Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2019/ДШМ/28

 

Д.Ариунболдод холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид     Г.Давааренчин                                  

Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                             А.Энхтуяа

Шүүгдэгч                             Д.Ариунболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч     А.Отгонбаяр

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Түвшинтуул нар оролцож, Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 91 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт Жаран овогтой Дээдэндэжидийн Ариунболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1831002280271 дугаартай, 175/2019/0024/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Жавхлант суманд 1985 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг, Жавхлант сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Жаран овогт Дээдэнжидийн Ариунболд /РД: МУ-85050972/,        

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ариунболд нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлант сумын нутаг Шарын голын эргийн хажууд 22-26 СЭА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7 а, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасныг зөрчиж В.Болдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

          Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 91 дугаартай шүүгчийн захирамжаар:

          - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаран овогт Дээдэндэжидийн Ариунболдод холбогдох 1831002280271 тоот эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,

          - Шүүгдэгч Д.Ариунболдод урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлж,

          - Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, 22-26 СЭА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдэн ирсэн бөгөөд битүүмжлэл нь хэвээр болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...1. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

1.Анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэх заалт, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаа эхлэхээс өмнө улсын яллагч яллахаас татгалзсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дугаар хэсгийн 6.2 дахь заалтыг үндэслэл болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах ёстой байсан.

2. Гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 51 тоот захирамжаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 60 тоот “Шүүх эмнэлгийн нэмэлт магадлан шинжилгээний дүгнэлт’’-ийн 6 дахь заалт үндэслэлтэй эсэх, талийгаач хэдэн цагт нас барсан байж болохыг тодруулахаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албыг томилоход өмнөх гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй буюу “талийгаачийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний 00-03 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна” гэх дүгнэлтийг гаргасан байна.

Дээрх шинжээчийн давтан дүгнэлт гарсантай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-д зааснаар “Хүсэлт гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно” гэж заасны дагуу шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ажиллагаа эхлэхээс өмнө “Өмнө гарсан дүгнэлтийн аль нь үндэслэлтэй болох талаар шинжээчийн дүгнэлт давтан гаргуулах талаар” хүсэлтийг шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангах эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь ....ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.” гэх заалтыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 91 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Гэм буруугийн хуралдаанд шинжээчийг оролцуулаад, талуудын хүсэл зорилго нэгдээд нэмэлтээр, талийгаачийн нас барсан цагийг дахин тогтоолгохоор бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шатад хийлгэе гэсэн. Оролцогч нараас ямар асуудлыг тодруулах талаар санал хүсэлтийг нь авсан. Талууд талийгаачийн нас барсан цагийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэсний дагуу магадлан шинжилгээг Дархан-Уул аймгийн шинжээч бүрэлдэхүүнтэйгээр “2018 оны 07 дугаар сарын 24-ний 00 цагаас 03:00 цагийн хооронд нас барсан байх бүрэн боломжтой гэсэн” дүгнэлтийг гаргасан. Нэмэлтээр магадлан шинжилгээний дүгнэлт гарсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1  дүгээр зүйлийн 2-т зааснаар буцааж байгаа нь хуулийг зөрчиж байна гэж үзэж байна.

...Иймээс нэмэлтээр дахин шалгах шаардлага байхгүй гэж үзэж байна. Бусад нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Хавтаст хэрэгт Д.Ариунболдыг энэ хэрэгт оролцсон нь нотлогдоогүй, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Д.Ариунболд нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Жавхлант сумын нутаг Шарын голын эргийн хажууд 22-26 СЭА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7 а, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасныг зөрчиж В.Болдын амь насыг хохироосон гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 91 дугаартай шүүгчийн захирамжаар:

         -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаран овогт Дээдэндэжидийн Ариунболдод холбогдох 1831002280271 тоот эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж  шийдвэрлэжээ.

          Сэлэнгэ аймгийн Прокурорын Газрын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлийн дагуу Д.Ариунболдод холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдааны шатанд улсын яллагчийн зүгээс “…Мөрдөн байцаалтын шатанд гарсан шинжээчийн дүгнэлттэй шинээр ирсэн шинжээчийн дүгнэлт эрс зөрөөтэй гарсан тул 3 дахь дүгнэлт гаргуулах гэсэн хүсэлт гаргаж байна…” гэсэн хүсэлт гаргасан байна.

          Гэтэл анхан шатны шүүх дээрх хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-д ... .Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана... гэсэн заалтыг зөрчсөн байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй.

Түүнчлэн улсын яллагч яллахаас татгалзаж, хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн  6-д “...Улсын яллагч доор дурдсан тохиолдолд шүүгдэгчийг яллахаас татгалзаж, саналаа бичгээр гаргана:

6.1. шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн,

6.2. хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн...” гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 91 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Сэлэнгэ аймаг дахь Сум Дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 91 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

          2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.Ариунболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                          Г.ДАВААРЕНЧИН

                                          Д.БУЯНЖАРГАЛ