Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Ө.Уранчимэг, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, хохирогчийн өмгөөлөгч Г.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Жонон бэйс овогт Өлзийбаярын Уранчимэгт холбогдох, эрүүгийн 1836000000031 дугаартай 178/2018/0047/Э/ индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан  хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, яс үндэс дөрвөд,  дээд боловсролтой, биологич  мэргэжилтэй, Өнхрүүш бейкерид менежер ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт  багийн 10-32 тоотод  оршин суух, аминдаа гэр -1,  хашаа -1, Приус-20 маркийн автомашин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 700000 төгрөг, ял шийтгэлгүй гэх  ОЭ86010861 дугаарын регистртэй Жонон бэйс овогт Өлзийбаярын Уранчимэг

Холбогдсон хэргийн талаар  /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ө..Уранчимэг нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт Тулгын 30 айлын орон сууцны ар талын засмал зам дээр  2018 оны 02 сарын 05-ны орой  20 цагийн үед 12-34 ХОА  улсын дугаартай Тоёото Приус маркийн автомашин жолоодож  замын хөдөлгөөнд оролцох явцдаа  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Ц.Санждоржийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Уранчимэгт  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр Ховд аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ө.Уранчимэг нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт Тулгын 30 айлын орон сууцны ар талын засмал зам дээр  2018 оны 02 сарын 05-ны орой  20 цагийн үед 12-34 ХОА  улсын дугаартай Тоёото Приус маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна “ гэх заалтыг  зөрчсөний  улмаас  иргэн Ц.Санждоржийг мөргөж,  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт  хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд:  Хэргийн газрын үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант  сумын Тулгын 30 айлын орон сууцны арын зам байх ба хэрэг учрал болсон газар ердийн хөсөг тэрэг юм ачиж байсан байдалтай эсрэг урсгал руу орсон. 12-34 ХОА дугаартай Приус автомашин зогсоолд орж зогссон байв. Мөргөлдсөн цэгийг ” А”  үсгээр ердийн хөсөг байх цэгийг  “Б”  үсгээр замын хайсыг “В” үсгээр үл хөдлөх цэгээр автомашины зүүн хойд хэсгийг “2”-ын тоогоор тус тус тэмдэглэв. Замын өргөн 7.4 метр, “А “ цэг замын ирмэгээс 1,5х6,9 метр, “ А”цэгээс “Б” цэг хүртэл 9 метр, “Б” цэг  замын ирмэгээс 6 метр, ердийн хөсөгний зүүн дугуй замын ирмэгээс 0,6 метр, “В” цэгээс “Б” цэг хүртэл 8,2 метр 12-34 ХОА дугаартай “Приус” автомашин зүүн хойд 2-ын тооноос замын ирмэг хүртэл 7,3 метр, баруун урд дугуй 1,5 метр баруун хойд дугуй 0,8 метр тус тус зайтай байв ...гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-09-рт/

Осол хэрэг гарсан газар дэр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 10-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Оюун-Эрдэнийн гэрч, иргэний нэхэмжлэгчээр  өгсөн...Би Их буян зах дээр хүнсний бүтээгдэхүүн зардаг юм. Тухайн өдөр Номин супермаркет дээр өндөг ирсэн байхаар нь өндөг бөөндөж авсан. Ц.Санждорж гэх зах дээр тэрэг түрдэг залуу миний 3 хайрцаг өндөгийг зөөхөөр болж Номин дэлгүүр  дээрээс аваад Их буян зах руу явсан. Би лангуун дээрээ хүлээгээд Ц.Санждоржийг ирэхгүй байхаар нь Номин худалдааны төв рүү явж байтал зам дээр цагдаа нар зогсчихсон байсан. Ц.Санждорж зам дээр хэвтсэн байдалтай тэрэгний ард хагас сууж байсан. Өндөгнүүд хагарсан байсан. Цагдаа нар ирж хэмжилт хийнэ гээд  зураг аваад явсан. 1 авдарт 360 ширхэг өндөг байдаг. Нийт 180 ширхэг өндөгнөөс 510 ширхэг нь хагарсан. Надад учирсан бодит  хохирол  163200 төгрөгийг  барагдуулж өгнө үү?...гэх мэдүүлэг / хх-ийн 12, 21-22-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Санждоржийн өгсөн...Би баруун бүсийн төв зах болон Их буян зах дээр хөлсөөр хүмүүсийн ачаа зөөдөг. 2018 оны 02 сарын эхээр Их буян зах дээр байж байхад лангуу ажиллуулдаг Н.Оюун-Эрдэнэ  эгчийн хамт Номин худалдааны төв рүү өндөг авахаар явсан. Номин худалдааны төвөөс 3 авдар өндөг аваад тэргэн дээр тавиад түрээд явсан. Н.Оюун-Эрдэнэ  эгч зам товчлоод байрнуудын дундуур явсан. Би тэргээ түрээд Тулгын 30 айлын арын засмал зам дээр явж байтал араас тээврийн хэрэгслийн гэрэл тусахаар нь зогстол ирээд мөргөчихсөн. Зурж үзүүлэхэд явж байсан чиглэлийнхээ зүүн гар талын зорчих хэсгээр явж байсан гэж заав. Тухайн тээврийн хэрэгсэл их хурдан явж байсан. Намайг мөргөж гэмтээсэнд гомдолтой байна. Учирсан хохирлыг барагдуулж өгнө үү? ...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Лхамцэрэнгийн өгсөн...Миний төрсөн дүү Ц.Санждорж нь Ховд аймгийн Баруун бүсийн төв зах болон Их буян зах дээр ачаа зөөдөг. Тэгтэл 2018 оны 02 сарын 05-ны өдөр Номин худалданы төвөөс Их буян зах руу хүний тэрэгтэй ачаа түрж яваад Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн  нутаг дэвсгэр Тулгын 30 айлын орон сууцны арын засмал зам дээр 12-34 ХОҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан. Би төрсөн дүү Ц.Батзаяагийн хамт Улаанбаатар хот руу авч яваад эмчилгээ хийлгэж авч ирсэн. Одоо Ц.Батзаяагийн гэрт хэвтэрт байна. Миний төрсөн дүү Ц.Санждорж нь 1982 оны 02 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Одоо 36 настай, Эхээс 8 хүүхдийн 7 дахь  хүүхэд, сургуульд сурч боловсрол эзэмшээгүй. Өөрөө уншиж бичиж чадахгүй, бага насаа Мянгад суманд өнгөрөөсөн. Эхнэр хүүхэд байхгүй. Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 18-15 тотод Ц.Батзаяагийн нөхөр Мөнхбатын гэрт амьдардаг. 5 настай байхдаа моринд өшиглүүлж тархиндаа гэмтэл авсан. Бага насандаа татаж унадаг байсан. Гэр бүлийн гишүүдээс  бусад хүмүүстэй харьцахдаа  өөрийгөө муу илэрхийлдэг... гэх мэдүүлэг  /хх-ийн 23-24-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Батзаяагийн өгсөн...Миний төрсөн дүү Ц.Санждорж 2018 оны 02 сарын 05-ны өдөр Номин худалдааны төвөөс Их буян зах руу хүний тэрэгтэй ачаа түрж яваад Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэр Тулгын 30 айлын орон сууцны арын засмал зам дээр тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн.  Эхээс 8 хүүхдийн 7 дахь  хүүхэд, сургуульд сурч боловсрол эзэмшээгүй. Ц.Санждорж нь 5 настай байхдаа моринд  өшиглүүлж тархиндаа гэмтэл авсан, группэд байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-рт/

Тээврийн  хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-34-рт/

Ховд аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 55 дугаартай...

 Ц.Санждоржийн биед 2 талын дунд чөмөгний яс дунд 1/3 хэсгээр хөндлөн зөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, цээжний зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун урд хэсэгт 3х1 см өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

Ц.Санждоржийн биед учирсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2. 3. 1-д ...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.

Хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтыг 15-30 хувь алдагдуулна .. гэх дүгнэлт/ хх-ийн 36-рт/

2018 оны 02 сарын 28-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн...12-34 ХОА дугаартай Приус-20 маркийн автомашиныг жолоодон явсан жолооч Ө.Уранчимэг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Явган зорчигч Ц.Санждорж Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д заасан “явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуу хөвөөгөөр явна” гэсэн залтыг зөрчсөн байна.

Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Бямбадоржийн гаргасан 06 тоот дүгнэлтэд заасан жолооч Ө.Уранчимэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-р заалтыг зөрчсөн нь үндэслэлтэй байна.

Жолооч Ө.Уранчимэг явган зорчигч Ц.Санждорж нар Замын хөдөлгөөний дүрмийн залтуудыг зөрсөнөөс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна...гэх дүгнэлт /хх-ийн 45-рт/

Эд зүйлс үнэлсэн тухай тайлангаар...Тахианы өндөг 510 ширхэг нэг бүрийн үнэ 320 төгрөг бүгд 163200 төгрөг... гэх баримт  /хх-ийн 49-рт/

Шүүх сэтгэцийн 07 тоот...Ц.Санждорж нь гэмтлийн гаралтай тархины эмгэгшил, зан төрхийн мэдэгдэхүйц өөрчлөлт

Ц.Санждорж нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай

Ц.Санждорж нь сургуульд суралцаж сургуулийн боловсрол эзэмшээгүй боловч аливаа зүйлийг ойлгож ухаарах чадвартай... гэх дүгнэлт / хх-ийн 55-57-рт/

Эд хөрөнгө битүүмжлэх, тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-66-рт/

Хөрөнгө үнэлсэн тухай тайлан / хх-ийн 68-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Уранчимэгийн яллагдагчаар өгсөн...Би 2018 оны 02 сарын 05-ны орой 19 цаг 40 минутын орчим гэрээсээ гараад ажил руугаа 12-31 ХОА улсын дугаартай  Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явсан. Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэр Тулгын 30 айлын орон сууцны арын засмал зам дээр явж байтал урдаас 3-4 тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлэлгүй зөрсөн. Тэгтэл гэнэт урд ямар нэгэн бараан зүйл харагдах шиг болохоор нь тормоз гишгэсэн боловч тээврийн хэрэгсэл гулсаад очоод мөргөчихсөн. Тэгээд би буугаад хартал тэрэг түрсэн хүн мөргөсөн байсан. Тухайн хүн газар хөлөө жийсэн байдалтай сууж байсан. Тэгтэл цагдаа нар  ирсэн. Тухайн тээврийн хэрэгсэл миний нөхөр Х.Ганзоригийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Осол гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би ойролцоогоор 20-25 км цагийн хурдтай явж байсан. Би “В” ангиллын жолооны  үнэмлэхтэй. Би одоо 4 сартай жирэмсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 71-72-рт/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Жонон бэйс овогт Өлзийбаярын Уранчимэг нь урьд ял шийтгэгдээгүй...гэх баримт /хх-ийн 76-рт/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Уранчимэгийн өгсөн...Хууль сахиулагч нарыг хүндэтгэж байгаагаа илэрхийлье. Тухайн осол гарснаас хойш би иргэн хүний хувьд хүн чанартай байхыг эрмэлзсэн. Яллагдагчаар зогсож байгаа нь миний буруутай үйлдлээс болсон. Гэхдээ амьдрал дээр ч гэсэн би хохирогч. Хохирогч Ц.Санждоржийн төлөө санаа зовж байгаа бөгөөд хурдан эрүүл болоосой гэж хүсэж байна. Иргэн хүний хувьд хариуцлагатай байх болно... гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.

 Шүүгдэгч Жонон бэйс овогт Өлзийбаярын Уранчимэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон болно.

Иймд Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Жонон бэйс овогт Өлзийбаярын Уранчимэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний  актыг зөрчсөний улмаас иргэн Ц.Санждоржид хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Жонон бэйс овогт Өлзийбаярын Уранчимэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний  актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Уранчимэг нь хохирогч Ц.Санждоржийн  эмчилгээний төлбөрт нэхэмжилснээс үлдсэн 700000 төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулах, хадаас авахуулах эмчилгээний зардлыг тухайн үеийн баримтад заасан дүнгээр нөхөн төлөхөө илэрхийлж, эвлэрсэн болно.

Шүүгдэгч Ө.Уранчимэг нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 31 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.Уранчимэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нь хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан,  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял сонсгосныг хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Ө.Уранчимэгт 450 нэгж буюу 4500000 төгрөгний торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломж болон саналыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 450000 торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.

            Эрүүгийн 1836000000031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

                 Шүүгдэгч Ө.Уранчимэг иргэний нэхэмжлэгч Н.Оюэн-Эрдэнэд учруулсан хохирол 163200 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ө.Уранчимэгээс 163200 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Оюун-Эрдэнэд олгож, хохирогч Ц.Санждоржийн эмчилгээний төлбөрийн үлдэгдэл 700000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах, хадаас авахуулах, эмчилгээний зардлыг тухайн үеийн баримтад заасан мөнгөн дүнгээр төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсныг дурдав.

            Шүүгдэгч Ө.Уранчимэгийн эзэмшлийн “Funai” маркийн  42 инчийн LCD зурагт, “Sharp” маркийн 2 хаалгатай хөргөгч, “Prius-20” маркийн машиныг битүүмжилсэн прокурорын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/25 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” -ыг хэвээр үлдээв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дүгээр хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

                 1.Шүүгдэгч Жонон бэйс овогт Өлзийбаярын Уранчимэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний  актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Жонон бэйс овогт Өлзийбаярын Уранчимэгийг 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ялаар шийтгэсүгэй.

                 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Уранчимэгээр 450000 төгрөгний торгох ялыг сард 150000 төгрөгөөр 3 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

                 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учиртайг  тайлбарласугай

                 5. Эрүүгийн 1836000000031 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

                 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ө.Уранчимэгээс 163200 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.Оюун-Эрдэнэд олгож, хохирогч Ц.Санждоржийн эмчилгээний төлбөрийн үлдэгдэл 700000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах, хохирогчийн хадаас авахуулах, эмчилгээний зардлыг тухайн үеийн баримтад заасан мөнгөн дүнгээр төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсныг дурдсугай.

                 7.Шүүгдэгч Ө.Уранчимэгийн эзэмшлийн “Funai” маркийн  42 инчийн LCD зурагт, “Sharp” маркийн 2 хаалгатай хөргөгч, “Prius-20”  маркийн машиныг битүүмжилсэн прокурорын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/25 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр хэрэглэсүгэй.

    8.Шүүгдэгч Ө.Уранчимэгт “хувийн баталгаа гаргах тухай” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

   9.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний  хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА