| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2024/0044/З |
| Дугаар | 116/ШШ2025/0007 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Татвар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 116/ШШ2025/0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “*******-Эрдэнэ” ХХК
Хариуцагч: Дорнод аймгийн Татварын газар, Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хооронд үүссэн “Дорнод аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.*******, Р.******* нарын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №НА-07240000030 дугаартай Нөхөн ногдуулалтын акт, Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “******* Эрдэнэ” ХХК-ийн захирал Л., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, Р.*******, Г.*******, А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “******* Эрдэнэ” ХХК нь Дорнод аймгийн Татварын газарт холбогдуулан, “Дорнод аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.*******, Р.******* нарын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №НА-07240000030 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан[1].
1.2. Нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгох” гэж нэмэгдүүлж[2], хамтран хариуцагчаар Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийг татах хүсэлт гаргасныг 2025 оны 02 дугаар сарны 07-ны өдрийн 116/ШЗ2025/0026 дугаар захирамжаар хангаж[3] шийдвэрлэсэн байна.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дорнод аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.*******, Р.******* нар нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №НА-07240000030 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар[4] “...109,687,471.9 төгрөгийн нөхөн татвар, 32,906,324.57 төгрөгийн торгууль, 34,762,153.59 төгрөгийн алданги, нийт 177,355,867.06 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
2.2. Дээрх актыг эс зөвшөөрч “*******-Эрдэнэ” ХХК-аас Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу Татварын маргаан таслах зөвлөл нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор “...татварын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НА-07240000030 дугаар нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаасан” байна[5].
2.3. Нэхэмжлэгч “*******-Эрдэнэ” ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “*******-Эрдэнэ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Татварын газрын татварын хяналтын шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.*******, Р.******* нар нь Татварын ерөнхий хууль 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 73 дугаар зүйл алданги 73.1, 73.2, 73.2.1 дэх заалтыг үндэслэн 109.987.471 төгрөг 9 мөнгө нөхөн татвар, 32.906.241 төгрөг 57 мөнгө торгууль, 34.762.153 төгрөг 59 мөнгө алданги нийт 177.355.867 төгрөг 06 мөнгө төлбөрийг “******* Эрдэнэ” ХХК-д 2024.06.04-ний өдөр нөхөн ногдуулалтын №НА-07240000030 тоот актаар оногдуулжээ. Бид татварын улсын байцаагчийн актыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үндэслэл бүхий гомдлоо Дорнод аймгийн Татварын газрын Татварын маргаан таслах зөвлөлд хуулийн хугацаанд гаргасан. Дорнод аймгийн татварын газрын татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 тогтоолд татварын улсын байцаагчийн актыг түдгэлзүүлж, шүүхэд хандаж болох талаар дурдаж, мөн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 тоот албан бичгээр шүүхэд хандаж болно гэж хариуг “******* Эрдэнэ” ХХК-д ирүүлсэн тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд татварын улсын бацйаагч нарын нөхөн ногдуулалтын №НА-0720000030 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргалаа. “*******-Эрдэнэ” ХХК-ийн үүсэл нь 1988 оноос Улзын 3-р анги улсын үйлдвэрийн газар нэртэй ажиллаж байгаад 1992 онд Монгол Улсын Засгийн газрын 74 тогтоолоор “Эрдэнэ” ББХК болон хувьчлагдаж 1996 онд Компанийн шинэчлэгдсэн хуулиар “*******-Эрдэнэ” ХХК болон өнөөг хүртэл ажиллаж байна. “******* эрдэнэ” ХХК нь Л., миний том хүү Л. /нас барсан/, дунд хүү Л. нарын 3 гишүүнтэй байгуулагдсан одоо хоёр гишүүнтэй алтны хайгуул-олборлолтын үйл ажиллаага явуулдаг гэр бүлийн компани гэж ойлгоход болно.
Татварын улсын байцаагч нар 2020-2021 оны үйл ажиллагаанд нөхөн ногдуулалтын акт тавихдаа Татварын тухай хууль болон татварын ерөнхий газрын даргын баталсан тушаалаар батлагдсан журам, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн байна. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Дорнод аймгийн тойргийн нотариатч Д.гийн Компанийн эрх шилжүүлэх гэрээний бүртгэлийн дугаар 2037, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр өөрийн төрсөн хүү гийн т түүний гэр бүлийн хүн ийн т итгэмжлэлээр компанийн хувьцаа болон эрхийг шилжүүлсэн. 2023 оны 07 дугаар сарын 31-нд Дорнод аймгийн тойргийн нотариатч Д.гийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Бүртгэлийн дугаартай 0953, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр тухайн хувьцаа эрхийг гийн аас буцаан овогтой надад буцаан шилжүүлсэн байдаг. Хувьцаа болон компанийн эрх шилжүүлсэн асуудал бол “******* Эрдэнэ” компанийн хувьцаа эзэмшигч гэр бүлийн гишүүд нараас компани дотроо төрсөн аав нь төрсөн хүүдээ эрх, хувьцаагаа шилжүүлсэн болохоос хөндлөнгийн өөр компанид хувьцаа эрхээ шилжүүлээгүй юм. Татварын улсын байцаагч нар хэт нэг талыг барьж гэрээний хэрэгжилт, геологийн аргачлал үе шатны үйл ажиллагааны баримт буюу ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Өвөлжөөт гэх газрын алтны нөөцийн үлдэгдэл нөөцийг сайтар шалгаж тогтоолгүй акт тавьсанд үнэхээр гомдолтой байдаг. Удирдамжийн дагуу шалгалт явагдсан цаг хугацаанд компанийн эцсийн эзэмшигч өөрчлөгдөөгүй нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын лавлагаа болон холбогдох гэрээгээр нотлогддог. “******* эрдэнэ” ХХК-ийн МҮ-005639 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл нь шалгалт явагдах үед *******-эрдэнэ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан одоо ч байгаа бөгөөд уг ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөр компанид шилжүүлж борлуулаагүй, хуулийн дагуу татвар төлж байсан. Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №11/2570 “Үлдэгдэл нөөцийн тодорхойлолт хүргүүлэх тухай” албан бичигт “******* эрдэнэ” ХХК-ийн МҮ-005639 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Өвөлжөөт”-ийн алтны шороон ордны нөөцийг “В” зэрэглэлээр 11,69 мян.м3 элсэнд 10,31 кг /химийн цэврээр/ алтны үлдэгдэл нөөцтэй болохыг тооцооллоор гаргаж ирүүлсэн байдаг. Гэтэл татварын улсын байцаагч нь 2024 оны ТЭЗҮ-д тусгагдсан 57 кг алтны нөөцтэй гэж тооцон нөхөн ногдуулалтын татвар ногдуулж байгаа нь огт хууль зүйн үндэслэлгүй байна. 2014 оны ТЭЗҮ-д тусгагдсан 57 кг нөөц нь 2014 ондоо Монгол банкны эрдэнэсийн санд тушаасан үнэт металлын мэдээллийн тайлан, Сангийн Яамны сорьцын Улсын хяналтын албаны алт олборлолтын журнал эх хувиар, “******* Эрдэнэ” ХХК-ийн санхүүгийн тайланд 57,796 граммаа хянаж тушаагдсаг баримтуудаар нотлогдоно.
Татварын улсын байцаагч нөхөн ногдуулалтын акт тавихдаа манай тусгай зөвшөөрөлтэй талбайн нөөцийн үлдэгдлийн талаархи нотлох баримтыг дутуу бүрдүүлж улмаар татварын зөрчлийн тооцооллыг алдаатай хийж “******* Эрдэнэ” ХХК-ийг 177.355.867 төгрөг 59 мөнгө төлүүлэхээр шийдвэр гаргасан нь татварын улсын байцаагчийн акт тооцооллын хувьд үнэн зөв алдаагүй байна гэсэн татварын ерөнхий хуулийг ноцтой зөрчиж биднийг сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохиролд учруулсан гэж үзэж байна. Татварын байцаагч нар татварын зөрчлийн тооцооллыг хийхдээ орлогод суурилсан аргаар явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд алдагдал бууруулах тухайд 2021 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 296.932.545 төгрөг 45 мөнгө алдагдлыг бууруулж татвар ногдуулах зөрчлийн дүн 1.096.874.719 төгрөг 1 мөнгө болов гэсэн тооцооллоос харахад алдагдлыг бууруулах биш нэмэгдүүлсэн мэт харагдаж байгаа нь илэрхий утга агуулгын алдаатай байна. Хэрэв байцаагч нар татварын тайлангаар гарсан алдагдлыг өөрчилсөн тохиолдолд Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дугаар тушаалаар батлагдсан журмыг барихаар байна. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48-д тодорхойлсон ашигт малтмал, цацраг идэвхит ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо эсхүл саналын эрхийг өөрөө эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ноогдол ашиг хүлээн авах эрхтэй этгээдийг ойлгоно гэжээ. Энэ хуулийн дагуу Л. миний бие эцсийн хувьцаа эзэмшигч бөгөөд ногдол ашиг хүлээн авах эрхтэй гэж үздэг. Учир нь “******* Эрдэнэ” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөр компанид шилжүүлэх, борлуулах шаардлагагүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл нь “******* Эрдэнэ” ХХК-д байгаа болох нь Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газрын нэгдүгээр орлогч дарга Ц.Ганхуягийн гарын үсэг бүхий 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 30 жилийн хугацаатай олгосон 5639А гэрчилгээгээр батлагдана. Татварын байцаагч нар нь “Нөхөн ногдуулалтын актын хавсралт болох Маягт ХIII11 “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлсэн тооцоо”-оор баталгаажуулан ирүүлэх байсныг зөрчсөн, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дугаар тушаалаар батлагдсан журмын 1-т “татварын хяналтын шалгалтын үйл ажиллагааны журам”-ын үйлдэх баримт бичгийн хавсралт маягтуудыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай” гэсний дагуу хавсралт маягтуудыг гаргаж ирүүлээгүй. Нөхөн хавсралтын хамт хүчинтэй байна гэсэн заалтын дагуу Дорнод аймаг, Баяндун сум, 2-р баг Хайрхан гээд миний утасны дугаарыг бичиж шуудангаар ирүүлсэн материал болох “нөхөн ногдуулалтын акт нь 25 хуудастай байсан бөгөөд холбогдох бусад хавсралтыг ирүүлээгүй нь Татварын ерөнхий хуулийн 42, 42.3 дахь заалт, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар батлагдсан журмыг зөрчсөн. Мөн татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48-д тодорхойлсон ашигт малтмал, цацраг идэвхит ашигт малтмалд, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг ойлгоно гэсэн заалтыг тус тус зөрчжээ. Иймд татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48, мөн хуулийн 42, 42.3 дахь заалт, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар батлагдсан журам, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар тушаалыг зөрчсөн байх тул Дорнод аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.*******, Р.******* нарын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №НА-07240000030 дугаар бүхий Нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч “*******-Эрдэнэ” ХХК нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатаа: Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Учир нь Маргаан таслах зөвлөл нь өөрийн гаргасан шийдвэр болох нь 2024 он 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 47-р зүйл, 47.12-т заасныг зөрчсөн байна. Тус тогтоолд татварын хяналт шалгалт хийсэн үндэслэл хангалтгүй. Нотлох баримтын үндэслэл болгоогүй. Иймд манай компанид тавьсан 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн НА-07240000030 тоот акт болон Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Мөн Монгол Улсын Үндсэн хууль, Татварын Ерөнхий хууль зөрчсөн Дорнод аймгийн Татварын газрын Маргаан таслах зөвлөлийг хариуцагчаар татаж оролцуулж өгнө үү гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл дээрх маргаан бүхий акт нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хянагдаад эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд Маргаан таслах зөвлөлийн тогтоолын дагуу дээд шатны татварын албанаас шинэ акт гаргавал 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НА-07240000030 дугаартай нөхөн ногдуулалтын акт хүчингүй болохоор хуульд заасан байна. Хэрэв дээд шатны татварын албанаас 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НА-07240000030 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой асуудлыг дахин хэлэлцэж “Татварын актыг өөрчлөх”, Татварын актыг хүчингүй болгох”, “Татварын актыг хэвээр үлдээх” гэсэн 3 төрлийн гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шинжтэй захиргааны актын аль нэгийг гаргахаар хуульд заасан байна.
“*******-Эрдэнэ” ХХК нь Татварын газарт бүртгэл үүсгэгдэж бүртгэгдсэний дагуу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны томилолтоор шалгалтыг хийсэн. 0686 тоот гүйцэтгэлийн аудитаар тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг татварын албанд бүртгүүлээгүй, татвар төлөөгүй гэх үндэслэлээр хяналт шалгалт хийх тусгай удирдамж гарсаны дагуу шалгасан. Энэ үед “******* Эрдэнэ” ХХК нь компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ байгуулсан байгаа. Л. нь Л.т 133.470.700 төгрөгийн өөрийн хөрөнгөөс өөрт оногдох 66.67 хувийг бүхэлд нь шилжүүлэх 2036 дугаартай гэрээ, 2037 дугаартай компанийн эрх шилжүүлэх гэрээг үйлдэж, хувьцаагаа бүрэн шилжүүлсэн. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн гэрээг хүртэл хийсэн болох нь бүрэн харагддаг. Улсын бүртгэлийн газраас лавлагааг авсан. Тухайн гэрээтэй холбоотой бүхий л нотлох баримтыг хавсаргасан байгаа. Тухайн шалгалт хийх тусгай удирдамж дээр Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсгийг удирдлага болгоод Л.д хяналт шалгалт хийх гэж байгаа талаар мэдэгдэж, эрх үүргийн танилцуулж, баримт бичгийг илгээсэн. Шаардлагатай баримт материалуудыг цахимаар болон цаасаар хүлээн авсан. Үүнийг Том татвар төлөгчийн хэлтэст и-мэйлээр хүргүүлсэн. Сангийн сайдын 2019 оны 302 тоот тушаалын хэрэгжилтийг хангаж орлогод суурилсан аргачлалын дагуу 1.200.000.000 төгрөгийн орлогыг тооцож ирүүлсэн. “*******-Эрдэнэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үнэлгээг хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн 2021 оны 09 дүгээр сараар эцэслэн хүргүүлсэн. Эрх борлуулсны орлогод ногдуулсан албан татварын тооцооллыг үндэслэн акт үйлдсэн. Татварын хяналт шалгалт хийх томилолт нь 10 хоногийн хугацаатай үүсдэг. Гэсэн хэдий ч татвар төлөгчийн хүсэлтийн дагуу ажлын 23 өдрөөр сунгасан. Дараа нь татвар төлөгчийн хүсэлтийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дуусах байсан шалгалтыг 4 өдрөөр сунгасан. Эцсийн өдөр нь мэдээ тайлан өгөх хугацаатай байсан учраас томилолтыг дуусгаж нөхөн ногдуулалтын актыг эцсийн байдлаар гаргасан. Татварын хяналт шалгалт хийх хугацаа нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд хяналтыг явуулдаг. Томилолтын хугацаа дууссаны дараа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар алтны үлдэгдэл нөөцийн талаар мэдээллийг гаргаж өгсөн. Тиймээс энэ үлдэгдэл нөөц нь бидэнд хамааралгүй юм. Мөн 2014 оны ТЭЗҮ-г үндэслэсэн гэж нэхэмжлэгч талаас танилцуулж байна. Хамгийн эцсийн байдлаар байгаа ТЭЗҮ нь 2014 оных байсан учраас тухайн мэдээлэл дээр тулгуурласан. Үлдэгдэл нөөцийн судалгаагаа Ашигт малтмалын газраас авч ирүүлнэ үү гэдэг талаар хэд хэдэн удаа мэдэгдсэн боловч хяналт шалгалтын хугацаанд нотлох баримтыг ирүүлээгүй. Тиймээс нөхөн ногдуулалтын акт эцсийн байдлаар гарсан. Тухайн “*******-Эрдэнэ” ХХК-ийн зүгээс аав, хүү хоёр тохиролцооны үндсэн дээр шилжүүлсэн зарсан зүйл байхгүй гэж тайлбарлаж байна. Бид татвар төлөгчийг хэлмэгдүүлээд байгаа юм уу гэж үзээд татвар төлөгчөөс өөрөөс нь материалуудыг авсан. Энэ үед эрх шилжүүлэх гэрээ, хурлын тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тогтоол зэргээс үндэслээд Улсын бүртгэлийн газраас лавлагаа авсан. Энэ үед тухайн эзэмшигчийн нотариатын гэрээг үндэслээд “*******-Эрдэнэ” ХХК-ийн дүрмэнд 100 хувийн эзэмшигч захирлаар Л. болох нь тогтоогдсон. Тухайн материалууд нь үнэхээр шилжсэн байсан. Эцсийн эзэмшигчийн талаар Татварын хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Манай удирдамж дээр ч гэсэн 30.2 дахь хэсэгт “эцсийн эзэмшигчийн эрхийг шилжүүлэхтэй холбоотой холбогдсон орлогыг, орлогод тооцох” талаар дурдсан. Орлогод суурилсан аргаар тооцоолж бодсон. Бид татвар төлөгчөө хүндэтгэж харьцсан. Эцсийн үлдэгдлийн тооцоолол ирээгүй байсан. Нэгэнт эцсийн үлдэгдэл ирээгүй учраас 2016, 2017 оны тайланг үндэслээд мэдээлэл ирүүлэх албан тоотыг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Энэ үед 168 кг-ийн нөөцтэй гэх албан бичгийг Ашигт малтмалын газраас бидэнд ирүүлсэн гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Р.******* байцаагчтай хамтран хяналт шалгалт хийсэн. Томилолт олгогдоод татварын хяналт шалгалт эхлэхээс өмнө татвар төлөгчид мэдэгдэх ёстой байдаг. Эрх, үүрэг, баримт бичгийн хүсэлтийг дэлгэрэнгүй танилцуулаад татвар төлөгчид мэдэгдэх ёстой байдаг. Бид энэ ажиллагааг бүрэн хийсэн. Холбогдох нотлох баримтыг татвар төлөгч өөрөө бүрдүүлж өгөх ёстой байдаг. Бид удаа дараа нотлох баримтыг шаардсан боловч гаргаж өгөөгүй. Сая хэлсэнчлэн хоёр ч удаа хугацааг сунгасан. Шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дараа нөөцийн үлдэгдлийг ирүүлсэн. Гэвч энэ нь хяналт шалгалтын хугацаа биш 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр гаргасан. Тиймээс нотлох баримт нь тохирохгүй байгаа гэв.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, 47.11, 47.11.2 дахь хэсэгт заасны дагуу татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс маргаан бүхий актыг түдгэлзүүлэх тогтоол гарсан. 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 01 дугаартай албан бичгээр дээд байгууллагад хүргүүлсэн. Гэтэл шуудангаар илгээсэн баримт очиж амжаагүй байхад “*******-Эрдэнэ” ХХК-ийн захирал нь Маргаан таслах зөвлөлийн хариуг зөвшөөрөхгүй байна гэсэн бичгийг ирүүлсэн. Энэ үед бид “шүүхэд хандах эрхтэй” талаар танилцуулсан. “*******-Эрдэнэ” ХХК-ийн захирал нь тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Үүнийг нь бид тухай бүрт нь дээд байгууллагад мэдэгдэж байсан. Шүүхэд нэхэмжлэл өгсөн даруйд бид Хяналт шалгалт арга зүйн газарт мэдэгдэж байсан. Тиймээс тухайн газраас хэрэв шүүхэд нэхэмжлэл өгсөн байгаа бол Хяналт шалгалт арга зүйн газраас шинэ акт гаргах ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй болсон талаар утсаар мэдэгдсэн. Ингээд “*******-Эрдэнэ” ХХК-тай холбоотой захиргааны хэргийн шийдвэрлэлтийн явцыг 7 хоног болгон албаны и-мэйл хаягаар танилцуулж байсан. Бид нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсны дараа хариу тайлбараа 7 хоногийн дотор гаргаж өгсөн. Ингээд нэхэмжлэгч талаас огт нэмэлт тайлбар гаргаж өгөхгүй явсаар байгаад 3 сарын дараа маргаан таслах зөвлөлийг хамтран хариуцагчаар татаж байна. Энэ нь шүүхийг үл хүндэтгэж байгаа хэлбэр гэж үзэж байна. Шүүхээс энэ асуудлыг хуулийн хугацаанд ажиллагаа хийж байгаагаас шалтгаалж бид өөр акт гаргах боломжгүй байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Маргаан таслах зөвлөлийн 01 тоот нөхөн ногдуулалтын акт нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн захирамжилсан шинжтэй байх захиргааны актын шинжийг агуулахгүй байна. “*******-Эрдэнэ” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй байна. “*******-Эрдэнэ” ХХК нь өөрөө хяналт шалгалтын хугацаанд нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй. Тус компани нь 10.31 кг алтны нөөцтэй гэж тайлбарлаж байна. Актын хугацаа нь 6 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болж байгаа. Гэтэл тухайн нотлох баримт нь 6 дугаар сарын 11-ний өдрөөр ирсэн байсан. Нэхэмжлэгчийн хувьд 6 дугаар сарын 11-ний өдрийн бичиг ирснээр нөхөн ногдуулалтын хэмжээ багасах боломжтой байсан гэж үзэж байх шиг байна. Тэгвэл нотлох баримтыг шинээр гаргаж өгөх боломжийг маргаан таслах зөвлөлөөс бүрдүүлж өгч байгаа юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад гаргахаар хуульчилсан байгаа. Нэхэмжлэгч талаас маргаан таслах зөвлөлд гомдлоо гаргасан нь зөв гэж үзэж байгаа. Харин урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болсны дараа нэхэмжлэлээ гаргах ёстой байсан гэж харж байна. Нэхэмжлэгчийн хувьд шинээр акт гарсны дараа Улаанбаатар хотын холбогдох дүүргийн шүүхэд гомдол гаргах боломжтой байсан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй үргэлжилж байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж харж байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.6. Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*******-Эрдэнэ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. “*******-Эрдэнэ” ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НА-07240000030 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь эс зөвшөөрч Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гомдлоо гаргасан. Тус маргаан таслах зөвлөлөөс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай “Нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаах” тогтоолыг гаргасан. Тус зөвлөлөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-т Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна, 47.11.Маргаан таслах зөвлөл гомдлыг хэлэлцэх явцад доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсвэл 3 хүртэл сарын хугацаагаар актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж, гомдол бүхий нөхөн ногдуулалтын актыг нэг удаа түдгэлзүүлж болно. 47.11.1. илрүүлсэн татварын актын бичилтийн болон тооцооны алдаа нь тухайн татварын актын нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн нийт дүнг нэмэгдүүлэх, 47.11.2. гомдлын нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, асуудлыг дутуу шийдвэрлэсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд маргаан таслах зөвлөлөөс актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж, гомдол бүхий нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлэх тогтоол гаргахаар хуульд заасан. Дээрх хоёр нөхцөл байдал “*******-Эрдэнэ” ХХК-д холбогдох нөхөн ногдуулалтын актыг шалгах явцад илэрсэн тул тус зөвлөлөөс “Нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаах” тогтоол гаргасан. Тогтоолыг оролцогч нарт гардуулж, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай албан бичгээр Татварын Ерөнхий газрын татварын Хяналт, шалгалт арга зүйн газарт тогтоолын 1 хувийг шуудангаар хүргүүлсэн. Ингээд “*******-Эрдэнэ” ХХК нь тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11/01 дугаартай албан бичгээр Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандахад нь холбогдох хариуг хүргүүлсэн болно. Ингээд “*******-Эрдэнэ” ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Татварын газарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Дээрхээс үзэхэд “*******-Эрдэнэ” ХХК нь тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараа биечлэн болон бичгээр мэдэгдэж байсан бөгөөд Маргаан таслах зөвлөлийн зүгээс ч Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газарт тухайн мэдээллийг өгч байсан. Мөн шүүхэд нэхэмжлэл ирсэн даруйд бид тус газарт мэдэгдсэн. Ингээд Хяналт шалгалт, арга зүйн газраас Захиргааны хэргийн шүүхэд маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл ирсэн бол бид шинэ акт гаргах ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна, үүсгэсэн томилолтоо цуцлах болж байгаагаа тайлбарласан. Иймд бид “*******-Эрдэнэ” ХХК-тэй холбоотой Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэлтийн явцыг 7 хоног тутам Татварын ерөнхий газарт албаны цахим хаягаар мэдээллэж ирсэн. Дорнод аймгийн Татварын газар нь Захиргааны хэргийн шүүх асуудлыг шийдвэрлэсний дараагаар шинэ акт гаргах ажиллагааг эхлүүлэх тул хариу тайлбараа маш хурдан гаргасан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд хүргүүлсэн болно. “*******-Эрдэнэ” ХХК-ийн зүгээс “3 сарын хугацаанд хугацаанд шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлээр Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийг хамтран хариуцагчаар татсан байгааг шүүхийг үл хүндэтгэсэн үндэслэл гаргасан гэж үзэж байна. Учир нь Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “*******-Эрдэнэ” ХХК-ийн гаргасан “НА0724000030 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хуулийн хугацаандаа хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байхад Хяналт шалгалт арга зүйн газар нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үл харгалзан шинэ акт гаргах ажиллагааг давхардуулан хийх ёстой байсан гэсэн агуулгыг илэрхийлж байна гэж үзэж байна. Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь түдгэлзүүлэх тогтоол гараад 3 сарын хугацаа өнгөрсөн гэдгийг мэдэж байгаа ч шүүх асуудлыг шийдвэрлэж дуусаагүй байгаа тул Татварын Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.12.Татварын алба шинэ акт гаргах бол өмнө гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох бөгөөд энэ хуулийн 47.11-д заасан хугацаанд шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй гэдгээ илэрхийлж байна.
2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байдаг. Гэтэл Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай “Нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаах” тогтоол нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр байх... захиргааны актын шинжийг агуулаагүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тус тогтоол гарснаараа “*******-Эрдэнэ” ХХК-д эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй байгаа бөгөөд харин ч эсрэгээрээ “*******-Эрдэнэ” ХХК-ийн хяналт, шалгалт хийх явцад нотлох баримтаар гаргаж өгч амжаагүй байсан нотлох баримтуудаа нотлох баримтаар үнэлүүлэх боломжийг олгосон гэж үзэж байна.
3. Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно. Захиргааны Ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж тус тус заасны дагуу “*******-Эрдэнэ” ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НА-07240000030 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь эс зөвшөөрч Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдлоо гаргасан. Тус зөвлөлөөс “Нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаах” тогтоол гаргасныг нэхэмжлэгч тал урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг дуусгавар болсон гэж үзээд шүүхэд гомдлоо гаргаад байх шиг байна. Хариуцагч талын зүгээс нөхөн ногдуулалтын актыг дахин шалгаад шинэ акт гарснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа дуусна гэж үзэж байгаа бөгөөд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа үргэлжилж байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна гэж үзэж байна. Иймд “*******-Эрдэнэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Татварын газарт холбогдох “2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НА-07240000030 дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”, Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд холбогдох 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан таслах зөвлөлд ирсэн гомдол, нотлох баримтуудыг хянаж үзээд би хуулийн дагуу магадлагаа хийсэн. Татвар төлөөгчөөс ирсэн нотлох баримтыг харахаар *******-Эрдэнэ” ХХК нь эрхээ шилжүүлсэн болох нь харагддаг. Өөрийн хүү Л.т эрхээ шилжүүлсэн байсан. Тиймээс энэ нь хуулийн дагуу татвар ноогдох ёстой орлого гэж үзсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Маргаан бүхий захиргааны акт болох 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №НА-07240000030 тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ын талаар:
Дорнод аймгийн Татварын газартай харьцдаг, 2005 оны 09 сарын 15-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0711001035 тоот гэрчилгээ, 2010933 тоот регистрийн дугаартай “*******-Эрдэнэ” ХХК-ийн 2020 оны 1 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 724301485 тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Иж бүрэн/ шалгалтыг 2024 оны 3 сарын 04-ний өдрөөс 2024 оны 6 сарын 04-ний өдрийг дуусталх хугацаанд Татварын улсын байцаагч М.*******, Р.******* нар хийж гүйцэтгэжээ.
Тус хяналт шалгалтаар Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 73 дугаар зүйл, Алданги 73.1, 73.2, 73.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн 109,687,471.9 төгрөгийн нөхөн татвар, 32,906,324.57 төгрөгийн торгууль, 34,762,153.59 төгрөгийн алданги, нийт 177,355,867.06 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт[6] тогтоосон байна.
3. Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот тогтоолын талаар: Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн хуралдааныг дарга П.*******сүрэн даргалж, гишүүд В.Цэнгэлмаа, Ц.*******, В.*******, А.*******, Э.*******, нарийн бичгийн дарга Г.******* нарын бүрэлдэхүүнтэй хийж, Дорнод аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Р.*******, М.******* нар “*******-Эрдэнэ” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НА-07240000030 тоот нөхөн ногдуулалтын актаар 109,687,471.90 төгрөгийн нөхөн татвар, 32,906,241.57 төгрөгийн торгууль, 34,762,153.59 төгрөгийн алданги, нийт 177,355,867.06 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлыг магадлагч татварын улсын байцаагч А. магадалгаа хийж, танилцуулснаар хянан хэлэлцжээ.
Хуралдаанд: Маргааны оролцогчоор “*******-Эрдэнэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л., Дорнод аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.*******, М.******* нар оролцсон байна.
Тус хурлаар ... 296,932,545.45 төгрөгийн алдагдлыг бууруулж татвар ногдуулах зөрчлийн дүн 1,096,874,719.01 төгрөг гэж үзэн 109,687,471.90 төгрөгийн нөхөн татвар, 32,906,241.57 төгрөгийн торгууль, 34,762,153.59 төгрөгийн алданги, нийт 177,355,867.06 төгрөгийн төлбөр ногдуулсныг хянаад:
1. Хувьцаанд ногдох эрх, үүргээ шилжүүлсэн 1,223,500,000.00 төгрөгийн дүнг орон андуурч 1,223,500.00 төгрөг гэж алдаатай бичсэн.
2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 30 дугаар зүйлийн “30.3 Эрх борлуулсан, шилжүүлсний албан татвар ногдуулах орлогын суурийг энэ хуулийн 30.6-д заасан журмын дагуу тооцсон тухайн эрх, тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлно, 30.3.1.төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж, 30.3.2 бусдаас худалдаж, шилжүүлж авсан тохиолдолд хэлцлийн дагуу худалдах, шилжүүлэн авахад төлсөн, шилжүүлсэн баримтаар нотлогдох төлбөр”, 30.4 Энэ хуулийн 30.3-т заасны дагуу тодорхойлсон албан татвар ногдуулах орлогын сууриас эцсийн эзэмшигчийн борлуулсан, шилжүүлсэн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээс эрх эзэмшигчийн хувьцаанд хамаарах хэмжээгээр тухайн эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож, албан татвар ногдуулах орлогыг эцэслэн тодорхойлно” гэсэн заалтын дагуу 1,223,500,000.00 төгрөгийн зөрчлөөс нөхөн татвар, торгууль, алданги тооцох байтал 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг хасаж зөрчлийн дүнг буруу тооцсон.
3. Нөхөн ногдуулалтын актны хавсралт Маягт-ХШ07/01/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн 2021 оны тооцоонд татварын хяналт шалгалтаар 1,356,368,613.32 төгрөгийн албан татвар ногдох орлогоос 1,185,911,348.82 төгрөгийн зардлыг хасаж 170,457,264.50 төгрөгийн татвар ногдуулах орлогод 17,045,726.45 төгрөгийн төлбөл зохих албан татвартай гэж тооцоолсон боловч татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн бүртгэлд оруулаагүй, маягтын тооцооллын дүн зөрүүтэй байна.
Маягт-ХШ07/01 маягтын тооцооллыг хянаж үзвэл 170,457,264.50 төгрөгийн нийтлэг хувь хэмжээтэй татвар ногдуулах орлогыг тайлагнаагүй зөрчил, тусгай хувь хэмжээтэй 1,223,500,000.00 төгрөгийн эрх шилжүүлсний орлогыг тайлагнаагүй зөрчил, нийт зөрчлийн дүн 1,393,957,264.50 төгрөг байхаар байна.
Дөрөв. ТЕГ-ын даргын 2023 оны А/34 “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам᠌”, 2019 оны А/265 ᠌”Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, баталгаажуулах журам”-д заасны дагуу "*******-Эрдэнэ" ХХК-ийн 2020-2021 оны алдагдлыг баталгаажуулж нөхөн ногдуулалтын актын хавсралт болох Маягт-ХШ11 ᠌”Аж ахуйн нэгийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлсэн тооцоо” маягтыг жил бүрээр үйлдэж нөхөн ногдуулалтын актад хавсаргах ажиллагааг дутуу гүйцэтгэсэн байна.
Татварын ерөнхий хууль /2019/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” гэж зааснаар татварын улсын байцаагчид хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ татвараас зайлсхийсэн, эсхүл татварын ногдлыг тодорхойлох, татварын суурийг нэмэгдүүлэх, татвар төлөгч төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгахаар хуульчилжээ.
Дүгнэхэд, Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11.“маргаан таслах зөвлөл гомдлыг хэлэлцэх явцад дор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсвэл 3 хүртэл сарын хугацаагаар актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж, гомдол бүхий нөхөн ногдуулалтын актыг нэг удаа түдгэлзүүлж болно, 47.11.2.“гомдлын нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, асуудлыг дутуу шийдвэрлэсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн” гэж заасныг үндэслэн Дорнод аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НА-07240000030 дугаар нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаахаар зөвлөлийн бүрэлдэхүүн шийдвэрлэжээ.[7]
4. Мөн Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар “ Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.18-д Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө, 47.19-д Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй гэж заажээ. Иймд тус зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрхтэй болно” гэсэн албан бичгийг “*******-Эрдэнэ” ХХК-д хүргүүлсэн.[8]
5. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “захиргааны үйл ажиллагаа нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд энэхүү хуульд заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй.
Тиймээс Маргаан бүхий захиргааны акт болох Дорнод аймгийн Татварын газрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №НА-07240000030 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт” нь хууль зүйн үндэслэлгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар, Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот тогтоол, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5.1 Монгол банкнаас 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б-5/391 дугаартай “Танай байгууллагаас ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05/05 дугаар албан бичигтэй танилцлаа. “*******-Эрдэнэ” ХХК-ийн 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол банканд тушаасан үнэт металлын мэдээллийг хавсралтаар хүргүүлж байна” гэсэн албан бичгийг[9] хавсралтын хамт “*******-Эрдэнэ” ХХК-д хүргүүлсэн байхад хариуцагч талаас энэхүү баримт материалуудыг хяналт шалгалтыг хийхдээ үзэж танилцаагүй, тус компани дээрхи баримтуудаа гаргаж өгөөгүй гэж тайлбарлаж байгаа нь дээрхи хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна.
6. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байдаг. Гэтэл Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай “Нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаах” тогтоол нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр байх ... захиргааны актын шинжийг агуулаагүй байна гэж хариуцагч талаас тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд дээрхи шийдвэр нь захиргааны актын үндсэн шинжийг бүрэн агуулсан байна.
7. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Дорнод аймгийн тойргийн нотариатчийн Компанийн эрх шилжүүлэх гэрээний бүртгэлийн дугаар 2037, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгчээс өөрийн хүү гийн т түүний гэр бүлийн хүн ийн ийн итгэмжлэлээр компанийн 66,67 хувийг шилжүүлсэн, Мөн 2023 оны 07 дугаар сарын 31-нд Дорнод аймгийн тойргийн нотариатчийн 0953 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр тухайн хувьцааг гийн аас буцаан Лүүрэн овогтой д буцаан шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд “*******-Эрдэнэ” ХХК-ийн эцсийн эзэмшигч өөрчлөгдөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” гэж зааснаар татварын улсын байцаагчид хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ татвараас зайлсхийсэн, эсхүл татварын ногдлыг тодорхойлох, татварын суурийг нэмэгдүүлэх, татвар төлөгч төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгахаар хуульчилжээ.
Мөн Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11 “маргаан таслах зөвлөл гомдлыг хэлэлцэх явцад дор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсвэл 3 хүртэл сарын хугацаагаар актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж, гомдол бүхий нөхөн ногдуулалтын актыг нэг удаа түдгэлзүүлж болно”, 47.11.1 “илрүүлсэн татварын актын бичилтийн болон тооцооны алдаа нь тухайн татварын актын нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн нийт дүнг нэмэгдүүлэх”, 47.11.2 “гомдлын нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, асуудлыг дутуу шийдвэрлэсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн” гэж хуульчилжээ.
Эцэст нь тэмдэглэхэд Дорнод аймгийн Татварын газрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №НА-07240000030 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор түдгэлзүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэрийг дээд газраас гаргаагүй тул нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэлгүй юм.
Иймд Дорнод аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №НА-07240000030 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”, Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 47 дугаар зүйлийн 47.11-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “******* Эрдэнэ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.*******, Р.******* нарын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №НА-07240000030 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”, Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Татварын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******-Эрдэнэ” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ
[1] Хавтаст хэргийн 1-4-р хуудас
[2] Хавтаст хэргийн 119-р хуудас
[3] Хавтаст хэргийн 120-121-р хуудас
[4] Хавтаст хэргийн 10-16-р хуудас
[5] Хавтаст хэргийн 36-45-р хуудас
[6] Хавтаст хэргийн 10-16-р хуудас
[7] Хавтаст хэргийн 36-45-р хуудас
[8] Хавтаст хэргийн 35-р хуудас
[9] Хавтаст хэргийн 18-34-р хуудас