Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00554

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00554

 

 

Н.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2021/00252 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Уийн хариуцагч А.Бт холбогдуулан 2 070 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Найман шарга валют арилжааны төвд валют арилжаа эрхэлдэг бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчимд А.Б гэх залууд 20 000 юань арилжихдаа тухайн өдрийн юанийн ханш 372 төгрөгөөр бодож 7 440 000 төгрөг авах байсныг тооны машинд андуурч 272 төгрөгөөр бодсоны улмаас 5 440 000 төгрөгийг авч 2 000 000 төгрөг дутуу авсан. А.Б нь Хаан банкин дахь өөрийн 5009767428 тоот данснаас Н.У миний Хаан банкин дахь 5006505704 данс руу уг 5 440 000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд миний дутуу авсан 2 000 000 төгрөг, мөн А.Быг эрэн сурвалжлахад гаргасан 70 200 төгрөг, нийт 2 070 200 төгрөгийг А.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: А.Б нь тус шүүхэд гаргасан Н.Уийн нэхэмжлэлтэй танилцаад, түүнийг эс зөвшөөрч байна. Учир нь А.Б нь Н.Уээс 20 000 юань аваагүй, 14 600 юань авсан болно. 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Найман шарга валют арилжааны цэгээс 5 400 000 төгрөгт юань авъя гэхэд худалдагч хүүхэн тооны машинд тоо бодоод 5 440 000 төгрөг дансанд хий гэсний дагуу шилжүүлсэн. Миний бие арилжааны цэгийн гадаа машины зогсоол байхгүй, зам дээр машинаа тавьсан учир худалдагчийн өгсөн 1 боодол мөнгийг тоололгүй авч гараад, машины дунд хайрцагт хийсэн. Ингээд Хятад явах найз П.Баяржаргалд машины сэлбэг, замын зардалдаа хэрэглээрэй гэж валютыг өгсөн. Найз П.Баяржаргал нь Хятад явж ирээд машины сэлбэгийг худалдан авсан падаан, замын зардлын тасалбар гээд нийт 14 600 юанийн баримт өгсөн. Иймээс 20 000 юань ба 7 440 000 төгрөгт валют аваагүй, харин 5 440 000 төгрөгт 14 600 юань авсан тул Н.Уийн нэхэмжилсэн 2 070 200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг баримтлан хариуцагч А.Баас 2 070 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ут олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 48 073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Баас 48 073 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ут олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 10 сараас хойш Н.У гэх хүн 20 000 юань өгсөн гэж гүтгэн, өнөөдрийг хүртэл нэхэж байгаад гомдолтой байна. Учир нь миний бие түүнээс 20 000 юань аваагүй, харин 5 440 000 төгрөгийг шилжүүлэн 14 600 юань авсан. Шүүхийн дүгнэснээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаанд орж, үүргээ биелүүлсэн. Учир нь 5 400 000 төгрөгт юань авь гэж өөрт байгаа мөнгөө хэлсэн, Н.У түүнийг тооны машинд бодож 5 440 000 төгрөг болно гэсний дагуу түүний хэлсэн дансанд мөнгөө шилжүүлсэн. Тухайн үед надад 7 400 000 төгрөг байгаагүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэг, түүний тайлбар тэмдэглэл бусад баримтанд байгаа. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн прокурорын тогтоолын 20 000 юань авсан байх гэдэг өгүүлбэрт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Хэрэв миний бие андуурсан гүйлгээ, алдаатай тооцоо хийсэн бол Прокурорын газар Эрүүгийн хуульд заасны дагуу шийтгэж, хохирлыг гаргуулах байсан ба тус хуулийнхаа Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж намайг гэм буруутайд тооцох байсан тийм зүйл болоогүй билээ. Миний 14 600 юаниар дугуй авсан падааныг шүүх нь шууд хамаарал бүхий баримт болж чадахгүй гэж дүгнэсэн нь нэг талыг барьсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Уранчимэг буруу тооцоо хийсэн бол миний бие тухайн газар тоололгүй гарсан нь хэн хэний маань алдаа буюу талуудын харилцан буруутай үйлдэл юм. Талууд бие биедээ хохирол учруулбал адил тэнцүү хувааж хохирлыг төлөх нь хууль ёсны ба шудрага ёсны явдал юм. Өөрөөр хэлбэл аваагүй 2 сая төгрөгийг миний бие дангаараа хариуцах ёсгүй, энэ хохирлыг бид адил тэнцүү төлөх ёстой. Мөн шүүх тухайн үед найз Баяржаргалд өгсөн юанийг тодорхойлуулж, үйл явдлыг мэдүүлэх гэрчлүүлэх гэж түүнийг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргахад шүүх хүлээн аваагүй. Мөн эрэн сурвалжлуулахад өгсөн 70 200 төгрөгийн хувьд би оршин суух хаягтаа байсаар байхад Уранчимэг нь өөрийн сайн дураар цагдаагаар тухайн үйл ажиллагааг явуулсан учир би хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянаж, хуулийн дагуу шудрага шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Н.У нь хариуцагч А.Бт холбогдуулан 2 070 200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ... 20 0000 юанийг шилжүүлсэн, А.Баас 7 440 000 төгрөг шилжүүлэн авахаас 5 440 000 төгрөгийг авсан, дутуу шилжүүлсэн 2 000 000 төгрөг, мөн түүнийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 2 070 200 төгрөг гаргуулна... гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгч Н.Уээс 14 600 юан авч 5 440 000 төгрөгийг шилжүүлсэн, мөн би гэрийн хаягтаа байсан намайг эрэн сурвалжлуулах шаардлага байгаагүй... гэж тус тус тайлбарласан.

 

Талуудын хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд уг гэрээний дагуу худалдан авагч гадаад валютын үнийг бүрэн төлсөн эсэх асуудалд маргаантай байна. Хариуцагч талаас мөнгийг бүрэн төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч юань худалдан авсан мөнгөө бүрэн төлөх үүргийг биелүүлсэн гэдгээ нотлох ёстой. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүргийг биелүүлсэн гэх нөхцөл байдлын хувьд эргэлзээтэй, хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн тайлбарууд няцаагдаж байна.

 

Тухайлбал, хэрэгт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Цагдаагийн ахлах дэслэгч О.Баярсайханы 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн баримт авагджээ. Гэрч А.Бын өгсөн мэдүүлэгт ... надад юанийг тоолдог машин дээрээ тоолоод 2 боодол болгоод өгсөн, ... тэр мөнгийг аваад би тоололгүй гарсан, ...надад илүү юань өгсөн бол эрүүгийн журмаар биш иргэний журмаар нэхэмжлэхийг хүсэж байна, ...намайг юань авч байх үед 300 гаран төгрөгийн үнэ ханштай байсан ... гэж, мөн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд ...мөнгө тоологч машины хяналтын дэлгэц дээр 100 гэсэн тоо гарч байв, ...2 дахь боодол БНХАУ-ын мөнгөн дэвсгэртийг хийхэд мөн адил 100 гэсэн тоо гарч ирэх ба уг тоолсон юанийг 30-40 орчим насны эрэгтэйд өгөх үед нөгөө хүн нь уг мөнгийг аваад шууд гараад явж байгаа... гэж тус тус дурьджээ. Эдгээр бичгийн баримтад заагдсан үйл баримтуудаар хариуцагч А.Б 20 000 юанийг авсан болох нь давхар нотлогдсон. ./хх14,123/

 

Монгол Банкнаас зарласан ханшийн лавлагаагаар 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар БНХАУ-ын юань 370,83 төгрөг байсан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь 1 юаныг 372 төгрөгөөр тооцож арилжаа хийсэн талаар маргаагүй. Иймээс хариуцагч нь арилжааны гэрээний дагуу 7 440 000 /20 000*372/ төгрөг шилжүүлэхээс 5 440 000 төгрөгийг шилжүүлж, зөрүү 2 000 000 төгрөг дутуу шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, тооцооны зөрүү 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Хариуцагчийн 20 000 юань биш 14 600 юань авсан гэх агуулга бүхий гомдлыг хангах боломжгүй юм.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь А.Бт холбогдуулан тус шүүхэд 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргахад хариуцагч нь хаягтаа бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1267 дугаар шүүхийн шийдвэрээр А.Быг эрэн сурвалжлуулж, үүнтэй холбоотой 70 200 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдсон ба шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцож гаргуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдаан дээр гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хуульд заасан эрх хэмжэний хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчөөгүй болно./хх154/

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2021/00252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 100 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

Б.НАРМАНДАХ