан хотод байх
Баатарван гэдэг сувилалд явах талаараа хэлээд би буцаж явах гэж байгаа гэдгээ
хэлсэн ба би тэгээд уулзъя гэж удаа дараа санал тавихад байнга ямар нэгэн
шалтаг хэлж уулздаггүй байсан. Мөнхцэцэгээс Лайнаг гэж ямар болох, хэзээ буцаж явах гэж байгаа талаар нь асуухад Мөнхцэцэг Лайнаа явахааргүй болсон хичээлээ онлайнаар авахаар болсон санаа зоволтгүй, удалгүй чамаас авснаа өгнө гэж байсан. Тэгээд Лайнаа гэх эмэгтэй тэр үеэс надтай ямар нэгэн холбоо барихгүй байхаар нь би Мөнхцэцэгээс дахин Лайна гэгчийг асуухад Эрхүү хот руу гэр бүлийнхэнтэйгээ явсан гэж хэлсэн ба тэгээд дахин хэд хоногийн дараа 90482233 дугаарынхаа утсаар залгаад чамд худал хэлсэнд уучлаарай. Манай аав намайг сургуульдаа Лондон руу яв гэж байсан бөгөөд тэгээд буцаж явах гэтэл мөнгө хамаг эд зүйлээ алдсан учраас мөнгөгүй болсон хэлэх гэхээр айгаад байгаа талаараа хэлж бас л ятгаж эхэлсэн. Тэгээд Лайнаа Лондонд очоод бүх мөнгө эд зүйлсийг нь явуулна гэж хэлсэн. Тэгээд ятгасаар байгаад би манай ээжийн эмчилгээний мөнгө төгрөг байгаа бие нь муу байгаа талаараа хэлсэн ба тэгэхэд удахгүй очингуутаа өгнө гэсэн. Тэгээд надад Худалдаа хөгжлийн банкны 498032805 дугаарын дансыг манай ах Шунхлай группийн захирал П.Батсайхан гэж хэлсэн ба тэгээд би П.Батсайхан гэх хүнийг хальт мэддэг учраас мөн дансны дугаар нь мөн байсан учраас 10 000 ам долларыг шилжүүлсэн. Мөнхцэцэг бол Лайнаагийн талаар манай дотны найз хар багаасаа хамт өссөн гэх мэтээр хэлдэг байсан. Мөнхбүрэн болохоор Лайнаа манай төрсөн эгч байгаа юм бид удаан олон жил уулзаагүй гэх мэт зүйлүүдийг ярьж байсан. Батсайхантай танилын харьцаатай бид бие биенээ зүс мэддэг Шунхлай группийн захирал гэж танихаас цаашгүй ямар нэгэн харьцаа холбоо байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-51-54/,

 

Гэрч Э.Мөнхбүрэнгийн “…би Лайна гэдэг хүнийг огт танихгүй. Баярцогт гэдэг хүнийг танихгүй. Манай эгч Мөнхцэцэг надад нэг утасны дугаар өгөөд энэ хүнтэй яриад очоод уулзчих чамд юм өгнө өгсөн юмыг нь авчих гэж хэлсэн. Тэгээд би Мөнхцэцэг эгчийн өгсөн утасны дугаараас над руу нэг эрэгтэй хүн утсаар яриад хаана байна эгч чинь юм явуулсан гэсэн юм. Би тэр үед Улаанбаатар хотод 3 дугаар сургуулийн хажуу талд эгчийнхээ байранд байж байсан. Тэгсэн тэр хүн өөрөө над дээр авчирч өгсөн. Тэр нь хайрцаг савтайгаа шинэ ай фоне-7 маркийн хар өнгөтэй гар утас байсан. Би тэр гар утсыг нь задлаад оролдож байгаад ID lock болгоод түгжчихсэн. Тэгэхээр нь би эгчтэй хэлсэн чинь эгч Мөнхцэцэг утас аваачиж өгсөн ахад чинь хэлчихье аваад янзлуулаад өгөх байх гэж хэлсэн. Түүнээс хоёр хоногийн дараа нөгөө ах нь намайг ирж аваад Тэди гар утас худалдааны төв ороод нөгөө Ай фоне-7 маркийн гар утасны байгаад ID lock янзлуулах гэж өгсөн чинь и-мэйл явуулаад 7 хоногийн дараа цоож нь тайлагдана гэж хэлсэн. Тэгээд би гар утсаа аваад Мөнхцэцэг эгчдээ үлдээгээд Дарханд гэртээ ирсэн. Би Дарханд ирэхдээ тэр гар утсыг Мөнхцэцэг эгчид үлдээсэн.…” гэсэн мэдүүлэг /1-р хх-55/,

 

Гэрч Н.Эрдэнэзаяагийн “...Би 2011 оноос эхлэн Тэди худалдааны төв дээр одоог хүртэл гар утас худалдаа, засвар үйлчилгээ хийдэг. Би Баярцогт гэх хүнийг таньж мэдэхгүй. Утасны дугаар нь 99114181 дугаарын утастай. Өмнө нь нэг удаа лангуун дээрээ үйлчилгээ хийж харж байсан. таних төдий л хүн. Баярцогт гэх залуу 7 хоногийн өмнө манай хажуугийн лангуунаас худалдан авсан Ай фоне-7 маркийн утсыг нь дүү нь утсанд оруулсан и-мэйл хаягаа мартсан гэнээ гээд нэг дунд сургуулийн бололтой хүүхдийн хамтаар ирсэн. Тэгээд би тэдний и-мэйл хаягийг мөн эсэхийг шалгаад аппел айди шинээр захиалсан. Тэгээд захиалчхаад шинэ аппел айди 14 хоногийн дараа ирсэн. Тэр гар утасны сериал дугаар нь 357170079454698 байсан. надад шинэ аррle id захиалсан захиалгын хуудасны зураг засуулсан утасны сериал дугаар нь байгаа хуулбарлаж өгье…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 57/,

Гэрч П.Алтанхуягийн “...Манай П.Батсайхан захирал намайг дуудаад
2017 оны 01 дүгээр сарын сүүлээр тортой зүйл өгөөд үүнийг 99805699 дугаартай
Мөнхүүш гэдэг эмэгтэйд хүргээд өгчих гээд би аваад 99805699 дугаар руу нь
ярихад эмэгтэй хүн байсан ба Далай ээж захын ойролцоо ирээд залгачих гээд
тэгээд би хэлсэн газарт нь очоод залгаад Далай-Ээж захын хажуу талд байдаг 5
давхар байрны үүдэнд надаас ирж машины цонхоор аваад явсан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 58/,

Гэрч Ц.Идэрбүргэдийн “...2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр захирал П.Батсайхан дарга намайг дуудаад -Худалдаа хөгжлийн банкнаас миний данснаас 10.000 ам.долларыг аваад 96079143 энэ утас руу залгаад хүргээд өгчих гэсэн, чиний дугаарыг өгчихсөн гээд итгэмжлэл өгсөн. Тэгээд би түүний дагуу итгэмжлэлээр Худалдаа хөгжлийн банкнаас 10 000 ам долларыг авч байхад 96079143 дугаараас нэг эмэгтэй хүн залгаад надад юм авчирч өгнө гэсэн гээд тэгээд би одоо гарч байна хаана очих вэ гэхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин дотор байна гэсэн. Тэгээд би мөнгөө аваад тэнд яваад очоод тэр дугаар руу нь залгахад наанаас чинь гараад явчихсан байна Залуучууд зочид буудлын өмнө хүрээд ирээч гээд намайг дуудсан. Би тэнд нь яваад очиход дахиж над руу утасдаад би ирчихсэн байна гээд миний зогсож байсан газарт ирээд миний машины ард суугаад миний өгсөн 10 ам долларыг тоолж авчхаад буугаад яваад өгсөн. Тэр 25-30 орчим насны хар нүдний шил зүүчихсэн, хар куртиктай, хар өнгийн хавтгай цүнх үүрчихсэн, 160-165 см өндөртэй эмэгтэй байсан. Би тэр эмэгтэйг харвал нүүрний хэлбэр дүрсээр нь танина …” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 59/,

 

Гэрч П.Батсайханы “...2017 оны 1 сарын сүүлээр миний фэйсбүүк рүү bоlог batkhuyag гэсэн хаягаас найзын хүсэлт явуулж надтай нэг эмэгтэй хүн танилцсан. Тэгэхдээ өөрийгөө 15 жил Орос, Англи улсад амьдарч байгаа гадаад улсад том компанид ажилладаг гэж танилцаад фэйсбүүкээр харьцаж эхэлсэн. Тэр эмэгтэй Монгол Улсад очиж бизнес хийх гэж байгаа Монголын зах зээлийг судалж байгаа гэх мэтээр надтай мэссэжээр харьцаж байсан. Тэгснээ нэг өдөр тэр эмэгтэй фэйсбүүкээр Монгол улсад ирчихсэн Булган, Эрдэнэтээр гэрийнхэнтэй хөдөө амарч байна гэж бичиж байсан. Тэгээд тэр эмэгтэй 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр фэйсбүүкээр би хүнээс 10.000 ам доллар авах ёстой юм. Одоо би хөдөө явж байгаа болохоор авч чадахгүй, та дансанд аваад над руу шилжүүлээд өгөөч гэхээр нь би өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны 498032805 дугаарын дансны дугаарыг өгсөн. Тэр өдөр надад 10.000 ам.доллар орж ирсэн. Тухайн үед би гайхаж байсан. Огт танихгүй хүн миний дансаар мөнгө авсан гэхээр гэхдээ тэр эмэгтэй надаас мөнгө гуйгаагүй, данс ашиглая гэсэн болохоор нь би зөвшөөрсөн. Маргааш нь нөгөө эмэгтэй чинь фэйсбүүкээр тэр мөнгөө гадаад улс руу явах гэж байгаа хүнд яаралтай өгөх хэрэг болчихлоо тэр мөнгийг та бэлнээр гаргаад өгөөч гээд Баярсайхан гэсэн хүний 96079143 дугаарыг өгсөн. Тэгэхээр нь би өөрийн туслах Идэрбүргэдэд банкнаас уг 10 000 ам долларыг бэлнээр гаргаж авах итгэмжлэлийг хийж өгөөд Баярсайхан гэдэг хүний 96079143 дугаарыг нь өгөөд энэ хүнд нь хүргээд өгчих гээд явуулсан. Үүнээс хойш тэр эмэгтэй надтай дахиж холбогдоогүй. Би Эрдэнэ-Очирын Мөнхцэцэг гэдэг хүнийг огт танихгүй. Надтай “Болор Батхуяг” гэсэн фэйсбүүк хаягаар танилцсан. Болор гэж нэрээ хэлсэн эмэгтэй нь Англи улсад амьдардаг гээд мэссэжээр харилцаж байснаа гэнэт Монгол улсад ирчихлээ гэсэн. Тэгээд үргэлжлээд харьцаж байсан. Тэгж байснаа би 2017 оны 01 дүгээр сарын сүүлчээр фэйсбүүкээр Булган аймагт гэрийнхэнтэйгээ сувилалд байна энд ирчихсэн чинь холбоо барих утасгүй байна. Та надад нэг утасны дугаар аваад өгөөч бас энд Монгол улсад ямар ч бэлтгэлгүй ирчихсэн чинь маш хүйтэн байдаг юм байна. Би нимгэн хувцастай маш их даарч байна. Та надад ороолт бээлий аваад өгөөч тэх үү манай Мөнхүүш гэдэг багын сайн дотны найз миний араас энд ирэх гэж байгаа дугаар нь 99805699 гэдэг та энэ утас руу яриад хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би скайтелийн 90482233 гэдэг дугаар аваад мөн ороолт бээлий авсан. Тэгээд би тэр дугаар руу нь яриад Болороо чамд нэг юм өгөөдөхөөч гэж хэлсэн. Би чамд тэрийг нь өгье чи хаана байх вэ гэхэд Цирк дээр байна гэж хэлсэн. Тэгээд би амжаагүй. Тэгтэл Мөнхүүш нь өөрөө над руу яриад би тань дээр өөрөө очоод авъя та хаана байна гэхээр нь би чи амжихгүй чам руу туслахаараа хүргүүлье гээд Алтанхуягаар тэр хүний утасны дугаарыг нь өгөөд хүргүүлсэн…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 60-61/,

 

Гэрч Ц.Одгэрэлийн “...2017 оны 2 дугаар сард миний Хаан банкны дансанд 14 сая төгрөг гэнэт орж ирсэн тэгээд Мөнхцэцэгээс асуухад төслөөр орж ирсэн, хүний мөнгө би буцааж өгөх ёстой гээд 2 саяыг нь цувуулж аваад 12саяыг нь Мөнхцэцэг надад хэлэхээр нь тэр өдөр нь шууд явуулсан өөр мөнгө төгрөгийн асуудал мэдэхгүй…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 63/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹03/269 тоот актын “…Э.Мийн гарын дардас нь Папилон санд MN005210011604 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн байна. Яллагдагч Э.Мийн гарын дардас нь Папилон санд бүртгэлтэй эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэсэн …” гэсэн дүгнэлт,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-12-14,16/, зураг таньж олуулсан тухай тэмдэглэл /1-р хх-17-18, 19-20/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-22/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-23-36/, 64-45 УБД улсын дугаартай авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-46/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-47-48/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-49/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-103/, Хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-110-113/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-108/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-166/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-123-128, 133-141/, Хас банкны дансны хуулга /1-р хх-145-151/, Bayaraa Bayartkgtokh фэйсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-199-206/, Хохирлын тооцоо /1-р хх-238/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2-р хх-75-76/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Э.Мнь хуурч мэхлэх зорилгоор цахим хэрэгсэл буюу фэйсбүүк ашиглаж, “Болор Луна” гэх хаяг нээж, 2016 ны 12 дугаар сард хохирогч Ц.Баярцогттой өөрийгөө Лайна гэж танилцаж улмаар Монгол улсад оршин суудаг атлаа өөрийгөө "Шунхлай шатахуун түгээх" станцын захирал П.Батсайханы дүү гэж итгүүлэн Англи улсад амьдарч, суралцдаг гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Оросын Холбооны Улсын Москва хотод байна. Манай дүүгийн төрсөн өдөр болох гэж байна би 3 хоногийн дараа Монгол улсад очно гар утас аваад өгчих очоод мөнгийг нь өгнө” гэж 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1.750.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне-7” маркийн гар утас,

мөн “Москва хотод хагалгаанд орох болчихлоо 1000 ам доллар зээлүүлээч миний найз Мөнхцэцэг Москва хотод ирэх гэж байгаа түүнд өгөөд явуулчхаарай” гэж 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 800 ам доллар,

мөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Англи Улсын Лондон хот руу явах гэсэн мөнгө хэрэг болчихлоо, Шунхлай группийн захирал П.Батсайхан манай ах, түүний Худалдаа хөгжлийн банкны 498032805 дугаартай данс руу 10000 ам доллар шилжүүлчих, би Лондонд очоод авсан мөнгөө буцаагаад өгнө.” гэж иргэн П.Батсайханы Худалдаа хөгжлийн банкны 498032805 дугаартай данс руу 10000 ам доллар шилжүүлүүлж, улмаар 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр П.Батсайхантай утсаар холбогдож уг 10000 ам долларыг “гадаад улс руу явах хүнд өгөх болчихлоо бэлнээр авах хэрэгтэй байна” гэж Шунхлай группийн захирлын туслах Ц.Идэрбүргэдээс уг 10000 ам долларыг авч, нийт хохирогч Ц.Баярцогтоос 28.456.224 төгрөг залилж авсан болох нь дээр дурьдсан хохирогч Ц.Баярцогт, гэрч Э.Мөнхбүрэн, П.Алтанхуяг, Ц.Идэрбүргэд, П.Батсайхан, Ц.Одгэрэл нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Э.Мийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Э.Мийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Баярцогт нь гэмт хэргийг улмаас өөрт учирсан хохирол гэж 28.456.224 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Э.М мөрдөн байцаалтын шатанд 13.750.000 төгрөгийг төлсөн байх тул түүнээс үлдэгдэл төлбөр болох 14.706.224 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Баярцогтод олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Мийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгч Э.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, “Ай Фоне” маркийн гар утасны хайрцгийг хохирогч Ц.Баярцогтод, ноолууран бээлий 1 хос, ноолууран ороолт 2 ширхэг зэргийг шүүгдэгч Э.Мт тус тус буцаан олгож шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь энэ хэрэгтээ 35 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Э.М цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг журамлан шүүгдэгч Э.Мээс 14.706.224 /арван дөрвөн сая долоон зуун зургаан мянга хоёр зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулан хохирогч Ц.Баярцогтод олгосугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээж, “Ай фоне” маркийн утасны хайрцгийг хохирогч Ц.Баярцогтод, ноолууран бээлий 1 хос, ноолууран ороолт 2 ширхгийг шүүгдэгч Э.Мт тус тус буцаан олгосугай.

 

5.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР