| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2017/0446/Э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Иргэдийн төлөөлөгч С.Балжмаа,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Хохирогч Н.Хишигсүрэн,
Шүүгдэгч С.Баасансүрэн, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709001860067 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт, Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 41-р гудамж 632 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Хотгойд овогт Сүрэнхорын Баасансүрэн /регистрийн дугаар ХН 66032671/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.Бнь 2017 оны 06 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 24-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 41-632 тоот хашаанд хүргэн болох Н.Хишигсүрэнг “дүү Ш.Энхсувдыг зодлоо” хэмээн маргалдан улмаар “манайхыг барж идэхгүй шүү” хэмээн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь “…хэвлий хөндий нэвтэрч бүдүүн гэдэсний чацархайд хатгагдаж зүсэгдсэн шарх, ар нурууны зүүн доод 2 ширхэг зүсэгдсэн шарх, дух, зовхи, тохой, бугалганы цус хуралт, тохой, хүзүүний арьсны зулгаралт…” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Бшүүх хуралдаанд “...2016 оны 06 дугаар сарын 22-23 шилжих шөнө манай гэрт эмэгтэй дүү хүрч ирээд “…миний нөхөр намайг ийм болгочихлоо…” гээд хүрч ирсэн. Би тухайн үед ширээн дээр байсан хутгаа аваад гарсан. Надад хохирогчийг хутгалах санаа зорилго байгаагүй, зүгээр айлгах гэж байсан. Тэгээд хохирогчийг авч явсан хутгаараа хутгалсан. Тэгээд хохирогчийг түргэн тусламж ирээд аваад явсан...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…“...Би 2017 оны 06 сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн унтаж байхад манай дүү охин Энхсувд “нөхөртөө зодуулчихлаа” гэж намайг сэрээсэн. Тэгээд би Хишигсүрэнг айлгах санаатай хутга аваад гарсан чинь өөдөөс гүйгээд ороод ирэхээр нь хоёр удаа хутгалчихсан байсан. Тэгээд би гэр рүүгээ орж алчуур авч боож өгсөн. Тэгээд манай дүү түргэн дуудчихсан байсан удалгүй түргэн ирээд аваад явсан. Би тухай үед хутгалъя гэж бодоогүй хийсэн хэрэгтэй харамсаж байна …” гэсэн мэдүүлэг /хх-59/,
Хохирогч Н.Хишигсүрэн шүүх хуралдаанд “...Тухайн хэрэг гардаг өдөр найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд ээж, эхнэртэйгээ маргалдаад эхнэртээ гар хүрсэн. Тэгээд эхнэрийн ах Баасансүрэн ирээд надад гэмтэл учруулсан. Эмнэлэгт байхад Баасансүрэн эмчилгээний зардал болон намайг эргэж байсан. Би цаашид хэрүүл маргаан гаргахгүй талаар шүүгдэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан. Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн хөнгөлж өгнө үү...” гэв,
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “…2017 оны 06 дугаар сарын 23-ны орой эхнэр Энхсувд бид хоёр манай найзуудтай архи ууж байгаад нилээд согтуу гэртээ шөнийн 01 цагийн үед ирсэн. Энхсувд бид хоёр хэрүүл маргаан хийгээд би Энхсувдыг зодсон, тэгээд хадам ах Баасансүрэн чи манайхныг идэхгүй шүү гээд зүүн бөөр лүү хатгах шиг болсон тэгэхээр нь Баасансүрэн ахаа та болиоч ээ гэхэд Баасансүрэн ах дахиад хатгаад яваад өгсөн, Баасансүрэн ах миний хохирлыг барагдуулсан бид хоёр харилцан эвлэрсэн байгаа. Хадам ах Баасансүрэн надад хүнд зэргийн гэмтэл учруулсан, гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-11/,
гэрч Ш.Энхсувдын “…найз Мөнхбатын гэрт 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр найз нар цугласан, нөхөр Хишигсүрэн бид хоёр 2017 оны 07 дугаар сарын 24-ний 01 цаг өнгөрч байхад Пүрэвжавын автомашинаас буугаад гэртээ орох гэтэл нөхөр Хишигсүрэн машинаа унаж найз нарынхаа араас явна гэхээр нь явуулахгүй гээд хэрэлдэж байгаад, намайг зодсон би нагац ах болох Баасансүрэнг сэрээн Хишигсүрэн намайг ийм болгочихлоо босоод ир гээд сэрээсэн, нагац ах Баасансүрэн манай нөхөр хоёр хоорондоо хэрэлдээд гэр лүүгээ орсон, гэрт сууж байгаад хартал нөхөр Хишигсүрэн байхгүй болохоор нь араас нь гартал машиныхаа зүүн талд зүүн бөөрөө барьсан Бааскаа ах намайг ингэчихлээ гээд зогсож байсан, зүүн талыг нь хартал цус гоожиж байсан тэгээд түргэн тусламж дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-38-39/,
гэрч С.Даваадоржийн “…2017 оны 06 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 24-нд шилжих шөнө намайг унтаж байхад ээж намайг сэрээгээд дүү Баасансүрэн чинь хүн хутгалчихлаа гэсэн, тэгэхээр нь би нөгөө талын өрөөнд ороход Хишигсүрэн хутгалуулсан байсан, мөн Энхсувдын нүд нь хөхөрсөн байсан, хажуу талын өрөөнд ороход бүх зүйл болоод өнгөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-45/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №8325 тоот актын “...Н.Хишигсүрэнгийн биед хэвлийн хөндий нэвтэрч бүдүүн гэдэсний чацархайд хатгагдаж зүсэгдсэн шарх, ар нурууны зүүн доод 2 ширхэг зүсэгдсэн шарх, дух, зовхи, тохой, бугалганы цус хуралт, тохой, хүзүүний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.…” гэсэн дүгнэлт /хх-3471/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх5/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-54/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-56-57/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-62-63/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.Бнь 2017 оны 06 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 24-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 41-632 тоот хашаанд хүргэн болох Н.Хишигсүрэнг дүү Ш.Энхсувдыг зодлоо хэмээн маргалдан улмаар “манайхыг барж идэхгүй шүү” хэмээн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлий хөндий нэвтэрч бүдүүн гэдэсний чацархайд хатгагдаж зүсэгдсэн шарх, ар нурууны зүүн доод 2 ширхэг зүсэгдсэн шарх, дух, зовхи, тохой, бугалганы цус хуралт, тохой, хүзүүний арьсны зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Н.Хишигсүрэн, гэрч Ш.Энхсувд, С.Даваадорж нарын мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8325 тоот актын дүгнэлт, шүүгдэгч С.Б сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээр хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт, цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Прокуророос шүүгдэгч С.Б дээрх үйлдлийг 2015 оны эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан буюу “…зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж үзэж түүнд энэ зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Б холбогдох хэргийн зүйчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөв.
Учир нь: 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг, …хэрэглэсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт зүйлчлэхээр хуульчилсан ойлголт юм.
Шүүгдэгч С.Б 2017 оны 06 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 24-нд шилжих шөнийн 02 цагийн үед хутгийг зэвсгийн чанартай хэрэглэн өөрийн хүргэн Н.Хишигсүрэнгийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн хангажээ.
Гэтэл Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор яллагдагч С.Баасансүрэнг “…зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж,яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон,…гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн заалтыг зөрчиж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзлээ.
2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д …таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол …, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус хуульчилсан ба 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээ багассан байна.
Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д …оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж тус тус заасныг шүүх хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч С.Б прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дахь хэсгээр яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч С.Баасансүрэнг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч Н.Хишигсүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч С.Баасансүрэнгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй,
Харин анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Мөн түүний хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, уг хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж шийдвэрлэв.
Үүнээс гадна түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хонгоор тооцож хорих ялаар солино” гэснийг тайлбарласан болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Хотгойд овогт Сн Бд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Шүүгдэгч С.Баасансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ялтан С.Б оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, С.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР
ШҮҮГЧИД Б.ДУЛАМСҮРЭН
Б.МӨНХ-ЭРДЭНЭ