Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00626

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00626

 

 

Ц.Солонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/00163 дугаар шийдвэртэй, Ц.Солонгын нэхэмжлэлтэй, Х.Х.Б ХХК-д холбогдох, ЗГ/RCC180611003-1 тоот зээлийн гэрээг цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Х.Х.Б ХХК болон Ц.С нарын хооронд байгуулагдсан ЗГ/RCC180611003-1 тоот зээлийн гэрээг шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Ц.Сос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 64 205 429.96 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С миний бие Х.Х.Бтай 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр №ЗГ/RCC180611003-1 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 85 000 000 төгрөгийг сарын 2%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулж барьцааны зүйлд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/ Москвагийн гудамж 30 тоот, 312 м.кв, зочид буудлын зориулалттай объект /Ү-2201035330, ГД000294916/, мөн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол, /18031/ Москва гудамж, 30 тоот, 104 м.кв барилгын баруун хойд талын 3 давхрын хэсэг, /Ү-2201013212, ГД000581279/, мөн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/ Москвагийн гудамж 30 тоот, 93 м.кв газар, мөн тоотын 283 м.кв газрыг барьцаалбар болгосон.уг зээлээ 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр авсан. Мөн өдрөө зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу сард төлбөл зохих нийт дүн 2 188 079.74 төгрөг бөгөөд зээл авсан 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх 25 сарын хугацаанд 54 952 000 төгрөг төлөх ёстойгоос 50 638 940 төгрөгийг төлсөн бөгөөд дэлхий нийтэд үүсээд байгаа цар тахал өвчний улмаас Монгол улсад хөл хорио тогтоосноос, Нийслэлийн Засаг даргын 26 дугаар тушаал гарсантай холбоотой 2020 оны 02 дугаар сараас явуулж байсан дэн буудлуудын үйл ажиллагаа доголдож надаас үл хамаарах нөхцөл байдлуудын улмаас зээлийн гэрээний эргэн төлөлт хийгдэх боломжгүй бодит нөхцөл байдал үүсэж орлого эрс буурсан хэдий ч өр зээл тавьж зээлээ төлж явсан, мөн дэн буудлын тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дууссан зэрэг нөхцөл байдал үүсээд байгаа учраас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/RCC180611003-1 дугаартай зээлийн гэрээг цуцалж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч үндсэн зээлээс 32 583 318 төгрөг, 25 сар төлөх ёстойгоос 23 сар, зээлийн хүүнд 18 055 622 төгрөг, нийт 50 638 940 төгрөгийг төлсөн. Иймээс үндсэн зээл 85 000 000 төгрөгөөс төлсөн төлбөрөө хасахад 52 416 682 төгрөг, хүүнд 1 562 827.48 мөнгө, нийт 53 979 509.48 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ц.Солонгын хувьд өөрөөс нь шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Гэхдээ дийлэнх мөнгөө төлж байсан гэдгийг шүүгчээс харгалзаж үзээд хүлээн зөвшөөрсөн хэмжээнд шийдвэрлэх боломжтой байх гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Х.Б нь талуудын хооронд байгуулагдсан ЗГ/RCC180611003-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлдэгч Ц.Сос гэрээний үүрэгт 64 205 429.96 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан. Банк зээл, хүүгийн тооцооллыг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон шүүхэд нэхэмжлэл гаргасан тул уг өдрөөр зээлийн гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.С нь тус банктай 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр №ЗГ/RCC180611003-1 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/RCC180611003-1-1, №ЗБ/RCC 180611003-1-2, №ЗБ/RCC180611003-1-4 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулан 85 000 000.00 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Хариуцагч нар нь №ЗГ/RCC180611003-1 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Ц.Солонгын өмчлөлийн бөгөөд улсын бүртгэлийн Ү-2201035330 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/ Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 312 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Солонгын өмчлөлийн бөгөөд улсын бүртгэлийн Ү-2201013212 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30-н тоот, барилгын баруун хойд талын 3 давхар хэсэгт байрлах 104 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Цагаан гоо ХХК-ийн эзэмшлийн бөгөөд нэгж талбарын №1823/0116- 18637310844417 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 93 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Ц.Тунгалагийн эзэмшлийн бөгөөд нэгж талбарын №1823/0114-18637310854393 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 283 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд цаашид зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулах боломжгүй байгаа талаараа үндсэн нэхэмжлэлд дэлгэрэнгүй дурдсан байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.6, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэг, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бий болсон байна. Зээлдэгч нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 60 994 256.64 төгрөг, зээлийн үндсэн хүү 3 166 876.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15 296.60 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг шүүхийн журмаар хугацаанаас өмнө цуцалж, зээлдэгч Ц.Сос зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 64 205 429.96 төгрөгийг гаргуулж, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Х.Б ХХК болон Ц.С нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/RCC180611003-1 тоот зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэгч Ц.Сос зээлийн гэрээний үүрэгт 64 176 429.96 төгрөгийг гаргуулан Х.Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/ Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 312 м.кв талбай /Ү-2201035330/ бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30 тоот, барилгын баруун хойд талын 3 давхар хэсэгт байрлах 104 м.кв талбай /Ү-2201013212/ бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/ Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 93 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар /нэгж талбарын №1823/0116-18637310844417 дугаартай/, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол /18031/, Москвагийн гудамж, 30 тоот хаягт байрлах 283 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар /нэгж талбарын №1823/0114-18637310854393 дугаартай/ зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Сос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Х.Х.Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 549 180 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Сос 549 032 төгрөг гаргуулж Х.Х.Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, Цэрэндоржийн Солонгын нэхэмжлэлтэй хэрэг, хариуцбал зохих этгээдээс гаргаж шийдвэрлэх ёстой байсан. Ц.С нь улсын тэмдэгтийн хураамжид 582 950 төгрөгийг төлсөн, түүний нэхэмжлэлийг хангасан атлаа энэ талаар шийдвэрт дурдаагүй. Зээлдэгч Ц.С нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 50 638 939,95 төгрөгийг төлсөн. Төлсөн төлбөр дээр талууд маргаагүй. Үүнээс үндсэн зээлд 32 583 318 төгрөг, зээлийн хүүнд 18 055 622 төгрөг төлсөн гэж мэтгэлцэхэд сөрөг нэхэмжлэл гаргасан тал үүнд маргаагүй. Гэтэл шүүх зээлийн үлдэгдэлд 60 994 256,64 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 3 166 876,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 15 296,60 төгрөг, нийт 64 176 429,96 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрээс 8 577 574 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч Х.Х.Б ХХК-д холбогдуулан ЗГ/RCC180611003-1 тоот зээлийн гэрээг цуцлуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, Ц.С, Ц.Тунгалаг, Цагаангоо ХХК нарт холбогдуулан Х.Х.Б ХХК болон Ц.С нарын хооронд байгуулагдсан ЗГ/RCC180611003-1 тоот зээлийн гэрээг шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Ц.Сос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 64 205 429.96 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай сөрөг шаардлага гарган маргажээ. /хх.1-2,35-36/

Ц.С нь Х.Х.Б ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/RCC180611003-1 дугаар зээлийн гэрээг байгуулж, 85 000 000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн, ЗБ/RCC180611003-1-1 дугаар барьцааны гэрээ, Ц.Тунгалагтай ЗБ/RCC180611003-1-2 дугаар барьцааны гэрээ, Цагаангоо ХХК-тай ЗБ/RCC180611003-1-4 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201013212 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 30-н тоот, барилгын баруун хойд талын 3 давхар хэсэгт байрлах 104 м.кв талбайтай, мөн хаягт байрлах Ү-2201035330 дугаартай 312 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд, Цагаан гоо ХХК-ийн өмчлөлийн нэгж талбарын №1823/0116-18637310844417 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 93 м.кв талбайтай 15 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, мөн хаягт байрлах нэгж талбарын №1823/0114-18637310854393 дугаартай 283 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон.

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Зээлдэгч Ц.С нь зээлдүүлэгчээс шилжүүлсэн зээлийн хөрөнгийг хүлээн авч, зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 50 638 940 төгрөгийг төлж, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй болох нь хэргийн 76 дугаар талд авагдсан Зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт, зохигчдын тайлбараар нотлогдсон. /хх35-37/

Зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан болон зээлийн гэрээний 2.2-д заасан зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ зөрчиж эргэн төлөлтийг хуваариын дагуу бүрэн хийгээгүй байх тул зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Иймд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл болон зээлийн хүүгийн тооцооллыг үндэслэн ЗГ1905120182 дугаар зээлийн гэрээгээр үндсэн зээлд 60 994 256,64 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 3 166 876,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 15 296,60 төгрөг, нийт 64 176 429,96 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Сос гаргуулж хариуцагч Х.Х.Б ХХК-д олгох тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

Шүүх хариуцагч нар төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдаж үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 174 дугээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 582 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгоогүй нь буруу бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг зөрчжээ. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Ц.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582 950 төгрөгийг 70 200 төгрөг гэж бичсэн нь алдаатай байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан гэх агуулга бүхий гомдол үндэслэлтэй болно.

Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт зохигчийн нэрийг Солого гэж алдаатай бичсэнийг зөвтгөх шаардлагатай байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/00163 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн Солого гэснийг Солонго гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 70200 гэснийг 582 950 гэж, олгосугай гэсний өмнө , хариуцагч Х.Х.Б ХХК-иас 582 950 төгрөгийг гаргуулж Ц.Сд тус тус гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 192 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Б.НАРМАНДАХ