| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/00403/И |
| Дугаар | 317/ШШ2025/00313 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 317/ШШ2025/00313
2025 03 18 317/ШШ2025/00313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Төв аймгийн Цагдаагийн газар,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: А
Нэхэмжлэлийн шаардлага: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,
Гуравдагч этгээд Л.А ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Төв аймгийн Цагдаагийн газар нь гуравдагч этгээд Л.А ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
2. Төв аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баянмөнх нь шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч эргүүлийн цагдаа, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Өлзийбаянмөнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу 3 дугаар баг 23-4 тоотод оршин суух хаягтай Л.А нь архи согтууруулах ундаа удаа дараа хэтрүүлэн хэрэглэж, гэр бүлийн хүний хамт архи, согтууруулах ундааны зүйл удаа дараа хэрэглэж архины хамааралтай болсон. Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд 18 удаа эрүүлжүүлэгдэж байсан. Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас шүүн үзэхэд Зөрчлийн тухай хуулиар 1 удаа арга хэмжээ авахуулж байсан байна. Иймд Л.А ыг албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
3. Гуравдагч этгээд Л.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие архины албадан эмчилгээнд хамрагдах боломжгүй. Эхнэр бид хоёр байнга архи уудаггүй. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд хаяа хүн архи өгөхөөр нь уучихдаг. Мөн олсон мөнгөөрөө архи авч, эхнэрийн хамт гэртээ хуваагаад уучихдаг. Ар гэртээ агсам согтуу тавьж байгаагүй. Миний хувьд өмнө 2010, 2011 онуудад буюу 2 удаа л эрүүлжүүлэгдсэн. Гэтэл намайг байнга архи ууж, эрүүлжүүлэгдсэн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн архи уусны дараа эхнэр, хүүхэдтэйгээ маргаж үзээгүй. Нэг удаа архи ууж цонхоо хагалж байсан. Төв аймагтаа архины эсрэг байгууллагад хандан архинаас холдох бодолтой байна. Би эмчийн хяналтад байдаг ба байнга унаж татдаг, эм байнга хэрэглэгдэг. Манай хүүхэд гэртээ жилдээ 1-2 удаа л ирдэг. Тэрээр эхнэр бид хоёрыг ямар байдалтай амьдарч байгааг мэдэхгүй. Манай хүүхэд ээжийнхээ тэтгэврийг зээлээд авчихсан. Бид 2 гадуур ажил хийж, ажил хийлгэсэн хүмүүс мөнгө болон архи өгөхөөр нь гэртээ ирээд хуваагаад уучихдаг. Хүүг маань Б.Баяр-Эрдэнэ гэдэг. Тэрээр 12 дугаар ангид сурдаг. Хаяа хүүхдээ сургуулиас ирэхээр нь халамцуу байдаг. Түүнээс болж маргаан гарч, хаяа хүүхдээ загначихдаг. Хамгийн сүүлд цагаан сараар гэртээ нэг шил архи, 5 литр Монгол архи, 5 литр айраг авсан. Манай хүү хотоос золгож ирэхдээ нэг шил архи нэмж авч ирсэн. Цагаан сараас хойш архи хэрэглээгүй. Цаашдаа ч архинаас татгалзана. Надад тийм чадвар байгаа. Манай эхнэрийг өчигдөр албадан эмчилгээнд хамруулах тухай шүүх хуралдаан болж, түүнийг сургалтад хамруулахаар болсон. Ер нь 2 удаа л эрүүлжүүлэгдсэн. Би Төв аймгийн төвд гэрийнхээ ойр архинаас гаргах эмчилгээний газарт хамрагдах хүсэлтэй байгаа, энэ тухайгаа Цагдаагийн газарт бичгээр хүсэлт гаргасан байгаа гэв.
4. Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 47/01-1361 дугаартай Д.Өлзийбаянмөнхөд олгосон итгэмжлэл, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 64 дугаартай хүсэлт, Согтууруулах мансууруулах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, иргэн Б.Болд-Эрдэнийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтийн хуулбар, иргэн Л.А ын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газар гаргасан хүсэлтийн хуулбар, Л.А ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Төв аймгийн Цагдаагийн газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх хяналтын мэдээлэл, Л.А ын нэр дээрх зүрхний цахилгаан бичлэг, цусны шинжилгээний хариу зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Болд-Эрдэнэ нь Төв аймгийн Цагдаагийн газарт эцэг Л.А ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт /хх-ийн 5/-ийг гаргаж, уг хүсэлтийг гуравдагч этгээд Л.А нь дэмжиж, архины албадан эмчилгээнд явах хүсэлт /хх-ийн 6/-ийг мөн Цагдаагийн газарт бичгээр гаргасан байна.
3. Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасан байх бөгөөд тухайн этгээд нь согтуурах мансуурах дон өвчтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, нийгмийн хэв журмыг зөрчсөн, эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа дахин хэрэглэсэн байх нөхцөл бүрдсэн байхыг ойлгоно.
4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Л.А нь архи согтууруулах ундаа удаа дараа хэтрүүлэн хэрэглэж, гэр бүлийн хүний хамт архи, согтууруулах ундааны зүйл удаа дараа хэрэглэж архины хамааралтай болсон. Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд 18 удаа эрүүлжүүлэгдэж байсан” гэх боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
5. Хүсэлт гаргагч тал нэхэмжлэлээ нотлохоор шүүхэд Лхагва овогтой А ын нэр дээрх Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт болон 2010 оноос 2024 оны 04 дүгээр сарын 29-ний хооронд эрүүлжүүлэгдсэн, зөрчил гаргасан талаарх мэдээллийн сангийн материал /хх-ийн 9-10/ ирүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг үнэлж Л.А ыг архины албадан эмчилгээнд хамруулах үндэслэлгүй байна.
Учир нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтэд Л.А ыг согтуурах, мансуурах донтой эсхүл согтуурах, мансуурах донгүй талаар дурдаагүй, захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэж дүгнэсэн, мөн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш Л.А нь эрүүлжүүлэгдсэн эсхүл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж зөрчил гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т зааснаар Л.А ыг архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн Төв аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т зааснаар А /РД: /-ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай Төв аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА