| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 101/2020/04437/И |
| Дугаар | 210/МА2021/00453 |
| Огноо | 2021-03-10 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2021/00453
| 2021 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 210/МА2021/00453 |
Д.Өийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/04180 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Өын хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаар шийдвэрээр надаас 74 003 393 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 598 167 төгрөгийг гаргуулан Экокапитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар уг төлбөрийг төлж чадаагүй тул миний өмчлөлийн Ү-2204023535 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжүгийн гудамж, 170 дугаар байр, 100 тоотод байрлах 54.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч томилох тухай 8/386 дугаар тогтоолоор эд хөрөнгийн үнэлгээний шинжээчээр Баян модот ХХК-ийг томилсон ба тус компани нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 104 837 000 төгрөг гэж үнэлжээ. Тус орон сууц зах зээлийн ханшаар 150 000 000-180 000 000 төгрөгийн үнэтэй байхад зах зээлийн ханшаас илт доогуур буюу 104 837 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний өмчлөлийн Ү-2204023535 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжүгийн гудамж, 170 байр, 100 тоотод байрлах, 54.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Баян модот ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн БЗДОС 20/017 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч НШШГГ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 258 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2019/00830 дугаар тогтоолоор Д.Өаас 74 003 393 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 598 167 төгрөгийг гаргуулж, Экокапитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.Өт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Өийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204023535 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжүгийн гудамж, 170 байр, 100 тоотод байрлах, 54.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20260051/01 дугаар тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлөхийг 164/02 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 20260051/06 дугаар тогтоолоор барьцаалан хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 8/386 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин Баян модот ХХК-ийг томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 104 837 000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан, Баян модот ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204023535 дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжүгийн гудамж, 170 дугаар байр, 100 тоот хаягт байрлах, 54.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 104 837 000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Өийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Өаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2020 оны 12 сарын 22-ны өдөр болсон шүүх хурал нь Засгийн газраас 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс Монгол Улс даяар зарласан онц байдлын цаг хугацаатай давхцуулж шүүх хурал хийсэн нь хуулиар олгосон эрхээ бүрэн эдлэхэд боломжгүй болгосон бөгөөд нотлох баримт бүрдүүлэх үүрэгт шууд нөлөөлсөн. Тус өдрийн шүүх хуралд миний бие өмгөөлөгч авах эрхээ эдлэх хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Мөн шүүх хуралдаанд Ц.Дэмбэрэлийн эрх ашиг шууд хөндөгдөж байгаа талаар дурдаж гуравдагч этгээдээр татуулах хүсэлт гаргасан ч хүлээж авалгүй хэт нэг талыг барьж шүүх таслах ажиллагааг хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж явуулсанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 03753 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 сарын 11-ний өдрийн 258 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 сарын 31-ний өдрийн 830 дугаар тогтоолоор хариуцагч Д.Өаас 74 003 393.04 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 598 167 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч Экокапитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт заалт хэрэгжээгүй байна.
Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.
Төлбөр төлөгч нь 2020 оны 8 сарын 07-ны өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийг 180 000 000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул хариуцагч НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасны дагуу 2020 оны 8 сарын 27-ны өдрийн 8/386 дугаар тогтоолоор Баян модот ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо /одоогоор 25 дугаар хороо/ 13 дугаар хороолол, Намьяанжугийн гудамж, 170С дугаар байрны 100 тоот орон сууцыг 104 837 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх74-90/
Хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн хийсэн 2020 оны 9 сарын 01-ний өдрийн үнэлгээг төлбөр төлөгчид 2020 оны 9 сарын 02-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна. /хх1-2, 65/
Хэргийн 58-64 дүгээр талд авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус үнэлж, эдгээрээс зах зээлийн харьцуулалтын аргыг сонгон хэрэглэж Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороололд байрлах гурван үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг Баян модот ХХК нь 104 837 057,23 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Баян модот ХХК-ийн үнэлгээчин нь тухайн орон сууцны үнэ цэнийг 104 837 057,23 төгрөгөөр тогтоохдоо 54,6 м.кв талбайгаар тооцон, худалдан борлуулахаар нийтэд зарласан үл хөдлөх хөрөнгө, түүний зах зээлийн үнэтэй харьцуулж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь албадан дуудлага худалдаагаар худалдах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ...өмгөөлөгч авах, Ц.Дэмбэрэлийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг хүлээж аваагүй ... гэж дурджээ. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ө өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх үе шатанд гуравдагч этгээдээр Ц.Дэмбэрэлийг оролцуулах хүсэлт гаргаагүй буюу хэрэг хэлэлцээд асуулт, хариултын үе шатанд хүсэлт гаргасан нь өөрөө шүүх хуралдааны дарааллыг зөрчсөн гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй. Иймээс түүний энэ талаарх тайлбар, гомдол үндэслэлгүй.
Иймд, хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж, тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/04180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Б.НАРМАНДАХ