Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 121/ШШ2025/0003

 

  2025         03              20                                               121/ШШ2025/0003

 

    

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, ***-ийннэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт ирүүлснийг хүлээн авч хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***-ээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Баруунбаян-Улаан сумын *** дүгээр багийн иргэн ***-ийн миний бие 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдсан 4 дүгээр багийн Засаг даргын сонгуулийн санал хураалтын дүнд сэтгэл хангалуун бус, хүлээн зөвшөөрөөгүйн улмаас өргөдөл гаргасан.

Миний бие тус сонгуулийн зохион байгуулсан ажлын хэсэг болон өрсөлдсөн Т.Загарсүрэнг дэмжсэн иргэдийн олонхын саналыг хүндэтгэн шүүхэд гаргасан өргөдлөө буцааж байгаа тул миний гаргасан өргөдөл, нэхэмжлэлийг буцааж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***-ийннэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох “Өвөрхангай аймгийн  Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүхэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч ***-ийн нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ бичгээр ирүүлжээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус заасанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд тэрээр уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд, энэхүү шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй байна. 

Иймд нэхэмжлэгч ***-ийннь тус захиргааны хэргийн шүүхэд гаргасан “Өвөрхангай аймгийн  Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүхэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, 121/2025/0004/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ***-ийн Өвөрхангай аймгийн  Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн  Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүхэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, тус шүүхийн 121/2025/0004/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ц.НЭРГҮЙ