| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00332/И |
| Дугаар | 320/ШШ2025/00386 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 320/ШШ2025/00386
| 2025 оны 04 сарын 07 өдөр | Дугаар 320/ШШ2025/00386 | Х аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан
нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 320/2025/00332/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Н.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х-д холбогдох жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ы өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би А сумын Х-д багшийн туслахаар 19 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн алдаа зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй болно.
Гэтэл 2024 оны 4 дүгээр сард А сумын Х-д ажиллаж байхад миний хариуцсан бүлгийн хүүхдийн аав Ч гэх хүний хүсэлтээр сумын хамтарсан баг камер шүүж, ...Э нар хүүхэдтэй харилцах харилцаа зарим үед зөөлөн хүүхдийг хайрлах хандлагатай, зарим үед ширүүн хурц хөдөлгөөн ажиглагдсан гэсэн илтгэх хуудас гэх зүйл ирүүлснээр цэцэрлэгийн эрхлэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Ажлаас чөлөөлөх тухай Б/13 тоот тушаал гарган намайг ажлаас чөлөөлөхөд би намайг зөрчил гаргасныг тогтоосон эрх бүхий албан тушаалтаны шийдвэргүйгээр арга хэмжээ авлаа гэж гомдлоо эрхлэгчид гаргасан.
Цэцэрлэгийн эрхлэгч тэгвэл цалин хасах арга хэмжээ авна гэж, цалин хассан бөгөөд таныг тушаал бууруулна гэж Цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/34 тоот тушаалаар үйлчлэгчийн ажилд шилжүүлсэн гэсэн тушаал гаргасан боловч намайг жижүүр хийлгэсээр 2025 оны 1 сар хүрсэн. Би цус харвасан ээжийгээ хардаг надаас өөр ажил хийдэг хүнгүй тул би хэл ам хийгээд яахав гэж бодоод миний хөдөлгөөн тухайн үед бусдад эвгүй харагдсан байх гэж өөртөө бурууг аваад л өнгөрсөн.
Гэтэл сая 2025 он гарсны дараа цэцэрлэгийн эрхлэгч надад хандан чамайг Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газар , Боловсролын газраас чамайг ажлаас чөлөөл, Н гэх иргэний гомдол ирсэн гэж байна гэж хэлээд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ажлаас чөлөөлөх тухай Б/08 дугаар тушаал гарган намайг ажлаас чөлөөллөө.
Намайг хүүхдийн эрхийн зөрчил гаргасан гэсэн эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг /3 удаа/ давхардуулан ногдуулсан нь Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэл давхардуулан ногдуулахгүй гэсэн заалтыг зөрчсөн байх бөгөөд уг зөрчил гаргасан гэж үзээд байгаа 2024 оны 4 дүгээр сараас хойш даруй 9 сар өнгөрсний дараа дахин дээрх зөрчилд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулж, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ажлаас чөлөөлөх тухай Б/08 тушаал гаргасан нь Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс 6 сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.
Би Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасны дагуу манай суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй тул Х аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан маргаанаа шийдвэрлүүлэхэд 2025 оны 02 дугаар сарын 16-нд шийдвэрээ ирж гардан ав гэснээр би өмгөөлөгч рүү ярьж өмгөөлөгч маань 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр очиж гардан авсан бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8. Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжпэл гаргах эрхтэй гэж, 154.9. Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэснээс хойш ажлын 10 өдрийн дотор талууд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол уг шийдвэрийг талууд заавал биелүүлэх үүрэгтэй гэж, 154.11. Энэ зүйлд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, эсхүл сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор урьдчилан шийдвэрлэсэн тэмдэглэлийг, эсхүл шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш маргалдагч аль нэг тал ажлын таван өдөрт багтаан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу баталгаажуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болно. гэж тус тус заасны дагуу дээрх хугацаа өнгөрсөн тул Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг шүүхээр баталгаажуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч өргөдөл хүсэлт авдаг мэргэжилтэн гэх хоёр хүн хоёул Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг тамга, тэмдэг, албан бланк ашиглаагүй байгаа тул хүлээн авах боломжгүй гэж хүлээн авсангүй. Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооноос албан ёсоор өгсөн шийдвэр нь хэвлэмэл хуудсан дээр хэвлээгүй, тамга дараагүй байгаа нь миний буруу биш, би хуулийн шаардлагыг биелүүлсэн болно.
Иймд нэг зөрчилд гурван удаа сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын шийтгэлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно ногдуулж намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн нь хууль бус байх тул намайг А сумын хүүхдийн Цэцэрлэгийн бүлгийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Д 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд: гэх тайлбарыг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч Н.Э 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би А цэцэрлэгт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь А сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр нэхэмжлэлээсээ татгалзаж буй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлтэй, Н.Э ын нэхэмжлэлтэй, хариуцагч А сумын Х цэцэрлэгт холбогдох жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА