| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0293/э |
| Дугаар | 0343 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 0343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: М.Оюунчимэг
улсын яллагч: М.Хэрлэнчимэг
хохирогч Б.Г
шүүгдэгч: Х.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт Х О холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806012230310 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт Х О, 19 оны дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо Цайзын дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:РЛ,
Холбогдсон хэргийн талаар:
Х.О нь 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 12.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн урд зам дээр иргэн Б.Г таксины мөнгө дутуу өглөө гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Чулуун овооны тойргийн наанаас 12.00 цагийн үед Нарантуул худалдааны төв хаалга хүртэл таксинд явсан. Тэгээд хохирогч болох залуу гар өргөхөөр нь урд суучих гээд суулгасан. Нарантуул худалдааны төв хаалга хүрэхэд километр нь 1.2 гарсан. Тэгээд би 2000 төгрөг гарсан байна гэсэн чинь 1000 төгрөг л гардаг юм гэж элдвээр хэлээд, 1000 төгрөгөө өгөөд буухаар нь би араас нь буугаад мөр лүү нь цохьсон. Тэгээд бид хоёрыг хөндлөнгөөс нэг залуу ирж салгасан. Би зодолдож байхдаа нүүр лүү нь нэг, шүд рүү нь нэг цохьсон. Тэгээд хохирогч салахгүй барьчихаад байсан. Удалгүй цагдаа ирсэн. Миний буруу гэв.
Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чулуун-Овооны Номингийн автобусны буудлаас Нарантуул зах орох гээд зам дагуу явж байсан. Тэгээд нэг такси зогсохоор нь зах 500 төгрөгөөр явах уу гэсэн чинь урагшаа суучих, хойно хүнтэй байна гэж хэлсэн. Би зам дагуу явж байгаа хүн 500 төгрөгөөр явах юм байна гэж бодоод суусан. Тэгээд Нарантуул захын төв хаалга хүрэхгүй наана шунхлай клонкийн урд буухдаа 1000 төгрөг өгсөн чинь, 1500 гарсан байна, 500 төгрөг нэмж өг гэж хэлсэн. Тэгээд би энэ хоёрын хооронд 1000 төгрөг л гардаг ш дээ гэж хэлсэн. Тэгээд буусан чинь араас ирээд татахаар нь харсан чинь нүүр рүү цохьсон. Бас миний шүд рүү цохьсон. Намайг барьж аваад чи ямар овоо гар вэ гээд зулгаагаад байсан. Надад тухайн үед энэ хүнийг зодож цохих боломж байгаагүй. Би гартаа тортой гутал барьчихсан байсан. Намайг өшиглөөд, 2-3 удаа цохьсон. Би зүүн талынхан шанаа руу хальт цохьсон. Нэг эмэгтэй хүн ирээд чи наад хүнээ аллаа ш дээ боль гэж хэлсэн. Миний хамар амнаас цус гарсан байсан. Тэгээд машины ард байсан машины жолооч бууж ирээд биднийг салгасан. Цагдаа ирсэн. Миний 1 шүд цаашаа цөмөрчлөө гээд цагдаад харуулсан чинь шүд унасан. Миний 2 шүд унасан. Тэгсэн энэ хүн би ч гэсэн шүдээ унагааж чадна ш дээ гэж хэлсэн. Энэ ах өөрөө бичиг баримтаа авлаа гээд Замын цагдаа руу явсан. Тэр өдрөө шүүх эмнэлгээр орсон. Тухайн үед миний шүд буйлны үрэвсэлтэй байгаагүй, унах гэж байсан шүд байгаагүй. Тэгээд 2 удаа хиймэл шүд хийлгэсэн чинь таарахгүй, унаад байхаар нь авчихсан. Буйланд суулгадаг шүд 1 нь 2.500.000 төгрөг болдог гэж байна гэж О хэлсэн. Тэгсэн хамт яваад хийлгэе гэж хэлсэн боловч одоог хүртэл хохирол барагдуулж шүдийг маань хийлгэж өгөөгүй байгаа гэв.
Шүүгдэгч Х.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 4-ны өдөр 13.00 цагийн үед өөрийн 31-95УБУ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн автомашинтай таксинд явж байгаад Баянзүрх дүүргийн Чулуун овооны хэсэгт зам дагуу нэг залуу гараа өргөөд зогсож байхаар нь хаашаа явах юм гэхэд Нарантуул зах орно гэхээр нь би урд суучих гээд суулгасан. Тэгээд Нарантуул захын төв хаалганы урд ирээд нөгөө залуу энд бууя гээд надад 1000 төгрөг өгөхөөр нь би араас нь татаад чи километрээ хараа 2 километр гарсан байна гэсэн чинь та нар даварчихсан юм 1000 төгрөг гардаг юм гээд миний гарыг тавиулаад ёвроод авахаар нь би араас нь бууж очоод барьж аваад таксины мөнгөө өгч чадахгүй байж яах гэж такси барьдаг юм гээд цээж рүү нь 1 удаа цохисон чинь эргээд надтай барилцаж аваад намайг тавихгүй байхаар нь би гарыг нь тавиулах гээд цохисон боловч тавихгүй байсан. Тэгээд тэр залуу намайг доош нь тонгойлгоод зүүн хүзүүний хэсэгт өшиглөхөөр нь би эргүүлээд цохисон. Тэнд байсан хүмүүс энэ хоёрыг салга гэж орилоод бид хоёрыг хүмүүс салгасан. Тэгтэл нөгөө залуугийн амнаас цус гарч байсан. Тэр залуу намайг явуулахгүй гээд миний машины урд зогсоод байсан. Удалгүй цагдаа ирсэн гэжээ. /хх-ийн 05/
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 13.00 цагийн орчимд би Чулуун овооноос такси барьж Нарантуул орсон. Нарантуул захын ойролцоо бууя гээд Шунхлай клонкийн орчимд буугаад жолоочид 1000 төгрөг өгсөн чинь 1500 төгрөг өг гэсэн. Би км харахад 10 гаран км явсан байсан. Уг такси ардаа хүнтэй байсан тул намайг урдаа суулгасан. Би энэ хоёрын хооронд 1000 төгрөг л гардаг юм гэхэд нөгөө жолооч зөвшөөрөхгүй бид хоёр маргалдсан. Намайг замын хашлага дагаад явж байтал нөгөө жолооч араас ирээд миний нүүрэн тус газар буюу ам руу шууд цохисон. Тэр цохилтонд миний дээд үүдэн 2 шүдний баруун талын 1 шүд унасан. Тэгснээ үргэлжлүүлээд миний толгой руу 4-5 удаа гараараа цохисон. Тэгээд намайг зодчихоод явах гэхээр нь би явуулахгүй цагдаад хэлнэ гэхэд чи яасан овоо гар бэ гээд намайг дахин зодсон. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Би бичиг үсэг мэдэхгүй болохоор гэр бүлийн хүмүүсээ авч очоод мэдүүлэг өгсөн Энэ зодуулсанаас болоод миний 2 шүд унасан гэжээ. /хх-н 7-14/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 19-20/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2247 тоот шинжилгээ Дүгнэлтэд:
1.Б.Г биед баруун дээд 1-р шүдний булгарал, уруулд язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6.7.Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө гэжээ.
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2248 тоот шинжилгээ/ Дүгнэлтэд:
1.Х.О биед уруул, эрүү, баруун сарвууны 5-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6.7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /22-23/
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 244 тоот :Дүгнэлт:
1.Б.Г биед баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний булгарал, уруулд язрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.5.Баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин уруулд язрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл нь тус журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6.Хоёр шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө гэжээ.
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 29-31/
Х.О хувийн баталгаа гаргах таслан сэргиийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 32-33/
Х.О эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-39/
Х.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 41/, оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 34/ зэрэг болно.
Х.О нь 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 12.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн урд зам дээр иргэн Б.Г таксины мөнгө дутуу өглөө гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Б.Г биед баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний булгарал, уруулд язрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин уруулд язрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл нь тус журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.Хоёр шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө гэсэн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 244 тоот дүгнэлт:
Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Би энэ хоёрын хооронд 1000 төгрөг л гардаг юм гэхэд нөгөө жолооч зөвшөөрөхгүй бид хоёр маргалдсан. Намайг замын хашлага дагаад явж байтал нөгөө жолооч араас ирээд миний нүүрэн тус газар буюу ам руу шууд цохисон. Тэр цохилтонд миний дээд үүдэн 2 шүдний баруун талын 1 шүд унасан. Тэгснээ үргэлжлүүлээд миний толгой руу 4-5 удаа гараараа цохисон. Тэгээд намайг зодчихоод явах гэхээр нь би явуулахгүй цагдаад хэлнэ гэхэд чи яасан овоо гар бэ гээд намайг дахин зодсон. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Би бичиг үсэг мэдэхгүй болохоор гэр бүлийн хүмүүсээ авч очоод мэдүүлэг өгсөн Энэ зодуулсанаас болоод миний 2 шүд унасан гэсэн мэдүүлэг /хх-н 7-14/
Шүүгдэгч Х.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …надад 1000 төгрөг өгөхөөр нь би араас нь татаад чи километрээ хараа 2 километр гарсан байна гэсэн чинь та нар даварчихсан юм 1000 төгрөг гардаг юм гээд миний гарыг тавиулаад ёвроод авахаар нь би араас нь бууж очоод барьж аваад таксины мөнгөө өгч чадахгүй байж яах гэж такси барьдаг юм гээд цээж рүү нь 1 удаа цохисон чинь эргээд надтай барилцаж аваад намайг тавихгүй байхаар нь би гарыг нь тавиулах гээд цохисон боловч тавихгүй байсан. Тэгээд тэр залуу намайг доош нь тонгойлгоод зүүн хүзүүний хэсэгт өшиглөхөөр нь би эргүүлээд цохисон гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Х.О нь таксины мөнгө дутуу өглөө гэсэн зүйлээс болж Б.Г маргалдан улмаар түүний шүд орчимд нь гараараа цохисоноос баруун, зүүн дээд хоёр шүд булгарч унаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт зэрэгээр хангалттай тогтоогдож байна.
Х.О биед уруул, эрүү, баруун сарвууны 5-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон боловч энэ гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй гэмтэл гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Энэ гэмтэл нь Б.Г барьцалдан ноцолдож байх үед үүссэн байна гэж үзэв. Харин хүзүүнд цохисон гэж мэдүүлж байгаа нь тогтоогдохгүй байна.
Иймд Х.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Г 100.000 төгрөг төлсөн байна. Хохирогч унасан хоёр ширхэг шүдээ хийлгэхэд гарах зардлыг нэхэмжилнэ гэж байгааг шүүх шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв..Хохирогч одоогоор уг шүдээ хийлгэж чадаагүй байгаа тул шүдээ хийлгүүлээд гарсан зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Х.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.С овогт Х О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.О нь торгох ялыг 1 /нэг/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Отгонсүрэн нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Х.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8.Б.Г нь 2 шүд хийлгэх зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Х.О авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН