| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/00636/И |
| Дугаар | 191/ШШ2025/02279 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/02279
| 2025 03 19 | 191/ШШ2025/02279 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ..... тоот хаягт оршин суух, И******* овогт Б*******гийн М******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, .........оршин байрлах, “Ерөнхий боловсролын *******” ХХК /рд:*******/-д холбогдох,
Өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаа болох 2022 оны 08-12 дугаар сар, 2023 он, 2024 оны 01-08 дугаар сар, нийт 25 сарын олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тодруулж, нэмэгдүүлсэн шаардлага, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 08 сарын 26-ны өдөр Америк Монголын хамтарсан *******д ажилд орсон. Энэхүү хугацаанд би стем боловсролын багшийн ажил гүйцэтгэж, 2-5-р ангийн нийт 450 орчим хүүхдэд онц сонирхолтойгоор хичээл зааж, хүүхдүүд болон эцэг, эхчүүд маань миний энэхүү хичээлд туйлын дур сонирхолтой болж байсан олон жишээгээр батлагдана. 2022 оны 7, 8 саруудад би амраагүй ажилласан бөгөөд 8 сард хичээлийн бэлтгэлээ хангаж байх хооронд хүний нөөцийн ажилтай Б*******гаас ажлаас халах тухай мэдэгдэл ирж, би гайхан захирал П.Этаа энэ тухай гомдол гаргаж шийдвэрлэж өгнө үү гэсэн боловч тэр өдөр нь буюу 2022 оны 8 сарын 25-ны өдөр намайг учир холбогдолгүйгээр гэнэт хөдөлмөрийн гэрээ цуцаллаа хэмээн тушаал гаргаж ажлаас халсанд би гомдож байна. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, НДШ, ЭМД-ийн бичилт хийлгэхийг шаардаж байна.
Би захиралдаа үнэн учир байдлаа баримт нотолгоотойгоор таниулан тайлбарласан, өвчтэй байсан, эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгүүлж байсан гэдгээ хэлсэн боловч намайг шалтгаангүйгээр хохироож, Хөдөлмөрийн хуульд байхгүй зүйл заалтаа гэнэт ажлаас халж, миний эмнэлэгт үзүүлж байсан зарим баримтыг устгаж, ажлаас халагдсан тушаалаа эх хувиар өгөхгүй 63 хоног намайг саатуулж, үүнээс улбаалан гэнэт ажлаас халагдсаны тэтгэмжээ ч авч чадаагүй.
Хан-Уул дүүргийн эмнэлэгт хэвтсэн 8 хоногийн листний мөнгийг ч олгохгүй удаа дараа хохироосон. Хөдөлмөрийн гэрээнүүдийг зөрчсөн, иргэний хэргийг зөрчсөн, гурван талт хороогоор орж эвлэрэх уулзах гэхэд татгалзсан, намайг эрс гүтгэж хохироож хаясан, өвчтэй байсан хүний листний мөнгийг шамшигдуулсан тул ажилд маань буцаан ажиллуулах, эс бол өөр ажилд шилжүүлэх, эс бол ажилгүй өнгөрсөн хоногуудын цалинг бодож гаргуулах, НДШ, ЭМД-ийн бичилт хийж өгөхийг шаардаж байна.
Эрүүл аюулгүй явах баталгааг хангаж, хохирлыг маань барагдуулж, хөдөлмөрийн хуулийн дагуу миний эрхийг хамгаалж өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч Б.М******* би тус шүүхэд хандан ажилд эргүүлэн оруулахыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Б.М******* би ******* ХХК-д 2021.09 сараас 2022.07 сарыг дуусталх хугацаанд 11 сар ажилласан ба нийт 16,766,723 төгрөгийн цалин авсан байна.
Халагдсанаас хойш 8, 9, 10, 11, 12, 1, 2, 3, 4 нийт 9 сар болж байгаа ба урьд авч байсан цалингийн дундаж 1,524,247 төгрөг бөгөөд 9 сард үржүүлж бодоход 13,718,223 төгрөг болж байгааг нэхэмжилж байна.
1.2. Нэхэмжлэгч Б******* овогтой М******* би тус шүүхэд хандан ажил эргүүлэн оруулахыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Б.М******* би ерөнхий боловсролын *******д 2021 оны 09 сараас 2022 оны 08 сарыг дуусталх хугацаанд нийт 12 сар ажилласан боловч миний 08 дугаар сарын цалинг ажлаас гэнэт халагдуулчхаад цалинг нь хассан явдал нь нягтлан бодогч хүн хуулиар зөрчиж байгааг илтгэж байна. Мөн 11 сарын хугацаанд нийт 16,766,723 төгрөгийн цалин авсан байна.
Халагдсанаар хойш 8, 9, 10, 11, 12, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 2024 оны 1 сар хүртэл нийт 18 сар болж байгаа бөгөөд урьд авч байсан цалингийн дундаж 1,524,247 төгрөгийг 18 сараар үржүүлж бодоход 27,436,446 төгрөг болж байгааг нэхэмжилж байна.
1.3. Б******* овогтой М*******гийн нэхэмжлэлтэй, Хариуцагч ******* ерөнхий боловсролын сургуульд холбогдох “Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, НД, ЭМД-ийн нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлд тодруулга гаргаж байна.
2022 оны 08 сарын 25-аас 2025 оны 02 сарын 15-н хүртэл нийт гурван жилийн хугацаа өнгөрчээ.
Б******* овогтой М******* би ажилдаа эргүүлэн тогтоолгож,
- 2022 оны 08, 09,10,11,12 дугаар сарууд
- 2023 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08,09, 10,11, 12 дугаар сарууд,
- 2024 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08 дугаар саруудын нийт 25 сарын цалин, хөлс
- Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-ийн дагуу тухайн аж ахуй нэгж байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тэтгэмж олгоно гэсэн хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 3 сарын тэтгэмж гаргуулах
- Нийт 28 сарын цалинг төрийн үйлчилгээний лавлах машины лавлагаагаар нэг сарын 1.524.247-оор тооцоход 42.678.916 /дөчин хоёр сая зургаан зуун далан найман мянга есөн зуун арван зургаан/ төгрөг гар дээр авахаар байгаа бөгөөд Нийгмийн даатгалын шимтгэлд нэг сард дунджаар 36.5819 төгрөг төлж байсан нь НД цахим машины лавлагаагаар нотлогдох ба 28 сарынх нь 10.242.932 /арван сая хоёр зуун дөчин хоёр мянга есөн зуун гучин хоёр/ төгрөг, эрүүл мэндийн даатгалд зохих хэмжээгээр тус тус бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна.
Мөн 8-р хуудасны ажлаас халсан тушаалыг эх хувиар гаргуулан авах, уг бичгийн хамт Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст энэхүү Б******* овогтой М******* нь 2022 оны 08 сарын 25-ны өдөр гэнэт ажлаасаа халагдсан байсан нь үнэн болох талаар тодорхой дурдуулан тухайн үед НД-ийн газраас тэтгэмж авч чадаагүй нөхцөлийг нотолж шүүхээр нөхөн олгохыг даалгуулах хүсэлт гаргаж байна.
1.4. Нэхэмжлэгч Б******* овогтой М******* намайг хариуцагч ******* сургуулийн удирдлагууд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн хэдий ч түүнийг үл хүлээн зөвшөөрч өнөөг хүртэл сэтгэл санааны дайралт хийж үл тоосон байдлаар хандаж удаа дараа дахин дахин хохироосоор байгаа үйл явдлуудыг он сарын дарааллаар шүүгч танд ойлгомжтойгоор тайлбарлаж байна. Үүнд:
1. Намайг хичээлээ зааж байхад 2022-2023 оны хичээлийн жилийн төгсгөлд 5А ангийн залгуурыг эвдсэн гэж тухайн ангийн багш Э гүтгэсэн байдаг. Би тухайн үед нөүтбүүк ашиглаагүй, проектор зурагтад нь гар хүрээгүй, хэрэглээгүй байхад надаас залгуурын эвдрэл гэмтэлд 75000 төгрөгийн торгууль оногдуулж, аж ахуй хариуцсан Эрдэнэцэцэгт гомдол хүргүүлэн төлүүлж байсан. Баримт нь 91-р хуудсанд 2022 оны 03 сарын 15-нд хурааж авсан байгаа. Тэрхүү явдал нь цэвэр гүтгэлгийн шинжтэй байсан.
2. Энэ үед 5А ангийн анги даасан багш жирэмсний үеийн амралт авсан байсан ба өөр багш дөнгөж ангийн багшаар нь томилогдоод удаагүй байсан үе л дээ. Тэр үед хичээл орж байхад хүүхдүүдэд би хичээлээ маш сайн бэлтгэлтэй, онц сонирхолтой заадаг байсан, хүүхдүүд ч надад их сайн, бас хүндэтгэлтэй бишрэнгүй ханддаг байсны дээр намайг: "Багшаа, та манай ангийн Анги даасан багш болчихоо тэгэх үү?" гэж сурагчид надаас гуйж, санал болгож байсан. Тэгээд тэрхүү явдлыг Э багш мэдсэнээс болов уу гэж би таамаглаж байсан. Би бүх багш нартай найрсаг, тусч харилцаатай, компьютер хэвлэгчийн тулгарсан асуудлууд дээр шууд туслаад, туслаад явчихдаг байсан учир атаа хорсол нь хөдөлсөндөө тэр мэт гүтгэлэг явуулав уу? Хөдөлмөрийн тухай хуулийн 7.3-ыг зөрчсөн гэж үздэг ч тухайн үед гомдол гаргахгүй хүн ёсоор ойлгох байх гээд л өнгөрүүлсэн байдаг.
3. Намайг гомдол шийдвэрлэж өгөөч ээ хэмээн хүсэлт өгөхөд шийдэж өгөөгүй бас түүнийг ажлаас халахаас нь өмнө би өөрөө түрүүлж ажлаас халагдах өргөдлөө өгсөн мэтээр гуйвуулж бичсэн. Мөн 08 сарын 22, 23, 24-ны өдрүүдэд очиж анги танхим цэвэрлэж, компьютерыг 305 ангиас 301 анги руу зөөж оруулж, ажлын байраа бэлтгэж байсныг минь үүдний жижүүрүүд нотлох бөгөөд тэдэнд хандсан. Тэгэхэд жижүүрүүдээр батлуулж, камер шүүх гэхэд захирал Э: жижүүрүүдэд "М******* багшид битгий гарын үсэг зурж өгөөрэй, камер ч шүүхгүй" гэж тушаал өгсөн байсан нь албан тушаалаа ашиглан доор ажилладаг хүмүүсээ өөрийн талд албан хүчээр тулгасан зэрэг гэмт хэргийн шинжтэй байлаа.
4. Над руу утасдаа ч үгүй байж, гэнэт ажлаас халчихсанаа Гурван талт хорооны хариу тайлбар дээр олон дахин утасдсан чинь утсаа аваагүй хэмээн шүүхэд худал мэдүүлсэнд гайхаж байна.
5. Стемийн блокуудаар гагцхүү хөтөлбөрийн дагуух цөөхөн хэдэн биет хийгээд зогсчихдоггүй юм. Тэрүүгээр өөр олон төрлийн амьд амьтны бие толгой тэргүүтэн болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хэдэн арван мянга дахин багасгасан бүтээн байгуулалтууд зэргийг ч хийж дэлгэрүүлэн гүнзгийрүүлэн зааж болдог юм. Тэрхүү гүнзгийрүүлэн заах хөтөлбөр надад бэлэн байсан. Хэрэв тэр хөтөлбөрөөр хичээллэсэн бол хүүхдүүд илүү хөгжиж, олимпиадад олон медаль авах байсан.
6. ******* нь байгуулагдаад 10 жил болсон хэдий ч Монголын Үйлдвэрчний эвлэлд гишүүнчлэлгүй байсан.
7. Мөн 2022 оны 08 сарын 29-нд Баянзүрх дүүрэг дээр очиж гурван талт хорооны хүнтэй уулзах гээд очиход Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороо гэж байгаа ч үгүй, сураггүй байсан. Нэг хүн хариуцаж ажилладаг гэхдээ одоогийн байдлаар ажил дээрээ байхгүй байна гээд бичиг ч үйлдүүлэх нөхцөл үүсээгүй. Дараа нь 11 сарын 17-нд очиход Гурван талт хороо гэж огт байгуулагдаагүй байсан ба Баянгол дүүрэгт Б байцаагч, Баянзүрх дүүрэгт Сайхантуяа гэж байцаагч нар л ганц ганцаараа ажиллаж байсан. Гэтэл сүүлд 2022 оны 12 сарын 12-нд л Гурван талт хороо гэж байгуулагдсан нэртэй хуйвалдаан зохиож, 08 сарын 17-нд байгуулагдсан гэж худал баримт үйлдсэн байсан.
8. Улмаар Гурван талт хороо нь хуралдаж, намайг байлцуулаагүй байж, ажил олгогч эзний талд шийдвэр гаргасан. Гаргасан шийдвэртээ намайг санамсаргүй байдлаар Сайхантуяа мэргэжилтэн гарын үсэг зуруулсан. Сургуулийн зүгээс Гурван талт хорооны талаар мэдээлж, [email protected] хаягаас мэдэгдсэн гэж тайлбарласан ч миний мэйл хаягт ямар захиа ирээгүй. Худал ярьсан нь баримтаар 37-р хуудсанд байгаа. Тэрхүү шийдвэр нь гурван талт хорооны шийдвэр бус, хоёр талт хорооны шийдвэр байсан юм. Тиймийн тул 175-р хуудсанд дурдсаны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.
9. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамны сайдад энэ талаар гомдол мэдүүлсэн байгаа, хариу нь Алимаа гэж хүнээс хариу ирсэн бөгөөд баримтыг мөн хавсаргасан болно.
10. Арван сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгийн листний мөнгийг олгоогүй хохироож үлдээсэн.
11. Нийгмийн даатгалаас гэнэт халагдсаны тэтгэмжээ авч чадахгүйд хүргэж асар их хохироож, удаан хугацаанд сэтгэл санаа болоод ажлын байрны дарамт эдлүүлсэн. 2022 оны 08 сарын 28-аас 11 сарын 2 хүртэл 63 хоног өнгөрч миний боломж алдагдсан. Ажлаас халсан тушаалын эх хувийг өгөөч ээ гэхэд өгөөгүйн дээр ядаж хуулбарласан хувь дээр нь тамгаа дараад хүчин төгөлдөр болгоод өгөөч ээ гэж би хоёр дахин учирлаж очиход, огт дарж өгөөгүй. Захирал өрөөнөөс гар хэмээн хөөж дээрэлхсэн. Хүний нөөц Б******* нь өөрийн мэргэжлийн дагуу шийдвэр гаргах чадваргүй, хэн нэг хүний ятгалгад автаж шийдвэр гаргадаг болно.
12. Мөн ******* сургуулийн захирал П.Э нь Этой нууц амрагийн холбоотой нь тогтоосон байсан ба багш Эын гэм буруутай үйлдэл бүрийг хаацайлан өмгөөлж, шинэ ирсэн багш нараар дандаа Эын оронд хичээл заалгуулж, Э багш гадуур ажил хөөцөлдөж, чөлөөтэй байсан хир нээ цалингаа ажилласан юм шиг бүтнээр авдаг байсан.
13. Тэгээд шинэ залуу болоод өвдсөн багш нарыг ялгаварлан гадуурхаж, гүтгэн доромжилж, ажлын байран дээр дарамт шахалт үзүүлдэг байсан. Шүүх хуралдааныг үл тоомсорлон өөрийн биеэр ирэхгүй байгаагийн дээр хугацаа дууссан итгэмжлэлээр хүн илгээх зэргээр 3 жилийн турш хариуцлагагүй хандан, хойшлуулан хойшлуулсаар 2025 он болж өдийг хүрлээ.
14. Миний 2022 оны 08 сарын 24-ны өдөр үзүүлж байсан эмнэлгийн бичиг болоод оочирлож авч байсан туузан хуудас зэргийг алга болгочхоод, огт алга болгоогүй, буцааж өгсөн гэж худал ярьсан явдал нь миний их эгдүүцэл уур унтууцлыг хүргэж байна. Үүнийг 2-р нүүрэнд би анх гомдол гаргахдаа л бичиж, тусгаж өгч байсан. Хэн ч Монголын улсын Шүүхийн өмнө худлаа ярьдаггүй юм. Шүүхийн өмнө болон Ерөнхий шүүгчид зөвхөн үнэнийг хэлэх учиртай байдаг юм. Бичиг баримтыг санаатайгаар алга болгоно гэдэг бол гэмт үйлдэл юм. Худал болох нь 37-р нүүрэнд буцааж өгсөн хэмээн худал тайлбарласан баримт нь бий.
15. Мөн 13А маягт авч эмнэлэгт үзүүлж байсан баримт нь 12-р хуудас, эмнэлгийн баримт, харшлын сорил авч байсан баримтын агууламжид байгаа бүх ургамлын, тоос тоосонцрын харшлын агууламж үнэн зөв болно гэдэг нь 13 ба 119, 190 дүгээр хуудаснуудад ахин дахин батлагдаж байгаа нь харагдана. Эмчийн тамгатай бичгийг авчирч өгсөөр байтал хуурамч тамга дарсан гэж Үлэмж өмгөөлөгч хэлсэн нь Монгол улсын хүний их эмчийг доромжилсны дээр намайг тамга хийсэн гэж худал гүтгэлээ. 2022 оны 8 сарын 24-ны өдрийн эмчийн эмчилгээний бичиг хавсаргасан. Хэн ч ямар ч хүн, хүний их эмчийн бичгийг хуурамчаар тогтоож эмчилгээ цохдоггүй юм. Энэхүү шалтгааны улмаас дахиад шүүх хурал хойшлогдож байлаа. Дээрх хохирол гүтгэлэг ялгаварлан гадуурхалтыг үзэж туулсны дараа
Нэг: Шинэ төгсөж ирсэн залуу багш нарт харгис ханддаг, нийгмийн байдлыг харгалзаж үздэггүйн дээр залуу багшийг багш болгон авах бодлого байдаггүй. Эцэг эхчүүдийн өмнө багш нарыгаа загнуулж, удирдлага нь багш нарыгаа гутаан дорд үзсэн байдлаар ханддаг.
Хоёр. Жил бүр тодорхой шалтгаангүйгээр арав гаруй багшийг халдаг зэрэг асуудлуудыг хөндөх
Гурав. Ихэнх багш нарыг маш их ачаалалтай ажлаар дарж хөдөлмөрийн мөлжлөг хийж, зуны амралтын мөнгөнөөс нь багш бүрийн мөнгөнөөс 300000 төгрөг өгөлгүй суутгаж авдаг.
Дөрөв. Жирэмсэн байсан багшийг заавал оролцох ёстой гэж албадан зааланд тоглуулж, таван сартай байсан жирэмснийг зулбуулчхаад, хоёр сарын дараа ажлаас халчихсан.
Тав. Хоёроос гурван телевиз дуудаж авчирч, олон нийтийн сүлжээнд энэхүү бузар булайнуудыг нь дэлгэх
Зургаа. Гадаад багш нарыг хэт дээгүүрт өргөмжилж, өндөр цалин өгч, монгол багш нарыгаа дорд үзэж, гадаад багш нараас хэд дахин доогуур цалин өгч эрс тэс ялгавартай хандсан санхүүгийн бодлого шийдвэр баримталдаг зэргийг илчлэх
М******* би 500 шахам сурагчдаа бодоод, их хүлээлээ. Эвлэрэх гэж хичээлээ гэвч болохгүй байх тул миний арга барагдаж, цөхөрч байна. Хамгийн сүүлийн хурал дээр шийдэгдчих байсан асуудлыг мөн л хойшлуулж чирэгдүүлсэн.
Иймийн учир дээрх зургаан асуудлыг нийгэмд хүргэе, түгээн дэлгэрүүлье, баримт нотолгоотой нь мэдээлэл тараая даа гэж байн байн бодогддог байлаа.
Гэвч би нийгмийн сэхээтэн хүн, ард түмний хүүхдүүдийн оюун санааг гэгээрүүлдэг, сурган хүмүүжүүлэгч хүн учир *******тай холбоотой асуудлуудыг хөндөж ярилгүй, дотроо хадгалж, бусдад тараалгүй мэдээллийг хамгаалж, тэвчиж ирлээ.
Монгол улсын шүүхийн байгууллагадаа миний бие итгэж байгаа. Өмнө нь дурдаж байгаагүй зүйлийг одоо л тайлбар хэсэгт оруулж арван таван асуудлыг нэг бүрчлэн дэлгэж тавилаа. Одоо ч би үнэн шударгын шүүх засаглалдаа итгэсээр байна.
1.5. Тайланг хариуцагчид цаасан хэлбэрээр өгсөн. 39-49 талд байгаа баримт нь миний гаргасан баримт юм. Ажил эгүүлэн томилох, ажилгүй хугацааны 2022 оны 8 сараас 2024оны 8 сар, нийт 25 сар, гэнэт халагдсаны 3 сарын тэтгэмж цалин гаргуулж, нийгмийн болон даатгалын нөхөн төлж бичилт хийлгэхийг даалгах. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн олгохыг хариуцагчид даалгана. Анх 2021 оны 8 сард ажилд ороод 2022.8.25-нд намайг мэдээгүй байхад ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн. Удаа дараа хохироож, гүтгэж байсан. 2022 оны хичээл эхлээд удаагүй байхад залгуур алга болгосон гэж гүтгэсэн. Ажлаас халсан бол халсан гэж бичих ёстой. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь халсан гэсэн үг биш гэж үзэж байна. Гэрээг цуцлаад л орхисон байна. Хөдөлмөрийн тухай хуулиар ажлаас чөлөөлсөн гэж ярьдаг тул хуулийн шаардлага хангахгүй. Хуулийн 80.1.4 зааснаар биш 80.1.1-д зааснаар халсан юм гэв.
2. Хариуцагч “*******” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Г.Б*******, өмгөөлөгч М.Б******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М******* нэхэмжлэхтэй, манай байгууллагад холбогдох иргэний хэргийг хүлээн авч дараах тайлбаруудыг хүргүүлж байна.
Нэхэмжлэлд: “Шалтгаангүй, хөдөлмөрийн хуульд байхгүй зүйл заалтаар ажлаас халсан” гэдэгт дараах тайлбар.
1. Б.М******* багш нь тус сургуульд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бага ангийн Математикийн багш орон тоонд 4В ангийг даан ажиллаж эхэлсэн. Гэвч ажилд ороод удаагүй байх хугацаанд ангийн сурагчдаас болон эцэг эхчүүдээс "Багш бид нарыг гэнэт огцом чанга дуугаар загнаж, цочоодог, сурагчийн нүүр лүү ус цацсан, сурагчаар сандал өргүүлж шийтгэсэн" гэх мэт гомдлууд аман байдлаар болон утсаар сургалтын албанд ирсэн. Үүнтэй холбогдуулан багшид бага бүлгийн сургалтын албаны менежер Ч.Э, ахлах бүлгийн сургалтын менежер Б.Т нар уулзаж анхааруулсан. Анги даасан багш болон математикийн багшийн ёс зүй, шаардлагад нийцэхгүй байсан тул бид багшийн ажлын байрыг хэвээр хадгалах үүднээс өөртэй нь харилцан тохиролцож 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс орон тооны бус “СТЕМ хөтөлбөр”-ийн багшаар ажиллуулсан. ******* нь СТЕМ хөтөлбөрийн багшийн албан ёсны орон тоо байхгүй болно.
2. Хичээлийн жилийн төгсгөлд Б.М******* багш сургалтын албаны баталсан хөтөлбөрийн дагуу хичээл оролгүй 2, 3, 4, 5 дугаар ангиудын “СТЕМ боловсрол”-ын хичээлийн төлөвлөгөөг бүх ангид орсон нь “*******” сургууль 2022-2023 оны тус хичээлийн төлөвлөгөөгүй болох үндэслэл болсон.
3. Байгууллагын төлөвлөгөөний дагуу 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 26-ны өдөр нийт багш, ажилчид ажилдаа цуглаж 2022-2023 оны хичээлийн жилийн хөтөлбөр, төлөвлөгөө, бэлтгэл ажлыг хийж, батлуулж ажилласан. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлууд хийгдэж байхад урьдчилан мэдэгдэлгүй, утсаа салгаж ажлын 3 өдөр /2022 оны 08 сарын 22, 23, 24/ ажилдаа ирээгүй. 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр багштай уулзаж удирдлагын зүгээс багшийн 3 өдөр ажил тасалсан шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш үзсэн.
4. Б.М******* багш удирдлагын шаардлагыг хүлээж авалгүй 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.
Иймд бид Б.М******* багшийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, Ерөнхий боловсролын “*******” сургуулийн “Хөдөлмөрийн харилцааны журам”-ын 23.14 дэх заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.
Нэхэмжлэлд: “Миний эмнэлэгт үзүүлж байсан зарим баримтыг устгаж” гэдэгт дараах тайлбар.
Хүний нөөцийн менежер Г.Б*******, Гүйцэтгэх захирал П.Э нар Б.М******* багшийн эмнэлэгт үзүүлсэн баримтуудтай танилцаж, түүний хажууд хувилагч машинаар хувилж хуудас дутаах, урж, сэтэлж, гэмтээлгүйгээр буцаан хүлээлгэн өгсөн болно.
Нэхэмжлэлд: “Ажлаас халагдсан тушаалаа эх хувиар өгөхгүй 63 хоног намайг саатуулж, үүнээс улбаалан гэнэт ажлаас халагдсаны тэтгэмжээ авч чадаагүй” гэдэгт дараах тайлбар.
2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тушаал 2 хувь хэвлэгдэн гарч тухайн өдөртөө Б.М******* багшид танилцуулан, хүлээлгэн өгсөн. Багш тушаалыг эх хувиар нь ашиглан "Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх”-д болон “Үйлдвэрчний эвлэлийн холбоо”, “Баянзүрх дүүргийн гурван талт хороо” зэрэг газруудад нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлд: “Хан-Уул дүүргийн эмнэлэгт хэвтсэн 8 хоногийн листний мөнгийг олгоогүй хохироосон, өвчтэй байсан хүний листний мөнгийг шамшигдуулсан ” гэдэгт дараах тайлбар
Б.М******* багш нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаас хойш буюу 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд эмнэлгийн хуудсыг мэдсээр байж “*******” сургуульд хамаатуулан бичүүлсэнд манай байгууллага хариуцлага хүлээх үндэслэлгүй болно.
Нэхэмжлэлд: “Гурван талт хороогоор орж эвлэрэх уулзах гэхэд татгалзсан ” гэдэгт дараах тайлбар
2022 оны 11 сарын 23-ны өдөр Гурван талт хорооноос залгаж манай байгууллагын нэр дээр нэхэмжлэх ирснийг уламжлан [email protected] мэйл хаягаар нэхэмжлэхийг танилцуулж тайлбар ирүүлэхийг мэдэгдсэн. Үүний дагуу тухайн өдөрт нь бид хариу тайлбарыг гурван талт хорооны ажилтанд дээрх мэйлээр хүргүүлсэн болно.
Б.М******* багшийн 2021-2022 оны хичээлийн жилийн хариуцлагагүй үйлдлээс үүдэн 2022-2023 оны хичээлийн жилд СТЕМ хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжгүй болсон.
Иймд манай байгууллага нь Б.М******* багшийн нэхэмжлэхийг хүлээн авах үндэслэлгүй хэмээн үзэж байна.
2.1. Б.М*******гийн нэхэмжлэлтэй Ерөнхий боловсролын *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас дараах хариу тайлбар гаргаж байна.
1/ Б.М******* нь тус сургуульд 2021-09-06-ны өдөр Бага ангийн математикийн багшаар ажилд орсон. Гэвч ажилд ороод удаагүй байх хугацаанд ангийн сурагчдаас болон эцэг эхчүүдээс багштай холбоотой гомдол гаргаад байсан тул өөртэй нь тохиролцож, 2021-10-18-ны өдөр орон тооны бус СТЕМ боловсролын хөтөлбөрийн багшаар ажиллуулахаар болсон.
2021-2022 оны хичээлийн жилийн төгсгөлд 2022-06-08-ны өдөр багшийн ажлын тайланд үнэлгээ өгөх үед Б.М******* нь сургалтын албаны баталсан СТЕМ боловсролын хөтөлбөрийн дагуу хичээл оролгүй, өөрийн дураар 2, 3, 4 дүгээр ангиудын СТЕМ боловсролын хичээлийн төлөвлөгөөг бүх ангид ижилхэн хэрэгжүүлсэн нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, сурагчид 2 дугаар ангиасаа эхлэн 4 дүгээр анги төгсөх хүртлээ цуварч үзэх ёстой байсан хичээлүүдийг 2, 3, 4 дүгээр ангиудад 1 жилийн дотор бүгдийг нь шахаж заасан тул дараагийн хичээлийн жилд сурагчид үзэх хичээлгүй болсон байсан. Энэ нь багшийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох сургалтын хөтөлбөрийг дагаж мөрдөх үүргийг зөрчсөн хөдөлмөрийн сахилгын зөрчил болсон. Үүнд сургалтын албанаас 2022-2023 оны хичээлийн жилд 2, 3, 4 дүгээр ангиудын СТЕМ боловсролын хичээлийн төлөвлөгөөг бэлтгэхийг Б.М*******д даалгасан.
2022 оны 6 дугаар сарын эхнээс багш нар ээлжийн амралтаа авсан тул байгууллагын төлөвлөгөөний дагуу 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 26-ны өдрүүдэд нийт багш, ажилтнууд ажилдаа орж, 2022-2023 оны хичээлийн жилийн хөтөлбөр, төлөвлөгөө, бэлтгэл ажлыг хийж, батлуулж ажилласан. Хичээлийн жилийн бэлтгэл ажлууд хийгдэж байхад урьдчилан мэдэгдэлгүй, утсаа салгаж, ажлын 3 өдөр /2022 оны 8 дугаар сарын 22, 23, 24/ ажилдаа ирээгүй, ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан.
2021-08-25-ны өдөр Б.М*******г ажилдаа ирэхэд нь 3 өдөр ажил тасалсан шалтгааныг нь тодруулахад эмнэлэгт шинжилгээ өгсөн гээд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн 2022-06-21, 2022-08-10-ны өдрийн шинжилгээний хариунууд үзүүлсэн ба тэдгээр баримт нь 2022 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд ажил тасалсантай хамааралгүй байна гэж үзэн, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаал гаргах тухай түүнд хэлсэн. Тэгэхэд Б.М******* нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт 2022-08-25-ны өдөр бичиж өгсөн.
Сургуулийн зүгээс Б.М*******г 2022 оны 6-р сар хүртэл СТЕМ боловсролын хичээлийн хөтөлбөрийг төлөвлөгөөний дагуу ороогүй хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, мөн 2022 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд 3 өдөр ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын зөрчлүүд гаргасан үндэслэлээр нь ажил олгогчийн санаачилгаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлеелсен.
2/ Б.М******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1, 82.1.1-д заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж гаргуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Сургуулийн зүгээс түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасан үндэслэлээр биш Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болно. Мөн ажилдаа эргэж орох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлага гаргасан хүн ажил олгогчоос ажлаас халагдсаны тэтгэмж давхар авахаар шаардах эрхгүй.
3/ Ажлаас чөлөөлсөн тушаалыг эх хувиар өгөөгүйгээс ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагаас авч чадаагүй үндэслэлээр сургуулиас ажлаас чөлөөлсөн тушаалыг эх хувиар дахин гаргуулж авах, улмаар нийгмийн даатгалын байгууллагад тушаалыг өгч ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Сургуулийн зүгээс Б.М*******г ажлаас чөлөөлсөн тушаалыг 2022-08-25-ны өдөр гаргаж, тэр өдөрт нь эх хувиар хүлээлгэн өгсөн тул дахин тушаалыг хүлээлгэн өгөх шаардлагагүй. Өөрөө уг тушаалаа ашиглан шүүх, үйлдвэрчний эвлэл, гурван талт хороонд гомдлоо гаргаж байсан.
4/ Б.М******* нь 2022 оны 8-12 дугаар сарууд, 2023 оны 1-12 дугаар сарууд, 2024 оны 1-8 дугаар сарууд, нийт 25 сарын цалин хөлс, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Б.М*******гийн ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.М******* нь 2022-06-06-ны өдрөөс 2022-08-22-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан, ээлжийн амралтын цалингаа 6 дугаар сард бүрэн авсан ч 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд ээлжийн амралтын цалинг нь 6, 7 дугаар саруудад тэнцүү хувааж тайлагнасан. Б.М******* нь 7 дугаар сард ажиллаагүй тул цалин бодогдоогүй, харин ээлжийн амралтын цалингийн тал хувийг нь нийгмийн даатгалын тайланд тусгасан болно. Хэрэв Б.М******* нь 2022-08-22-ны өдрөөс ажилдаа ирээд ажилласан бол 8 дугаар сард 8 хоног ажиллаж, 8 хоногийн цалин бодогдож, 8 дугаар сарын нийгмийн даатгалын тайланд тусгагдах байсан. Гэтэл тэрээр 2022 оны 8 дугаар сарын цалин гэж ажлын 22 хоногийн буюу бүтэн сарын цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Б.М*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Нэхэмжлэгч нь 2021 оны 6 багшаар ажид орсон. Эцэг эхээс удаа дараа гомдол гаргаж байсан тул тохиролцоод стем боловсруулахаар ажиллуулсан. Батлагдсан хуваарийн дагуу стем боловсролын хичээл заагаагүй. Гэтэл цуварч үзэх хичээлийг шахаад орчихсон тул дараа жил нь үзэх хичээлгүй болсон. 2022 оны 6 сард амраад 8 сард ажилдаа орж төлөвлөгөөгөө батлуулдаг. Гэтэл 3 өдөр ажил тасалж сахилгын зөрчил гаргасан. Ажилдаа ирэхэд нь шалтгааныг асуухад эмнэлэгт үзүүлсэн гэсэн боловч өгсөн баримт нь хамааралгүй байсан. Улмаар энэ талаар хэлэхэд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.2-т зааснаар тэтгэмж гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. 80.1.4-т зааснаар чөлөөлсөн. Мөн давхар тэтгэмж шаардах эрхгүй. Ажилгүйдлийн тэтгэмж олгуулахыг даалгах шаардлагыг зөвшөөрөхгүй. Тушаалыг хүлээлгэж өгсөн тул дахин өгөх шаардлагагүй. Уг тушаалыг үндэслэж гомдлоо гаргасан байдаг. Ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг зөвшөөрөхгүй тул бусад шаардлагыг зөвшөөрөхгүй. Амралтын цалинг олгосон.
2.3. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу гаргаагүй гэж үндэслэсэн. Үүнийг нотлох баримт нь шаардлага хангахгүй хэлбэрээр өгөгдсөн байна. Нэхэмжлэлийг сургуулийн менежер уруу мэйлээр явуулсан байдаг. Үүнийг хэвлээд өгсөн байдаг. Тайлан дээр гарын үсэг байдаггүй. Иймд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэгчийн 2022.6.10-нд явуулсан мэйлд үзлэг хийлгэх хүсэлтэй. Гарын үсэг зурж өгөөгүй юм. 2022.6.10-ны хэрэгт байгаа тайланг мөн гэж байгаа тул үзлэг хийлгэх шаардлагаасаа татгалзаж байна.
Ажилд эгүүлэн тогтоох түүний үр дагавар болон 3 сарын тэтгэмжтэй холбоотой хариу тайлбарыг төлөөлөгч хэлсэн. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нэхэмжлэх тооцоо гаргасан байна. Гэхдээ шүүх тооцно. Тодруулсан шаардлагад ажилгүйдлийн тэтгэмжийн хувьд тушаалыг нөхөн гаргах гэж ойлгож байсан. Гэтэл одоо ажил олгогчоос авна гэж ойлголоо. Ажилгүй байсан хугацааны цалин болон ажилгүйдлийн тэтгэмж нь давхардаж байна. Мөн 3 сарын тэтгэмж нь давхардаж байна. Нэхэмжлэгчийн хувьд 2022.9.30-нд шүүхэд нэхэмжлэл гаргаад 11.17-нд 3 талт хороонд гомдол гарга гээд татгалзсан. Энэ нь 40 хоногийн дараа гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Эмнэлэгт хэвтсэн баримтыг шүүхээс буцаан авсан гэж байна. 3 талт хорооны тэмдэглэл дээр энэ талаар тусгагдсан байна. 10 сард эмнэлэгт хэвтсэн төлбөр гаргуулахаар гомдолд дурдсан байна. Иймд Баянгол дүүргийн 3 талт хороонд хандсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: Өргөдөл /ХХ7/, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн б/29 дүгээр тушаал /ХХ8/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 2 ширхэг /ХХ9, 127/, эмнэлгийн баримтууд /ХХ10-14/, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 106 дугаар албан тоот /ХХ16/, гурван талт хороонд гаргасан өргөдөл /ХХ17-19/, гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийн хуулбар /ХХ20-21/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 23286 дугаар захирамж /ХХ23-25/, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ /ХХ86/, Хас банк дахь өөрийн дансны хуулга /ХХ91/, сургуульд суралцах гэрээ 2 ширхэг /ХХ92-93, 94-95/, арьс хатгах сорил /ХХ119/, эмийн жор /ХХ201/
3б. Хариуцагчаас: “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалын хуулбар /ХХ30/, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн б/18 дугаар тушаал, түүний хавсралтын хуулбар /ХХ46-47/, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн б/29 дүгээр тушаалын хуулбар /ХХ48/, өргөдлийн хуулбар /ХХ49/, хөдөлмөрийн харилцааны журмын хуулбар /ХХ52-73/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /ХХ74-77/, үйл ажиллагааны төлөвлөгөөний хуулбар /ХХ78-79/, нэгж сэдвийн хөтөлбөр /ХХ87-90/, хичээлийн төлөвлөгөө /ХХ96-107/, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн б/78 дугаар тушаал /ХХ220/, хичээлийн жилийн төлөвлөлтийн хуулбар /ХХ221-225/, цалингийн хүснэгт 4 ширхэг /ХХ227-230/, цагийн бүртгэл 2 ширхэг /ХХ231-232/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /ХХ233-236/, үнэлгээ /ХХ237/
3.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Арьс өвчин судлалын үндэсний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 02/30 дугаар албан тоот /ХХ189-190/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.М******* нь өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаа болох 2022 оны 08-12 дугаар сар, 2023 он, 2024 оны 01-08 дугаар сар, нийт 25 сарын олговор гаргуулах, гэнэт ажлаас халагдсаны 3 сарын тэтгэмж гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгчийг хичээлийг батлагдсан төлөвлөгөөний дагуу заагаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан, гэнэт халагдсаны болон ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах шаардлага нь олговор гаргуулах шаардлагатай давхардсан, гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
4. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэнэт ажлаас халагдсаны 3 сарын тэтгэмж гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай шаардлагаас татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзах эрхтэй тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч нь “*******” ХХК-д стемийн багшаар ажиллаж байсан болох нь тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн б/78 дугаар тушаалаар тогтоогдож байна. /ХХ220/
Улмаар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн б/29 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /ХХ8/
Хөдөлмөрийн гэрээг цуцлах гэдэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож буйг ойлгох тул гэрээг цуцалсан боловч ажлаас чөлөөлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгч нь дээрх хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг гарсан өдөр болох 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гардан авсан болох нь сургуулийн захиргаанд гэж гаргасан өргөдөл болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. /ХХ7/
Зохигч хэн аль нь хариуцагч байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс ажилладаггүй болох талаар тайлбарлаж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрсөн тохиолдолд гардан авснаас хойш 30 хоногийн дотор дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах эрхтэй.
6.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 23286 дугаар захирамжаас үзэхэд нэхэмжлэгч нь шүүхэд мөн оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болон 30-ны өдөр тус тус нэхэмжлэл гаргаж байжээ. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар гомдол гаргах дээрх 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн зүйлийн 79.2, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дахин тоологдож эхэлсэн байна.
Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан болох нь түүний шүүхэд ирүүлсэн гараар бичсэн баримтаар тогтоогдсон. /ХХ17-19/
Энэхүү гомдолд Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргахын өмнө 2022 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж байсан талаар дурдсан. Гэвч энэхүү тайлбар нь хэрэгт байгаа баримтаар нотлогдоогүй.
Цаашлаад Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар 10 дугаар сарын 03-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөр гаргуулах гэж шаардсан нь тухайн үед эмнэлэгт хэвтэж байсныг шууд нотлохгүй. Учир нь гурван талт хороо нь энэхүү шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэсэн. /ХХ20-21/
Иймд хөөн хэлэлцэх хугацаа дахин тоологдож эхэлсэн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болон түр зогссон үйл баримт тогтоогдохгүй байх тул Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол мөн оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргасан нь дээрх 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.
6.2. Мөн Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч гарын үсэг зуржээ. Харин нэхэмжлэгч нь уг тэмдэглэлийг 27-ны өдөр хүлээн авч гарын үсэг зурсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үүргийн дагуу баримтаар нотлоогүй. Энэхүү үйл баримтыг Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос лавлагаа гаргуулах замаар нотлох боломжтой байсан. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул үүнийг нотлох хангалттай хугацаа өнгөрсөн. Мөн тэрээр хууль зүйн туслалцаа авч байсан болох нь Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 106 дугаар албан тоот, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт, 23-ны өдрийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байна. /ХХ16, 84, 86/
Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдээгүй байх нь тухайн хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.
Эдгээр үйл баримтаас үзэхэд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг мөн хэтрүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах болон шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг аль алиныг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах буюу нэхэмжлэлийг эс зөвшөөрөх эрх үүсжээ.
7. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээр хариуцагчид нэхэмжлэлийг татгалзах эрх үүссэн байх тул маргаж буй тушаал нь хэлбэрийн шаардлага хангаж байгаа эсэх, цаашлаад үндэслэлтэй эсэх, үндэслэл нь тогтоогдсон эсэхийг дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Харин энэ хэрэг нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь гэнэт ажлаас халагдсаны 3 сарын тэтгэмж гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.8, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-д холбогдох өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаа болох 2022 оны 08-12 дугаар сар, 2023 он, 2024 оны 01-08 дугаар сар, нийт 25 сарын олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.М*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД