| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 181/2023/02079/И |
| Дугаар | 191/ШШ2025/02407 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/02407
| 2025 03 24 | 191/ШШ2025/02407 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Г******* даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, их тойруу гудамж, 87/1, ......тоот хаягт оршин байрлах, “И******* ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 6-р хороо, .... тоотод оршин суух, Л******* овогт Да*******ийн О******* /РД:*******, ИБД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 218,889,863 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,397,151 төгрөг, нийт 461,287,014 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, .... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 316.04 м.кв талбайтай, амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “И ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, түүний төлөөлөгч Ч.Г******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Да*******ийн О******* нь Их гифт финанс” ББСБ-тай 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр №22/06 дугаартай зээлийн гэрээ байгуулж 200,000,000 (хоёр зуун сая) төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн дүнг хариуцагчийн зээл хүссэн өргөдөлд дурдсан L гэх хүний Хаан банк дахь тоот дансанд тус өдөр шилжүүлсэн.
Д.О*******ийн зээл хүссэн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өргөдөлд дурдсанаар Хан-Уул дүүргийн 11-р хороо ..... тоот хаягт байрлах амрагчийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд засвар хийх зориулалтаар тус зээлийг авсан.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.04.21-ний өдрийн тодорхойлолтоор Д.О******* нь 97,208,806 төгрөгийн өр төлбөртэй болох нь тогтоогдсон хэдий ч манай байгууллага нь түүний муу зээлийн түүхтэй эсэхийг үл харгалзан түүнд дэмжлэг үзүүлэн зээл олгосон.
Зээлдэгч нь дээрх үл хөдлөх хөрөнгөдөө зээлийн зориулалтын дагуу засвар хийж дууссан боловч зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийж чадаагүй. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Д.О******* нь зээлийн гэрээний хугацааг сунгуулах талаар хүсэлт гаргасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр №22/06 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 13 сар болгон өөрчилж, сар бүрийн 22-ны өдөр хүү төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй ба 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагын оффист хэвлэл, мэдээллийн ажилтнуудтай дайрч орж ирэн зөвшөөрөлгүйгээр видео бичлэг хийж, нийтэд цацсан зохисгүй үйлдэл гаргаж, манай байгууллагын гүйцэтгэх захирал болон хөрөнгө оруулагч, мөн ажилтнуудын эрхэнд бүдүүлгээр халдсан. Д.О******* нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн 2.3-т заасны дагуу зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралтад заасан хугацаанаас 15 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн, мөн манай байгууллагын нэр хүндийг олон нийтэд гутаах үйлдэл гаргасан тул түүнтэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 200,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 71,832,329 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 13,215,781 төгрөг нийт 285,048,110 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо ..... тоот хаягт байрлах, Ү-******* дугаартай, амрагчийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээ байгуулан барьцаалуулсан. Хариуцагч нь №22/06 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл бүрдсэн байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн №22/06 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 285,048,110 (хоёр зуун наян таван сая дөчин найман мянга нэг зуун арав) төгрөгийг хариуцагч Д.О*******ээс гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
1.1. “Их гифт финанс” ББСБ нь Д.О*******т холбогдуулан 285.048.110 төгрөг гаргуулах шаардлага нэхэмжлэл гаргасан. Д.О*******тэй байгуулсан 22/06 тоот зээлийн гэрээний үлдэгдэлд 2023.08.28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200,000,000 төгрөг, үндсэн хүү 101.289.863 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.831.123 төгрөг, нийт 320.120.986 төгрөг байна. Үүнээс 285,048.110 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 35,072.876 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн №22/06 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 35,072.876 төгрөгийг нэмж гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангүулж өгнө үү.
1.2. “И*******” ББСБ нь Д.О*******т холбогдуулан 320,120,986 төгрөг гаргуулах шаардлага нэхэмжлэл гаргасан. Д.О*******тэй байгуулсан 22/06 тоот зээлийн й үлдэгдэлд 2023.11.27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200,000,000 төгрөг, үндсэн 22,232,329 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,019,616 төгрөг, нийт 345,251,945 төгрөг байна. 320,120,986 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 25,130,959 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн №22/06 тоот гэрээний үлдэгдэл 25,130,959 (хорин таван сая нэг зуун гучин мянга есөн зуун есөн) төгрөгийг нэмж гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
1.3. “И*******” ББСБ нь Д.О*******т холбогдуулан 320,120,986 төгрөг гаргуулах шаардлага нэхэмжлэл гаргасан. Д.О*******тэй байгуулсан 22/06 тоот зээлийн ий үлдэгдэлд 2024.01.29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 200,000,000 төгрөг, үндсэн 136,500,822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,919,342 төгрөг, нийт 362,420,164 төгрөг байна. Үүнээс 345,251,945 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 17,168,219 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн №22/06 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 17,168,219 (арван долоон сая нэг зуун жаран мянга хоёр зуун есөн) төгрөгийг нэмж гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
1.4. “И*******” ББСБ нь Д.О*******т холбогдуулан 320,120,986 төгрөг гаргуулах шаардлага нэхэмжлэл гаргасан. Д.О*******тэй байгуулсан 22/06 тоот зээлийн гэрээний үлдэгдэлд 2024.04.02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200,000,000 төгрөг, үндсэн хүү 154,451,507 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,785,644 төгрөг, нийт 384,237,151 төгрөг байна. Үүнээс 362,420,164 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 21,816,987 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн №22/06 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 21,816,987 (хорин нэгэн сая найман зуун арван зургаан мянга есөн зуун наян долоон) төгрөгийг нэмж гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
1.5. “Их гифт финанс” ББСБ нь Д.О*******т холбогдуулан 320,120,986 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Д.О*******тэй байгуулсан 22/06 тоот лийн гэрээний үлдэгдэлд 2024.05.13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200,000,000 төгрөг, үндсэн хүү 161,125,479 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,798,247 төгрөг, нийт 391,923,726 төгрөг байна. Үүнээс 384,237,151 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 7,686,575 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн №22/06 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 7,686,575 (долоон сая зургаан зуун наян зургаан мянга таван н далан таван) төгрөгийг нэмж гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
1.6. Хариуцагч Д.О*******, нэхэмжлэгч “Их гифт финанс” ББСБ нарын байгуулсан тоот зээлийн гэрээний үлдэгдэл нь 2024 оны 8 дугаар сарын 1 -ний өдрийн байдлаар үндсэн зээл 200,000,000 төгрөг, үндсэн хүү 179,306,301 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,480,438 төгрөг, нийт 413,786,740 төгрөг байна. Үүнээс нэхэмжлэгч нь 391,923,726 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 21,863,014 төгрөгийг хариуцагч Д.О*******ээс гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.
1.7. “Их гифт финанс” ББСБ нь Д.О*******т холбогдуулан 320,120,986 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Д.О*******тэй байгуулсан 22/06 тоот лийн гэрээний үлдэгдэлд 2024.11.04-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200,000,000 төгрөг, үндсэн хүү 213,106,849 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,807,014 төгрөг, нийт 439,746,192 төгрөг байна. Үүнээс 413,786,740 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 25,959,452 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн №22/06 тоот лийн гэрээний үлдэгдэл 25,959,452 (хорин таван сая есөн зуун тавин есөн мянга дөрвөн /н тавин хоёр) төгрөгийг нэмж гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
1.8. “Их гифт финанс” ББСБ болон Д.О******* нарын байгуулсан 22/06 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 2025.01.20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200,000,000 төгрөг, үндсэн хүү 218,889,863 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,397,151 төгрөг, нийт 461,287,014 төгрөг байна. Үүнээс 439,746,192 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 21,540,822 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн №22/06 тоот лийн гэрээний үлдэгдэл 21,540,822 (хорин нэгэн сая таван зуун дөчин мянга найман зуун хорин хоёр) төгрөгийг нэмж гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
1.9. Нийт 461,287,014 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь 2022.4.22-нд хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж 200 сая төгрөг зээлсэн. Зээлийг гэрээнд заасан дансанд шилжүүлсэн. Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийх зориулалтаар зээл авсан. Шийдвэр гүйцэтгэл дээр төлбөртэй байсан боловч зээлийг олгосон. Зээлийн гэрээний хугацааг сунгасан. 2023.4.23-нд нэхэмжлэл гаргасан боловч зээлийг төлөөлөөгүй. Үндсэн зээл 200 сая төгрөг, хүү 218,889,863 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,397,151 төгрөг гаргуулна. Энэ нь 2025.1.20-ны өдрөөр тооцож нэмэгдүүлсэн. Барьцааны гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. 12 гаран сая төгрөг эхний 2 сард төлсөн. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Хариуцагч мөнгийг аваагүй гэдэг боловч гэрээн дээр дансны дугаарыг бичсэн байдаг. Мөнгө авсан данс нь хариуцагчийн нөхрийн данс юм. Тухайн үед хариуцагчийн данс битүүмжлэгдсэн тул өөрийн дансаар зээлийг авах боломжгүй байсан. Бид анхны зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа бөгөөд нэмэлт гэрээгээр мөнгө олгоогүй тул хамааралгүй. Зөвлөх үйлчилгээний гэрээ нь энэ хэрэгт хамааралгүй юм. 10 сарын 22 хүртэл хүү төлсөн гэж байна. Гэтэл зээлдэгч нь 12 сая төгрөг л төлсөн бөгөөд хэлж байгаа 42 сая төгрөг төлөгдөөгүй. Нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд зөвхөн хугацааг л өөрчилсөн. Төлөөгүй зүйлийг төлсөн мэтээр ярьж байна. Хуулиар зээл төлөгдөх хүртэл хүү бодогдоно гэж заасан тул нэхэмжлэл гаргаснаас хойш 2 жил болсон тул шаардлага нэмэгдүүлж байгаа юм. 12,904,110 төгрөг төлсөн гэв.
2. Хариуцагч Д.О******* нь шүүхэд 2 удаа гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч Ж.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 04 сарын 16-ны өдрийн өглөө 10 цагт Баянгол хорооллын урд талд Кофе Беннийд Бэк Жоль Чуньтай миний хуучин нөхөр болох Ли Куон Ок-н хамт уулзсан. Тухайн үед миний бие банк болон банк бусаас зээл авах боломжгүй хувь хүнээс хаусаа барьцаалан зээл авмаар байна гэдгээ хэлсэн. Б би банк бустай манай банк бусад мөнгө байхгүй би хувиасаа зээл өгий 1 дэх өдөр 11-р хорооллын оффис дээр хүрээд ир гэсэн. 2022 оны 4-р сарын 18-ны өглөө очиход Их гифт финанс ББСБ гэсэн хаягтаа хаалгаар ороход тэр хүн тэр банк бусын захирал нь байсан. Тэгээд менежертээ энэ хүний үл хөдлөхийг үзээд анкет бөглүүлээд барьцааг нь үзээд ир гэсэн. Би менежерт нь танай захирал буруу ойлгоогүй байгаа би банк бусаас, банкнаас зээл авах ямар ч боломжгүй гэдгээ сайн хэлсэн ойлгосондоо гэхэд менежер нь босож яваад асуугаад ирий гэсэн ирэхдээ мэдэж байгаа зүгээрээ гэнээ гэсэн.
Тэгээд бичиг баримтаа бүрдүүлж барьцаа хөрөнгөө үзүүлэн зээл авах гэтэл Бэк ЖУн Чонь захирал би танай хаусны засварын ажлыг өөрийн хувийн компаниар хийлгэнэ юм бол зээл гаргахгүй гэсэн. Би хагас сайн өдөр Бэктэй уулзаад мөнгө бүтэхээр болсон тул өмнө нь уулзаж ярилцаж байсан засварын бригадыг шууд оруулан засварын ажил хагас сайн өдөртөө эхэлсэн. Тиймээс би 3 өдөр ажил хийсэн хүмүүсийг буцааж чадахгүй тул та хэлсэн ярьснаараа зээлээ олгооч гэж гуйж эхэлсэн. Ингээд үл ойлголцол үргэлжилж 1 дэх өдөр зээлээ авах би 5 дахь өдөр зээлээ авч засварын ажил зогсож зарим нь ажил нь дуусаж засварын ажилчид мөнгөө нэхэж бас хэцүү байдалд оруулж байсан. Тухайн үед зээлийг олгохдоо батлан даагч Ли Куон ОК-ийн дансанд мөнгө 29,811,240 төгрөг, шүүхийн шийдвэрийн дансанд 120,677,756 төгрөг өгөөд бусад мөнгийг нь авч үлдсэн. Түүнээс хойш 5 сарын 16-нд 1 сая төгрөг гуйж байж авсан. 5 сарын 20-нд 28,785,000 төгрөг буюу үлдэгдэл мөнгөө 1 сарын дараа авсан. Тэр өдөр 20 сая төгрөгийн хүүгийн мөнгө гээд баримтгүйгээр өгсөн байдаг. 5 сарын 22-ний өдөр 6,900,000 сая төгрөг хүүгийн төлбөрөө банк бусад төлсөн. Үүнээс хойш 7 сард хүүхдийн ажлын мөнгөнөөс 6 сая төгрөг банк бусын хүүд төлсөн байдаг. Анхнаасаа зээл авахдаа хаус зарж байж л зээл, зээлийн хүү төлнө гэж ярьж тохирсон учир засвар дуусангуут үл хөдлөх хөрөнгөө аль сайн гэсэн газар зар өгч гэрээ хийж хурдан борлуулж өр төлбөрөө төлөхөөр хичээж байсан. Гэтэл банкнуудын зээл тухайн үед олгохгүй хаалттай байсан үе. Хүмүүс сонирхсон ч том зээл олдохгүй авч чадахгүй цаг хугацаа өнгөрсөөр байсан. Миний бие банк бус дээр 7 хоногт хамгийн багадаа 2 удаа очиж зарж борлуулах сувгаа болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ байнга очиж танилцуулдаг байсан. Ингэж явсаар 10 сарын 22-ны зээлийн гэрээний хугацаа дуусаж хуримтлагдсан хүүгийн төлбөр 40 сая, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5 сая төгрөг болсон байсан.
Тухайн үед Бэк Жуль Чонь захирал намайг дуудаж уулзахдаа гэрээний хугацаа дуусаж байгаа тул гэрээг шинэчлэх хэрэгтэй байна. Гэхдээ та мөнгө төлөх чадваргүй байгаа тул танд тусалж зээлийн үлдэгдэл дээр нэмээд 12 сар дуустал хүүгээ аваад 255 сая төгрөгөөр 12 сарын хугацаатай зээлийн гэрээ хийгээд байр зарагдтал хангалттай хүлээж өгнө гэхээр нь зөвшөөрөн энэ гэрээг нь тусалсныг нь бодоод зөвшөөрч хийсэн. Гэтэл тухайн гэрээний барьцааг үл хөдлөх хөрөнгүүдийн газар бүртгүүлэх гэтэл нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаа хөрөнгөд давхар бүртгэлтэй байсан учир тус газар зөвшөөрлийн бичиг өгөөгүй тул энэ гэрээгээр зээл гаргаагүй.
Тухай үед Бэк захирал орилж хашигран уурлаж загнаж намайг өрөөнөөсөө хөөн гаргаад ардаас бүртгүүлж чадаагүй гэрээгээ урж араас мессежээр урсан зургаа явуулсан.
Ингээд хоёр хоногийн дараа залгаад ирж уулз гэсэн. Очиход Бэк захирал их сайхан зантай одоо дахин нэг удаа тусална би өөрийн хувийн компаниас чамд мөнгө зээлье тэр мөнгөө банк бусын хүүгийн төлбөрт төл тэгэхгүй бол банк бус дээр шалгалт орох гээд байна гэсэн.
Миний бие шүүхэд өгөхийг тухай үед хэлж байсан боловч батлан даагч Ли Куан Ок бас хажуугаар нь Бэк захиралтай нийлж намайг маш ихээр дарамталсан. Энэ нь хэн ч туслахгүй байх үед зээл өгсөн гэдэг үгээр намайг үнэхээр их дарамтад оруулж бүх зүйлийг зөвшөөрүүлж байсан.
Энэ удаа ч бас тэгсэн учир би аргагүйн эрхэнд орж зөвлөх үйлчилгээний гэрээ гэдгийг нь хийсэн. Энэ гэрээ сарын 5% хүүтэй бас дээр нь 20%-ийн НӨАТ гэж оруулж өгсөн. Энэ 20% нь Монгол улсанд битгий хэл дэлхий ч байхгүй учир миний бие хүчээр гарын үсэг зураад нотариатаас гарахад намайг шууд явж болно гээд явуулсан. Миний гарын үсэггүйгээр гүйлгээнүүд хийгдэж банк бус уруу хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүд орсон байсан. Энэ өдрөөс хойш миний бие хууль болон санхүүгийн хүмүүсээс зөвлөгөө авсан.
Энэ гэрээнүүд хууль бус дээр нь цэвэр мөнгө угаалт залилангийн хэрэг явж байна гэдгийг сонсож ойлгоод харьяа байгууллагуудад гомдол гаргасан. Энэ хүний үйлдэл нь гэрээгээр халхавч хийж нэг зөвшөөрөлтэй компани дээрээ далимдуулан манай улсад мөнгө угааж залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь үүгээр харагдаж байна. Мөн дээр бас надаар хийлгэсэн 255,000,000 сая төгрөгийн гэрээ нь Монгол банкны ерөнхийлөгчийн журмыг зөрчсөн байсан. 2018 онд Монгол банк нь хүү бодох аргачлал журам гаргахдаа нэмэгдүүлсэн хүүг ямар тохиолдолд бодох тухай мөн нийлмэл хүүтэй зээл олгохыг банк болон банк бусууд эрх бүхий байгууллагад хориглосон байдаг байна.
Гэтэл энэ Бэк Жуль Чонь, Их гифт финанс ББСБ нь үндсэн зээл дээр хүү, нэмэгдүүлсэн хүү нэмээд надад болон үйлчлүүлэгч нартаа зээл гаргаж, гаргахыг оролдож гэрээ хийсэн боловч энэ нь бүтэлгүйтсэн. Ийм нийлмэл хүүтэй зээл авсан харилцагч нар нь надтай холбогдож байгаа болно. Иймд анх үнэн учраа хэлээд очиход мэдсээр байж хууран мэхлэн хийсэн.
- 2022 оны 4 сарын 22-ний өдрийн №22/06 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ
- 2022оны 10 сарын 26-ны №22/11 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ
- 2022 оны 10 сарын 22-ны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ №22/06А
- 2022 оны 11 сарын 21-ний өдрийн зөвлөх үйлчилгээний гэрээ
Эдгээр гэрээнүүдийн хийсэн он сарууд хүртэл худлаа наана цаана.
Иймд эдгээр гэрээнүүдийг хүчингүй болгож өгнө үү. /тооцож/
Энэ нь Иргэний хуулийн 58.2.1 буюу ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл буюу хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэсэн заалтыг зөрчсөн.
Мөн удаа дараа гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хууль бус гэж үзээд бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн өмнө нь өмнөх гүйцэтгэх захирлын гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж зурсан талаар гомдол гаргасныг хангаж өгнө үү.
2.1. Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа “Их гифт финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.О******* надад холбогдох иргэний хэрэгтэй холбогдуулан нэхэмжлэгч талаас 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэнтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн №22/06 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 25 959 452 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэд хэд удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс ийнхүү нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэгэнт нэхэмжлэгч талаас гэрээгээ цуцалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан атлаа дахин дахин ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхгүй болно.
Тиймээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
2.2. Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь тухайн үед бусдад өр төлбөртэй байсан. Гэвч зээл авахаар хөөцөлдөж байхад тухайн үед хамтран хариуцагч нь нэхэмжлэгчийн хөрөнгө оруулагч, захиралтай танилцуулаад зээл олгосон. Зээл олгосон данс нь хариуцагчийн данс биш юм. Гэхдээ бид мөнгө авсан талаар маргаагүй. Хариуцагчийн зээлийн түүх муу байсан юм. Гэвч зээл олгосон байдаг. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах биш хувь хүнээс зээл авахыг хүсэж байсан юм. Гэтэл ББСБ-тай гэрээ байгуулагдсан. Зээлээс 12 сая төгрөг төлснийг хүүд тооцсон байдаг. Өнөөдөр хүртэл 200 сая төгрөг төлөгдөөгүй байдаг. Улмаар нэхэмжлэгчийн саналын дагуу дахин зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт батлан даалтын гэрээ байгуулсан байдаг. Улмаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ хугацаа сунгахаас гадна 4.2-т хүүг төлсөн болохыг баталсан гэж өөрчлөлт оруулсан. Мөн 2022.10.26-нд дахин барьцаа болон батлан даалтын гэрээ байгуулсан байдаг. Нэмэлт гэрээ байгуулахдаа төлөөгүй хүүг нэмж 255 сая төгрөгөөр байгуулсан юм. Энэ гэрээг шахалтад оруулж байгуулсан. Нэмэлт гэрээг 2022.11.21-нд ББСБ-тай биш захиралтай нь зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. Зөвлөх үйлчилгээний гэрээг нэхэмжлэгчийн хөрөнгө оруулагч байгуулсан. Зээлийг төлж чадахгүй бол зөвлөгөө өгч 50 сая төгрөгийн төлбөр авна гэсэн. Энэ гэрээг бас л өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулаагүй шахалтад орж байгуулсан юм. Эдгээр гэрээ байгуулагдсаны дараа үл ойлголцол үүссэн. Зөвлөх үйлчилгээний төлбөр шаардсанаар үл ойлголцол үүссэн. Зээл авснаас хойш хариуцагч нь засвар хийсэн байраа худалдаалаад зээлээ төлөхөөр тохирсон. Үүний дагуу байрыг худалдахаар зуучлалын компанитай гэрээ байгуулж ажилласан байдаг. 2023.4.8-нд 285,048,110 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ нэхэмжлэл гаргах хугацааны хүүг нэхсэн байдаг. Гэтэл нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ хүчинтэй бөгөөд энд 2022.4.22-10.22 хүртэлх хүүг төлсөн гэж заасан байдаг. Энэ төлөгдсөн хүү 42 сая төгрөгийн хүү нэхэмжлэлд ороод байдаг. Гэтэл төлсөн гэж талууд харилцан тохиролцсон байтал нэхсэн байдаг. Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмээд байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй 350 сая төгрөгөөр харилцан тохиролцох талаар ярьсан боловч хүлээн аваагүй. Хариуцагчийн зүгээс энэ мөнгөн дүн дээр маргаангүй юм.
Мөнгийг авсан талаар зөвхөн тодотгож хэлж байгаа юм. Хүний дансаар мөнгө өгсөн талаар маргаагүй. Мөн 255 сая төгрөгийн гэрээ байгуулагдсан талаар тодотгож тайлбарласан юм. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулагдаад яваад байгааг тодотгох үүднээс нэмэлт гэрээнүүдийг дурдаад байгаа юм. 12 саяыг төлсөн гэдэг дээр маргахгүй. Нэмэлт гэрээгээр 4.22-10.22 хүртэл хүү дахиж тооцохгүй гэж харилцан тохиролцсон юм. Тэрнээс биш төлсөн гээгүй харин харилцан тохиролцож энэ хугацааны хүүгийн асуудал байхгүй гэж тохиролцсон юм. Иймд энэ хугацааны хүүгийн асуудлыг хариуцах ёсгүй гэж үзэж байгаа юм. Нэмэгдүүлэх эрх байгаа боловч өнөөдрийг хүртэл харилцан тохиролцохгүй байгаа байдал нь хариуцагчийн хэлж байгаагаар зээлдүүлэгчийн захиралтай нэг хэсэг муудалцсанаас болоод барьцааны зүйлээр тохиролцдоггүй. Хариуцагч нь байраа зараад зээлээ түргэн төлөхөөр тохиролцохоор хандах гэсэн боловч хувийн харилцаанаас болоод эвлэрч чадахгүй байгаа юм. Авсан болон төлсөн мөнгөн дүн дээр маргаангүй. Монгол банкны ерөнхийлөгчийн баталсан журмыг зөрчөөд байна. Хариуцагч нь зээлээ төлөх гэсэн үйлдлүүд хийгээд байсан байдаг. Гэвч талуудын үл ойлголцлоос болоод энэ асуудал шийдэгдээгүй. Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээд байснаас шалтгаалж хүүгийн мөнгөн дүн нэмэгдсэн байдаг. Эдгээрийг харгалзан үзээд хүүг багасгах эрх нь шүүхэд байгаа юм. Иймд хүүг багасган шийдэж өгнө үү гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /ХХ5, 6/, зээл хүүгийн тооцоолол 9 ширхэг /ХХ7, 38, 45, 144, 167, 183, 195, 200, 222/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 05335 дугаар захирамжийн хуулбар /ХХ8-10/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /ХХ12/, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /ХХ13-16/, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /ХХ17-19/, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар /ХХ20-21/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 06958 дугаар захирамжийн хуулбар /ХХ22-23/, зээл хүссэн өргөдлийн хуулбар /ХХ24/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ204/,
3б. Хариуцагчаас: Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн дугаар албан тоотын хуулбар /ХХ55/, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн дугаар албан тоотын хуулбар /ХХ56/, Монгол банкны 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаар албан тоотын хуулбар /ХХ57/, Монгол банкны ерөнхийлөгчийн 2028 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаал, түүний хавсралтын хуулбар /ХХ58-80/, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зуучлалын гэрээний хуулбар /ХХ81-82/, 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн зуучлалын гэрээний хуулбар /ХХ83-86/, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зуучлалын гэрээний хуулбар /ХХ87-92/, /, 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн зуучлалын гэрээний хуулбар /ХХ93-95/, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /ХХ99-102/, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар /ХХ103-104/, мөн өдрийн батлан даалтын гэрээний хуулбар /ХХ105-106/, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /ХХ107-109/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /ХХ110-111/, мөн өдрийн батлан даалтын гэрээний хуулбар /ХХ112-113/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2 ширхэг /ХХ114, 131/, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /ХХ116-118/, зөвлөх үйлчилгээний гэрээний хуулбар /ХХ119-124/, “Хан мон намянжүгийн тэтгэлэг соёл” ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ135/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 272,936,986 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 188,350,028 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Их гифт финанс ББСБ” ХХК нь нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 218,889,863 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,397,151 төгрөг, нийт 461,287,014 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ...... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 316.04 м.кв талбайтай, амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Д.О******* нь зээлийн гэрээ байгуулж, зээлийг бусдын дансаар хүлээн авсан, цаашлаад 12,904,110 төгрөг буцаан төлсөн талаар маргаагүй боловч нэмэлт гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэж тохиролцсон, гэрээг цуцалсан тул шаардлага нэмэгдүүлэх эрхгүй, зээлийн гэрээ нь ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн шаардлагыг удаа дараа нэмэгдүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4. Зохигч 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 200,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 6 сарын хугацаатайгаар байгуулсан байна. /ХХ13-16/
Зээл хүссэн өргөдөл болон зээлийн гэрээний 1.8-д зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг Хаан банк дахь тоот дансанд олгохоор тохиролцсон бөгөөд ийнхүү зээл олгогдсон нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдсон. /ХХ24, 12/
Мөн зээл олгогдсон үйл баримтын талаар хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаагүй.
Улмаар 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 2.1-д зааснаар үндсэн зээлийн гэрээний 1.2-т заасан 6 сарын хугацааг 13 сар болгон өөрчилжээ. Үүнээс үзэхэд зээлийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дуусах байсан. /ХХ17/
Цаашлаад нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг төлөх хугацаа зөрчигдсөний улмаас гэрээг хугацаанаас өмнө цуцалж 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үйл баримтын талаар шүүхэд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаагүй.
Иймд зээлийн гэрээг зээлдүүлэгч нэг талын санаачилгаар цуцалсан байна.
4.1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээний үүрэг дуусгавар болох тул үүнээс хойших хугацаанд зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Учир нь зээлдүүлэгч нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан эрх, үүрэг дуусгавар болно.
Түүнчлэн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй. Иймд нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй бөгөөд харин гэрээг цуцлах хүртэл хугацааны хүү шаардах эрхтэй.
Дээрх үндэслэлээр зээлийн гэрээ хэрэгжиж байсан хугацаанд хариуцагчид үүссэн үүргийн тооцвол:
Зээлийн гэрээний 1.3-т зааснаар сарын 3.5 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцож, гэрээ нь 12 сар 8 хоног хэрэгжсэн. Энэ хугацаанд үүссэн хүүгийн үүрэг нь 1 сард 7,000,000 /200,000,000*3.5%/ төгрөг, 12 сард 84,000,000 төгрөг, 1 хоногт 230,137 /84,000,000/365/ төгрөг, 8 хоногт 1,841,096 төгрөг, нийт 85,841,096 төгрөгийн хүү тооцогдсон. Үүн дээр үндсэн зээлийг нэмбэл хариуцагчид нийт 285,841,096 төгрөг төлөх үүрэг үүсжээ.
5. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр зээлийн хэмжээг өмнө нь хуримтлагдсан хүүтэй холбогдуулан 255,000,000 төгрөг гэж байгуулсан талаар хэн аль нь тайлбарлаж байна. Гэвч энэхүү гэрээний дагуу зээл олгогдоогүй, нэхэмжлэлийн үндэслэл болгоогүй талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан. Иймд энэ гэрээний 4.2-т зааснаар хариуцагчийг өмнөх хугацааны хүүг төлсөн гэж үзэх боломжгүй.
6. Зохигч хэн аль нь 12,904,110 төгрөг буцаан төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй тул хариуцагчийн гүйцэтгээгүй үлдэх үүрэг нь 272,936,986 төгрөг юм.
Үүнээс гадна хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагчийг 350,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрдөг талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Гэвч хариуцагчийн шүүхэд 2 удаа гаргасан тайлбараас үзэхэд энэ талаар дурдаагүй, өмгөөлөгч нь эвлэрэн хэлэлцэх буюу шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөх эрхгүй тул энэ хэмжээнд хариуцагчийг үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй.
6.1. Хариуцагчийн шүүхэд, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд зохигч зээлийн гэрээний харилцаа үүсгэх зорилготой байжээ. Иймд тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд хамаарахгүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй.
7. Зохигч 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөн өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулжээ. /ХХ20-21/
Барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, .... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 316.04 м.кв талбайтай, амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Улмаар барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул хүчин төгөлдөр болсон. /ХХ131/
Түүнчлэн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагын талаар хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд маргаагүй.
Иймд энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Д.О*******ээс 272,936,986 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Их гифт финанс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 188,350,028 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, .....тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 316.04 м.кв талбайтай, амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 3,740,163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,592,835 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД