Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 123/ШШ2025/0030

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү, нэхэмжлэгч Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор*******, хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор*******ийн Төв аймгийн Эрдэнэ сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан Төв аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №0004734 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлттэй зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор******* шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Эрх бүхий албан тушаалтан ******* нь "Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин******* нь мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүйгээр 694 толгой мал зөвшөөрөлгүйгээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тууварлан ирсэн" гэх үйлдлийг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа илрүүлэн бүртгэлийн 08-30-03/381-09 дугаарт бүртгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №0004734 дугаартай шийтгэлийн хуудсаар*******д Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. ... Дээрх үйлдэл нь Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн 7.4, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/67 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх зааврын 3.4. дэх заалтуудыг зөрчсөн Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавар зөрчсөний улмаас өвчин тархаах, малын гаралтай хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, мал амьтныг тарчлаан зовоох нөхцөл байдал үүссэн..." гэх зөрчлийн шинжтэй үйлдэл байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч*******д Зөрчлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 5.1-д зааснаар гэж хуулийн зүйл, хэсгийг буруу бичиж шийтгэл оногдуулжээ. ... эрх бүхий албан тушаалтнаас******* нь олон тооны малыг ямар зорилгоор тус аймгийн Эрдэнэ сумын нутагт тууварлан ирсэн болохыг нотлох баримтаар бүрэн шалгаж тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. ... Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Төв аймгийн Мал эмнэлгийн газрын эрх бүхий албан тушаалтан *******гийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №0004734 дугаартай шийтгэлийн хуудасыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. Хариуцагч дүгнэлтийг зөвшөөрсөн байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоор манай прокурорын газраас Мал эмнэлгийн газарт албан бичиг хүргүүлж,*******ы төлсөн торгуулийг буцааж олгох арга хэмжээг авч, холбогдох материалыг ирүүлэхийг даалгана. Мал эмнэлгийн газар торгууль тавьж төлүүлсэн учир төрийн санд хүсэлт өгч, зөрчилд холбогдогчийн данс руу торгуульд төлсөн мөнгийг буцаан шилжүүлэх ажиллагааг Мал эмнэлгийн газар хэрэгжүүлнэ. Энэ талаар хариуцагчид нэг бүрчлэн дэвтэр дээр бичүүлж тайлбарлаж явуулсан гэв.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд: Миний бие хяналт шалгалтын ажлын явцад Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын******* нь мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй бод бог нийлсэн 694 тоо толгой бүхий малыг тус сумын Хушинга багт оруулж ирж оторлож байсныг тогтоосон. Прокурорын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 дүгнэлтээр Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуулийн зүйл, хэсгийг буруу бичиж шийтгэл оногдуулсан, мөн нотлох баримт дутуу, зөрчил нь ямар нотлох баримтаар нотлогдож буйг тусгаагүй гэх үндэслэлүүдээр 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №0004734 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа прокурорын газраас манай байгууллагад албан бичиг хүргүүлж, торгуулийн төлбөрийг буцаан олгохыг мэдэгдсэн гэв.

Гуравдагч этгээд*******аас тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас өвөлжөө бууц усанд автсан учир Төв аймгийн Эрдэнэ суманд найз Мэндсайханы өвөлжөөнд өөрийн мал 694 толгой малаа тууварлан орж ирсэн. Гэхдээ малын гарал үүслийн гэрчилгээ байхгүй байсан. Ийм учир Эрдэнэ сумын улсын байцаагч ******* 150,000 төгрөгөөр торгосон. Зөрчлийн хуулийг зөвшөөрч миний бие торгуулийг төлсөн. Иймээс санал хүсэлт байхгүй тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор*******ээс, Төв аймгийн Эрдэнэ сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч *******гийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №0004734 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0004734 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрч, торгуулийн төлбөрийг зөрчилд холбогдогч*******д буцаан олгох тухай тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь бусад этгээдийн болон*******ы эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй нь тогтоогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор*******ийнТөв аймгийн Эрдэнэ сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №0004734 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу Төв аймгийн Прокурорын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүхийн тогтоол шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.ОДСҮРЭН