| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0056/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2018-03-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 102
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч Н.Анхбаяр,
хохирогч Ц.Г,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.М-т холбогдох эрүүгийн 1803000010030 дугаартай, 187/2018/0056/Э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Н.М
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.М нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 цагийн үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэр ....... голын гүүрний замд .......... УНЗ улсын дугаартай .......... маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Ц.Г-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.М нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 цагийн үед Хан-Уул дүүргийн ....... дүгээр хорооны нутаг дэвсгэр ......... голын гүүрний замд ........ УНЗ улсын дугаартай ......... маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зорчигч хохирогч Ц.Г-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Н.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Ц.Г-с уучлалт гуйж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Ц.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би Төв аймаг руу албан томилолтоор Н.М-н машинд суугаад явж байсан. Замын хажуу тал руу машин гулгах шиг болсон нэг мэдэхэд авто осол болсон байсан. Төв аймгийн түргэн болон цагдаагийн ажилтнууд Хан-Уул дүүргийн харьяалал гэж намайг шилжүүлсэн. Би одоо дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул ирээдүйд гарах зардлуудыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/
4. Хохирогч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 09 цагийн орчимд Драгон төвөөс Төв аймаг явах суудлын жижиг автомашинд суусан. Машины жолооч нь 25-30 орчим насны эрэгтэй залуу байсан. Машинд жолооч бид хоёроос гадна 1 эмэгтэй, 2 эрэгтэй явсан. Би жолоочийн ард талд сууж явсан. Ингээд Төв аймаг руу Хан-Уул дүүргийн нутаг ........... гол өнгөрөөд явж байхад гэнэт машин замын хажуу тал руу мөсөн дээр гулгаад баруун гар талд замын хажуу талд байсан төмөр хашлагыг мөргөөд онхолдсон. Хэсэг хугацаанд юу болсныг мэдэхгүй байна. Нэг ухаан ороход машин дотроо байсан. Машин хажуу талаараа уначихсан байсан. Намайг хүмүүс гаргасан. Ингээд түргэн ирэхгүй удаад байхаар нь замын машинд суугаад Төв аймгийн эмнэлэг явсан. Цагдаа хэмжилт хийхэд нь байгаагүй...Их хурдтай яваагүй. Замын мөсөн дээр гулгаад хашлага мөргөөд онхолдсон...Машины хөдөлгөөнийг анзаараагүй. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Гадаа гэгээтэй байсан...хувийн эмнэлэгт 15 хоног хэвтэн эмчлүүлсэн. Зовиуртай байгаа. Ажлаа хийж чадахгүй байна. Байнгын эмчилгээ хийлгэж байгаа. Эм ууж байгаа. Хэвтэж байсан эмнэлэгтээ байнга үзүүлж байгаа. Надаас баримттай 620.000 төгрөг гарсан ба баримтгүй боловч надаас өөр мөнгө төгрөг гарсан. Нарийн тооцоог гаргаагүй байна...Жолоочтой 2-3 удаа уулзсан. Жолоочоос яг хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна...Ямар нэгэн гэмтэл бэртэл авч байгаагүй...Хувийн машинд суусан. Би тухайн өдөр албан томилолтоор...хуралд суух гэж явсан юм...Архи уугаагүй эрүүл байсан...Гомдолтой байна. Зүгээр явж байгаад осолд орж биедээ гэмтэл авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/
5. Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 09 цагийн орчимд Драгон төв дээрээс Төв аймаг явахаар цагаан өнгийн ........... маркийн автомашинд суусан. Би арын сандалд сууж явсан. Надаас гадна 1 эмэгтэй, 2 эрэгтэй, жолооч гээд 5-уулаа явсан. Би тухайн үед зам руу харж яваагүй. Миний сууж явсан машин дунд зэргийн хурдтай явсан. Их хурдтай яваагүй. Гэнэт л машин замаас гараад замын хажуу талын мөсөн дээр гулгаад л замын хажуу талд байсан төмөр хашлага мөргөөд онхолдсон. Намайг машинаас хүмүүс гаргасан. Осол болсон газарт 30 орчим минут болоход бие өвдөөд байсан, түргэн ирэхгүй байхаар нь замын машинд суугаад Төв аймгийн эмнэлэг явсан...Жолооч архи уугаагүй эрүүл явсан. Машинтай мөргөлдөөгүй. Яг юунаас болж машин хажуу талын төмөр хашлага мөргөснийг мэдэхгүй байна...Зам хуурай байсан. Замын хажуу талаар мөстэй байсан. Гадаа үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Цээж, хүзүү, тархи толгой, гар өвчтэй зовиуртай байгаа...Жолооч хүзүүний зураг авахуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/
6. Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоо сар өдрийг санахгүй байна. Тухайн өглөө Төв аймаг орох ажилтай болоод 08 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн нутагт байдаг Драгон төв орж Төв аймаг явах гэж байгаа ........... маркийн автомашинд суусан. Машинд надаас гадна 1 эмэгтэй, 2 эрэгтэй суусан. Жолооч нь нэг залуу байсан. Би арын сандалд суусан...Миний биед гэмтэл учраагүй...сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд машин дайвалзаад л явсан. Нэг мэдэхэд онхолдсон байсан. Тэгээд машинаас гарсан. Машинаас гараад харахад ямар нэгэн мөргөлдсөн гэх машин байгаагүй. Харин замын хажуу талын төмөр хашлага эвдэрсэн байсан...Машины хөдөлгөөн бага байсан. Би гар утсаа оролдоод явж байсан учраас машин зам руу хараагүй явсан...Жолоо залуу архи уугаагүй эрүүл явсан...Хурдтай бол яваагүй...Хажуу талаараа онхолдсон байсан. Түргэн цагдаа ирэхээс өмнө бид нар замын машинд суугаад Төв аймаг явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/
7. Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 05-ны өглөө Драгон төв дээрээс Төв аймаг явах хувийн суудлын автомашинд суугаад хөдлөөд явсан. Би жолоочийн хажуу талын урд сандалд сууж явсан. Ард 3 хүн сууж явсан. Би замдаа унтаж явсан. Гэнэт миний араас хүүе яанаа гэх дуу гарахаар нь сэрээд харахад машин хөмөрсөн. Машин хажуу талаараа унасан. Машинаас гарсан. Замын машинаар Төв аймгийн эмнэлэг явсан...Архи уугаагүй эрүүл явсан. Машины хурдыг мэдээгүй, бас яаж яваад онхолдсон талаар мэдээгүй...Бүсээ зүүсэн байсан. Жолоочийг танихгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/
8. Иргэний хариуцагч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зөвшөөрөлтэй жолоодож явсан. Би тухайн өдөр хамт яваагүй...Надад машинтай холбоотой Н.М-с нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/
9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№15180/-ний дүгнэлт:
-Ц.Г-н биед сээрний 6, 7, 8-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, хоёр уушгины доод дэлбэнгийн ар доод хэсгийн эдийн няцрал, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна. /хх-ийн 50/
10. Мөрдөгчийн магадлагаа №5:
-........... маркийн ........ УНЗ улсын дугаартай автомашины жолооч Н.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 77-78/
11. Шүүгдэгч Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 09 цагийн орчимд эхнэрийн эзэмшлийн ......... УНЗ улсын дугаартай .......... маркийн автомашиныг жолоодоод Драгон автовокзал дээр явж очсон. Тэгээд тэндээс 2 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 4 зорчигч суулгаад Төв аймаг явахаар хөдөлсөн. Ингээд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа ........ голын гүүрний орчимд эргэлттэй замаар 60-65 км/цагийн хурдтай явж байхад өөдөөс нэг саарал өнгийн ........ маркийн автомашин маш их хурдтай эргэлттэй уг замаар голын цагаан зураас даваад ороод ирэхээр нь уг машиныг мөргөхгүйн тулд баруун гар тийшээгээ жолоогоо дараад замын хажуу талын төмөр хайсыг мөргөөд хажуу талаараа онхолдоод замын голд зогссон. Машинаас бид нар гарсан...Машиныг би зөвшөөрөлтэй жолоодож явсан. Хамт явсан зорчигч нарыг танихгүй...Машин мөргөөгүй. Замын хажуу талын төмөр хайсыг мөргөсөн...Төмөр хайсыг мөргөөд л онхолдсон. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр жолооны курс төгссөн. 2 сар автомашин жолоодож байна...Зам хуурай, замын хажуу талаар цас мөстэй байсан. Гадаа гэгээтэй байсан. Осол 09 цагийн орчимд болсон...Машин бүрэн бүтэн байсан...Гэмтсэн хүмүүсийн эмчилгээний зардлыг төлж барагдуулна...Урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Ярьсан хэлсэн бүгд үнэн болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41, 87-88/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.М нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№15180/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Н.М-н үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.
Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Н.М нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 цагийн үед Хан-Уул дүүргийн ....... дүгээр хорооны нутаг дэвсгэр ......... голын гүүрний замд ....... УНЗ улсын дугаартай .......... маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зорчигч хохирогч Ц.Г-н биед сээрний 6, 7, 8-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, хоёр уушгины доод дэлбэнгийн ар доод хэсгийн эдийн няцрал, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, дээд уруулд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.М-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах талаар идэвхи санаачлага гаргаж баримтаар нэхэмжилсэн 1.653.900 /нэг сая зургаан зуун тавин гурван мянга есөн зуу/ төгрөгийг нөхөн төлсөн, түүний хувийн байдал /.................../ зэргийг харгалзан шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ангийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Н.М-н В ангиллын ............ тоот түр жолоочийн түр зөвшөөрлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Наранхүүгийн Мөнхбаярыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Н.М-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М-т оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Н.М-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.
6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Н.М-н В ангиллын ............ тоот түр жолоочийн түр зөвшөөрлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР