| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2024/0043/З |
| Дугаар | 116/ШШ2025/0005 |
| Огноо | 2025-02-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 116/ШШ2025/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Халх-*******” ХХК-ийн захирал *******ын *******,
Хариуцагч: Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын хооронд үүссэн “Халхгол сумын Ялалт багийн нутаг дахь газрын тос олборлох ажиллагааны улмаас цөлжилт доройтолд өртөхөд хүрсэн хадлангийн газарт мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулан Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 18/03 дугаар тогтоолын дагуу мод тарьж газар хамгаалах зориулалтаар 15000 га газар эзэмших “Халх-*******” ХХК-ийн хүсэлтийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3-т заасан сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийг даалгах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч Халхгол сумын Засаг дарга Э.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч “Халх-*******” ХХК-ийн зүгээс Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдуулан, “Халхгол сумын Ялалт багийн нутаг дахь газрын тос олборлох ажиллагааны улмаас цөлжилт доройтолд өртөхөд хүрсэн хадлангийн газарт мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулан Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 18/03 дугаар тогтоолын дагуу мод тарьж газар хамгаалах зориулалтаар 15000 га газар эзэмших “Халх-*******” ХХК-ийн хүсэлтийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3-т заасан сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 18/03 дугаар тогтоолоор “...Ялалт багийн нутаг дэвсгэрт мод тарьж газар хамгаалахыг дэмжиж,...тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Х.*******/-д даалгажээ.
2.2. “Халх-*******” ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад хандан “...Ялалт 2-р багийн нутаг дэвсгэрт Уртын хөндийн 01 тоотод байрлах цөлжилт доройтолд өртөхөд хүрсэн 15000 га газрыг газар хамгаалах, мод тарьж агро ойжуулалт хийх зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх” хүсэлт гаргасан байна.
2.3. Нэхэмжлэгчээс Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “Халх-*******” ХХК-ийн захирал Т.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Халх-*******” ХХК нь “Тэр бум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж ажиллах зорилгоор “Цөлжилтийн эсрэг хамтдаа” ахмадын нөхөрлөл байгуулж байгаль орчин бэлчээр нутгаа цөлжилт доройтлоос хамгаалах нэгдсэн ажиллагааг Баянтүмэн, Чойбалсан, Халхгол, Матад сумдад хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Бидний ажиллагааг аймгийн Засаг дарга дэмжиж Газрын тухай хуулийн 21.3.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Халхгол сумын Засаг даргад хандан мод тарьж агро ойжуулалт хийх газрын байршил хэмжээг 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, тус “Халх-*******” ХХК-тай хамтран ажиллах үүрэг чиглэлийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1/2720 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч уг асуудлыг шийдвэрлэж өгөхгүй 2 жил саатуулж, тус компаниас гаргасан удаа дараагийн санал хүсэлтэд тодорхой хариу өгөхгүй энэ үеийг хүргэж байна. Ахмад настан иргэд бид Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 3 удаа очиж асуудлаа танилцуулж, энэ оны 7 сард мод тарих газраа сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор оруулах шийдвэр гаргуулсан боловч тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.******* нь Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 02/592 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад ирүүлсэн тайлбар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1/2025 тоот дүгнэлт болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1/647 тоот зөвлөмж шаардлагыг үл ойшоон элдэв шалтаг шалтгаан заан, чирэгдэл учруулж, захирамж гаргаж мод тарих газрын асуудлыг шийдвэрлэж өгөхгүй тус компанийн мод тарьж агро ойжуулалт хийх ажиллагааг саатуулж байна.
Нөхөн сэргээх, мод тарих нь аймгийн хэмжээнд №1 ажил болоод байгаа. Аймгийн зүгээс бүрэн дүүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Гол нь энэ аймагт нийт 50 сая мод тарих ёстой юм. Үүнээс 12 сая модыг нь цөлжилт явагдаж байгаа хэсэгт тарихаар заасан. Би Э.******* даргатай уулзахад “цөлжиж байгаа газар гэдэгт итгэхгүй байна” гэж хэлдэг. Манай аймгийн нутаг дэвсгэрийн 96 хувь нь цөлжиж байгаа гэсэн үндсэн мэдээлэл байна. Бид Ялалт багтай очиж танилцсан. 19 дүгээр талбайгаас цааш 45 км газарт өвсгүй болсон. Би хамтран гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч хүмүүстэй уулзаад газрын хэсгийг урагшаа нүүлгэх саналыг гаргасан. Мал, хүн очдоггүй гал түймэр их гардаг нэг газар байгаа. Энэ хэсэгт мод тарьж, нөхөн сэргээлт хийх талаар саналыг гаргаж тохиролцсон. Энэ талаар аймгийн Засаг даргад танилцуулсан. Тарьсан модоо хамгаалахын тулд зогоон татна. 30 гаруй км газрыг хамарна гэж харж байгаа. Алсын түймрээс сэргийлэх арга хэмжээг авна, давхар давхар ашигтай гэдгээ хэлсэн. Энэ хугацаанд бид Ахмад настны тухай хуулийн дагуу нөхөрлөл байгуулсан. 8 аж ахуй нэгж хамтран нөхөрлөлд багтсан. Хөдөө аж ахуйн сэргэлтийн бодлого гэсэн арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Бид нийт 4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Гэвч сумын Засаг даргын шийдвэрээс шалтгаалж ажлаа үргэлжлүүлж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Цөлжиж байна уу үгүй юу гэдгээ ярих юм бол Монгол Улсын цөлжилт хамгийн эрчимтэй явагдаж байгаа 10 улсын нэгт, үүн дотроо эхний 8 аймагт манай Дорнод аймаг багтсан байна. Халхгол сумын бүс нутаг нь гамшгийн хэмжээнд очсон байгааг бүгд мэдэж байгаа. Би Халхгол суманд 5 жил ажилласан хүн. Өвс ургамал, цөлжилт, гал түймрийн талаар маш сайн мэдэж байна. Энэ бол хойч үедээ үлдээж байгаа хөрөнгө оруулалт юм. Би Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд очиж суусан. Миний хэлснийг үгүйсгэдэггүй, дэмжинэ гэдгээ илэрхийлдэг. Ганц хашаа нь гэхэд 500 сая төгрөг болох юм байна. Энэ мөнгийг яаж босгох юм гэж надаас асуусан. Хөрөнгө нь бүрэн шийдэгдсэн байгаа. Миний гаргаж байгаа ажил нь Засгийн газрын бодлого, бусад журамтай нийцэж байгаа. Би ******* Ерөнхий сайдаас хариу албан бичиг хүртэл авсан. Дээд газраас авах лавлагаа, тодорхойлолтыг авсан гэж үзэж байгаа. Сүүлд гаргасан шинэ журамд нийцүүлэх асуудал яригдсан. Би одоо захирамжаа л хүлээж байна. “Зөрчилгүй” нэгж талбарын жагсаалтад нь оруулж ажлыг хэрэгжүүлэх талаар бичиг Газрын албанд ирсэн. Газрын албанаас суманд нь бичгийг хүргүүлсэн. Гэвч энэ хугацаанд сонгууль болж Х.******* дарга ажлаас чөлөөлөгдөж Э.******* нь Засаг дарга болсон. Э.******* тухайн үед Хурлын даргаар ажиллаж байсан. Гол нь Х.******* даргаас хариу авах ёстой энэ ажил их удааширсан. Иймд Халхгол сумын Ялалт багийн нутаг дахь газрын тос олборлох ажиллагааны улмаас цөлжилт доройтолд өртөхөд хүрсэн хадлангийн газарт мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулан Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 18/03 тоот тогтоолын дагуу мод тарьж газар хамгаалах зориулалтаар 15000 га газар эзэмших “Халх-*******” ХХК-ийн хүсэлтийг Газрын тухай хуулийн 21.4, 21.4.3-т заасан сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагч Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Халх-*******” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 25 дугаар албан тоотоор сумын Засаг даргад ирүүлсэн хүсэлтэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэжүүлж буй тэрбум-мод үндэсний хөдөлгөөний хүрээнд цөлжилт доройтолд өртөхөд хүрсэн 15000 га хадлангийн талбайд мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулан эдийн засгийн эргэлтэд оруулах зориулалтаар Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5 дахь заалтын дагуу шийдвэрлэн өгөх тухай” хүсэлт ирүүлсэн. Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор баталсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 3.18.6 дахь заалтын дагуу газар зохион байгуулалтын холбогдох төлөвлөгөөнд шаардлагад нийцүүлэн өөрчлөлт оруулж болно гэж заасны дагуу сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 18/03 дугаар тогтоолоор 2 дугаар баг Ялалт багийн нутаг дэвсгэр Уртын ухаа гэх газарт мод тарих, газар хамгаалахыг дэмжих зориулалтаар 15000 га газрыг төлөвлөгөөнд тусгасан. Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Дүгнэлт өгөх тухай” 1/2052 албан бичигт тус сумын 2 дугаар баг Ялалт, Уртын ухаа гэх газарт мод үржүүлгийн газар байгуулах зориулалтаар холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлага хангасан гэсэн дүгнэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирүүлсэн байна. Сумын ИТХ-ын 2024 оны 18/03 дугаар тогтоолд тусгасан 15000 га мод үржүүлгийн газар байгуулах зориулалттай газар нь газар зохион байгуулалтын төлөвлөлтийн арга хэмжээний газрыг нөхөн сэргээх, хамгаалах ангилалд тусган төлөвлөсөн байна. Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын 2024 оны 1/2044 дугаар зөвлөмж хүргүүлэх албан бичигт “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэхгүйгээр Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.17-д заасан нийтийн эдэлбэрийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч мод тарих, цэцэрлэгт хүрээлэн байгуулах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах” талаарх зөвлөмжийг хүргүүлж ажилласан байдаг. Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 18/03 дугаар тогтоол нь газар эзэмшүүлэх, ашиглах бус мод тарихыг л дэмжсэн тогтоол гарсан. Яг тухайн хэсэг нь миний түрүүнд хэлсэнчлэн “цөлжилтөд өртөөгүй” гэдэг дүгнэлт гарсан. Ер нь хурлын шийдвэр нь зөвхөн мод тарихыг дэмжсэн шийдвэр байгаа гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 92 дугаар тогтоол, журмын 3.18 дахь хэсэгт дараах тохиолдолд өөрчлөлт оруулж болно гэж заасан. Үүнд нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой асуудлыг дурддаг. 2024 оны 07 дугаар сарын 17-ны сумын хуралдаан дээр хадлангийн асуудал болон төрийн захиргааны орон сууц барих байшин, дараагийн дугаарт 3.18 дахь заалтын дагуу газрыг оруулсан. Бусад тохиолдолд жилийн эцсийн хурлын тогтоолоор бусад асуудлыг хэлэлцүүлдэг. 23.2.4 дахь хэсэгт Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэх газрын хэмжээг тусгаж Засгийн газарт санал хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих талаар дурдсан байдаг. Энэ бол зөвхөн дүгнэлттэй холбоотой хэсэг яригдаж байгаа. Газар хамгаалахаар тусгасан учраас Засгийн газар руу явуулах шаардлагагүй гэж үзсэн. 1/2044 тоот дүгнэлт нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ирсэн. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5 дахь хэсэгт заасныг баримтлан газар олгох боломжгүй талаар дурдсан. Харин иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлэхгүйгээр нийтийн эдэлбэр газрын зориулалтаар цэцэрлэгт хүрээлэн барих боломжтой талаар дурдсан байдаг гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “Халх-*******” ХХК нь “Халхгол сумын Ялалт багийн нутаг дахь газрын тос олборлох ажиллагааны улмаас цөлжилт доройтолд өртөхөд хүрсэн хадлангийн газарт мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулан Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 18/03 дугаар тогтоолын дагуу мод тарьж газар хамгаалах зориулалтаар 15000 га газар эзэмших “Халх-*******” ХХК-ийн хүсэлтийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3-т заасан сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
3. Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 18/03 дугаар тогтоолоор “...Ялалт багийн нутаг дэвсгэрт мод тарьж газар хамгаалахыг дэмжсүгэй” гэсэн тогтоолыг гаргасан байна.[1]
4. Дээрхи тогтоолын дагуу Халхгол сумын 2 дугаар баг, Ялалт багийн нутаг дэвсгэр “Уртын ухаа” гэх газарт мод тарих, газар хамгаалахыг дэмжих зориулалтаар 15000 га газрыг төлөвлөгөөнд тусгасан байна[2].
5. “Халх-*******” ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад хандан “...Ялалт 2-р багийн нутаг дэвсгэрт Уртын хөндийн 01 тоотод байрлах цөлжилт доройтолд өртөхөд хүрсэн 15000 га газрыг газар хамгаалах, мод тарьж агро ойжуулалт хийх зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх” хүсэлтийг Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад гаргасан байна[3].
6. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/2052 дугаартай “Дүгнэлт өгөх тухай” ... “Дорнод аймгийн Чойбалсан сумын 2024-07-021-8671, Халхгол сумын 2024-12-021-8843, Матад сумын 2024-12-021-8837 дугаартай газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголын төсөлд нийт 85 нэгж талбарын 118074.50 га газар олгохоор төлөвлөсөн байна. Тус төлөвлөлтийн нэгж талбаруудыг Газрын тухай хууль, Авто замын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн мэдээллийн сантай давхцуулан шалгахад ашигт малтмалын лицензийн талбайтай давхацсан 31545 га талбайтай 28 нэгж талбар /хавсралт 1/, харин холбогдох хууль, тогтоомжийн дагуу шаардлага хангасан 86529.5 га талбайтай 57 нэгж талбар /хавсралт 2/ байна. Иймд ашигт малтмалын лицензийн талбай, авто зам, төмөр замын трасстай давхцуулан төлөвлөсөн дээрх нэгж талбарын байршлыг дахин судалж, зөрчилгүй нэгж талбарыг Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд бүртгэн, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын төслийг боловсруулж баталгаажуулах ажлын хэрэгжүүлж ажиллана уу” гэсэн албан бичгийг Дорнод аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт хүргүүлсэн[4].
7. Мөн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1/2044 дугаартай “... Танай байгууллагаас ирүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1/564 дугаартай албан бичигтэй танилцаад дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Газрын тухай хуулийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуй нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана” гэж заасан. Хууль тогтоомжид өөрчлөлт орж цахим систем нэвтэрсэнтэй холбогдуулан цаашид Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн, хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг нь эзэмшүүлж болно” гэсэн заалтыг үндэслэн газар олгох боломжгүй юм. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн нийтлэг бүрэн эрхийг тодорхойлсон. Мөн Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 3.24-т Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах зохион байгуулалтын арга хэмжээг тодорхой заасан байдаг. Иймд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгжүүлэлт, хот тохижилтын үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгаа бол тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж хүсэлтээр нь эзэмшүүлэх, эсхүл иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ээмшүүлэхгүйгээр Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.17-д заасан “Нийтийн эдэлбэр газар”-ын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, мод тарих, цэцэрлэгт хүрээлэн байгуулах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана уу” гэсэн албан бичгийг Дорнод аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт хүргүүлсэн.[5]
8. Дорнод аймгийн Засаг даргаас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/45 дугаартай ...Танай ирүүлсэн Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт хадлангийн талбайд мод тарьж, агро-ойжуулалт хийн ургацыг тогтвортой нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг “Цөлжилтийн эсрэг хамтдаа” ахмадын нөхөрлөлтэй хамтран хэрэгжүүлэх зорилгоор 15000 га газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх үүрэг чиглэлийг Халхгол сумын Засаг даргад хүргүүлж, дэмжлэг үзүүлэх тухай хүсэлттэй танилцлаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд газрыг хамгаалах, нөхөн сэргээх, мод тарих зэрэг үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас зөвлөмж авахад, тус газрын даргын 2024 оны 1/2044 дүгээр албан бичгээр ирсэн зөвлөмжид “... Хууль тогтоомжид өөрчлөлт орж цахим систем нэвтэрсэнтэй холбогдуулан цаашид Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн, хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг нь эзэмшүүлж болно” гэсэн заалтыг үндэслэн газар олгох боломжгүй юм ... Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 2/688 дугаар албан бичигт дурдсаны дагуу газар эзэмших хүсэлтээ харъяалах сумын Засаг даргад гаргаж, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан хуулийн дагуу шийдвэрлүүлэх боломжтой болно” гэсэн албан бичгийг “Халх-*******” ХХК-ийн захирал Т.*******д хүргүүлсэн.[6]
9. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуй нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана.” /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон/, мөн Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг нь эзэмшүүлж болно.” гэж тус тус хуульчилсан.
10. Өөрөөр хэлбэл Сумын Засаг дарга газрын алба, газрын даамлын зөвшөөрлөөр хадлангийн талбайг усалгаатай болгосон, ойн хамгаалалтын зурвас бий болгосон зэргээр тухайн хадлангийн талбайн үр өгөөж, ашиглах нөхцлийг зориулалтынх нь дагуу сайжруулж, хамгаалсан этгээдэд Хурлын шийдвэр, зөвшөөрлийн үндсэн дээр хадлангийн талбайг зориулалтын дагуу эзэмшүүлэхээр шийдвэрлэж болох бөгөөд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эсэх нь сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудал юм.
11. Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 18/03 дугаар тогтоолоор “... Ялалт багийн нутаг дэвсгэрт мод тарьж газар хамгаалахыг дэмжсүгэй” гэсэн тогтоолыг гаргаж, Халхгол сумын 2 дугаар баг Ялалт багийн нутаг дэвсгэр “Уртын ухаа” гэх газарт мод тарих, газар хамгаалахыг дэмжих зориулалтаар 15000 га газрыг төлөвлөгөөнд тусгасан бөгөөд дээрхи тогтоолыг үндэслэн “Халх-*******” ХХК-д тухайн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргаас албан ёсны шийдвэр гараагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгээр нотлогдож байна.
12. Иймд Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргаас Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д зааснаар Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 18/03 дугаар тогтоолыг үндэслэн “Халх-*******” ХХК-д газар олгосон шийдвэр гаргаагүй байхад шүүхээс дээрхи тогтоолыг үндэслэн “Халх-*******” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах үндэслэлгүй юм.
13. Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 18/03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй, түүнтэй холбоотой акт гаргахаас татгалзсан аливаа шийдвэр гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрхи 18/03 тогтоолыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.
14. Шүүхээс дээр дурдсан хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн “Халх-*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 53 дугаар зүйлийн 53.5-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Халх-*******” ХХК-ийн Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Халхгол сумын Ялалт багийн нутаг дахь газрын тос олборлох ажиллагааны улмаас цөлжилт доройтолд өртөхөд хүрсэн хадлангийн газарт мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулан Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 18/03 дугаар тогтоолын дагуу мод тарьж газар хамгаалах зориулалтаар 15000 га газар эзэмших “Халх-*******” ХХК-ийн хүсэлтийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3-т заасан сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Халх *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ