Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00652

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00652

 

 

 

Э.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/00516 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.А хариуцагч Б.Бд холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.А нь Ү-2204013899 дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж Збв байр, 10 тоот хаягт байрлалтай 94,68 м.кв талбайтай, 2 давхар таун хаус, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Э.А нь 2014 оноос АНУ-д ирж, очин байж байгаад 2017 онд өөрийнхөө өмчлөлийн дээрх орон сууцыг эцэг, эхдээ захиад явсан. Түүнээс хойш уг орон сууц эзэнгүй цоожтой байлгадаг байсан. Гэтэл З.Анударийн аав нь уг байрыг эргэхээр очиход үл таних хүмүүс хаалгыг нь эвдэн орж, дотор нь амьдарч байгааг мэдсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандахад иргэний маргаан байгаа тул шүүхэд ханд гэж мэдэгдсэн. Тус байранд одоо өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр Б.Б гэдэг хүн амьдарч байгаа ба уг байрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч ...бусдаас авах авлагатай, энэ авлагын оронд уг байранд амьдарч байгаа гэсэн тайлбар хэлээд байрыг суллаж өгөхгүй байна. Иймд Э.А өмчлөлийн орон сууцанд хууль бусаар оршин сууж буй иргэн Б.Бат-Эрдэнийг уг байрнаас албадан гаргуулж, тус орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, З6в байр, 10 тоот хаягт байрлалтай 94,68 м.кв талбай бүхий хувийн сууцыг хариуцагч Б.Бат-Эрдэнийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус өдрийн шүүх хуралдаан товлосон цагт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд миний оролцох ёстой бас нэг шүүх хурал давхацсан юм. Хоёр хурал давхацсан учраас миний бие аль хуралд оролцох ёстойгоо мэдэхийн тулд хууль болон дээд шүүхийн тайлбараас хайж үзэхэд аль нэгэнд нь заавал оролцох ёстой гэсэн хуулийн зохицуулалт байгаагүй. Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуралд оролцохоор шийдвэрлэж, хуульд заасан эрхээ эдлэн хурал давхацсан нотлох баримтыг Баянзүрх дүүргийн шүүхэд аваачиж өгөөд хурлыг хойшлуулах тухай хүсэлтээ гаргасан. Гэтэл шүүгч Бямбажаргал нь намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийж шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 2.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг минь хөсөрдүүлэх замаар мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан шүүхэд мэтгэлцэх зарчмыг алдагдуулан нэхэмжлэгч талд ашигтай шийдвэр гаргасан. Мөн миний хүсэлтийг эхэлж шийдвэрлэсэн байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр дээр энэ талаар огт дурдаагүй, ямар нэгэн захирамж танилцуулаагүй. Миний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг ч би мэдэхгүй байгаа тул би хуульчаас зөвлөгөө авахад түрүүлж зарлагдсан хуралд суух ёстой гээд чамайг оролцуулалгүйгээр хурал хийсэн байх, тийм практик яваад байдаг гэсэн. Хуулийн зохицуулалтгүй практик гэж байх боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Б.Бд холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэргийн 12 дугаар талд авагдсан баримтаас харахад Э.А нь маргаан бүхий 94.68 м.квадрат талбай бүхий хувийн сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-12/

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэжээ. Маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөх эрхийн бүртгэл хууль бус болохыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ... Манай байгууллага 2005 онд уг байрыг бариад захиалагчдаа оруулсан, Эрдэнэбилэг, Анударь нартай гэрээ байгуулаагүй, ...Манай Глоб констракшн ХХК-ийн 15 айлын амины орон сууцнаас Эрдэнэбилэг анх энэ байрыг худалдаж авсан, гэхдээ мөнгө төлөлгүйгээр гэрчилгээг нь гаргуулж авсан, ... мөнгийг нь зээлээр төлөхөөр тохиролцсон, ...Эрдэнэбилэг нь өөрийн охин Э.А өмчлөлд шилжүүлсэн, ...Анударь хууль бусаар өмчилж авсан гэж тайлбарласан боловч энэ талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Иймээс нэхэмжлэгч Э.А нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал, 2020 оны 12 сарын 16, 2020 оны 12 дугаар сарын 23, 2021 оны 1 дүгээр сарын 13, 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсан байна. Шүүх 2021 оны 2 сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2021 оны 02 сарын 3-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн болох нь хэргийн 68-69 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдсон. Тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжийг бүрдүүлж, эрх үүргээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй ба шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүйгээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна.

Харин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 101З2021/02582 дугаар захирамжийн захирамжлах хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүсэлтийг тухайлан шийдвэрлээгүй нь алдаатай байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/00516 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Б.НАРМАНДАХ