Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00653

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00653

 

 

П.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00505 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Бгийн хариуцагч М.Э.Е.Гт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 31 680 555 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Бямбацэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Бямбацэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Б нь Мал эмнэлэг үржлийн газарт ерөнхий эпидемиологичоор ажиллаж байгаад 2017 оны 5-р сарын 25-ны Б/20 тушаалаар хууль бусаар ажлаас халагдаж, ажилд эргүүлэн томилох, цалин хөлс нөхөн олгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгал төлүүлэх нэхэмжлэх гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны 101/ШШ2017/03771 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 133 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 896 тоот хуралдааны тогтоолоор Мал эмнэлэг үржлийн газрын ерөнхий эпидемиологичийн ажилд эргүүлэн тогтоон, цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 3 570 793 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Мал эмнэлгийн ерөнхий газар нь харьяалах яам, газарт бүтцийн өөрчлөлт хийгдэж, орон тоо байхгүй болсон, улсын бүртгэлийн ерөнхий газарт нэр өөрчлүүлэх бүртгэл хийлгүүлэх зэрэг асуудлыг хөндөж, шүүхийн шийдвэрийг 3 жилийн хугацаанд биелүүлээгүй. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл 2020 оны 08 сарын 04-ний өдөр Б/61 тоот тушаалаар ажилд томилсныг 2020 оны 08 сарын 04-ний өдрийн 03/861 дугаар мэдэгдлээр ажилд томилсон тухай тушаалын хуулбар хувийн хамт шуудангаар гэрийн хаягаар хүргүүлсэн. Ажилд томилсон тушаалын эх хувийг надад гардуулан өгөөгүй, миний бие нь ажилгүй байсан 2017 оны 05 сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 сарын 05-ны өдөр хүртэлх нийт ажлын хоногийн цалин 31 680 555 төгрөгийг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газраас шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2018 оны 07 сарын 04-ний өдөр агентлагийн даргаар Д.Түмэндэмбэрэлийг бүртгэсэн. Нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэл болсон ажилд томилсон шүүхийн шийдвэр нь Мал эмнэлэг, үржлийн газрын даргад холбогдох тул манай агентлаг шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага албадан биелүүлсэн. Мал эмнэлэг, үржлийн газар нь Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 186 дугаар тогтоолоор татан буугдсан, орон тоо бүтцэд ажиллаж байсан албан хаагчид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжсэн тул одоо нэхэмжлэгчийн цалин олговрыг хариуцах хуулийн үндэслэлгүй. Улсын бүртгэлийн лавлагаагаар нэг регистрийн дугаар буруу бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 8/2709 албан бичгээр нотлогдоно. Нэхэмжлэлийг П.Б гаргаагүй, итгэмжлэл олгогдсоноос хойш 1 жилийн дараа шүүхэд нэхэмжлэлийг гаргасан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газраас 22 100 103 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Бд олгож, нэхэмжлэлээс 9 580 452 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажил олгогч төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нэхэмжлэгч П.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг Мал эмнэлгийн ерөнхий газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газраас 268 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүчингүй болж Малын генетик нөөцийн тухай хууль шинээр батлагдсан бөгөөд уг хуулийн 5.7, 16.2, 16.3 дахь хэсэгт зааснаар малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд байх нэгж хариуцахаар болсон тул Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 187 дугаартай тогтоол гаргаж Мал эмнэлэг, үржлийн газрыг татан буулгаж, малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд чиг үүргээр нь шилжүүлж шийдвэрлэсэн. Иймд Мал эмнэлэг, үржлийн газраас ямар нэгчиг үүрэг, эрх залгамжилж, шилжүүлж аваагүй байхад энэ талаар шүүх дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасныг зөрчин шүүхийн шийдвэрийг албадан биелүүлсэн. Нэхэмжлэгч нь 2019 оноос эхлэн гадаадад байгаа болох нь хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдоно. Нэхэмжлэлд заасан хуулийн бүрдүүлбэр хангаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гарын үсгээ зураагүй. Итгэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн гэх боловч 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нотариатч гэрчилж, 2020 оны 11 сард нэхэмжлэлээ гаргасан байх бөгөөд итгэмжлэлд ямар хэрэг дээр нэхэмжлэл гаргахаа тодорхойлоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 31 680 555 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн 7-19 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03771 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 133 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 896 тоот тогтоолоор нэхэмжлэгч Д.Болортуяаг Мал эмнэлэг, үржлийн газрын ерөнхий эпидемиологичийн ажилд эргүүлэн тогтоон, цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 3 570 793 төгрөг олгохыг Мал эмнэлэг, үржлийн газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан үүргийг хариуцагч байгууллага нь зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүй, түүний хууль бус шийдвэрийн улмаас ажилтны ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах эрх зөрчигджээ.

Ажил олгогчийн буруугаас ажилтан цалин хөлсөөр хохирсон тул ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах ба ажилтан ажилгүй байсан дээрх хугацааны олговрыг шаардах эрхтэй.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Мал эмнэлэг, үржлийн газрыг Мал эмнэлгийн ерөнхий газар болгон байгуулсан нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийг өөрчлөн байгуулсан гэж үзэхээр байна. /хх 32/ Мөн хэргийн 70 дугаар талд авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 22019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 8/2709 тоот албан бичигт ... Монгол Улсын засгийн газрын 2018 оны 186 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасны дагуу Мал эмнэлэг, үржлийн газар ТБАГУТҮГ-ыг татан буулгаж, улсын бүртгэлээс хасах асуудлаар улсын бүртгэлийн байгууллагад хандан хуульд заасан баримт бичгийг ирүүлээгүй байна ... гэжээ. Хариуцагч байгууллага нь Мал эмнэлэг, үржлийн газрыг татан буулгаж, малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд шилжүүлсэн, Мал эмнэлэг, үржлийн газраас ямар нэг чиг үүрэг, эрх залгамжилж аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газар дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр биелүүлж, нэхэмжлэгч П.Бг Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын Тархвар зүйн төлөвлөлт, өвчний эрсдлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон байх хэдий ч нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 11 сарын 24-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгоогүй болох нь ажил олгогчийн тушаал, зохигчдын тайлбараар нотлогдсон. /хх-69/ Иймээс анхан шатны шүүх хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газраас нэхэмжлэгч П.Бгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 22 100 1031 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасантай нийцсэн бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэх боловч хэрэгт нотлосон баримтгүй авагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Я.Бямбацэрэнд итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Бямбацэрэнгийн бүрэн эрх Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасны дагуу үүссэн байна. Түүнчлэн, бичгээр олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.4, 64.2.5-д заасан шаардлагыг хангаж байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Б.НАРМАНДАХ