Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 121/ШШ2025/0002

2025          02              17                                              121/ШШ2025/0002                               

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ****гийн ****,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Д**** /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 3387/,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д****, хариуцагч Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга ****, гэрч ****, Б, Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага:                                                                                         1.1. Нэхэмжлэгч Ц.**** нь Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ***тоот тушаалыг хүчингүй болгуулж, албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын ажилгүй байсан хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

            1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, 2024 оны ажлын хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнгийн урамшуулал нөхөн олгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.                       

            2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

            2.1. Нэхэмжлэгч Ц.**** нь Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 тушаалаар тус газарт Сургалт мэдээлэл, стандартын салбар сан, архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтнээр 6 сарын туршилтын хугацаагаар томилогдож, улмаар 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаар тушаалаар тус хэлтсийн Сургалт мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Төрийн захиргааны албан тушаалд ажилладаг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагч байна.

            2.2. Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаартай тушаалаар Ц.С-ийг өөрийн цахим хуудсаар улс төрийн үзэл бодлоо илэрхийлж, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн талаар мэдээ, мэдээлэл түгээсэн, удирдлагын зөвшөөрөлгүй, хөтөлбөр төлөвлөгөөгүйгээр сургалт, мэдээллийн үйл ажиллагаа явуулсан, гадуур явах хугацаандаа бүртгэл хөтлөөгүй нь Төрийн албаны тухай хууль, хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үндэслэлээр нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

            2.3. Улмаар тус хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ***дугаар тушаалаар Ц.С-ийг удирдлагаас өгсөн аливаа үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлээгүй, захирах, захирагдах төрийн албаны зарчмыг баримтлаагүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг зөрчсөн, гүйцэтгэлийг хангаж ажиллаагүй, удирдлагын зөвшөөрөлгүй, хөтөлбөр төлөвлөгөөгүйгээр сургалт, мэдээллийн үйл ажиллагаа явуулж, үнэн зөв мэдээллээр хангаагүй, гадуур ажиллах хугацаандаа бүртгэл хөтлөөгүй нь Төрийн албаны тухай хууль, байгууллагын дотоод журмыг тус тус зөрчсөн үндэслэлээр 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

            2.4. Нэхэмжлэгчээс дээрх Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын  2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ***дугаартай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 121/ШЗ2025/0002 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

2.5. Нэхэмжлэгч нь Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаартай тушаалыг эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02/173 дугаартай “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...Танд нийт ажилчдад нээлттэй хэлбэрээр сануулах болон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан дээрх захиргааны шийдвэрүүдийн аль алинд нь удирдлагын зөвшөөрөлгүй, хөтөлбөр төлөвлөгөөгүйгээр сургалт, мэдээллийн үйл ажиллагаа явуулсан, гадуур ажиллах хугацаандаа бүртгэл хөтлөөгүй гэх зэрэг үндэслэлүүдийг дурдсан нь сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан байж болзошгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын  2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаартай тушаалаар нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах асуудлыг хамтад нь шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг хүргүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн маргажээ.

3. Нэхэмжлэгч Ц.**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

3.1. Миний бие Ц.**** нь Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сургалт, мэдээлэл, стандартын салбар сан, архив, бичиг хэрэг албан тушаалд 2023 оны 12 дугаар сард тусгай шалгалтаар 1-р байр эзэлж, ажилдаа орох болтол **** дарга нягтлан бодогч хүн авмааргүй байна, архиваар мэргэшсэн хүн авах гэж байгаа тул чамд мэргэжлийн ажлыг чинь олж өгье гэж амлалт өгөөд ахлах мэргэжилтэн Д-ын хамт гуйж надаар ажлаас татгалзах өргөдөл бичүүлж авсан боловч тэрнээс хойш утсаа авахаа больж амлалтдаа хүрээгүй тул би өөрөө ажил хайж эхэлсэн. Ингээд Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар орж Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалтын оноогоо баталгаажуулж авахаар орсон. Гэтэл **** даргын дээрх үйлдлийг хууль бус байна гээд Төрийн албаны салбар зөвлөл намайг дахин томилсон бичиг явуулснаар би ажилдаа орсон.

3.2. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажлаа хүлээж авсан. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилсон тушаал гарсан. **** дарга ажилд орсон цагаас надад байнгын ажлын байрны дарамт үзүүлж, хийсэн ажил бүрийг үндэслэлгүйгээр үгүйсгэж, шүүмжилж, хамт олны хурал дээр хэл амаар доромжилж, өргөдлөө өгөөд зайлчих гээд уурлаж дайрдаг байсан. Миний бие ажлаас хална, туршилтын хугацаа чинь дуусахаар жинхлэхгүй гэх бүрд нь айж, улам хичээж ажлуудаа цаг хугацаанд нь байнга чанартай хийж ирсэн. 2024 оны 06 дугаар сард хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтүүдийг бүрэн хангасан буюу 85,4% үнэлэгдсэн. Шаардлага хангасан ажилчдад урамшуулал олгохдоо ганцхан намайг хасаж тушаал гаргаснаар би гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнгийн урамшуулал авч чадаагүй.

3.3. **** дарга 2024 оны 06 дугаар сараас эхлээд надад дарамт шахалт үзүүлэхдээ бүтэц өөрчлөгдөж чиний албан тушаалын тодорхойлолт чинь шинэлэгдэж ирээгүй байхад битгий ажил хийгээд бай, чиний чиг үүрэг тодорхойгүй байхад ажил хийгээд байна гэх мэтээр уурлаж хамт олны хурал дээр хэл амаар доромжилж сэтгэл зүйн дарамт үзүүлж миний ажлын чиг үүргүүдийг өөр хүмүүст хуваарилдаг байсан. Миний хувьд хэлтсийн болон өөрийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг чанартай хийж гүйцэтгэсээр байсан.

3.4. **** дарга нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр надад сахилгын шийтгэл оногдуулсан ба би уг тушаалыг эс зөвшөөрч Стандарт, хэмжил зүйн газрын захиргаа удирдлагын газарт гомдол гаргасан. Тус газрын Гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б тус гомдлоор надтай холбогдон Төрийн албаны зөвлөлийн хамаарах асуудал тул Төрийн албаны зөвлөлд хуулийн хугацаандаа багтаж хандахыг зөвлөсөн.

3.5. Ингээд би Өвөрхангай аймгийн төрийн албаны салбар зөвлөлд 2024 орны 11 сарын 27-ны өдөр Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаартай тушаалаар гомдол гаргаснаар салбар зөвлөл Төрийн албаны төв зөвлөл рүү уламжилсан. Мөн даргын эрүүлдээ болон согтуудаа ажлын байранд гаргадаг ёс зүйгүй үйлдлүүдийг Стандарт хэмжил зүйн газрын ёс зүйн хороонд бичиж өгсөн. Гэтэл дээрх газруудад гомдол бичиж өгсөн гэдгийг мэдээд бүр их уурлаж, өширхөж ажлаас халах тушаалыг 2024 оны 12 дугаар сарын 06-ны 17 цаг 30 минутад танилцуулж, ажил хүлээлцсэн.

3.6. Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаартай, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ***дугаартай тушаалуудыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 04/2735 дугаартай, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 02/173 дугаартай албан бичгээр гомдлыг шийдвэрлэж хариу ирүүлсэн.

3.7. Иймд Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаартай, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ***дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, 2024 оны хагас жилийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнгийн урамшуулал нөхөн олгуулж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбарыг гаргадаг. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна.

4.2. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сануулах сахилгын шийтгэл оногдуулсан, мөн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халсан. Эдгээр тушаалд нэхэмжлэгчээс тухай бүр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж байсан.

4.3. Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 12 дугаар 30-ны өдөр, 2025 оны 01 сарын 22-ны өдрүүдэд 2 албан бичгээр гомдлын хариу ирүүлсэн байдаг. Төрийн албаны зөвлөлийн 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0273 тоотод “гомдолд дурдсан тушаалууд нь утга агуулга ижил байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасныг зөрчсөн учир Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханд” гэсэн хариу ирсэн байдаг.

4.4. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй...” гэж заасан байдаг. Гэтэл дээрх 2 тушаалд зарим үндэслэл нь өөр боловч сахилгын шийтгэл оногдуулахдаа давхардуулж оногдуулсан нь хууль зөрчсөн байна гэсэн.

4.5. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “...Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно...” гэж заасан. Үүнээс харахад хэрэгт Ц.****д захиргааны акт оногдуулахад сонсох ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгчээс санал, хүсэлт, тайлбар аваагүй нь баримтаар тогтоогддог.

4.6. Иймээс Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ц.***-ийн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “...Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно...”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т “...албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах...” гэж зааснаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн захиргааны акт гаргасан үзэж байгаа тул 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаар тушаал, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ***дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах, 2024 оны гүйцэтгэлийн тайлангийн урамшууллыг нөхөн гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилд эргүүлэн томилуулж өгнө үү гэв.

5. Хариуцагч Өвөрхангай аймгийн  Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга **** шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. ****гийн **** нь Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 143 дугаар тогтоолоор мэргэжилтэн (Сургалт мэдээлэл, стандартын салбар сан, архив, бичиг хэрэг хариуцсан)-ий албан тушаалд томилогдохоор ирсэн боловч 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр тухайн ажлын байранд ажиллахаас татгалзсан.

5.2. Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэр дэвшүүлсэн иргэнийг томилох тухай” 4/06 дугаар тоотын дагуу тус хэлтэст мэргэжилтэн (Стандартын сургалт, мэдээлэл салбар сан)-ий албан тушаалд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад Төрийн албаны тухай хууль болон салбарын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тул 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дүгээр тушаалаар сахилгын шийтгэл, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ***дүгээр тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

5.3. Ц.**** нь ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн баримтлах зарчмыг зөрчиж цахим хаягаараа хэт хувь хүн рүү чиглэсэн постыг удаа дараа оруулж хувь хүний нэр хүндэд халдсан, удирдлагын зөвшөөрөлгүй хөтөлбөр, төлөвлөгөөгүйгээр удаа дараа сургалт мэдээлэл хийсэн сургалтын хөтөлбөр төлөвлөгөө гаргах албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ биелүүлэхээс татгалзсан, албан хаагчид болон удирдлагатай зүй бусаар харьцсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлээгүй, цахим сүлжээнд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжсэн мэдээлэл түгээсэн зэрэг үйлдлүүдэд удирдлагын зүгээс ганцаарчлан болон хамт олны хурлаар удаа дараа үүрэг даалгавар, чиглэл өгч ажиллаж байсныг доромжлох, албан хаагчдад ялгавартай хандсан гэх байдлаар өөртөө тусган хүлээн авч, дээд байгууллагуудад хэлтсийн удирдлагын талаар удаа дараа өргөдөл гомдол гаргаж, ажлын байранд ажлын цагаар зөвшөөрөлгүй дуу бичлэг хийж, танхайрч удирдлагын биед халдсан үйлдлүүд гаргасан.

5.4. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.13 “хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ мэдээлэл түгээх” дахь заалтыг зөрчиж төрийн албан хаагчийн улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх зарчмыг баримтлалгүй өөрийн **** **** цахим хаягаар олон нийтийн сүлжээнд 2024 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн мэдээллийг түгээж, дэмжсэн байр суурь илэрхийлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” дэх заалтын 39 дүгээр зүйлийг зөрчсөн тул нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

5.5. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны А/101 дүгээр тушаалаар баталсан Стандарт хэмжил зүйн салбарын хөдөлмөрийн дотоод журам”-ын 10 дугаар зүйлийн 10.1.9 “Ажилтан ажилдаа ирэх, орой ажлаа тарсан цагаа цаг бүртгэлийн төхөөрөмжид тогтмол бүртгүүлэн баталгаажуулах үүрэгтэй ба ажилтан ажлын цагаар ажлын шаардлагаар гадуур ажиллах шаардлагатай бол зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, хэлтсийн даргаас зөвшөөрөл авч, гадуур ажиллах хуудас бөглөн, цаг бүртгэлийн төхөөрөмжид ирсэн, явсан цагаа бүртгүүлнэ. Цагаа бүртгүүлээгүй бол ажилтныг ажил тасалсанд тооцно.” заалтыг зөрчиж ажлын цагаар ажлын байрыг орхиж ажил цалгардуулсан, сургалт мэдээлэл хийхдээ гадуур ажиллах бүртгэлд тэмдэглэл хөтлөөгүй, дараа нь нөхөж бөглөсөн зэргээр дотоод журмыг зөрчсөн.

5.6. Ц.**** нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд ээлжийн амралттай байсан бөгөөд Дэлхийн стандартын өдөр буюу 10 дугаар сарын 14-нд олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахтай холбоотойгоор ээлжийн амралтаа хэсэгчлэн эдлэх тухай аман хүсэлт гаргаж 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа орсон.

5.7. “Стандарт, хэмжил зүйн салбарын хөдөлмөрийн дотоод журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1 “Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын үйл ажиллагаанд холбогдох бусад дүрэм, журам, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр тогтоосон журам, дотоод хэм хэмжээ тогтоосон дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүний анх буюу давтан үйлдсэн, гарах үр дагаврыг нь харгалзан ажилтан албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна.” Үүнд: 11.1.2 “нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;” 11.2.5 “Тамгыг төлөөлөх эрхгүй этгээд Газраас албан ёсны шийдвэр гараагүй аливаа асуудлын талаар хэвлэл, мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийн хувийн байр суурийг илэрхийлэх, эрх бүхий албан тушаалтны зохих зөвшөөрөлгүйгээр мэдээ, мэдээлэл өгөх, тараах” дахь заалтыг зөрчиж “ЭБЦТС” ТӨХК-ийн Өвөрхангай дахь салбар, Төрийн банкны Өвөрхангай салбарт албан сургалт, мэдээлэл авах хүсэлт ирүүлээгүй байхад хэлтсийн даргын зөвшөөрөлгүй, батлагдсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгүй 2024 оны 10 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд сургалт зохион байгуулж “Өвөрхангай Стандарт, хэмжил зүйн хэлтэс” цахим хаягт удирдлагад танилцуулж, хянуулаагүй мэдээ тавьсан.

5.8. Иймд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа зохион байгуулж,  Ц.****д танилцуулж тайлбарыг авч хурлын протоколд тэмдэглэсэн. Хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дүгээр тушаалаар Ц.****д сахилгын шийтгэл, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ***дүгээр тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж тушаалын хувийг гардуулан өгсөн.

5.9. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах талаар, 2024 оны 12 дугаар сарын 06-нд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах талаар сонсох ажиллагаа зохион байгуулахад тухайн шийдвэрүүдийг зөвшөөрөөгүй болно.

5.10. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгахад өөрийн цахим хаягаар орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг дэмжсэн 4 удаагийн мэдээлэл түгээсэн, байгууллагын удирдлагад танилцуулалгүй, хөтөлбөр төлөвлөгөөгүй 2 удаагийн сургалт зохион байгуулсан, гадуур ажиллах бүртгэлийг тухайн өдөртөө бүртгэлгүй нөхөж бөглөсөн, 4 удаа бүртгэл хаагаагүй, байгууллагын удирдлагад чиглэсэн 4 удаагийн мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан, 10, 11 сард 3 өдөр шалтгаангүй ажил тасалсан, 12 өдөр хоцорсон болон цагийн бүртгэл дутуу зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.

5.11. 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байгууллагын бага үдийн цайны үеэр нийт албан хаагчдад 2024 оны орон нутгийн сонгуультай холбогдуулж Төрийн албаны тухай хууль болон салбарын дотоод журмыг мөрдөж сонгуульд нэр дэвшигчдийн талаар ямар нэгэн байр суурь, үзэл бодлыг олон нийтийн цахим сүлжээгээр илэрхийлэхгүй байх талаар анхааруулж байсан. Хэлтсийн албан ёсны хурал биш байсан тул тэмдэглэл хөтлөөгүй болно.

5.12. Хэлтсийн дарга **** миний бие нь Ц.***гаргасан нэхэмжлэлд дурдсанаар хамт олны хурал дээр удаа дараа доромжилсон, ажлын байранд байнгын дарамталсан, өргөдлөө өгөөд зайлчих даа гэх мэтээр дайрч хандсан, иргэний сонгох эрхэд нөлөөлөхийг оролдсон зэрэг асуудал байхгүй тул Төрийн албанаас халах тухай сахилгын шийтгэлийг хүчингүй болгох, албан тушаалд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ц.***нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Нэхэмжлэгчийн Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Ц.****д сахилгын шийтгэл ногдуулах” тухай ***дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.            

1.1. Хариуцагч нь маргаан бүхий Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ***дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Стандарт, хэмжил зүйн салбарын хөдөлмөрийн дотоод журам”-ын  10.1.9, 11.1.2, 11.2.5 дахь заалтыг тус тус үндэслэл болгон тус хэлтсийн Стандартын сургалт, мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтэн              Ц.****д нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

1.2. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулиар тодорхойлогдоно.

1.3. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:...”, 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална.” гэж заасны дагуу батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрт гомдол гаргахад энэ журмыг мөрдөнө”, 1.6-д Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна” гэж тус тус зааснаас үзэхэд аливаа төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах урьдчилсан нөхцөлүүдийн нэг нь Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчиж хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан байх, албан үүргээ биелүүлээгүй байх, тухайн зөрчлийг эрх бүхий этгээд шалган тогтоож, зөрчлийн шинж байдалд тохирох сахилгын шийтгэл ногдуулахаар байна.

1.4. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 39.1.13-д “хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээхийг хориглоно” гэж заажээ.

1.5. Нэхэмжлэгч нь өөрийн цахим хаягаар улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн сэтгэгдэл, пост оруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох бөгөөд энэ зөрчлийг гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн болно.  

1.6. Иймд төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн болох нь илэрхий маргаангүй тогтоогдож байгаа энэ тохиолдолд тухайн байгууллагын бусад албан хаагч нарт урьдчилан сануулах ач холбогдолтой тул нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хүндэдсэн гэж үзэхээргүй, хуульд нийцсэн шийдвэр болжээ.

1.7. Түүнчлэн хариуцагч нь дээрх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах талаар нэхэмжлэгчид урьдчилан танилцуулж сонсох ажиллагааг хийсэн болох нь 2024 оны 10 дугаар сарын 10, 21-ний өдрийн хурлын тэмдэглэл /хх-71, 73 тал/, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрийн төсөл танилцуулах хуудас /хх-77 тал/, оролцогчид мэдэгдэх хуудас /хх-78 тал/ зэргээр тогтоогдож байна.

1.8. Харин маргаан бүхий ***дүгээр тушаалд нэхэмжлэгчийг хөтөлбөр төлөвлөгөөгүйгээр сургалт, мэдээллийн үйл ажиллагаа явуулсан, гадуур явах хугацаандаа бүртгэл хөтлөөгүй зөрчлийг гаргасан гэж үзсэн боловч хариуцагчаас уг зөрчлийг бүрэн хангалттай шалгаж тогтоогоогүй гэж үзлээ.    

1.9. Хариуцагч нь нэхэмжлэгчийг Стандарт, хэмжил зүйн салбарын хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.9-д Ажилтан ажилдаа ирэх, орой ажлаа тарсан цагаа цаг бүртгэлийн төхөөрөмжид тогтмол бүртгүүлэн баталгаажуулах үүрэгтэй ба ажилтан ажлын цагаар ажлын шаардлагаар гадуур ажиллах шаардлагатай бол зохих байгууллагын бүтцийн нэгжийн дарга, хэлтсийн даргаас зөвшөөрөл авч, гадуур ажиллах хуудас бөглөн, цаг бүртгэлийн төхөөрөмжид ирсэн, явсан цагаа бүртгүүлнэ. Цагаа бүртгүүлээгүй бол ажилтныг ажил тасалсанд тооцно гэж заасныг зөрчсөн гэж дүгнэжээ.

1.10. Төрийн албан хаагч нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй хэдий ч хэрэгт нотлох баримтаар авсан “Ажлын цагаар гадуур ажиллах ажилтны бүртгэлийн дэвтэр” /хх-181, 107-112 тал/, 10, 11 дүгээр саруудын цагийн бүртгэлийн дэлгэрэнгүй /хх-207-214 тал/ зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ц.**** төдийгүй тухайн байгууллагын бусад албан хаагчид ирц болон гадуур ажлын дэвтрийг бүрэн бүртгэдэггүй байхад зөвхөн нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах төрийн албаны зарчимд нийцэхгүй. Түүнчлэн хариуцагчаас уг зөрчилд холбогдуулан нэхэмжлэгчээс сонсох ажиллагааны тайлбар, саналыг аваагүй буюу бүртгэл дутуу байгаад ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан зэрэг нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон баримт хэрэгт өгөөгүй болно.

1.11. Мөн удирдлагын зөвшөөрөлгүй, хөтөлбөр төлөвлөгөөгөө танилцуулаагүй сургалт хийсэн гэх зөрчлийн тухайд, хариуцагчаас нэхэмжлэгчийг Төрийн банкны Өвөрхангай аймаг дахь салбар, ЭБЦТС ТӨХК-д сургалт хийхдээ удирдлагын зөвшөөрөлгүй, төлөвлөгөө танилцуулаагүй зөрчил гаргасан гэх боловч уг зөрчлийг шалган тогтоосон баримт хангалтгүй, зөрчил бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэхээргүй байна.

1.12. Тодруулбал, нэхэмжлэгчийн ажилладаг Сургалт мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн чиглэлээр сургалт зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагааг мэдээлэх, сурталчлах албан тушаалын зорилтын хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд сургалт зохион байгуулах чиг үүрэгтэй байхаар заажээ.

1.13. Мөн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан “Өвөрхангай аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтсийн “Стандартын хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх жил”-ийн сургалт, сурталчилгаа хийх ажлын төлөвлөгөөнд 10 сард иргэд, аж ахуйн нэгжид Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулах талаар тусгагдсан байжээ. /хх-191-193 тал/

1.14. Нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу сургалт хийж, цахим хуудсанд мэдээлэл оруулсан нь Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.5 “Газрыг төлөөлөх эрхгүй этгээд Газрын албан ёсны шийдвэр гараагүй аливаа асуудлын талаар хэвлэл, мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийн хувийн байр суурийг илэрхийлэх, эрх бүхий албан тушаалтны зохих зөвшөөрөлгүйгээр мэдээ, мэдээлэл өгөх тараах” заасныг зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тухайн байгууллагуудад ямар сэдэв, агуулгаар сургалт орсон болох, энэ нь төрийн албаны сахилгын зөрчилд тооцогдох хэмжээний ямар хортой үр дагавар үүссэн зэргийг шалган тогтоогоогүй атлаа шууд сахилгын зөрчилд тооцсон нь зөрчлийг шалган тогтоосон байх урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхгүй.  

1.15. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий ***дүгээр тушаалын зарим хэсэг нь хуульд нийцээгүй боловч үндэслэх хэсгийн 1.5, 1.6 дахь хэсэгт дүгнэсэнчлэн нэхэмжлэгч нь төрийн албаны үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн үндэслэлээр хариуцагчаас сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул зөвхөн энэ үндэслэлээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр: Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын “Ц.С-ийгтөрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах” тухай 2024 оны 12 дугаар сарын 06-ны /нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд тодруулсанаар/ өдрийн ***дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

2.1. Хариуцагч нь маргаан бүхий Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын “Ц.С-ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах” тухай 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ***дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д “захирах, захирагдах ёсыг баримтлах”, 37 дугаар зүйлийн 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;”,  37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;”, 37.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, ...48 дугаар зүйлийн 48.1.4. төрийн албанаас халах”, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2022 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Стандарт, хэмжил зүйн салбарын хөдөлмөрийн дотоод журам”-ын  10.1.9-д “Ажилтан ажилдаа ирэх, орой ажлаа тарсан цагаа цаг бүртгэлийн төхөөрөмжид тогтмол бүртгүүлэн баталгаажуулах үүрэгтэй ба ажилтан ажлын цагаар ажлын шаардлагаар гадуур ажиллах шаардлагатай бол зохих байгууллагын бүтцийн нэгжийн дарга, хэлтсийн даргаас зөвшөөрөл авч,гадуур ажиллах хуудас бөглөн, цаг бүртгэлийн төхөөрөмжид ирсэн, явсан цагаа бүртгүүлнэ. Цагаа бүртгүүлээгүй бол ажилтныг ажил тасалсанд тооцно.”, 11.3.1-д “Албан тушаалын нэрийг барьж хууль бусаар ашиг хонжоо олох, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй сургалтын болон бусад үйл ажиллагаа явуулсан, албан үүрэгтэйгээ холбогдуулан авлига, хээл хахууль  авсан нь тогтоогдсон”, 11.3.6-д  “Ажил олгогчийн ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээлэх зэргээр түүний эрх, ашиг сонирхолд  нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг алдагдуулах талаар зохион байгуулалттай арга хэмжээ зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлсэн, энэ үйлдэл нь баримтаар нотлогдож, байгууллага, ажилтны эрх ашиг, нэр хүндэд хохирол учруулсан” гэж тус тус заасан зохицуулалтуудыг үндэслэл болгосон байна.

2.2. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, 48.1.4.төрийн албанаас халах” гэж, тус зүйлийн 48.6-д “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно”  гэж хуульчилсан.

2.3. Мөн “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрт гомдол гаргахад энэ журмыг мөрдөнө”, 1.6-д Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна” гэж журамласан.

2.4. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж хуульчилсан.

2.5. Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагддаг. Иймээс захиргааны байгууллагаас төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах тохиолдолд дээрх хууль, журамд заасан урьдчилсан нөхцөл нь бодит байдалд бүрэн тогтоогдсон байх, үүнийг хариуцагчаас нотолсон байх ёстой.

2.6. Энэ маргааны тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл болон хөдөлмөрийн дотоод журамд заасан хэд хэдэн зөрчлийг гаргасан гэж төрийн албанаас халсан боловч хэрэгт нотлох баримтаар Хэмжил зүйн хэлтсийн албан хаагчдын үүрэг даалгаврын биелэлт /хх-79 тал/, Өвөрхангай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн түүхэн танилцуулга /хх-89-91 тал/, байгууллагын цахим хуудаст оруулах мэдээлэл /хх-92-100 тал/, цагийн бүртгэлийн дэлгэрэнгүй, гадуур ажилласан ажилтны бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргээс өөрөөр нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, шүүхээс хийсэн үзлэгээр /хх-175-177 тал/ маргаан бүхий тушаалын хувийн хэрэг байхгүй, зөрчлийг шалган тогтоосонтой холбоотой өөр ямар нэгэн баримт байхгүй байсан болно.

2.7. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ биелүүлээгүй зөрчлийн хувьд нэхэмжлэгч нь ёс зүйн асуудлаар ямар зөрчил гаргасан болохыг ямар нотлох баримтаар нотолсон болох нь тодорхойгүй. Тухайн байгууллагын ёс зүйн хороонд нэхэмжлэгчийн ёс зүйн асуудлаар ямар нэгэн гомдол, мэдээлэл ирж байгаагүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

2.8. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний гүйцэтгэлийн үнэлгээг 85.4% буюу Маш сайн /Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам"-ын 6.5 дахь хэсэг/ гэж үнэлж байсан,  жилийн эцсийн гүйцэтгэлийг хянаж дүгнээгүй атлаа хэзээ өгсөн ямар үүрэг даалгаврыг хэрхэн хангалтгүй хийснийг нотолсон баримт гэх Хэмжил зүйн хэлтсийн албан хаагчдын үүрэг даалгаврын биелэлт /хх-79 тал/ баримт нь захиргааны байгууллагаас үйлдсэн, нэхэмжлэгчид танилцуулж, шалтгаан тайлбар зэргийг аваагүй, нотлох баримтаар тогтоогоогүйн зэрэгцээ хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн түүхэн танилцуулга /хх-89-91 тал/, байгууллагын цахим хуудаст оруулах мэдээлэл /хх-92-100 тал/ зэргийг хэд хэдэн удаа засвар оруулсан нь төрийн албан хаагчийг төрийн албанаас халах хэмжээний зөрчил гэж үзэх үндэслэл болохгүй байна.

2.9. Иймд хариуцагч захиргааны албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах сонгох боломжийг хэрэглэхдээ буруу хэрэглэсэн, өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан нөхцөл байдал тогтоогдож байна.

2.10. Түүнчлэн өмнөх сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд зөрчил гэж үзсэн хөтөлбөр төлөвлөгөөгүйгээр сургалт, мэдээллийн үйл ажиллагаа явуулсан, гадуур явах хугацаандаа бүртгэл хөтлөөгүй зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарлах боловч хэзээ ямар сургалтыг дахин зөвшөөрөлгүйгээр явуулсныг шалган тогтоосон баримт байхгүй, гадуур ажиллах бүртгэлийн дэвтрийг дутуу бөглөсөн хаагаагүй гэх боловч шалтгаан нөхцөл нь юу байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулж шалгалгүйгээр зөрчил гэж үзсэн нь  Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэж заасанд нийцэхгүй.

2.11. Мөн хариуцагч нь маргаан бүхий тушаалыг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан, тухайн өдрөө оролцогчид мэдэгдэх хуудас /хх-119 тал/, шийдвэрийн төсөл танилцуулах хуудас /хх-117-118 тал/-аар нэхэмжлэгчид мэдэгдсэнээс үзэхэд нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын зөрчилд холбоотой тайлбар, санал гаргах боломжит хугацаа олгоогүй гэж дүгнэхээр байна.

2.12. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албанаас халахдаа хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулж, тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, шийдвэрийн үндэслэлд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой, шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулж үнэлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд баримтлагдах шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тусгай зарчимд нийцээгүй хууль бус шийдвэр болжээ.

2.13. Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Ц.С-ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” ***дүгээр тушаал нь хууль бус байх бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч Ц.***төрийн албанд ажиллах, хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Гурав. Ц.С-ий албан тушаалд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд,

3.1. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно.”, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “…төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар …халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.”, 41 дүгээр зүйлийн 41.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй, ...43.2.7 ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах, 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус хуульчилсан.

3.2. Нэхэмжлэгч Ц.С-ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий акт нь хууль бус болох нь тогтоогдож, шүүхээс уг актыг хүчингүй болгож байгаа тул түүнийг өмнө эрхэлж байсан Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн стандартын сургалт, мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

3.3. Мөн дээрх хуулийн заалтуудын дагуу хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох түүний ажилгүй байсан хугацааны цалинг “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу /үндсэн цалин-1,210,000+орон нутгийн нэмэгдэл-40%+удаан жилийн нэмэгдэл-6%/-иар тооцон маргаан бүхий акт гарсан 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн өмнө нь эрхэлж байсан Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн стандартын сургалт, мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллуулж эхлэх хүртэл хугацааны ажлын өдрөөр тооцон нэхэмжлэгчид нөхөн олгох, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүргийг хариуцагч хүлээх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг түүнд нөхөн олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

3.4. Хэрэв хариуцагч Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч нэхэмжлэгчийг хууль бусаар дахин төрийн албанаас халсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.6-д “Энэ хуулийн 76.4, 76.5-д заасныг зөрчсөн эрх бүхий этгээдийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас хална.” гэж заасны дагуу буруутай албан тушаалтныг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас халах үр дагавар үүсэх болохыг анхаарвал зохино.

Дөрөв: Нэхэмжлэгч Ц.*** 2024 оны ажлын хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнгийн урамшуулалыг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг үндэслэн маргаан бүхий захиргааны актын талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж дүгнэж, уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.1. Хариуцагчаас нэхэмжлэгчийн 2024 оны хагас жилийн ажлын гүйцэтгэлийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 85,4% буюу Маш сайн гэж үнэлжээ. Улмаар хариуцагчаас мөн өдрийн хамт олны хуралд 90%-иас дээш үнэлэгдсэн албан хаагч нарт урамшуулал олгох тухай мэдэгдэж /хх-67 тал/, Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/08 дугаар тушаалаар /хх-68 тал/ урамшууллыг нэр бүхий албан хаагч нарт олгосон байна.

4.2. Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 6.3-т “Төсвийн шууд захирагч энэ журмын 6.6.1.б болон 6.6.2.в-д заасан урамшууллын хэмжээг байгууллагынхаа төсвөөс хамааран тогтоож, Үнэлгээний баг байгуулах шийдвэртээ тусгана.”, 6.5-д “Үнэлгээний баг албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн, үнэлгээний 85-100 оноог “Маш сайн”, 70-85 хүртэлх оноог “Хэвийн”, 70 хүртэлх оноог “Хангалтгүй” үнэлгээний ангилалд хамруулан эрэмбэлнэ.”, 6.6-д “Үнэлгээний баг нь үнэлгээний ангиллаас хамааран холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт болон байгууллагын дотоод журмыг баримтлан доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаарх саналыг төсвийн шууд захирагчид гаргана. 6.6.1."Маш сайн" үнэлгээний ангилалд хамрагдсан төрийн албан хаагчийн хувьд: …б).мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал, урамшуулал олгох;” гэж тус тус журамласан.

4.3. Дээрх журмын зохицуулалтаас үзэхэд ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшин нь “Маш сайн” гэж үнэлэгдсэн төрийн албан хаагч нь урамшуулал авах эрхтэй бөгөөд урамшууллын хэмжээг төсвийн шууд захирагч нь байгууллагынхаа төсвөөс хамааран тогтоохоор журамласан нь “Маш сайн” гэж үнэлэгдсэн албан хаагчид ямар хэмжээгээр урамшуулал олгохыг төсвөөс хамааран тогтоох эрх олгосон заалт болохоос “Маш сайн” ангилалд үнэлэгдсэн албан хаагчдын заримд нь урамшуулал өгч, заримд нь өгөхгүй байх эрх олгосон заалт биш юм. 

4.4. Иймд нэхэмжлэгч нь 2024 оны хагас жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 85.4% буюу “Маш сайн” гэж үнэлэгдсэн байхад хариуцагчаас урамшуулал олгоогүй нь дээрх журамд нийцэхгүй буруу шийдвэр бөгөөд хариуцагчаас төсвөөс шалтгаалан 90%-иас дээш үнэлэгдсэн албан хаагчид урамшуулал өгсөн, урамшуулал олгож болно гэснээс заавал олгох зохицуулалт биш гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

4.5. Гэвч Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг …урамшуулах, … асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ.”, 75 дугаар зүйлийн 75.1-д Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн … 52.2, …-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч нь урамшуулал олгоогүй асуудлаар тухайн үед нь Төрийн албаны төв зөвлөлд гомдлоо гаргах эрхтэй байжээ.  

4.6. Тухайн гомдлыг Төрийн албаны зөвлөлөөс хэрхэн шийдвэрлэснээс хамааран Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;” гэж хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхад нэхэмжлэгч нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн урамшуулал олгоогүй захиргааны шийдвэрт 2025 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гарган маргаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.7. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.6, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.****эс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Ц.С-ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” ***дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 102 дугаар зүйлийн 102.1, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 50 дугаар зүйлийн 50.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.С-ийг урьд эрхэлж байсан Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн стандартын сургалт, мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу /үндсэн цалин-1,210,000+орон нутгийн нэмэгдэл-40%+удаан жилийн нэмэгдэл-6%/-иар тооцон маргаан бүхий акт гарсан 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн өмнө нь эрхэлж байсан Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн стандартын сургалт, мэдээлэл, салбар сан хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллуулж эхлэх хүртэл хугацааны ажлын өдрөөр тооцон нөхөн олгох, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга ****ад даалгасугай.

3. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Ц.****д сахилгын шийтгэл ногдуулах тухай” ***дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан 2024 оны хагас жилийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнгийн урамшуулал нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргаас гаргуулан нэхэмжлэгч Ц.****д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ө.БОЛОРЧИМЭГ