| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 181/2025/00080/И |
| Дугаар | 191/ШШ2025/02538 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/02538
| 2025 03 26 | 191/ШШ2025/02538 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, ...... тоот хаягт оршин суух, Б******* овогт Э*******ын Т******* /рд:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ..... оршин байрлах, “Н*******” ТБАГУТҮГ /рд:*******/-т холбогдох,
Н*******т холбогдох Нийслэлийн боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговорт 1,571,900 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Т******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэрээр болон түүний өмгөөлөгч Х.О******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар шийдвэрлэсэн Нийслэлийн боловсролын газрын даргын 2024.10.18-ны өдрийн Б\247 дугаар тушаал хууль зөрчсөн болохыг тогтоолгон хүчингүй болгуулж, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 1.571.900 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг НБГ азарт даалгах.
Нэхэмжлэлийн үндэслэл.
Э*******ын Т******* миний бие зохих сонгон шалгаруулалтын үнэлгээний дагуу 2022.3.11-нд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн засаг даргын Б/60 дугаар тушаалаар НЕБ-ын сургуулийн захирлаар томилогдон, шинээр мөрдөгдсөн Боловсролын ерөнхий хуулийн зохицуулалтын дагуу НБГ-тай 2024.05.29-нд Хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулан ажиллаж байсан. Уг ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаанд бага ангийн багш О.О нь сургуулийн дотоод хяналтыг хариуцсан ажилтнаар ажиллая гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч компьютерын программ хангамжийн мэдлэг чадвар хангалтгүйн зэрэгцээ ёс зүйн доголдол ихтэйг харгалзан, сургуулийн эрх ашгийн үүднээс татгалзсан хариу өгч байсан билээ. Гэтэл О.О багш миний шийдвэрт сөргөөр хандан, худал мэдээлэл байнга тараах, фэйсбүүк сүлжээгээр сургуулийн дотоод үйл ажиллагааг буруу талаас нь сурталчлах зэрэг багшийн ёс зүйг зөрчсөн үр дагавруудыг гаргасаар, улмаар 2024 оны 5 дугаар сараас эхлэн төрийн бүх шатны байгууллагуудад миний үйл ажиллагааг буруутгасан төрөл бүрийн мэдээлэл бичиж, шат шатанд шалгуулсаар байсан билээ. Ийнхүү багш О.Оийн шат шатны байгууллагад гаргаж байсан гомдол мэдээллүүдийн дагуу НБГазрын даргын шийдвэрээр манай сургуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх удирдамж гарган 2024.09.03-наас эхлэн хяналт, шинжилгээ, дотоод аудит хийж гаргасан дүгнэлтийн дагуу НБГ-ын дарга 2024.10.18-ны өдрийн ******* дугаар тушаал гарган, Э.Т******* миний биеийг хөдөлмөрийн гэрээний 7.1.5 д заасан, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан нь ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдож байна гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн юм.
Миний бие дээрх тушаалыг 2024.10.24-ний өдөр хүлээн авснаар, дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн, МУ-ын Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасны дагуу СБД-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан. Гомдлыг маань 3 талт хорооны хуралдаанаар 2024.12.10-нд хэлэлцээд, маргааны талууд харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлийг гаргасныг би 2024.12.11-ний өдөр хүлээн авч, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Миний бие удирдах албан тушаалд томилогдоод удаагүй байсны зэрэгцээ хууль, журам, заавар хэрэглэх арга туршлага дутагдсанаас алдаа дутагдалтай шийдвэр тушаал гаргасан асуудал байсныг үгүйсгэхгүй. Гэвч энэ нь дээд шатны байгууллагын заавар зөвлөгөө, албан шаардлагын дагуу засаж, цаашид улам суралцаж болох зүйл байтал, тэгш шударга шаардлагыг эсэргүүцэн байнга хэрүүл үймээн дэгдээж буй, ёс зүйн өндөр доголдолтой нэг хүний сөрөг хандлага, хэл амны асуудлыг бодит талаас нь судлан, буруу зөвийг нь ялгаж салгахын оронд, намайг ажлаас халах төдийгөөр хязгаарлаж байгаа явдал нь зөвхөн өөрсдийн албан тушаал, суудлаа хамгаалсан хэрэг боллоо гэж үзэж байна.
Нийслэлийн боловсролын газрын даргын, Э.Т******* миний биеийг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахад хүргэсэн үндэслэл нь Хөдөлмөрийн гэрээний 7.1.5-д заасан: Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчил гаргасан нь хяналт шинжилгээ, дотоод аудитын дүгнэлтээр нотлогдож байна гэж үзсэн. Гэвч дээрх дүгнэлт нь хэт өрөөсгөл, нэг талыг барьсан, санхүүгийн баримт материалыг нарийн шалгаж, бодитой дүгнэлт хийгээгүй, тайлбар гаргаад баримт материалаа гаргаад өгөхөд авч үзэлгүй бичигдсэн дүгнэлт юм. Энэхүү дүгнэлтэд дурдагдсан зүйлүүд үндэслэлгүй болохыг тайлбарласан боловч хүлээж авалгүй ажлаас халсан болно. Тухайлбал:
1. Нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан Гт хөрвөх сургалтын төлбөр 2.808.000 төгрөгийг багшийн мэргэжил дээшлүүлэх зардлаас төлж дэмжлэг үзүүлснийг санхүүгийн зөрчилд тооцсон нь үндэслэлгүй. Хууль зөрчсөн гэж акт тогтоохдоо Б.Г ЭМШУИСургуулийг төгссөн хүнд хөрвөх сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн гэж үзсэн. Гэтэл ерөнхий боловсролын сургуульд багшийн цалин багаас шалтгаалаад мэдээлэл зүйн багш байнга дутагдалтай байдаг тул, цаашид уг сургуульдаа мэдээлэл зүйн багшаар тогтвортой ажиллуулахаар зөвшилцөн, Б.Г МУБИСургуульд мэдээлэл зүйн багшийн мэргэжлээр хөрвөн суралцахаар сургуультай гэрээ байгуулсан тул, дээрх зардлыг багшийн мэргэжил дээшлүүлэх зардлаас гаргах асуудлыг сургуулийн санхүүгийн багийн хурлаар хэлэлцэн, хамтын шийдвэрээр шийдвэрлэсэн байхад санхүүгийн зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
2. Сахилгын шийтгэлтэй ажилтнуудад 3.506.600 төгрөгийн урамшуулал олгосон нь мөн санхүүгийн зөрчил гэж үзсэн. Энэ нь улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал биш бөгөөд Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг Боловсрол Шинжлэх ухааны сайдын 2022.10.26-ны тушаалаар батлагдсан журмын дагуу олгосон урамшуулал юм. Үүнийг буруутгахдаа Засгийн газрын 2019 онд гаргасан журмыг баримтлах ёстой гэж зөрчилд тооцсон. Гэвч Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан журмаас хойш 2022 оны тугаар тушаалаар батлагдсан журмын 2 дугаар хавсралтаар баталсан ЕБСургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмыг одоо хэрэглэж байгаа болно.
3. Сургуулийн захирал дээд шатны байгууллагын тушаал шийдвэргүйгээр 1.404.000 төгрөгийн улирлын урамшуулал авсан гэж буруутгасныг үндэслэлгүй гэж үзэж байна. НБГ-ын даргын 2023.12.12-ны Б/244 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын ур чадварыг үнэлж, дүгнэсэн дүүргийн боловсролын хэлтсийн санал дүгнэлтийг үндэслэн 2023 оны 8- р сараас 12 сарыг дуусталх ур чадварын нэмэгдлийг олгох шийдвэрийн дагуу 25 хувиар надад олгох нэмэгдэл 125 хувь болсон тул цалин бодогдоход ур чадвар гэсэн хүснэгтэд 25 хувиас дээш хувь бичихэд алдаа заасан учир үлдсэн 100 хувийн урамшууллыг ажилчдад олгох үр дүнгийн урамшууллын хүснэгтэд бичээд бодож олгосныг мөн санхүүгийн зөрчилд тооцсон. Үүнийг ня-бо залруулахад актаас хасна гээд хасаагүй юм.
4. Лаборант Гт хавсран гүйцэтгэх боломжгүй ажлыг хавсран гүйцэтгүүлж нэмэгдэл цалин олгосон гэж зөрчилд тооцсон нь мөн үндэслэлгүй юм. Учир нь: МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх заалтыг үндэслэхийн зэрэгцээ ажилтантай өөртэй нь тохиролцсоноор, тухайн жилд батлагдсан орон тоог бүрэн бүрдүүлж ажиллах нь багш, ажилтнуудын ажлын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх боломжтой тул хавсран гүйцэтгэх боломжтой ажлыг хавсруулан гүйцэтгүүлж, нөгөө орон тооных нь цалингийн 40 хувийг олгосон. МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулиар хориглосон зохицуулалт байхгүй бөгөөд энэ нь төсвийн мөнгийг зохих хэмжээгээр хэмнэсэн үйлдэл байхад мөн санхүүгийн зөрчилд тооцсон.
5. Сургуулийн цайны газрын түрээсийн орлогоос сургуулийн хэрэгцээнд нэн шаардлагатай хэрэгслийг авч зориулалтын дагуу ашигласан нь зориулалтын бус гэж үзэн зөрчилд тооцсон боловч албан шаардлагын дагуу засаж болох алдаа билээ. Ийнхүү Э.Т******* миний биеийг хөдөлмөрийн гэрээний 7.1.5 д заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж дуусгавар болгохоор ноцтой зөрчил гаргасан гэж буруутгасан нь шалгалтын ажлын тайланд дурдсан дээрх зөрчлүүд бөгөөд бодит байдал дээрээ Төсвийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болохыг дээр дурдан тайлбарлалаа. Мөн хандивын мөнгө буруу зарцуулсан асуудал байхгүй, хувьдаа завшсан зүйлгүй билээ. Харин өөрийн үйл ажиллагааны орлогоос төрийн сангийн дансаар дамжуулалгүй сургуулийн үйл ажиллагаанд 1.270.000зарцуулсан нь зөрчил гэж Боловсролын ерөнхий газрын аудитын шалгалтаар дүгнэснээр 2024 оны 2-р сард цалингийн 20 хувиар бууруулах шийтгэл хүлээсэн байхад, энэ дүгнэлтэд мөн зөрчилд давхардуулан дүгнэсэн байна. Мөн СБД, НБГ дээр зохион байгуулагдсан бооцоот тэмцээн зэрэгт зарцуулсан 2.200.000 төгрөгийг ч хувиасаа төлж хохирсон. Иймэрхүү байдлаар надад давхар давхар шийтгэл хүлээлгэн, сургуулийн үйл ажиллагаанд зарцуулсан баримтууд нь байгаа зардлыг хүртэл хувиас маань төлүүлж хохирсоор эцэст нь санхүүгийн зөрчил гаргасан нь нотлогдсон гэж үзэн ажлаас хилсээр халсан явдалд гомдолтой байгаа тул шүүхэд дээрх шаардлагаар нэхэмжлэл гаргав. Миний бие өөрийн эзэмшсэн энэ багшийн мэргэжлээрээ 31 жил ажиллаж, өөрийн хүч хөдөлмөрөө хоёргүй сэтгэлээр зарцуулсны эцэст ийнхүү хилсдүүлж, хатуу хандаж байгаад маш их гомдолтой байна. Иймд энэхүү нэхэмжлэлийн дагуу миний гомдлыг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү.
1.1. Нэг нь ажлын байрны тодорхойлолт байна. Нөгөө 3 баримт нь тогтоогдсон акт байна. Урамшуулал авсан гэдэг нь боловсролын газрын тушаал гарсныг хэрэгт өгсөн байгаа юм. Баримтуудыг өмнө нь мэднэ. Хурал үргэлжлэх боломжтой юм.
Би боловсролын байгууллагад 32 жил ажиллаж байна. Төрийн албаны шалгалт өгөөд 6-р сургуулийн захирлаар ажиллаж эхэлсэн. Нэг багш дотоод шалгалтын багшаар ажиллах санал гаргасныг ёс зүйн доголдолтой мэдлэг чадваргүй гээд хүлээж аваагүй. Ингээд намайг олон газар миний талаар өргөдөл гомдол гаргасан. Эдгээр нь н******* дээр очсон. Улмаар шалгалт 2024.9.4-с ирсэн. Шалгалтын дүгнэлт хэрэгт өгсөн. Улмаар би өөрөө санал тавьж би өөр дээрээ урамшуулал бичээгүй гэж хэлснийг хүлээж авч нягталж үзээгүй. Энэ талаар нягтландаа хэлэхэд нийслэлийн боловсролын газрын санхүү хариуцсан хүнд очиж хэлсэн. Гэтэл тэр хүн нь энэ нь шалгалтын дүгнэлтээс хасагдана гэсэн боловч хасагдаагүй. Ингээд би над дээр гарсан акт хүчингүй болсон гэж ойлгож байсан боловч хасагдаагүй байгаа. Мөн санхүүгийн баг хуралдаж ажилтантай гэрээ хийж сургалтын төлбөр төлсөн. Энэ талаар мөн акт тогтоосон. Асуудлыг шалгаж байхад уг ажилтан ажлаас гарсан. Актын талаар түүнээс асуухад мэдээгүй гэхээр нь хүчингүй болсон гэж ойлгосон. 3 багшид сахилгын арга хэмжээ авсан байсан. Гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой мөн акт тавигдсан. Журмаар сайн багшид ойлгох журамтай тул олгосон. Актаар төл гэснийг актыг мэдэгдээгүй байсан. Би дүгнэлтийг аваад ажлаас гарсан. Хар нь дүгнэлтийн талаар эргэж холбогдоогүй. Энэ багшийн хэл амнаас болж ажлын байрнаас халсан гэж үзэж байна. Иймд тушаалыг хүчингүй болгож, захирлын ажил эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, НД ЭМД шимтгэлийг нөхөн төлүүлэх нэх гаргасан. Орлого нь сургуулийн уралдаан тэмцээн бооцоонд зарцуулагдсан. Спорт заалны шалны банзыг ажилтнууд авсан. Орлого төсвийн дансанд тушаасан гэдэг баримтгүй. Өмнөх сахилгын шийтгэлийн тушаалд гомдол гаргаагүй. Учир нь гомдол гаргадаг гэдгийг мэдээгүй. Актад бичгээр гомдол гаргаагүй амаар нийслэлийн боловсролын газрын төсвийн мэргэжилтэнд хэлсэн. Тушаалыг 10.24-нд авсан. Тушаал гарсан гэдгийг 24-нд авчрахад нь мэдсэн. Тушаалаа аваад н*******т сургуульдаа дотоод хяналтын ажилтнаар ажиллах санал гаргаад дараагийн захирал ирэхийг хүлээсэн. Дараагийн захирал ирээд авахгүй гэсэн тул эргэж нийслэлийн боловсролын газраас зөвшөөрөл хүссэн боловч өгөөгүй тул 11 сарын хорин хэдэнд 30 хоног дуусахаас өмнө өгсөн юм. Тодорхой өдрөө санахгүй байна.
1.2. Ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгож, ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгана. Тушаалаар ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т зааснаар гэсэн боловч аль үндэслэлээр гэдгийг заагаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 78-н аль үндэслэл гэдгийг заагаагүй. Х.г-ний үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэдэг. Х.г-ний 7.1.5-д заасан нь 3 акт тогтоогдсон актыг зөвшөөрөөгүй. Энэ талаарх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж байна. Орлого нь заал болон цайны газрын түрээсийн орлого байдаг. Банкаар дамжуулаагүй орлого байхгүй гэдгийг нягтлан бодогч нотолсон байдаг. Заалны бүртгэл нь хэрэгт өгсөн байгаа юм. Иймд тушаалд зааснаар бэлнээр мөнгө зарцуулаагүй тул үндэслэлгүй. Өмнөх тушаалын асуудал нь энэ хэрэгт хамааралгүй. 8 сарын дараа болсон үйл явдал дээр хариуцлага тооцоод байгаа юм. Сахилгын арга хэмжээ авсан эсхүл ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон эсэх нь ойлгомжгүй тул тушаал үндэслэлгүй. 7.1.5-д заасан зөрчлийг гаргаагүй. Учир нь бэлнээр мөнгө зарцуулсан нь нотлогдоогүй гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч П.Б******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Т*******ы нэхэмжлэлтэй Нийслэлийн Боловсролын газрын даргад холбогдох иргэний хэрэгт Нийслэлийн Боловсролын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль эрх зүй, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн ******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт болон Хөдөлмөрийн гэрээний 7.1.5 дахь заалтыг үндэслэн сахилгын давтан зөрчил гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох заалтын дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Тус маргаантай харилцааны тухайд хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гарсан үйл баримт, ажил олгогч болон ажилтан хоёрын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчийн үйлдэл тусгагдсан эсэх байдал ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг тодорхойлох үндэслэл болно.
1. Нэхэмжлэгчийн тухайд Боловсролын ерөнхий газраас хийсэн хяналт- шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хийхэд өмнө нь мөн санхүүгийн зөрчил гаргасан үйлдэл тогтоогдож, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр тушаалаар Э.Т*******д цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Дээрх тушаалд Э.Т******* нь гомдол гаргаагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хүчин төгөлдөр тушаал юм.
Сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтын зорилтын хүрээнд төсөв санхүүгийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлж, уг үүргийг биелүүлээгүйгээс Төсвийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг зөрчсөн, зөрчил гаргасан болох нь тогтоогдсон цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
2. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийсэн.
Тус хяналт шалгалтаар үйл ажиллагааны хүрээнд бий болсон орлогыг төсвийн байгууллагын төрийн сан банк дахь дансаар дамжуулдаггүй, бэлнээр зарцуулдаг зөрчлүүдийг давтан гаргасаар байгаа бөгөөд 2024 оны сургуулийн заал ашиглалтын бүртгэл байхгүй, сургуулийн цайны газрын 2024 оны эхний хагас жилийн түрээсийн орлого 6,000.0 мянган төгрөгөөс 1680.5 мянган төгрөгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан санхүүгийн зөрчил гаргасан.
Төрийн байгууллага бүр удирдлагатай, ихэвчлэн ганцаарчилсан хэлбэрийн буюу толгойлох албан тушаалтан буюу сургуулийн захирал сургуулийнхаа өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргадаг.
Нэхэмжлэгчийн тухайд хууль, журам зөрчсөн дараах нөхцөл байдлууд эрх бүхий хяналт шалгалтын байгууллагуудаар үйлдэл нь тогтоогдож байсан.
Үүнд:
Сургуулийн спорт заал түрээслүүлсэн орлогыг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулахгүйгээр захиран зарцуулсан.
Тус зөрчилд нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн ******* дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан байхад сахилгын шийтгэлтэй хугацаанд сургуулийн цайны газрын түрээсийн орлогыг хууль тогтоомж зөрчиж, орлогыг зориулалтын бусаар зарцуулсан, /спорт зааланд урсгал засвар хийгдэх үеэр хуучин шалыг зарж орлогыг жижүүр болон зарим ажилчдын дансаар дамжуулан зарцуулсан байж болзошгүй мэдээлэл ирсэн/ санхүүгийн зөрчлийг удаа дараа давтан гаргаж, гаргаж буй үйлдэл нь нэг зөрчилд давхардуулан оногдуулж буй шийтгэл биш учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхойлж байгаа нь үндэслэлгүй
Нийслэлийн Боловсролын газрын дарга маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах журам"-ыг хэрэгжүүлэх зорилгоор сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг хүргүүлж, нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбогдуулан санал тайлбарыг хүлээн авч, шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан болно.
Иймд Нийслэлийн Боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаал нь хууль тогтоомжид нийцсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 7.1-д зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн. Боловсролын ерөнхий газраас хийсэн шалгалтаар санхүүгийн зөрчил гаргасан гээд цалин бууруулах тушаал гарч үүнд гомдол гаргаагүй байдаг. Захирал төсөв санхүүгийн зорилтыг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Улмаар зөрчил гаргасан нь тогтоогдсон байдаг. Удирдамжийн дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон. Шалгалтад улсын байцаагч оролцсон. Улмаар акт тогтоогдсон. Актаар хууль тогтоомж зөрчиж олгосон гээд төлүүлэхээр шийдсэн. Мөн улсын байцаагчаас албан шаардлага өгсөн. Шалгалтаар холбогдох хууль журмыг зөрчсөн зөрчил илэрсэн. Орлогыг төсвийн дансаар авах зөрчлийг давтан гаргасан байдаг. Мөн орлогыг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон. Спорт зааланд засвар хийгээд хуучин шалыг дур мэдэн зарсан байдаг. Төрийн өмчийн байшин нь төрийн өмч тул дур мэдэн зарж борлуулах эрхгүй байдаг. Гэтэл дур мэдэн хэдэн төгрөгөөр зарсан нь мэдэгдэхгүй зарсан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 7.1-д ноцтой зөрчлийг заасан. Энд заасан санхүүгийн зөрчил нь улсын байцаагчийн актаар тогтоогдсон. Шалгалтын явцад захирлаас тайлбар авч тэмдэглэл үйлдэж, актыг өгсөн. Уг актад гомдол гаргаагүй тул хэрэгжинэ. Ажлаас чөлөөлөхдөө сонсох ажиллагаа явуулсан. Иймд тушаал нь хуульд нийцсэн акт юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөрийн гэрээний 7.1.5-д гэж заасан. Тушаалыг хүний нөөц мэдэгдсэн. Сонсох ажиллагаа 9.12-нд болсон. Тушаал гарахыг мэдсэн. Нотариатын зардалгүй тул тэмдэглэл өгөөгүй. Нэхэмжлэгч нь төсвийн шууд захирагч юм. Энд 2 төрлийн зөрчлийн талаар заасан. Шалгалтаар зөрчил тогтоогдож баталгаажсан. Иймд чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /ХХ6-7/, Нийслэлийн боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаал, түүний хавсралт /ХХ8-9/, хөдөлмөрийн гэрээ /ХХ10-14/, сургуулийн дотоод журам /ХХ15-30/, хяналт-шинжилгээ хийсэн ажлын тайлан /ХХ32-46/, нэхэмжлэх /ХХ52/, Нийслэлийн боловсролын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаар тушаал 2 ширхэг /ХХ55, 56/, төрийн албан хаагчийн цалингийн тодорхойлолт /ХХ57/, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /ХХ58-60/, орлогын жагсаалт 2 ширхэг /ХХ86, 87/, спорт заал түрээслүүлсэн цагийн тооцооны хуулбар /ХХ88-89/
3б. Хариуцагчаас: Албан тушаалын тодорхойлолт /ХХ103-112/, улсын байцаагчийн акт 3 ширхэг /ХХ113-114, 115-116, 117-118/, улсын байцаагчийн албан шаардлага 2 ширхэг /ХХ119-120, 121-122/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э.Т******* нь хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговорт 1,571,900 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Н******* нь нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, тушаал Хөдөлмөрийн хуульд нийцсэн гэж маргасан.
4. Нэхэмжлэгч нь Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байсан нь 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /ХХ10-14/
Улмаар 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн болох нь Нийслэлийн боловсролын газрын даргын мөн өдрийн ******* дугаар тушаалаар тогтоогдсон. /ХХ8/
Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй.
5. Энэхүү ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 7.1.5-д заасныг үндэслэжээ. Улмаар тушаалын 1-д хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн байх боловч ямар зөрчил гаргасан талаар тодорхой заагаагүй. Гэвч удиртгал хэсэгт хөдөлмөрийн гэрээний 7.1.5-г үндэслэсэн байх тул хөдөлмөрийн гэрээний энэхүү заалтад заасан зөрчил гаргасан гэж үзсэн байна.
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж талууд тохиролцоогүй болох нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 123 дугаар тэмдэглэлээр тогтоогдож байна. /ХХ58-60/
Нэхэмжлэгч нь тус хороонд 2024 оны 11 дугаар сарын 20 хэдэнд гомдол гарсан гэж тайлбарласан боловч хэдний өдөр гомдол гаргаснаа нотлоогүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Гэвч дээрх тэмдэглэлд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн талаар дурдагдаагүй байх тул хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.
5.1. Хөдөлмөрийн гэрээний 7.1-д ажлаас шууд чөлөөлөх ноцтой зөрчлийн талаар зохицуулсан. Цаашлаад 7.1.5-д Төсвийн болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон, мөн орлогыг төрийн сангийн дансаар дамжуулаагүй, бэлнээр зарцуулсан, ашигласан гэсэн 2 үндэслэл заасан байна.
Боловсролын ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 30/24, 31/24, 32/24 дүгээр актаар нэхэмжлэгч нь холбогдох хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байна. /ХХ113-114, 115-116, 117-118/,
Нэхэмжлэгчид дээрх актуудыг танилцуулсан боловч энэ талаар эрх бүхий этгээдэд гомдол гаргаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Иймд хөдөлмөрийн гэрээний 7.1.5-н холбогдох хуулийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдсон байна.
5.2. Ажлын байрны тодорхойлолтын 5-д санхүүгийн үйл ажиллагааны үүргийг тодорхойлсон. /ХХ103-112/,
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчийн гаргасан орлого тушаасан жагсаалт гэх баримтаас үзэхэд орлогыг дансаар дамжуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал уг баримтаар орлогын огноог дурдсан боловч орлогыг хаана тушаасан талаар дурдаагүй ямар нэг дансны дугаар бичигдээгүй. Мөн нэхэмжлэгч нь төрийн сангаар дамжуулсан гэх тайлбараа хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй. /ХХ86, 87/
Цаашлаад орлогыг сурагчдын уралдаан тэмцээн, бооцоонд зарцуулдаг байсан гэх тайлбараас үзэхэд төрийн сангийн дансанд тушаагдаагүй, харин нэхэмжлэгч өөрийн захиран зарцуулах эрхэнд буюу бэлэн мөнгөний хэлбэрээр хадгалж, зарцуулж байсан гэж үзэхээр байна. Түүнчлэн хяналт-шинжилгээ хийсэн ажлын тайлангаас үзэхэд орлогыг зориулалтын бусаар зарцуулсан талаар дүгнэгджээ. Иймд хөдөлмөрийн гэрээний 7.1.5-д заасан орлогыг төрийн сангийн дансаар дамжуулаагүй, бэлнээр зарцуулсан гэх үндэслэл тогтоогдсон байна. /ХХ32-43/
5.3. Нэхэмжлэгч нь сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан болох нь Нийслэлийн боловсролын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр тушаалаар тогтоогдсон. /ХХ55, 56/
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй тул удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн дээрх дүгээр тушаалд гомдол гаргадаг талаар мэдээгүй гэх тайлбарын хувьд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар тухайн хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.
5.4. Ажлаас чөлөөлсөн ******* дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн мөн хуулийн 78 дугаар зүйлд заасныг үндэслээгүй гэх тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасныг заавал дурдах шаардлагагүй юм.
Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй байх тул хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Улмаар өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох шаардлага үндэслэлгүй байх тул уг шаардлагын үр дагавар болох бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Энэхүү хэрэг нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар хариуцагч Н*******т холбогдох Нийслэлийн боловсролын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговорт 1,571,900 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Э.Т*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД