| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0292/э |
| Дугаар | 0342 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 0342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: М.Оюунчимэг
улсын яллагч: О.Багшбаяр
хохирогч: Ш.Б
шүүгдэгч: Д.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Халиун овогт Д З холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806014030308 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Д З, 19 оны дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 11 дүгээр байрны 32 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЧГ,
Холбогдсон хэргийн талаар:
Д.З нь 2018 оны 2 дугаар сарын 04-ний орой Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 11 дүгээр байрны 32 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Ш.Б маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр орой 10 цагийн үед би гэртээ пиво уусан байсан. Эхнэр ажлаасаа орж ирээд унтаж амрах болоод би хүүхдээ нэг үнссэн. Хүүхэд унтаж байхад архи үнэртүүлээд хүүхэд үнслээ гэж эхнэр уурлаад, бид 2 маргалдсан. Тухайн үед би халамцуу байсан. Тэгээд өмдөө тайлаад шидсэн чинь тэлээний арал нүүр лүү нь оносон. Тэгээд маргалдаад цагдаа дуудсан гэв.
Хохирогч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 04-ний орой ажлаа тараад гэртээ ирэхэд З архи уусан байсан. Эртхэн унтах гээд хүүхдээ өвөртөө хийгээд унтах гэж байсан чинь архи үнэртүүлчихээд хүүхэд үнсээд байсан. Тэгээд л би муухай архи үнэртүүлээд хүүхэд үнсэж сэрээлээ гэж уурласан. Тэгсэн хүүхэд үнсүүлсэнгүй гэж маргалдсан. Тэгээд өмдөө тайлаад шидэхэд тэлээний арал нь миний нүүр лүү цохьсон. Уг нь З архи уухгүй байхаараа маш сайн, халамжтай байдаг юм. Миний нүд рүү өмдний тэлээний аралаараа цохьчихоор нь гомдоод тухайн үед цагдаа дуудсан. Би хашраах гэж л ийм байдалд орлоо. Надад одоо гомдол санал байхгүй. Тухайн үед миний түргэн зангаас болж ийм байдалд хүрсэн гэв.
Шүүгдэгч Д.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өчигдөр өдөр гэртээ ганцаараа байж байхдаа 2 том пиво уусан. Эхнэр Ш.Б ажлаа тараад 22.00 цагийн орчимд ирсэн. Орж ирээд намайг пиво уулаа гээд загнаад байсан. Би эхлээд дуугараагүй. Тэгээд унтах гээд бага хүүхдийнхээ хажуугаар орж хэвтээд хүүхдээ үнстэл эхнэр уурлаад маргааш хичээлтэй хүүхдийг сэрээлээ гээд уурлаад над руу дайраад байхаар нь би тайлж байсан өмдөөрөө цохисон. Дараа нь юу болсоныг би мэдээгүй. Тасарчихсан байсан. Нэг ухаан ороод хартал манай том хүүхэд Ж намайг цохиж байсан. Би Ж холдуулаад гэрээс гараад явсан. Гараад сааданд сууж байтал 2 цагдаа ирсэн гэжээ. /хх-ийн 08/
Хохирогч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би нөхөр З суугаад 7 жил болж байгаа юм. Ажил төрөл хийхгүй архи уугаад хэл амаар доромжлоод байхаар нь би 2017 оны 5 дугаар сард шүүхээр орж тусдаа амьдрах болсон юм. З очих газаргүй учраас гэртээ ирж очин байдаг юм. 2017 оны 7 дугаар сараас хойш хамт байгаа юм. 2018 оны 2 дугаар сарын 4-ны өдөр нөхөр согтуу ирсэн байсан. Би хүүхдээ унтуулах гэж байхад чанга дуугараад байхаар нь чимээгүй байгаач гэхэд өөдөөс хэл амаар доромжлоод байсан. Тэгээд өмдөө тайлаад орондоо орох гэж байснаа намайг өмдөөрөө цохисон. Гэтэл өмднийх нь бүсний төмөр миний зүүн нүдийг оноод хөхрүүлсэн. Миний уур хүрээд өөрийг нь бүсээр нь ороолгосон. Тэгтэл хүү маань цагдаа дуудсан байсан. Хамт амьдардаг болсноос хойш байнга архи ууж зоддог болсон. Ажил төрөл хийгээд зүгээр болчих болов уу гэж бодоод цагдаад хэлдэггүй байсан юм гэжээ. /хх-н 4-7/
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Бид нар эхээс 5-уулаа юм. З ах бол миний хамгийн том ах байгаа юм. Ах маань Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад эхнэртэйгээ танилцсан юм. Хамт амьдраад 10-д жил болж байна. Би ах эгч хоёрыг яаж танилцаж байсныг мэднэ. Би тухайн үед Солонгос улсад хамт амьдарч байсан юм. Манай ах даруухан, үнэнч хүн сул тал нь гэвэл хүний үгээр явчих гээд байдаг хүн. Солонгос улсад 10 жил болоод ирсэн. Бид тус тусдаа амьдардаг болохоор гэр бүлийх нь асуудлыг сайн мэдэхгүй байна. Ах надад хэлэхдээ Солонгос улс руу явах гээд гэр бүлээ цуцлуулсан гэж байсан. Баяраа эгч бол сайн хүн гэжээ. / хх-н 10-11/
Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Бид хоёр хамт өссөн юм. Бид хамтдаа толгойтод өссөн. Манай найз З нэг их архи уугаад байдаггүй юм. Архи уусан үедээ илүү дутуу зан байдаггүй юм. Бид хоёр хамтдаа 65 дугаар сургуулийг төгссөн. Би эхнэрийг нь мэддэг болоод 6-7 жил болж байгаа эхнэр нь дажгүй ааш зантай хүүхэн байдаг юм. Миний нүдэн дээр эхнэрээ зодож байгаагүй гэжээ. / хх-н 12-13/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 14/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2266 тоот шинжилгээ/ Дүгнэлтэд:
1.Ш.Б биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 15/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 17-18/
Аюулын зэргийн үнэлгээний маягт: дунд зэргийн эрсдлийн тшвшин тогтоогдсон байна. / хх-н 31/
Д.З эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-39/
Д.З иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 20/, ажлын тодорхойлот /хх-н 20/, гэрэлт цуцлуулсаны гэрчилгээ /хх-н 21/, захиргаааны зөрчлийн талаарх баримтууд /хх-н 25-28/ зэрэг болно.
Д.З нь 2018 оны 2 дугаар сарын 04-ний орой Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 11 дүгээр байрны 32 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Ш.Б маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Ш.Б биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэгийн 2266 тоот шинжилгээний дүгнэлт
Хохирогч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …2018 оны 2 дугаар сарын 4-ны өдөр нөхөр согтуу ирсэн байсан. Би хүүхдээ унтуулах гэж байхад чанга дуугараад байхаар нь чимээгүй байгаач гэхэд өөдөөс хэл амаар доромжлоод байсан. Тэгээд өмдөө тайлаад орондоо орох гэж байснаа намайг өмдөөрөө цохисон. Гэтэл өмднийх нь бүсний төмөр миний зүүн нүдийг оноод хөхрүүлсэн. Миний уур хүрээд өөрийг нь бүсээр нь ороолгосон. Тэгтэл хүү маань цагдаа дуудсан байсан. Хамт амьдардаг болсноос хойш байнга архи ууж зоддог болсон.
Шүүгдэгч Д.З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …Тэгээд унтах гээд бага хүүхдийнхээ хажуугаар орж хэвтээд хүүхдээ үнстэл эхнэр уурлаад маргааш хичээлтэй хүүхдийг сэрээлээ гээд уурлаад над руу дайраад байхаар нь би тайлж байсан өмдөөрөө цохисон. Дараа нь юу болсоныг би мэдээгүй. Тасарчихсан байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Д.З нь Ш.Б хамтран амьдарсан 7 жилийн хугацаанд архи ууж ажил хийлгүй, хэл амаар доромжилж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаар хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна.
Иймд Д.З гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ш.Б шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Д.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Х овогт Д З гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар Д.З 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.З нь торгох ялыг 4 /дөрвөн/ сарын дотор нэг сард 150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.З нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Д.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.З хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.З нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.З авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН