Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/24

 

 

Ч.Алтанцэцэгт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч,

Ерөнхий шүүгч                 Б.Батзориг

Шүүгчид                Г.Давааренчин                                  

Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                           А.Энхтуяа

Шүүгдэгч                              Ч.Алтанцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч   Г.Амартүвшин

 Хохирогч                       С.Батмөнх                                                 Б.Сэлэнгэмөрөн                                             

 Хохирогч нарын өмгөөлөгч  Л.Доржпүрэв,               Д.Эрдэнэ-Оргил

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэрэгт Тайж нар овогтой Чулуунбаатарын Алтанцэцэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1831002640246 дугаартай, 175/2019/0020/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, Хилийн 0101 дүгээр ангид холбоочноор ажиллаж байсан, ял шийтгэл 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан торгуулын ялыг 6 сарын дотор тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахыг үүрэг болгосон, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 05 дугаар хороо, 05 хороолол, 5 байр, 87 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Тайж нар овогт Чулуунбаатарын Алтанцэцэг, /РД УЕ78072669/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Алтанцэцэг нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан иргэн Д.Батмөнхөд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6.5 сая төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 9 сая төгрөг, нийт 15.5 сая төгрөгийн, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн С.Эрдэнэбатыг залилан мэхэлж 39 сая төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Сэлэнгэмөрөнгөөс залилан мэхэлж 8.500.000 төгрөгийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэн Э.Ганцэцэгээс залилан мэхэлж 12 сая төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Энхцогтоос залилан мэхэлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулахдаа залилсан гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор:                       -

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2-д заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Алтанцэцэгт хохирогч Д.Энхцогтоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан 1.200.000 төгрөг залилан авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч Тайж нар овогт Чулуунбаатарын Аптанцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан “Их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ч.Алтанцэцэгийг 3 /гурван / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ч.Алтанцэцэгт оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ч.Алтанцэцэгт Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг тус тусад нь эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Алтанцэцэгийн цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Шүүгдэгч Ч.Алтанцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас хураагдан ирсэн эд мөрийн баримт болох Сиди 1 ширхэгийг хавтаст хэрэгт нь хавсарган үлдээж,

-Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Тайж нар овогт Чулуунбаатарын Алтанцэцэгээс 70.970.000 /далан сая ёсөн зуун далан мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д.Батмөнхөд 15.500.00 /арван таван сая таван зуун/ төгрөг, хохирогч С.Эрдэнэбатад 36.400.000 /гучин зургаан сая дөрвөн зуу/ төгрөг, хохирогч Б.Сэлэнгэмөрөнд 7.070.000 /долоон сая далан мянга/ төгрөг, хохирогч Э.Ганцэцэгт 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг тус тус олгож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Ч.Алтанцэцэгийн эзэмшлийн 5-р баг 4-р хэсэг 41А тоот үл хөдлөхийн Г1317000878 дугаартай газрыг улсын орлого болгуулахаар /битүүмжилсэн тогтоолыг газрыг улсын орлого болгох хүртэл хэвээр байлгаж/ Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж,

-Шүүгдэгч Ч.Алтанцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Надад хохирогч нарыг залилан мэхлэх зорилго байгаагүй. Би хохирогч нартай 2011 оноос хойш Хилийн 0101 дүгээр ангид  ажиллаж байхдаа танилцаж нөхөрлөсөн. Мөн 2011 оноос хойш одоог хүртэл нөхөрлөхдөө санхүүгийн хувьд харилцан бие биенээ дэмждэг байсан. Уг хохирогч нартай 2017 оноос хойш харилцан тохиролцож хүмүүсийн зээлийг чөлөөлдөг болсон бөгөөд би эдгээр хүмүүсээс мөнгө зээлж аваад буцааж өгөхдөө үндсэн мөнгөн дээр хүү төлж өгдөг байсан.

1. Би Батмөнх, түүний эхнэр Цэнгэл, охин гурвыг хамт байхад нь 2018 оны 02 дугаар сард 6 сая 500 мянган төгрөг бэлнээр 7 хоногийн хугацаатай 14 хувийн хүүтэй аваад буцааж өгөхдөө эхнэр Цэнгэлд 7.410.000 төгрөг бэлнээр гар дээр нь өгч, дахин зээл хаах гэсэн юм гээд 7 сая төгрөгийг 21 хоногийн хугацаанд 1 өдрийн 2 хувийн хүүтэй зээлж бэлнээр авсан. Буцаад эхнэр Цэнгэлд бэлнээр өгөхдөө 9.940.000 төгрөг болгож өгсөн. Би Батмөнх болон эхнэр Цэнгэлээс нь мөнгө зээлэхдээ байнга өөрийн биеэр очиж авдаг байсан боловч эдгээр хүмүүс мэдүүлэхдээ нэг ч төгрөгний хүү авч байгаагүй, бидний зээлсэн мөнгө Алтанцэцэг өөртөө бэлнээр байлган хүү нь тэдэн төгрөг болж өссөн шүү гэж утсаар хэлж нэг ч төгрөгний хүү бэлнээр авч байгаагүй гэж худал мэдүүлэг өгсөн. Би 2018 оны 04 дүгээр сараас хойш эмнэлгээр явж байсан учраас үлдэгдэл мөнгөний тоог хэлэн дансаар хүүний мөнгө шилжүүлсэн. Энэ хүмүүс нь мөнгө зээлээд буцааж авахдаа хоног хугацаа тоолж, хүүг бодон /жижиг бор тэмдэглэлийн дэвтэр/ дээр тэмдэглэл хөтлөн мөнгөө авдаг байсан. Мөрдөн байцаалтын явцад тэр дэвтрийг шалгасан бол хэдэн төгрөг авч өгөлцсөн болон хүү нь бодогдож гарч ирэх байсан боловч мөрдөн байцаалтын явцад энэ талаар нэг ч материал хавсаргагдаагүй байсан.

2. Би Сэлэнгэмөрөнгөөс 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 05 дугаар сар хүртэл мөнгө зээлж авдаг байсан. Энэ хугацаанд зээлж авсан мөнгөний хүүг тооцож хасаагүй. Хамгийн сүүлд 5 дугаар сард авсан мөнгөний хүүг тооцсон байсан.

3. Би Эрдэнэбатаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 21 сая төгрөг дансаар авахад 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буцааж өгөхдөө хүүний мөнгө болох 22 сая 900 мянган төгрөг болон үндсэн мөнгө 21 сая төгрөг гээд нийт 43 сая 900 мянган төгрөгийг дансаар шилжүүлсэн. Мөн үүнээс өмнө зээлж авсан мөнгөнүүдийн хүүг тооцоогүй.

4. Би Ганцэцэгээс 2018 оны 05 дугаар сард хоёр удаа мөнгө зээлж авсан бөгөөд хүүний мөнгө огт тооцоогүй.

Иймд мөрдөн байцаалтын явцад зээл авсан мөнгө болон хүүг хүснэгтээр харуулсан гэх боловч тэр нь тодорхой бус байгаа учраас дахин мөрдөн байцаалтад буцаан эдгээр хүмүүсээс зээлж авсан мөнгөний хүүнүүдийг дахин шалгуулж хасаж хохирлын хэмжээг дахин үнэн зөв тооцож өгөхийг хүсч байна. Мөн эдгээр хүмүүс нь хамтран харилцан тохиролцож ашиг олж байсан боловч намайг залилан мэхэлсэн гэж үзэж байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, үнэн зөвийг тодруулж өгнө үү гэжээ.

Хохирогч Д.Батмөнх, С.Эрдэнэбат, Б.Сэлэнгэмөрөн, Э.Ганцэцэг нар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 1. Д.Батмөнх болон эхнэр Энхцэнгэл нараас авсан мөнгө үнэн боловч бид Ч.Алтанцэцэгийн хэлснээр нэг ч төгрөг бэлнээр болон дансаар авч байгаагүй гэдгээ дахин хэлмээр байна.

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 6.500.000 төгрөг өгөөд 15 хонуулаад 1.900.000 төгрөг нэмээд 8.400.000 төгрөг болсон гэж хэлсэн ч би нэг ч төгрөг аваагүй. Дэвтэртээ тэмдэглээд л хэлснээр нь өсөж байна гэж хууртаад л явсан. Дараа нь 2018 оны 03 дугаар 09-ний өдөр 1.200.000 төгрөг аваад 2 хонуулаад 24.000 төгрөг нэмээд 1.224.000 төгрөг болсон гэж тэмдэглүүлсэн. Гэтэл Ч.Алтанцэцэг нь 7.000.000 төгрөг аваад зээл гаргасан гэж худал мэдүүлжээ. Бид энэ мэтээр худал хэлсэн бүхэнд нь итгэж, залилан мэхлүүлсээр 1 жил боллоо. Хэрэв Ч.Алтанцэцэг нь бидэнд мөнгө өгсөн бол дансны хуулга болон бэлнээр өгсөн гэсэн гарын үсэг байх ёстой. Би прокурор, шүүгч нарын хянан шийдвэрлэснээр бэлнээр өгсөн 15.500.000 төгрөгөө нэхэмжилж байна.

2. Б.Сэлэнгэмөрөн би 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 8.500.000 төгрөгийг дансаар шилжүүлж, 680.000, 250.000, 500.000 төгрөгийг буцааж авсан үлдэгдэл 7.070.000 төгрөгийн хохирлоо авмаар байна.

Ч.Алтанцэцэгийн өмнө нь 3 удаа бага хэмжээний мөнгө авч, буцаан өгч байсан нь түүний итгэл олох арга байсан нь тодорхой бөгөөд өмнө нь авч өгөлцсөн байсан мөнгөтэй дээрх нэхэмжилсэн мөнгө нь ямар нэг хамааралгүй.

3. С.Эрдэнэбат би Ч.Алтанцэцэгт 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 39.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн хэрэгт гомдол гаргасан бөгөөд урд нь надаас авч өгч байсан мөнгөө хольж хутган нийлүүлэн ярьсан байна.

Ч.Алтанцэцэг нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 39.000.000 төгрөгийг авснаас хойш эмчилгээнд явах боллоо, мөнгө хэрэгтэй гэхэд 2.000.000, 400.000, 200.000 нийт 2.600.000 төгрөгийг дансаар над руу шилжүүлсэн. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд тодруулж асуухаар Хаан банкны 90.000.000, 120.000.000 төгрөгтэй өөрийн дансны хуулга, мөн нотариатаар 137.000.000 төгрөг өгнө гэж батлуулсан гэрээ хийх зэргээр 1 жилийн хугацаанд залилан мэхэлж ирлээ. Анхан шатны шүүх хурлаас хүртэл би энэ хүмүүсийн хохирлыг барагдуулах гээд завсарлага авч худал ярьж байсан болно. Одоо надад учирсан бодит хохирол анхан шатны шүүхээс тогтоосон 36.400.000 төгрөг үнэн бөгөөд энэ хугацаанд хохирсон бодит хохирлын хэмжээг оруулж тооцоогүй болно.

4. Э.Ганцэцэг надаас Ч.Алтанцэцэг нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 07-ны хооронд нийт 12.000.000 төгрөгийг дансаар авсан нь үнэн бөгөөд үүнээс хойш нэг ч төгрөг надад өгөөгүй болно.

Гомдолдоо биднээс итгэл олох гэж өмнө нь авч байсан мөнгөнийхөө талаар оруулж байгаа нь буруу бөгөөд хохирлын хэмжээг тогтоосон анхан шатны шүүх хурлын тогтоолыг зөв гэж үзэж байна. Бидэнд Ч.Алтанцэцэгээс учруулсан бодит хохирлыг нэхэж байгаа бөгөөд ямар нэгэн хүү, хохирол нэмж тооцоогүй ба бидний ар гэрт асар их хэмжээний сэтгэл санааны хохирол учирсан.

Ч.Алтанцэцэг нь мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүх хурлын явцад бидэнд учруулсан бодит хохирлоо хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулна гэсэн боловч одоог хүртэл хохирол төлбөрөө барагдуулаагүй байна гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг дээр бодит хохирлын хэмжээг тодорхойлоогүй гэж хүсэлт гаргаж байсан. Залилан мэхлэх гэмт хэргийн шинж байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ч.Алтанцэцэг нь хохирогч Ш.Сэлэнгэмөрөнтэй мөнгө төгрөг байнга өгч авалцаж байсан харьцаатай, байсаар ирсэн. Гэмт хэрэгт шалгагдаж байхдаа хүртэл түүнд хүү өгөгдөөд явсан. С.Эрдэнэбат гэдэг хүн энэ хүнээс 43 сая төгрөгөө авчихсан байж би өдрийн 2 хувийн хүүтэй мөнгө зээлсэн гэж хэлдэг. С.Эрдэнэбатад Ч.Алтанцэцэг 26 сая төгрөгийн хүү өгсөн байдаг. Залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж байвал хүү гэж өгсөн мөнгийг үндсэн мөнгөнөөсөө хасах хэрэгтэй. Хэрэв прокурор өөрөө эргэлзсэн бол эдийн засгийн шинжээч томилоод бодит хохирлыг тогтоож гаргах ёстой гэжээ.

Хохирогч нарын өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолд анхаарах зүйл байна. Хавтаст хэрэгт нотлох баримтаар Ч.Алтанцэцэгийн үйлдсэн үйлдэл бүгд тодорхой, нотлогдож байна. Шүүгдэгч мөнгөө орон сууц барих хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдүүлсэн байна. Гэтэл хавтаст хэрэгт мөнгө нь үнэхээр орон сууц барих хөрөнгө оруулалтад орсон талаарх баримт авагдаагүй. Энэ хэрэгт хүний эрх дордуулсан, хууль зөрчсөн асуудал бол огт байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Мөнгөндөө гол биш цаашлах үр дагавар хэцүү болж байна. Хохирогчийн зарим нэгнийх нь хүүхэд нь сургуульдаа сурч чадахгүйд хүрч байна, хохирогч Ш.Сэлэнгэмөрөн хүртэл бизнесээ үргэлжлүүлж чадахгүйд хүрч байна гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүгдэгчийн эрх ашгийг зөрчсөн гэх асуудал энд байхгүй. Энэ хэргийн шүүх хуралдаан 4, 5 дахь удаа болж байна. Шүүгдэгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байхад ийм зүйл хэлээгүй байж гэм буруугийн хурал болоход ийм зүйл яриад эхэлсэн нь ойлгомжгүй. Ч.Алтанцэцэгийн мөнгө өгч авсан нь бүгд тодорхой, хавтаст хэрэгт байж байгаа юм. Шүүгдэгч бусдад өгсөн хүү болгоныхоо ард өөртөө ашигтай үлдэж байсан. Тиймээс түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: Ч.Алтанцэцэг нь бусдад үргэлжилсэн үйлдлээр буюу 500.000 төгрөгөөс илүү буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Гэмт хэрэг үйлдээгүй гэж ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Алтанцэцэг нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан иргэн Д.Батмөнхөд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6.5 сая төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 9 сая төгрөг, нийт 15.5 сая төгрөгийн, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн С.Эрдэнэбатыг залилан мэхэлж 39 сая төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Сэлэнгэмөрөнгөөс залилан мэхэлж 8.500.000 төгрөгийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэн Э.Ганцэцэгээс залилан мэхэлж 12 сая төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Энхцогтоос залилан мэхэлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулахдаа залилсан гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 29 дугаартай шийтгэх тогтоолоор:                      

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2-д заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Алтанцэцэгт хохирогч Д.Энхцогтоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан 1.200.000 төгрөг залилан авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч Тайж нар овогт Чулуунбаатарын Аптанцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан “Их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ч.Алтанцэцэгийг 3 /гурван / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг биечлэн, нээлтэй хорих ангид эдлүүлэхээр ...тус тус зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Ч.Алтанцэцэг нь дээр дурьдсан гэмт хэрэгт шийтгүүлэхээс өмнө 2018 оны 02 дугаар сарын 07 ны өдөр  иргэн Ө.Амарзаяагаас 13.000.000 /арван гурван сая/ төгрөг 2018 оны 02 дугаар сарын 12 нд иргэн Л.Уранчимэгээс 26.000.000 /хорих зургаан сая/ төгрөг залилсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймаг дахь Сум Дундын Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16 ны өдрийн №158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000/ нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна.

         Ч.Алтанцэцэг нь дээр дурдсан №158 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө  Д.Батмөнхийг залилж 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6.5 сая төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 9 сая төгрөг, нийт 15.5 сая төгрөгийн, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн С.Эрдэнэбатыг залилан мэхэлж 39 сая төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Сэлэнгэмөрөнг залилж 8.500.000 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэн Э.Ганцэцэгийг залилж 09 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байжээ.

Гэтэл анхан шатны шүүх Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болголгүйгээр Ч.Алтанцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар 03 / гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 2-д “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэсэн заалтыг баримтлан Ч.Алтанцэцэгт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял,  2018 оны 07 дугаар сарын 16 ны өдрийн №158 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.   

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” тохиолдолд энэ хуулийг хэрэглэх үндэслэл, журмыг тогтоосон бөгөөд 6.9 дүгээр зүйлийн 1-д “....Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж заажээ.

Ч.Алтанцэцэг нь шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд харин ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон нөхцөл байдал байх бөгөөд энэ тохиолдолд хэрхэн ял оногдуулах  талаар Эрүүгийн хуулинд тусгайлан зохицуулаагүй, Ч.Алтанцэцэгт хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг илт дордуулж байх тул Сэлэнгэ аймаг дахь Сум Дундын Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16 ны өдрийн №158 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргүүдийг нэгтгэж шалгасны эцэст нэг шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн  Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын яллах дүгнэлтэнд С.Алтанцэцэг нь залилан мэхэлж хохирогч Э.Ганцэцэгт 9.000.000 / есөн сая/ төгрөгийн хохирол учруулснаар тусгасан байхад анхан шатны шүүх ...Ч.Алтанцэцэг нь хохирогч С.Ганцэцэгт 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан... гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заалтыг ноцтой зөрчсөн байна.

          Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

          2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ч.Алтанцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                              Г.ДАВААРЕНЧИН

                                               Д.БУЯНЖАРГАЛ