Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00592

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00592

 

 

Ж.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/00359 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Цийн хариуцагч Д.О, Б.Ү нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаврыг 19 000 000 төгрөг гаргуулах замаар арилгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашигласны төлбөрт 24 666 666 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Болормаа, хариуцагч Д.О, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Майдри, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Ц нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Д.О, Б.Ү нартай харилцан тохиролцож тэдний өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж, 16 дугаар байр, 115 тоот хаягт байрлах 72.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нийт 115 000 000 төгрөгөөр хувь лизингээр худалдан авахаар болж дараах байдлаар тохиролцсон. Худалдан авагч тал нь байрны урьдчилгаанд 45 000 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сард багтаан төлөх ба үлдэгдэл 70 000 000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сард тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл гаргуулан төлж барагдуулах, худалдагч тал нь үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч талд хувь лизингээр худалдах ба 2020 оны 8 дугаар сард үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулан зээл гаргуулж байрны үлдэгдэл 70 000 000 төгрөгийг авч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэсэн нөхцөлтэйгөөр хэлцэл хийсэн. Ж.Цийн хувьд хэлцэл байгуулсан даруйд үүргээ биелүүлж байрны урьдчилгаа 45 000 000 төгрөгийг шат дараатайгаар Д.Огийн дансанд хийсэн. Ингээд 2020 оны 8 дугаар сард зээл авахаар банкинд хандан зээлийн материалаа судлуулсан ба 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр банкны зээл гарахаар болж дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулах гэтэл Д.О, Б.Үүрцийнцолмон нар нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хийсэн хэлцлээсээ буцаж тухайн байрыг бидэнд зарахгүй гэснээр байрны үлдэгдэл төлбөр 70 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Ингээд гэрээнээс татгалзаж, 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байраа суллаж өгсөн бөгөөд Д.О, Б.Ү нараас байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 45 000 000 төгрөгөө буцаан шаардахад 26 000 000 төгрөгийг буцааж шилжүүлсэн ба үлдэгдэл 19 000 000 төгрөгийг элдэв янзын шалтаг хэлэн суутган үлдэж, нэхэмжлэгчийг хохироож үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Иймд Д.О, Б.Ү нараас байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 45 000 000 төгрөгийн үлдэгдэл 19 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн анхнаасаа гэрээ буцвал амьдарсан хугацааны хөлс тооцож төлөх талаар тохиролцоогүй. Хариуцагч нараас и-мэйлээр явуулсан гэрээний саналыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, түүнд гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр болоогүй. Тэгээд ч дан ганц нэхэмжлэгч орон сууцыг ашиглаад байгаа биш, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 45 000 000 төгрөгийг хариуцагч нар 2 жилийн хугацаанд ашиглаж, үр шимийг нь хүртэж ирсэн. Шударга ёсны үүднээс хэн аль нь ашигласан байдал байгаа тул нэг нэгэндээ ямар нэг төлбөр төлөх асуудал байж болохгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болоод хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бидний орон сууц болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 16 дугаар байр, 115 тоот хаягт байрлах 72.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Ж.Ц өөрийн нөхөр Л.Баасандоржийн хамт ирж үзэж сонирхоод худалдан авах талаар амаар тохиролцсон. Улмаар 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр орон сууцанд нүүж орон амьдарч эхэлсэн ч нотариат орж гэрээгээ хийхгүй шалтаг тоочсоор байсан. Анх амаар тохирохдоо орон сууцыг 115 000 000 төгрөгөөр худалдана, 45 000 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сард багтаан өгөх, үлдэх 70 000 000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлнө гэж тохирсон. Гэтэл тохирсон хугацаа дөхөөд 2020 оны 5 сард бид нэхэмжлэгч рүү утастаж сануулж зурвас бичсэн. Гэтэл мөнгөө өгөх хугацаа өнгөрсөн. Банкны эдийн засагчтай нь биднийг уулзахад нэхэмжлэгчид зээл гаргахгүй гэж хэлсэн. Тэгээд бид нэхэмжлэгчид урьдчилгаанд дахин 40 000 000 төгрөг байршуулбал гэрээгээ өөр нөхцөлөөр үргэлжлүүлье гэсэн. 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэрээгээ хийхээр болж нөхөр бид хоёр нотариат дээр ирж хүлээсэн ч нэхэмжлэгч ирээгүй. Ийнхүү гэрээгээ бичгээр байгуулахгүй, мөнгөө төлөхгүй байсан учраас бидний байрыг чөлөөлж, нүүхийг удаа дараа хариуцагчаас шаардсан бөгөөд тохиролцоонд хүрээгүй тул 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэрээнээсээ татгалзаж, урьдчилгаанд өгсөн 45 000 000 төгрөгөөс 19 000 000 төгрөгийг нь амьдарсан хугацааны хөлсөнд суутгаж, үлдэх 26 000 000 төгрөгийг нь буцаан өгсөн. Байрыг худалдан авахаа больсон тохиолдолд сарын 1 000 000 төгрөгөөр тооцон орон сууцны хөлс төлөх талаар нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд үргэлжлүүлэн амьдарсан. Нийт 24 сар 20 хоног амьдарсан хугацааны хөлс нь 24 666 666 төгрөг болно. Нэхэмжлэгч бидний байранд амьдарсан нь үнэн тул 24 666 666 төгрөг төлөх ёстой ба бид нэхэмжлэгчийг өөрийн байранд үнэ төлбөргүй амьдруулах үүрэггүй юм. Нэхэмжлэгч ч орон сууцанд маань мөнгө төлөхгүй амьдарч, үндэслэлгүй хөрөнгөжиж болохгүй. Тийм учраас нэхэмжлэгч 19 000 000 төгрөгөө шаардаж байгаа бол бид 24 666 666 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч хүүгийн хохирлыг шаардаагүйг хэлэх нь зүйтэй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага 24 666 666 төгрөгөөс суутгасан 19 000 000 төгрөгийг хасаж, үлдэх хэсгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.2-т заасныг тус тус баримтлан Д.О, Б.Ү нараас 19 000 000 төгрөгийг гаргуулан Ж.Цид олгож, Ж.Цаас 13 513 140 төгрөгийг гаргуулан Д.О, Б.Ү нарт олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 153 526 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 252 950 төгрөгийг, хариуцагч нараас төлсөн 281 283 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 252 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 225 515.7 төгрөг гаргуулж хариуцагч нарт тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарлан шүүхийн шийдвэр гаргасан. Тодруулбал, Хаан банкнаас зээл авахаар судлуулж зээл гарах боломжтой болж хариуцагчид удаа дараа гэрээ байгуулах хүсэлт гаргасан энэ талаар нотлохын тулд гэрчээр Л.Даваадорж, Б.Нарандорж нарыг асуулгах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Хариуцагч нар хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулахаас татгалсан учраас банкнаас зээл гаргуулж үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймээс хэлцэл цааш үргэлжлэх боломжгүй нөхцөл байдалд хариуцагч талын буруутай үйлдэл байгаа. Мөн нэхэмжлэгч тал орон сууц худалдан авах хүсэл зорилготой байснаас бусдын хөрөнгийг удаан хугацаагаар хөлслөн амьдрах хүсэл зорилго огт байгаагүй. Шүүх 2021 оны 2 сарын 05-ны өдрийн Эй Би Си Проперти ХХК-иас гаргаж өгсөн жишиг үнийн баримтыг үнэлж орон сууцыг ашигласан гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцааг зохицуулсан. Гэтэл талуудын хооронд орон сууц худалдах худалдан авах хэлцэл байгуулагдаж, Ж.Цид уг орон сууцанд амьдарсан, гэрээний урьдчилгаа 45 000 000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрт Ж.Цаас 13 513 140 төгрөгийг гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлээс 11 153 526 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч байна. Учир нь шүүх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу. Иргэний хуулийн 109.110 дугаар зүйлд гэрээ хүчин төгөлдөр болох талаар тусгайлан зохицуулсан. Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг хэрэглэхийн тулд эхлээд гэрээ байгуулагдсан байх ёстой. Гэвч гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгч анх шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт нэг ч удаа 45 000 000 төгрөгөөс хариуцагч ашиг олсон байгаа тэр ашгийг гаргуулна гэж нэхэмжлэл гаргаагүй. Гэтэл шүүх зохигчдын нэхэмжлээгүй, огт маргаагүй, мэтгэлцээгүй асуудлаар тайлбарлаж өгсөнд гомдолтой байна. Хариуцагч нар орон сууцаа худалдаж чадахгүй 24 сар 20 хоног элэгдүүлж, орон сууцны үнэ ханш унаж хохирсон. Хэрэв өөр хүнд 2018 онд худалдаж мөнгөө авчихсан бол тэр мөнгийг хүүтэй хадгаламжид хадгалуулсан бол хүүгийн орлого нь л гэхэд 20 700 000 төгрөг байх байсан. Өөрөөр хэлбэл мөнгөө эргэлтэнд оруулж ашиг олох ч боломж байсан. Гэтэл нэхэмжлэгч бодит байдал дээр яаж хохирсон нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч Д.О, Б.Ү нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 19 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашигласны төлбөрт 24 666 666 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх1-2, 19-22, 30, 65-66/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Д.О, Б.Ү нартай байгуулсан аман хэлцлээс татгалзсаны үр дагавар 19 000 000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нар татгалзлын болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... банкны зээлийн эдийн засагч нэхэмжлэгчид зээл гарахгүй гэж хэлсэн, мөн гэрээ байгуулах гэхэд нотариат дээр ирээгүй, байрыг худалдан авахаа болих тохиолдолд сарын 1 000 000 төгрөгөөр тооцон орон сууцны хөлс төлөх талаар нэхэмжлэгч мэдэж байсан гэж тус тус тайлбарласан.

 

Зохигчид 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр орон сууц худалдах худалдан авахаар буюу хариуцагч Д.О, Б.Ү нар нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 16 дугаар байрны 115 тоотод байрлах 72.6 м.кв 3 өрөө орон сууцыг 115 000 000 төгрөгөөр худалдах, нэхэмжлэгч Ж.Ц нь 2018 оны 8 дугаар сард 45 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сард 70 000 000 төгрөгийг төлж дууссаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээний дагуу 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 35 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг буюу нийт 45 000 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн зэрэг үйл баримт зохигчдын тайлбар, дансны хуулга зэргээр тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

Дээрх байдлаар талуудын хоорондын тохиролцож буй гэрээний зүйл нь орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө байгаа тохиолдолд гэрээг Иргэний хуульд заасан журам, хэлбэрээр байгуулах учиртай.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхдээ улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хэн аль нь гаргах эрхтэй бөгөөд 109.2 дахь хэсэгт тухайн хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх тухай зохицуулсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх худалдан авагчид үүснэ.

Гэтэл талууд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцсон боловч бичгээр гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байх учир тэдний хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх боломжтой. Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай уг хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх тухайлсан нэмэлт шаардлага хуулиар тавигддаг тул талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3.-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэхгүй.

Зохигчдын хоорондох орон сууц худалдах худалдан авах тохиролцоо нь хуулиар тогтоосон дээрх хэлбэрийн шаардлагыг зөрчсөн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хэдийгээр талууд хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргаагүй ч шүүх энэ талаар зайлшгүй дүгнэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх зохицуулалтыг, ийнхүү хуульд заасан журмыг зөрчиж буюу нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхээр Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2., 110 дугаар зүйлийн 110.1., 182 дугаар зүйлийн 182.1., 245 дугаар зүйлийн 245.2 болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-т заасан журмыг зөрчиж хийсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх ямар эрх зүйн үндэслэл байгаа талаар хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх эрх зүйн үр дагавар мөн зүйлийн 56.4.,56.5., 56.6.-д тусгагджээ.

Талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч орон сууцыг өмчлөгч нарт хүлээлгэн өгсөн, хариуцагч нь 26 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон. Иймд хариуцагч Д.О, Б.Ү нараас 19 000 000/45 000 000-26 000 000/ төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Цид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцнэ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан хэдий ч хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэнд зохигчийн хэн алиныг буруутай гэх нөхцөл байдал хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй.

Хийгдээгүй хэлцэл ямар нэгэн эрх зүйн үр дагаврыг, тухайлбал, гэрээнээс татгалзах, татгалзсантай холбоотой хохирлыг, гэрээний үүргийн биелэлтийг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг тус тус шаардах эрхийг үүсгэхгүй тул Иргэний хуулийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. 

Түүнчлэн, хариуцагч нар талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэх тайлбар, гомдол гаргах боловч Д.О нь 2019 оны 04 сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн и-мэйлээр гэрээний санал явуулсныг Ж.Ц хүлээн зөвшөөрсөн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй ба талууд нэг сарын 1 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээний агуулгаар орон сууцны эзэмшил, ашиглалт нэхэмжлэгчид шилжээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Хариуцагчийн өмгөөлөгчийн ... Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, ... Иргэний хуулийн 112 дугаар зүйл ямар ч хамаагүй, ...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг хэрэглэх ёсгүй байсан гэх давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/00359 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56 дугаар зүйлийн 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.О, Б.Ү нараас 19 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цид олгож, хариуцагч Д.О, Б.Ү нарын нэхэмжлэгч Ж.Цаас 24 666 666 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 252 950 төгрөгийг, хариуцагчийн 281 283 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О, Б.Ү нараас 252 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 600 төгрөгийг буцаан олгож, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 720 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ