2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/02662

 

 

 

 

 

 

 

 

 

                             2025         03          31

                         191/ШШ2025/02662

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, .... бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, .... байрлах, “******* ББСБ” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, .....тоотод бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ..... тоотод байрлах, А******* ХК /рд:*******/-д холбогдох,

 

265,997,512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “К******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ж.Н******* нь тодруулсан шаардлага, төлөөлөгч Б.Б******* нь шүүхэд, тэрээр болон өмгөөлөгч Б.Ц******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани өөрийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулах, холбогдох мэдээ, мэдээллийг аюулгүй, найдвартай хадгалуулах зорилгоор 2022 оны 9 дүгээр сараас эхлэн “А” ХК-тай “C үйлчилгээний гэрээ”-г байгуулан хамтран ажиллаж байсан.

Гэтэл “А” ХК нь “C үйлчилгээний гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 9, 14, 16-д тус тус заасан үүргээ биелүүлэлгүй, түүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт манай байгууллагын амин чухал мэдээлэл буюу бидний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, маркетингийн ажлын үр дүнгээр бий болсон албан ёсны бүртгэлтэй 17,224 хэрэглэгч, бидэнтэй зээлийн гэрээ байгуулж, үүрэг хүлээсэн 12,340 харилцагч, 5.124 зээлдэгч, идэвхтэй зээлийн харилцаа үүсгэсэн 3,306 зээлдэгчийн бүрэн мэдээлэл /харилцагч тус бүр дээр 90-100 төрлийн хувийн мэдээлэл бүрдсэн/, манай компани хуулийн дагуу Төрийн мэдээллийн нэгдсэн сангуудаас төлбөр төлж авсан 17,224 харилцагчийн бүрэн мэдээллүүд /Танилт, нэвтрэлтийн систем, Зээлийн мэдээллийн сан гэх мэт/, албан ёсны ухаалаг системийн тусламжтайгаар 12,340 харилцагчийн санхүүгийн чадавхад хийсэн скорингийн цуврал мэдээллүүдийг агуулсан “Үндсэн дата мэдээлэл”-ийг ямар нэгэн шалтгаангүйгээр устгаж, үгүй болгосноор манай компанид үнэлж баршгүй гарз хохирол, учруулаад зогсохгүй үүнээс үүдэн манай компанийн хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсгэж, зээлийн үйл ажиллагааны хувьд өндөр өсөлттэй явсан бидний үйл ажиллагааг 100 хувь зогсоосон.

Энэхүү хууль бус, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж, бид 1. Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүссэн, 2. Холбогдох хууль журмын дагуу тайлан мэдээллээ гаргах боломжгүй болсон, 3. Зээл олгогдсон хүмүүсээс зээлээ эргэн төлүүлж чадахгүй болсон, 4. Цахимаар бүртгэгдсэн харилцагч, зээлдэгч нарт зээл  олгох боломжгүй болсон, 5. Үр ашиггүй ажилд их хэмжээний зардал гаргах зэргээр бид болон бусад харилцагч нар хохирч байгааг энд зориуд дурдъя.

Нөхцөл байдал нэгэнт ийм хүндрэлтэй болчхоод байгааг анхаарч, бидэнд учирсан хохирол, зардлыг хэрхэн хариуцаж барагдуулах талаар бид “А” ХК-нд удаа дараа мэдэгдэл, хүсэлт, шаардлага хүргүүлж байсан боловч “А” ХК нь бүтэн 4 сар орчмын хугацаанд ямар ч хариу өгөлгүйгээр өдийг хүрсэн бөгөөд тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Гантулга болон манай компанийн гүйцэтгэх захирал Р.Наранбаатар нарын хооронд 2022.10.21-ний өдөр байгуулсан хохирол барагдуулах тохиролцооны дагуу манайд учирсан хохирлыг барагдуулах талаар огт санаачилга гаргаагүйгээр барахгүй, өөрсдийн хариуцлагагүй үйлдэлдээ уучлалт гуйхын оронд харин ч бүр биднийг өөрсдийнх нь талаарх мэдээллийг хэн нэгэнд мэдэгдвэл танайд учирсан хохирлыг огт барагдуулахгүй гэсэн утга бүхий гэрээг байгуулахыг оролдож, өөрсдийн хууль бус, буруутай үйлдлээ нууж, хариуцлагаас мултрах арга хайж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм.

Энэ нь бизнесийн байгууллагын хувьд ихээхэн бүдүүлэг, хариуцлагагүй үйлдэл болж байгаагаас гадна харин ч тухайн байгууллагын хариуцлагагүй үйлдлийн золиос болсон бид хохирлыг улам бүр нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх, хүндрэлийг даван туулах үүднээс, мөн харилцагч, зээлдэгч нарынхаа итгэлийг алдахгүйгээр үйл ажиллагаагаа найдвартай байлгахын тулд ажилтнуудаа бүрэн бүрэлдэхүүнээр нь илүү цагаар ажиллуулж, АНУ-д суралцахаар явсан байсан ажилтнаа хүртэл дуудаж ирүүлэн зардлыг нь төлсөн. Эдгээр ажилтнууд дээр нэмж 14 хүнийг хөлсөлж гэрээгээр ажиллуулсан ба тэдгээрээс 2 хүн нь одоог хүртэл ажилласаар байна.

Энэ хугацаанд “А” ХК нь үүссэн асуудлыг шийдвэрлэх бус харин ч огт хандлага гаргалгүйгээр ажилтнууд нь амарч, тоглон тоомжиргүй хандах зэргээр бүдүүлэг авирлаж, эс үйлдэхүй гаргасаар байсан.

“А” ХК-ийн энэ мэт үйлдэл, хандлага нь бидний хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээний заалтыг ноцтой зөрчиж байгаа ба гэрээний үндсэн нөхцөл нь харилцан бие биеийнхээ бизнесийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжид тавьж, хамтран ашиг олох зарчимтай байтал тухайн компанийн буруугаас болж бид ашиг олох бус харин хохирч байгаа нь шударга бус юм.

Тиймээс талууд хоорондоо үүссэн асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэж чадаагүй тул “C үйлчилгээний гэрээ”-ний 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хохирол болох 305,628,766 /гурван зуун таван сая зургаан зуун хорин найман мянга долоон зуун жаран зургаан/ төгрөгийг “А” ХК-с гаргуулж, “Кэйш Флов Финанс ББСБ” ХХК-нд олгож, энэхүү асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. /1ХХ1-3/

 

1.1.        Үндсэн зардал 232,823,771 төгрөг. Энэхүү зардалд ДАН, ЗМС, Маркетинг, интернэт, СМС үйлчилгээ, ярианы төлбөрүүд, ажилтнуудын илүү цагийн өглөг, АНУ-с дуудан ирүүлсэн зардал, хөлсөөр ажиллуулсан хүмүүсийн хөлс багтсан болно.

Алдагдсан боломж 36,195,946.36 төгрөг. Систем нурсантай холбоотой ажиллаж чадаагүй өдрүүдэд олох боломжтой байсан орлого, тухайн асуудлыг шийдвэрлэх гэж алдагдсан цаг хугацаанд хийх боломжтой байсан ажлын үнэ цэнэ. Нийт 269,019,717.36 төгрөг. /3ХХ99/

 

1.2.        Манай компани “А” ХК-тай “C үйлчилгээний гэрээ”-г байгуулан хамтран ажиллах болсон гол зорилго бол өөрийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулах, холбогдох мэдээ, мэдээллийг аюулгүй, найдвартай хадгалуулах, цахим орчинд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх явдал байсан.

Гэтэл “А” ХК нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа өөрийгөө буруугүй, бараг л манай мэдээллийг хадгалах үүрэггүй байсан мэтээр үнэнд нийцэхгүй, худал тайлбар хийж байгаа нь тухайн байгууллагыг ямар хариуцлагагүй, бусдыг хохироосон үйлдлээ хаацайлж сурсан болохыг харуулж байна. Бид энэхүү маргаантай асуудалд “А” ХК буруутай гэж үзэж байгаа ба хууль журмын дагуу ажиллаагүй, алдаа гаргасан гэж үзэж байна.

Нэгэнт “А” ХК нь өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол бид шүүхэд хандаж тэдний буруутай үйл ажиллагаанаас болж ноцтой нөхцөл байдал үүссэн, үүний улмаас манай хадгалуулж байсан мэдээлэл устсан гэдгийг тогтоолгохоор шинжээч томилуулах болно.

Уг байгууллагын буруутай, ноцтой үйл ажиллагааны улмаас ганцхан манай байгууллага бус харин өөр олон байгууллагын “А” ХК-нд хадгалуулсан мэдээлэл нь устаж хохирсон гэдгийг бид олж мэдсэн.

Тэдгээр байгууллагуудын зарим нь хохирсон асуудлаар хууль хяналтын байгууллагад хандахаар болж байгаа талаарх мэдээллийг мөн бид авсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч болон хэргийн оролцогчоор оролцуулах талаар санаачилга гаргаж болох юм.

Дээрхээс гадна “А” ХК, түүний удирдлага, хариуцсан мэргэжилтнүүдийн үйлдэл, үйл ажиллагаа нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийг болон бусад холбогдох хуулийг зөрчиж, манай мэдээллийг устгах нөхцөлийг бүрдүүлсэн тул бид хуулийн дагуу хяналт, шалгалтын эрх бүхий байгууллага болон хууль хяналтын бусад байгууллагад хандах шаардлага үүссэн гэж үзэж байна.

Энэ бүх хугацаанд “А” ХК нь бидэнд үүссэн асуудлыг шийдвэрлэх талаар санаачилга гаргаагүй бөгөөд харин бид бизнесийн зарчим, хамтын ажиллагааны хүрээнд өнөөдрийг хүртэл маргаантай асуудлыг аль болох эв зүйгээр шийдвэрлэх талаарх санал бодлоо“А” ХК-нд байнга илэрхийлж ирсэн. Одоо ч бидний энэхүү байр суурь хэвээр бөгөөд үүссэн асуудлыг эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаа.

Харин “А” ХК нь хариуцлагаас бултах биш, өөрсдийн гаргасан алдаагаа ухамсарлан ойлгож, бидэнд учирсан хохирлыг барагдуулах тал дээр идэвх санаачилга гарган ажиллаж, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр үндэсний томоохон компанийн хувьд зөв жишиг тогтоож, хариуцлагатай бизнесийн хүрээг тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна. /1ХХ62-63/

 

1.3.        Юуны өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бын зүгээс тус шүүхэд хандаж 2023.05.15-ны өдөр гаргасан “Нэмэлт тайлбар, нотлох баримт гаргах нь” гэсэн утга бүхий тайлбараар дамжуулан нэхэмжлэгч “Кэйш Флов Финанс ББСБ” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж, дайрч доромжилсон утга агуулга бүхий, гүтгэлгийн шинжтэй, хуулийн дагуу хэрэгт огт хамааралгүй, худал мэдээллийг ирүүлсэнд харамсаж байгаа ба уг тайлбарыг болон нотлох баримтыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлье.

Хариуцагч тал нь худал гүжирдлэг, хууль бус үйл ажиллагаандаа төрийн байгууллагын журмын хэрэгжилтийн явцын тухай албан бичгийн ойлголтыг мушгин тайлбарлах зорилгоор СЗХ-ноос албан бичиг авч ашиглаж байгаад гайхаж байна.

Манай байгууллага хуулийн дагуу байгуулагдаж, холбогдох дүрэм, журмын дагуу тусгай зөвшөөрлөө авч, хуульд заасан боломжоо эдэлж зээл олгох үндсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба харилцагчдынхаа мэдээллийг хадгалах үүргээ биелүүлж, Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын сертификат авч, кибэр аюулгүй байдлын аудит хийлгэж, мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд засгийн газрын тогтоолоор онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй жагсаалтад орсон “А” ХК-нд хандаж, хэрэглэгчдийн чухал мэдээллүүдийг хадгалуулсан боловч тэд түүнийг устгачхаад одоо болохоор ийм хариуцлагагүй тайлбар хийгээд байж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй юм.

А.Б нь хариуцагч “А” ХК-ийн захирал Ч.Мөнхжаргалын 2023.04.13-ны өдрийн итгэмжлэлээр тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Еыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргаснаар тэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбарын 6-д ... Бид энэ нөхцөл байдлыг Санхүүгийн зохицуулах хороо /цаашид СЗХ гэх/-ноос тодруулж хандахад бидэнд бичгээр хариу ирсэн  гээд СЗХ-ны 2023.5.10-ны өдрийн “Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай” 7/1937 дугаартай албан бичгийг дурдсан байна. Гэтэл хуулиараа өмгөөллийн хуулийн этгээд нь төрийн эрх бүхий байгууллагаас өөрийн хүсэлтээр ийм төрлийн бичиг авах эрхгүй юм.

1.               Өмгөөллийн “Х” ХХН нь Санхүүгийн зохицуулах хороонд хандаж тэдний хүсэлтэд ийнхүү хариу ирүүлсэн байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон ба энэ нь ИХШХШТХ-ийн 38.5-д зааснаар СЗХ-ны албан бичиг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, түүний өмгөөлөгч П.Е нарын хувьд мөн холбогдох хууль, өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм, журмыг ноцтой зөрчсөн байна.

Тухайлбал: ИХШХШТХ-ийн 36.1-д Төлөөлөгч төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна", 38 дугаар зүйлийн 38.4-д “Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно ", Өмгөөллийн тухай хуулийн 14.1.5-дхэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх” 14.1.9-д “үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах” гэж тус тус заасан хуулийн заалтыг илтэд зөрчсөн ноцтой үйлдэл, үйл ажиллагаа явуулсан байна.

Тэдгээрийн энэхүү хууль бус үйлдэл, үйл ажиллагааны талаар Өмгөөлөгчдийн холбоо болон бусад мэргэжлийн байгууллагад хандах үндэслэл нэгэнт бүрдээд байгааг хариуцагч тал анхааралдаа авна уу.

Тиймээс ИХШХШТХ-ийн 25.1.3-д зааснаар СЗХ-ны 2023.5.10-ны өдрийн “Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай” 7/1937 дугаартай албан бичгийг нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байгаа болно.

2.               Манай компани анх 2022 онд орон нутагт буюу Дархан-Уул аймагт үүсгэн байгуулагдаж, улмаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлд заасан болон Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 160 дугаар тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг тус тус бүрэн хангасан тул СЗХ-нд хандаж, 2022 оны 12 дугаар сард танилцуулга хийх хүсэлтээ өгсөн.

СЗХ-ноос 2023 оны 05 сарын 01-нд Цахим зөвлөлийн хурлаар манай байгууллагын танилцуулгыг хийлгэсэн.

Үүний дараа СЗХ-ноос 2023.05.08-ны өдөр 7/1873 тоот албан бичгээр биднийг журмын дагуу нийт 5 шаардлагаас 2023 оны 01 сарын 25-ны өдрийн өөрчлөлтөөр нэмж оруулсан 1 шаардлагыг хангаж материалаа ирүүлснээр бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ гэж хариу өгсөн билээ.

Энэ нь ямар учиртай вэ гэвэл Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 160 дугаар тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлд сүүлд 2023 оны 01 сарын 25-ны өдөр өөрчлөлт оруулсан байх бөгөөд үүнийг үндэслэн банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг өсгөх шаардлага тавигдаж байна гэж бид үзэж байгаа ба бид СЗХ-ны албан бичгийн дагуу дүрмийн сангаа бүрдүүлэхээр ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 50 гаран финтек компани ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эдгээрээс 9 финтек компани СЗХ-нд  бүртгүүлсэн ба бусад компаниуд журмын шинэчлэлтийг хангах ажлын явцтай байгаа.

Дээрхээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбарт манай байгууллагыг зээлийн гэрээгээ бичгээр байгуулаагүй, зээлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, холбогдох журмын шаардлагыг хангаагүй, үйл ажиллагаа явуулах эрхгүй, бараг л хэрэглэгчдийнхээ мэдээллийг өөрөө устгасан гэх зэргээр гүтгэн гүжирдэж, бидний ажлыг дүгнэж дураараа аашлаад зогсохгүй бидэнд учирсан хохирлыг хариуцан барагдуулахаас санаатайгаар зайлсхийж байгаа юм байна гэж ойлголоо.

Ийнхүү хариуцагч тал нь ИХШХШТХ-ийн 25.2-т заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг илтэд зөрчиж, манай байгууллагыг хууль зөрчсөн гэж худал мэдээлэл, гүтгэх арга ашиглаж, хуулийг илт буруу тайлбарлаж, ИХШХШТХ-ийн 5.3-т зааснаар зориуд шүүхэд нөлөөлөх оролдлого хийж байна гэж үзэхэд хүргэж байгаа тул энэхүү хариуцагчийн гаргасан тайлбар нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй, бодит байдалд үл нийцэх, хуульчийн мэдлэг дутагдсан болов уу гэмээр ядмаг, хариуцлагаас зугтсан шинжтэй тайлбар байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. /1ХХ185-187/

 

1.4.        Нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчтай гэрээ байгуулж хамтарч ажилласан. Гэрээний 9.1-д зөрчсөнөөс үүссэн хохирол болох багасгасан 269,019,717 төгрөг гаргуулна.

Зохигч 2022 оны 9 сараас эхлэн гэрээ байгуулж хамтарч ажилласан. Гэрээний агуулга нь нэхэмжлэгч цахим зээл олгох үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагаатай холбоотойгоор бүх мэдээллийг хариуцагчийн сервер дээр хадгалуулсан. Гэрээний 4-н 9, 14, 16 мөн 2-4-т заасан үүргээ биелүүлээгүй. Энэхүү буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж манай байгууллагын мэдээлэл, бүх ажлын үр дүнд бий бүх мэдээлэл болох хэрэглэгч, зээлийн харилцагч, идэвхтэй зээлдэгч нарын бүрэн мэдээллүүд бүрэн устсан. 90-100 төрлийн мэдээлэл бүрэн устгасан. Бид төрийн мэдээллээс тодорхой мэдээлэл төлбөр төлж авдаг. Хариуцагч нь үндсэн мэдээллийг устгачхаад гаргасан зээлтэй холбоотойгоор эргэж холбогдох боломжгүй болсон. Улмаар бид зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх, цаашлаад тайлангаа эрх бүхий г гаргах, зээлээ буцаан авч чадахгүй болсон. Мөн цахимаар бүртгэгдсэн хэрэглэгч нарт зээл олгох боломжгүй болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Бид өмнөх ажлаа дахин хийж хохирол учрах болсон. Үүний дагуу хариуцагчид мэдээллээ сэргээж өгөхийг удаа дараа шаардсан. Энэ талаар харилцаж байсан талаар үзлэгээр тогтоосон. Хариуцагч нь уучлалт гуйж мэдээллийг сэргээж өгөх талаар хэлж байсан. Үүнээс гадна уулзаж хохирол барагдуулах талаар тохиролцоо хийсэн. Гэвч буруугаа хүлээхгүй байгаа юм. Энэ нь хариуцлагагүй үйлдэл юм. Энэ асуудлыг манай уруу танайх мэдээллээ устгасан гэж хэлдэг. Мөн бид АНУ-д суралцаж байсан хүнээ дуудаж зардал гарсан. Цаашлаад бид 14 хүнийг нэмж ажиллуулсан. Аль аль нь бизнесийн ашиг сонирхол байдаг. Гэтэл нэгнийхээ ашиг сонирхлыг үл хүндэтгэж мэдээлэл хадгалах чиг үүрэг бүхий компани маань нөгөө компанийн мэдээллийг устгасан нь маш хариуцлагагүй асуудал юм. Цаашдаа буруу жишиг тогтоох буруутай үйл ажиллагаа явуулсан.

Хариуцагч нь мэдээллийн аюулгүй байдлыг өөрсдөө хангах ёстой гэдэг. Гэтэл бид онц чухал мэдээлэл хадгалах эрхтэй этгээдэд гэрээний дагуу хадгалуулсан. Гэтэл хариуцагч нь мэдээлэл хадгалах үүргээ биелүүлээгүй. Мэйлээр буруугаа хүлээчихсэн байдаг. Хариу тайлбартаа буруугаа хүлээсэн байдаг. Технологийн шинэчлэл хийж байгаад устгасан талаар тайлбарласан байдаг. Мэдээлэл хадгалаад төлбөр авч байсан байдаг. Нөөцлөх үйлчилгээ нь нэмэлт төлбөртэй үйлчилгээ тул заавал авах үүрэггүй. Хариуцагч нь гол үндсэн үүргээ биелүүлээгүй юм. Шинжээчийн дүгнэлтээр серверийн хугацаа дууссан байдаг. Чек пойнт гээд компани нь мэдээлэл сэргээх боломжгүй гэдэг боловч манай зөвшөөрөлгүй хийсэн. Мөн бид өөрсдөө устгасан байх боломжгүй. Иргэний хуульд цахимаар гэрээ байгуулж болохоор заасан байдаг. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

17 мянган хэрэглэгчийн мэдээллийг дахин бүрдүүлэхэд гарсан зардал нь 70,979,731 төгрөг юм. Алдагдсан боломж буюу хэрэглэгчийн эрсдэлийг дахин үнэлэхэд гарсан зардал 14,195,946 төгрөг, зээлдэгч нартай холбоо барьж төлүүлдэг тул зээлийг буцаан төлүүлж чадаагүй эргэж холбогдох боломжгүй болсон 93,696,111 төгрөг, мэдээлэл алдаатай буруу болоод хүү, шимтгэлийн орлого авах боломжгүй болж 25,117,455 төгрөг, үйл ажиллагаа зогссон тул зээлдэгч нарт мэдээлэл өгөх боломжгүй болж зээл олгож байсан бол олох байсан орлого 22,000,000 төгрөг, манай ажилтан АНУ уруу явсан зардал 27,362,734 төгрөг, шинээр 14 ажилтан ажиллуулсан 12,645,535 төгрөг, маркетингийн зардал буюу нэмэлт зардал гаргаж хэрэглэгчтэй холбогдсон зардал 30,000,000 төгрөг шаардана. Үүнээс маркетингийн 30 сая нь дээрх 70 саяд орж байгаа юм. Нийт 265,997,512 төгрөг шаардана.

Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй байж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь учир дутагдалтай. Гэрээг үгийн шууд утгаар тайлбарлана. Манай мэдээллийг хамгаалж хадгалах үүрэгтэй байсан.

Маргаж буй гэрээг 2023 онд байгуулсан, гэтэл маргаж байгаа асуудал 2022 онд болсон байдаг юм. Нэвтрэх нэр нууц үг манайд байсан бөгөөд аппликейшнтэй холбоотой биш тэрэнд байсан баазтай холбоотой маргаан юм. Хариуцагч мэдээллийг устгасан. Сервертээ шинжлэл хийх явцад устгачихсан гэдэг. СЗХ-ны цахим зөвлөлд хандаад хүсэлтээ өгчихсөн байсан. Энгийн зөвшөөрөл юм.

 

1.5.        Талуудын хооронд гэрээ байгуулагдсан талаар маргаагүй. Гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор хохирол учирсан гэж шаардаж байгаа юм. Сервер устсан гэм бурууг ярих ёстой. Хариуцагч нь манай серверийг ашиглавал найдвартай гэсний дагуу итгэж гэрээ байгуулсан. Гэтэл хадгалуулсан мэдээлэл байхгүй болсон. Гэтэл бид шинэчлэл хийж байхад мэдээлэл устсан талаар тайлбар дээрээ бичсэн. Энэ талаар цахим шуудан бичсэн байдаг бөгөөд энэ талаар уучлалт хүсэж засварлах талаар хэлсэн байдаг. Ингээд нэхэмжлэгчийн үйл ажиллагаа зогссон. Мэдээллийн нууцлал алдагдлаа гэж нэхэмжлэл гаргаагүй. Хэн нэгний халдлагад өртөөгүй. Нөөцлөх гэдэг нь хэрэглэгч мэдээлэл алдсан тохиолдолд сэргээх асуудал юм. Хариуцагч мөн адил нөөц сервер ажиллуулаагүй байсан. СЗХ тайланг нь хүлээн аваад байгаа тул зөвшөөрөлтэй холбоотой маргаагүй гэж үзэж байгаа юм. Хохиролтой холбоотой баримтаа гаргаж өгсөн тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.            Хариуцагч “Ай түүлс” ХХК болон түүний төлөөлөгч А.Б нь шүүхэд, төлөөгч Ц.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Кэйш Флов Финанс ББСБ” компаниас танай шүүхэд гаргасан “305,628,766 төгрөгийн хохирол гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан энэхүү Хариу тайлбарыг гаргаж байна.

Манай компани нь 2011 онд үүсгэн байгуулагдсан, мэдээлэл технологи, компьютер программчилал, зөвлөгөө болон тэдгээрт холбогдох бусад үйл ажиллагаа явуулах чиглэл бүхий үндэсний, олон нийтийн хөрөнгө оруулалт бүхий хувьцаат компани юм. Бид иймдээ ч нийгмийн хариуцлага, бизнесийн ёс зүйг чанд ухамсарлаж, баримтлан, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Нэхэмжлэгч компанийн хувьд Клауд сервер үйлчилгээний гэрээг цахимаар байгуулж, үйлчилгээ авч байсан. Гэрээний цаасан хувилбар бүхий санал, загварыг авч явсан боловч баталгаажуулж өгөөгүй буюу бичгээр гэрээ байгуулаагүй байна. Нэхэмжлэгч компанийн хувьд тус гэрээ, үйлчилгээний явцад хохирол учирсан хэмээн дээрх төлбөрийг нэхэмжилж байгаа боловч бид дараах нөхцөл байдал, шалтгаануудын улмаас тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, барагдуулах боломжгүй, үндэслэлгүй байгаа болно.

1.  Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай компанийг C үйлчилгээний гэрээний (Цаашид “Гэрээ” гэх) 4.9, 4.14, 4.16 дахь заалтуудыг зөрчсөн бөгөөд түүний улмаас хохирол учирсан хэмээн тайлбарласан байна. Гэвч Гэрээний тус заалтуудыг зөрчөөгүй, тийнхүү буруутай үйл ажиллагаа гаргаагүй юм. Тодруулбал, Гэрээний 4.16 дахь заалт нь технологийн шинэчлэл, өөрчлөлт хийх эрхтэй бөгөөд үйлчилгээ түр зогсох бол хэрэглэгчдэд 3 хоногийн өмнө урьдчилан цахим хаягаар мэдэгдэх тухай, 4.14 дэх заалт нь хэрэглэгч өөрийн үүсгэсэн клауд серверийг системээс бүрэн хянах боломжтой байх тухай, 4.9 дэх заалт нь Нийлүүлэгчийн зүгээс серверийн CPU, RAM-ны найдвартай ажиллагаа, Дискний багтаамж, сүлжээний найдвартай холболтыг хариуцах тухай тус тус заасан байна. Нэхэмжлэгч нь манай компанийн буруутай үйл ажиллагаа улмаас мэдээллүүд устаж, хохирол учирсан гэх боловч үүнд манай компани буруутай болохыг тогтоогдсон зүйл байхгүй. Гэрээний дээрх заалтууд зөрчигдсөн болохыг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шийдвэр гараагүй байдаг. Бид урьдчилсан байдлаар үүссэн асуудлыг системийн шинэчлэл хийгдэх явцад технологийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэх дүгнэлтийг хийгээд байгаа. Энэ талаар ч компанийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Мэдээлэл хүсэх тухай’’ 36 дугаартай албан бичиг болон Үйлчлүүлэгч компанитай хийсэн уулзалтаар хэлж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, бидний зүгээс манай компани Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, компанийн буруутай үйл ажиллагаа байсан гэж үзэхгүй байна.

2.  Гэрээний 2.8 дахь заалтад Нөөцлөлт (bаскир) гэж хэрэглэгч өөрийн үүсгэн ашиглаж буй кпауд виртуал серверийн дискийн мэдээллийг нэг долоо хоногт нэг удаа буюу сүүлийн 4н долоо хоног төлбөртэй хадгалах үйлчилгээг хэлнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч компанийн хувьд биднээс энэхүү Нөөцлөлтийн үйлчилгээг аваагүй байсан. Манай үйлчилгээ нь дараа төлбөрт үйлчилгээ бөгөөд үйлчлүүлэгч нь хэрэглэснийхээ дараа төлбөрөө төлдөг. Нэхэмжлэгч нь 2022 оны 6-р сараас хойш манай үйлчилгээг ашиглаж эхэлсэн ба сард ойролцоогоор 240,000 төгрөгийн нэг виртуал сервер ашигладаг байсан ба хэрэв нөөцлөлтийн үйлчилгээ авсан бол ойролцоогоор 300,000 төгрөг төлөхөөр байсан. Иймд бид нэхэмжлэгчийн мэдээллүүдийн хувьд мэдээллийн Нөөцлөлтийн үйлчилгээ үзүүлэх үүрэг үүсээгүй байсан. Энэ нөхцөлд үйлчлүүлэгч нь үүсэж болох Эрсдэлийг өөрөө хариуцах талаар Гэрээний 5.13 дахь хэсэгт заасан. Тодруулбал, 5.13-т “Хэрэглэгч нь нийлүүлэгч талаас санал болгосон нөөцлөх үйлчилгээг ашиглаагүй тохиолдолд өөрийн сервер доторх мэдээллийн аюулгүй байдал, гаднын халдлагаас үүсэн гарах эрсдэлийг өөрөө хариуцна’’ гэж заасан. Мөн Гэрээний 5.10-т “Хэрэглэгч нь өөрийн үүсгэсэн клауд виртуал серверийн дотоод үйл ажиллагаа. ... нөөцлөлт. мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудлыг бүрэн хариуцаж, засварлах үүрэгтэй” гэж заасан. Гэрээний эдгээр заалтуудын дагуу Хэрэглэгч буюу нэхэмжлэгч нь өөрийн үүсгэсэн мэдээллийг нөөцлөн хадгалах, аюулгүй байдлыг өөрөө хариуцаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, дан ганц клауд байдлаар хадгалах бус Хэрэглэгч өөрөө нөөцөлж хадгалах үүрэгтэй байсан юм. Хэрэв Хэрэглэгч өөрийн мэдээллийг нөөцөлж хадгалж байсан бол мэдээлэл бүрэн устахгүй, дахин татаж авах, ашиглах боломжтой байх билээ. Иймд Хэрэглэгч Гэрээгээр хүлээсэн энэ үүргээ хэрэгжүүлсэн, биелүүлсэн бол мэдээлэл устах, алга болох гэх эрсдэл, хохирол гарахгүй юм.

3.  Нэхэмжлэгч компанийн зүгээс шүүхэд хандахаас өмнө биднээс хохирол барагдуулах шаардаж байсан. Ингэхдээ 322,540,800.00 төгрөгийн хохирол учирсан хэмээн тайлбарлаж байсан. Тодруулбал, “Системийн гэмтлээс үүдэлтэй учирсан хохирол" гэх тооцооллыг бидэнд ирүүлж байсан бөгөөд тус бичигт нийт 322,540,800.00 төгрөгийн хохирол учирсан гэж тусгасан. Бидний зүгээс манай компани алдаа гаргасан, буруутай үйл ажиллагаа байгаа эсэхээс үл хамааран Үйлчлүүлэгч компаниа хүндэтгэж, тухайн хохирлыг нотлох баримтуудаа бидэнд гаргаж өгөх, тайлбарлахыг хүссэн. Гэвч нэхэмжлэгч компанийн зүгээс бидэнд тэдгээр хохирлыг харуулах, нотлохтой холбогдолтой нэг ч баримт бичиг гаргаж өгөөгүй. Иймд бидний зүгээс тус компанид ямар нэгэн төлбөр төлөх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, тус компанид үнэхээр хохирол учирсан эсэхийг бид мэдэхгүй, мэдэх боломжийг тус компани бүрдүүлээгүй болно. Одоо шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тус дүнгээр өөр байдлаар буюу 17 сая төгрөгийн зөрүүтэй дүн нэхэмжилж байна. Иймд бид эдгээр тооцоонуудын аль нэгийг нь бодит, үнэн зөв гэж үзэх, дүгнэлт хийх боломжгүй байна.

4.  Нэхэмжлэгч компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан зүйлс нь бодит байдалд нийцэхгүй байх тул бид нөхцөл байдлыг шүүхэд зөв ойлгуулж, тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Бид үүссэн энэ үл ойлголцол, маргааныг шийдвэрлэхийг хүсэж, Үйлчлүүлэгч компанид Эвлэрлийн харилцааг зохицуулах гэрээний төслийг хүргүүлсэн. Тус гэрээний 1.1-т заасан ёсоор талуудын хооронд үүссэн маргаантай, үл ойлголцол бүхий асуудал, нөхцөл байдлыг талууд эвийн журмаар, хэлэлцээр хийж зохицуулах үүднээс тус гэрээг боловсруулсан билээ. Үйлчлүүлэгч компани тус гэрээний төслийг цахим шуудангаар авч, танилцсаны үндсэн дээр манай компанийн оффист компанийн хуульчийн хамт ирж Гэрээний талаар уулзалт хийсэн. Уулзалтаар Эвлэрлийн харилцааг зохицуулах гэрээний төслийг эцэслэн тохирч, гэрээг хоёр хувь хэвлэж, манай компаниас албажуулаад аваад явсан. Тэдний зүгээс “бид ирэх 1 дэх өдөр гэрээг албажуулаад өгнө. Одоо Эвлэрлийн харилцааг зохицуулах гэрээний дагуу ажиллах болно" гэж хэлээд явсан байна. Гэвч Гэрээний нэг хувийг бидэнд өгөөгүй бөгөөд тус гэрээний дагуу огт ажиллаагүй, хохирол учирсан гэх нөхцөл байдлыг нотлох, харуулахтай холбоотой нэг ч баримтыг бидэнд өгөөгүй. Иймд бидний зүгээс үйлчлүүлэгчийн асуудал, нөхцөл байдлыг шүүхээс өмнө шийдвэрлэх ямар ч бололцоо, боломж байсангүй. Үйлчлүүлэгчийн эдгээр үйлдлүүд нь, Гэрээний 7.1 -т “Санал зөрөлдөө, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд ... шүүхээр шийдвэрлүүлнэ” гэх урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн хэрэг болж байна.  

Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Эвлэрлийн харилцааг зохицуулах гэрээний талаар дурдсан байх боловч өөрсдийн авч явсан тус Гэрээний хувийг шүүхэд нотлох баримтаар өгөөгүй байна. Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд дунд тус гэрээний мэдээлэл байхгүй тул ийнхүү ойлголоо.

5.  Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүнээс өмнө ч биднээс нэхэмжилж буй төлбөрийн нарийн задаргаа, хохирол учирсныг нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй. Манай компанийн зүгээс өөрсдийн үйлчлүүлэгчдийн мэдээлэл хадгалж буй виртуал серверт нэвтрэх, мэдээллүүдтэй танилцах нь хуулиар зөвшөөрөгдөөгүй бөгөөд боломжгүй байдаг. Иймд бид нэхэмжлэгчийн зүгээс ямар мэдээлэл хадгалж байсан, тус мэдээллүүд нь устсан эсэх, ямар хэмжээнд устсан эсэхийг мэдэх боломжгүй. Манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Нэхэмжлэлд хавсаргасан баримтуудтай нь танилцахыг хүссэн боловч шүүгчийн туслах танилцуулаагүй, “одоо танилцах боломжгүй" гэх хариуг өгсөн байна. Иймд бид нэхэмжилж буй хохирол бодитой эсэх талаар тодорхой тайлбар хэлэх боломжгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ устсан гэх мэдээллүүд, тэдгээртэй холбоотой зардлуудыг ерөнхий байдлаар дурдсан байх боловч бид тус нөхцөл байдлыг үнэн зөв, бодитой эсэхийг мэдэхгүй. Иймд тухайн нөхцөл байдлыг нотлоход хамаарах баримтуудыг үзэж танилцсаны үндсэн дээр тайлбар гаргах боломжтой байна. Нэхэмжилж буй дүн нь хэрхэн, ямар тооцоо, баримтад тулгуурлаж гарсан талаар нэхэмжлэлдээ огт тайлбарлаагүй, шүүхээс бидэнд баримт танилцуулаагүй байгаа нь ийнхүү нөхцөл байдалд хүргэж байгааг ойлгоно уу.

6.  Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гэж бид ойлгож байна. Хэрэв тийм бол Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооноос батлан гаргасан Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмуудын хүрээнд Зээлийн гэрээг бичгээр байгуулах, холбогдох Зээлийн гэрээ, баримтуудыг бичгээр хадгалах нь Нэхэмжлэгчийн үүрэг билээ. Тухайлбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.2-т Зээлийн хувийн хэрэг бүрдүүлэх тухай, Иргэний хуулийн 282.3-т “... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч хуулиар хүлээж буй тус үүргээ хэрэгжүүлсэн бол тус компанид ямар ч хохирол учрахгүй билээ. Иймд хэрэв нэхэмжпэгч компанийн мэдээллүүд бүрэн устсан, үүний улмаас хохирол учирсан бол нэхэмжлэгч компани хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байх юм.

Дээрхээс дүгнэхэд, учирсан гэх хохиролд манай компанийн буруутай үйл ажиллагаа байхгүй буюу нотлогдсон зүйлгүй; нэхэмжлэгч компанийн Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, зээлдэгчийн хувийн хэргийг бүрдүүлээгүй, Нөөцлөлт хийгээгүй зэрэг буруутай үйл ажиллагааны улмаас тухайн нөхцөл байдал үүссэн; учирсан хохирол гэх мөнгөн дүнг ямар тооцоо, баримтыг үндэслэж гаргасан нь тодорхой бус буюу нотлогдоогүй; тухайн нөхцөл байдлыг Эвлэрэл, харилцан тохиролцох журмаар шийдвэрлэх талаар бидний Хүсэлтийг хүлээн аваагүй, Гэрээний үүргийг зөрчсөн зэрэг нөхцөл байдлуудтай холбоотой нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. /1ХХ59-61/

 

2.1.        “Кэйш Флов Финанс ББСБ” компанийн нэхэмжлэлтэй, “Ай түүлс” ХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023.3.24-ний өдөр шүүхэд гаргасан “нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд хариуцагчийн хөрөнгө буюу мөнгийг битүүмжлүүлэх” Хүсэлттэй холбогдуулан энэхүү Тайлбарыг гаргаж байна.

1.   Хариуцагч “Ай түүлс” ХК-ийн хөрөнгө, мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх шаардлагагүй болох тухай:

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нөхцөлд хариуцагч “Ай түүлс” ХК нь тус төлбөрийг төлөх хангалттай хөрөнгөтэй юм. Тодруулбал, “Сэрэлт Дөл Аудит” ХХК-ийн Хараат бус Аудиторын Тайлангийн 7 дугаар нүүр, Санхүүгийн байдлын тайлан хэсэгт тусгагдсанаар “Ай түүлс” ХК-ийн өөрийн хөрөнгийн (эздийн өмч) дүн нь 3,774,437,900 (гурван тэрбум долоон зуун далан дөрвөн сая дөрвөн зуун гучин долоон мянга есөн зуу) төгрөг, нийт хөрөнгө нь 5,035,663,400 (таван тэрбум гучин таван сая зургаан зуун жаран гурван мянга дөрвөн зуу) төгрөг байгаа болно. Мөн Тайлангийн 8 дахь нүүр, Орлогын дэлгэрэнгүй тайлан хэсэгт тусгагдсанаар компанийн 2022 оны татварын дараах ашиг нь 270,550,600 (хоёр зуун далан сая таван зуун тавин сая зургаан зуу) төгрөг байна. Эндээс харахад нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дүн нь хариуцагч компанийн нийт хөрөнгийн 6%, өөрийн хөрөнгийн 8%, нэг жилийн цэвэр ашгийн дүнтэй ойролцоо хэмжээтэй төлбөр болох нь харагдана. Дээрх санхүүгийн дүнгүүд нь хараат бус Аудитын компаниас баталгаажсан, Монголын Хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хуудасны “Ай түүлс” ХК-ийн мэдээлэл бүхий хэсэгт орсон буюу нийтэд илэрхий, эргэлзээгүй баримт болно. Нэгэнт хариуцагч компанийн хөрөнгийн байдал сайн, шүүхээс гарах шийдвэрийг биелүүлэх санхүүгийн боломжтой байх тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж байна.

2.   “Ай түүлс” ХК-ийн хөрөнгө битүүмжлэх шаардлагатай гэж үзвэл битүүмжлэх хөрөнгө санал болгох тухай:

Хэрэв “Ай түүлс” ХК-ийн хөрөнгийг битүүмжлэх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тус компанийн эзэмших эрх бүхий г эсвэл өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх боломжтой юм. Тус компани нь дараах г, үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж, эзэмшдэг билээ. Үүнд;

1.   Аймгийн Засаг даргын 2021.6.08-ны өдрийн А/171 дугаартай Захирамж, 2021.6.17-ны өдрийн Г эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж буй Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-баг, Үйлдвэрчний 6 гудамж, 602 хаягт байрлах Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалт бүхий 4,300 м.кв г эзэмших эрх;

2.   Дээрх гт байрлалтай 1,382 м.кв талбайтай Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг болно.

Дээр дурдсан г, г дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “Ай түүлс” ХК нь 2021 онд “Ай Си Ти групп” компаниас шилжүүлэн авсан байна. Ийнхүү шилжүүлж авахын өмнө “Ай Си Ти групп” компани нь дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” компаниар Үнэлгээ хийлгэсэн аж. Ингэхдээ “Ашид Билгүүн” компанийн 2021.01,20-ны өдрийн Үнэлгээний тайлангийн дагуу тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ нь 1,595,058,544 (нэг тэрбум таван зуун ерэн таван сая тавин найман мянга таван зуун дөчин дөрөв) гарсан байна. Энэ талаар Үнэлгээний тайлангийн холбогдох хэсгүүдийг ногоон өнгөөр тодруулсан болно. Үнэлгээний тайлангийн 6 дахь тал, “5.3. Үнэлгээний нэгдсэн дүн хэсгээс харвал газрын эрх нь 188 сая, барилга нь өртгийн аргаар 1.1 тэрбум, трансформатор нь 231 сая төгрөгөөр үнэлэгдсэн болохыг харж болно. Иймд хариуцагчийн хөрөнгийг битүүмжлэх зайлшгүй шаардлагатай бол зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхэд хангалттай юм. Дээр дурдсан г, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь өнөөдрийн байдлаар хариуцагч компанийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй, ямар нэгэн байдлаар бусдад барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй болно.

Хөрөнгө битүүмжлэх тухай шүүгчийн Захирамжид хариуцагч компанийн хөрөнгийг нэрлэн заагаагүй нөхцөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас компанийн хөрөнгийг бүхэлд нь битүүмжилдэг, ингэснээр компанийн үйл ажиллагаанд саад учирдаг билээ. Иймд хариуцагчийн хөрөнгө битүүмжлэх бол Захирамжид дээр дурдсан хөрөнгийг битүүмжлэх тухай тусгайлан зааж өгөхийг хүсье.

3.   Компанийн хувьцаа эзэмшдэг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэх тухай:

Хариуцагч “Ай түүлс” ХК нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй хувьцаат компани билээ. Иймд Хөрөнгийн биржээр дамжуулан тус компанийн хувьцааг хэн ч эзэмшиж болдог. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэл хөтлөх чиг үүрэг бүхий Үнэт цаасны төвлөрсөн тооцоот хадгаламжийн төвөөс авсан мэдээгээр 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар тус компанийн хувьцааг 2291 иргэн, хуулийн этгээд эзэмшиж байна. Энэ талаар баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн болно. Мөн Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хуудасны “Үнэт цаасны арилжаа - Өнөөдрийн арилжаа” хэсэгт Ай түүлс ХК эсвэл ITLS гэж бичиж хайж, “Ерөнхий мэдээлэл - Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид” хэсгээс харж болно. Тодруулбал, тус хэсэгт “Ай түүлс” компанийн 39.82 хувийг “Ай Си Ти Групп” ХХК, 13.49 хувийг “AFC Umbrella Fund – AFC Asia Frontier” сан, 10.38 хувийг “Стандарт Инвестмент” Үнэт цаасны компани эзэмшиж буйг харж болно. Эдгээр гурван компани нийт хувьцааны 63.7 хувийг эзэмшиж буй бөгөөд үлдэх 26.3 хувийг иргэд, олон нийт эзэмшиж байна. Энэ нөхцөлд тус компанийн хөрөнгө, мөнгийг битүүмжилснээр гагцхүү компанийн бус түүний олон мянган хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирох эрсдэлтэй билээ. Иймд нэхэмжлэгчийн Хүсэлтийг шийдвэрлэхдээ энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсье.

Энэхүү Тайлбарт дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн Үнэлгээний тайлан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Г эзэмших гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан Хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. /1ХХ85-87/

 

2.2.        “Кэйш Флов Финанс ББСБ” компанийн нэхэмжлэлтэй, “А*******” ХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б би энэхүү Нэмэлт тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч “А*******” ХК-ийн шүүхэд гаргасан 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Хариу тайлбарын 6 дахь хэсэгт нэхэмжлэгч нь “Зээлийн гэрээг бичгээр байгуулах, холбогдох баримтуудыг бичгээр хадгалах” тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд энэ нь хохирол учрахад хүргэсэн тухай тайлбар гаргаж байсан билээ. Энэ удаад тус Тайлбарыг тодруулж, ийнхүү Нэмэлт тайлбар, нотлох баримт гаргаж өгч байна.

Нэхэмжлэгч компани нь Зээлийн гэрээг бичгээр байгуулах тухай хууль тогтоомжийн шаардлагыг зөрчиж байсан тухай:

1.    Иргэний хуулийн 451 дүгээр зүйлээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцааг зохицуулсан. Ингэхдээ тус хуулийн 451,2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ" гэж заасан. Хуулийн тус шаардлагын дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагатай юм.

2.    Иргэний хуулийн 421.1-т “Хуульд ... бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно” гэж заасан. Гэвч мөн хуулийн 421,2-т “... цахим хэлбэрээр хийх хэлцэл нь ... тоон гарын үсэг зурснаар эсхүл цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан. Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.3, 4.1,10-т тоон гарын үсэг болон цахим гарын үсэг гэж юу болохыг тус тус заасан. Мөн хуулийн 6.2- т тоон гарын үсэг нь ямар шаардлага хангасан байх шаардлагатай талаар заасан. Гэвч нэхэмжлэгч компани нь “Зээлийн гэрээг цахимаар байгуулж байсан” гэх боловч тоон гарын үсэг, цахим гарын үсгээр баталгаажуулдаггүй байсан байна. Одоо ч тус компанийн Зээлийн аппликэйшн-д нэвтэрч, хэрэглэж үзэхэд тус шаардлагуудыг хангуулахгүй явж байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуульд заасан шаардлага хангасан цахим хэлцлийг байгуулахгүй явж иржээ.

3.    Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.10-т “...   гэж заасан. Хуулийн тус заалтын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 160 дугаартай Тогтоолоор Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журмыг баталсан. Тус журмын 1,1-т “Энэхүү журмын зорилго нь банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, дэвшилтэт технологи ашиглан цахимаар зээлийн үйлчилгээ үзүүлэхэд тавигдах шаардлага ... холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Үүний дагуу ББСБ-ын цахим зээлийн үйл ажиллагаа нь тус журмаар нарийвчлагдан зохицуулагдаж байгаа билээ.

4.    Журмын 3.11-т “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зээлдэгчид дараах шаардлагыг тавихгүй гэж, 3.11.8-д “Хороонд бүртгэгдээгүй финтек зээлийн бүтээгдэхүүн гаргах” гэж заасан. Мөн журмын 4.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дэвшилтэт технологийн шийдэл ашиглан цахимаар (цаашид “Финтек” гэх) зээлийн бүтээгдэхүүн гаргах тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлнэ” гэж, 5.10-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шинэ программ хангамж ашиглан финтек зээл гаргах бүрд Хороонд бүртгүүлнэ” гэж тус тус заасан. Журмын тус шаардлагуудын дагуу нэхэмжлэгч нь Зээлийн гэрээг цахимаар байгуулах бол энэ талаар Хороонд мэдэгдэж, холбогдох шаардлагуудыг хангасан болохоо нотлох баримтуудаа хүргүүлж, нотолсны үндсэн дээр финтек буюу цахим зээлийн үйлчилгээг явуулах үүрэгтэй билээ. Тодруулбал, Журмын 5.2, 5.4, 5.5, 5.6 дахь заалтуудад тус тус зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Журамд заасан шаардлагуудыг хангаж буй болохоо нотолж, энэ талаар танилцуулга хийх бөгөөд Хорооны Цахим зөвлөлийн зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахим зээлийн үйл ажиллагаа нь Журамд заасан шаардлага хангаж байгаа тухай Дүгнэлт гаргавал, тийнхүү Дүгнэлт гарснаас хойш цахим зээлийн бүтээгдэхүүнийг бүртгэх учиртай. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ийнхүү бүртгэл хийгдсэний дараа тус бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх учиртай юм.

5.    Гэтэл нэхэмжлэгч компани нь журмын тус шаардлагуудыг зөрчиж, Хороонд бүртгүүлэхгүйгээр, Журамд заасан шаардлагуудын хангахгүйгээр, энэ талаар Хороонд танилцуулга хийлгүй, Дүгнэлт гаргуулахгүйгээр цахим зээлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулж байсан аж. Учир нь, Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудаст тавигдсан мэдээллийг харахад болон бидний тодруулсан байдлаар Хороонд бүртгүүлсэн цахим зээлийн бүтээгдэхүүнтэй ББСБ-ууд дунд нэхэмжлэгч байгууллагын нэр алга байна. Журмын 5.7-д “Хороо бүртгэгдсэн финтек зээлийн бүтээгдэхүүнийг цахим хуудсаараа олон нийтэд мэдээлнэ” гэж заасан бөгөөд Хорооны цахим хуудсанд энэ талаарх мэдээллийг оруулсан байх тул энэ нь нийтэд илэрхий үйл баримт байна.

6.    Бид энэ нөхцөл байдлыг Санхүүгийн зохицуулах хорооноос тодруулж хандахад бидэнд бичгээр хариу ирсэн. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын даргын 2023.5.10-ны өдрийн “Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай 7/1937 дугаартай албан бичгээр хариу ирсэн. Тус албан бичигт “Кэйш Флов Финанс ББСБ ХХК нь Tugrug app финтек зээлийн бүтээгдэхүүнээ бүртгүүлэх Хүсэлтийг 2023.5.01-ний өдрийн Цахим зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн Банк бус санхүүгийн зээлийн уйл ажиллагааны журмын шаардлагыг бүрэн хангаагүй тул Санхүүгийн зохицуулах хороонд одоогоор бүртгэгдээгүй болно” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн цахимаар зээл олгож байсан Tugrug гэх аппликэйшн нь Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журмын шаардлагыг хангаагүйтэй холбоотой Хороо нь тус цахим зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх буюу бүртгэхээс татгалзсан байна.

7.    Нэгэнт нэхэмжлэгч ББСБ нь цахим зээлийн бүтээгдэхүүнээ Хороонд бүртгүүлээгүй учир хууль, журмын дээрх шаардлагуудын дагуу цахим зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэх эрхгүй юм. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг цахимаар байгуулах бус цаасан байдлаар байгуулах, хадгалах үүрэгтэй байсан байна. Гэтэл зээлийн гэрээг цаасан байдлаар байгуулахгүй, хадгалахгүй гагцхүү цахим байдлаар зээлийн үйл ажиллагаа явуулж ирсэн бол энэ нь өөрсдийнх нь хууль бус үйл ажиллагаа болох юм. Тус хууль бус үйл ажиллагааны явцад учирсан гэх хохирлыг хариуцагч “А*******” ХК төлөх, хариуцах үндэслэлгүй юм. Учир нь, аливаа иргэн, хуулийн этгээд гагцхүү хууль ёсны уйл ажиллагаа, хууль ёсны ашиг сонирхлоо хууль, шүүхээр хамгаалуулах эрхтэй буюу хууль бус үйл ажиллагаа, ашиг сонирхлыг шүүх хамгаалах учиргүй билээ.

Нэхэмжлэгч ББСБ нь өөрийн үйлчлүүлэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй тухай:

Хэрэв нэхэмжлэгч байгууллагын Зээлдэгчдийн хувийн мэдээлэл устсан, алга болсон бол энэ нь ББСБ байгууллага хууль, журмаар хүлээсэн үүргээ зөрчсөн, хэрэг юм. Учир нь, ББСБ өөрийн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь түүний гол үүрэг, зарчим болох тухай хууль тогтоомжуудад дараах байдлаар заасан. Үүнд;

1.    Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9.1, 9.1.4-т банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны шаардлагыг зохих түвшинд хангасан байгууллагад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох тухай заасан. Гэтэл нэхэмжлэгч нь анхнаасаа өөрсдийн хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн мэдээллийг аюулгүй хадгалахтай холбоотой техник, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй байхад ББСБ-ын үйл ажиллагаа эрхэлж байсан байна.

2.    Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4.1, 4.1.1-т үйл ажиллагааны нууцлал, аюулгүй, найдвартай байдлын хангах нь эрх бүхий этгээдээс үзүүлэх зээлийн үйл ажиллагаанд баримтлах гол зарчим болохыг заасан. Иймд нэхэмжлэгч нь ББСБ-ын хувиар өөрийн зээлдэгч, үйлчлүүлэгчдийн мэдээллийн нууцлал, аюулгүй, найдвартай байдлыг хангах үүрэгтэй юм.

3.    Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан, дээр дурдсан Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журамд ч энэ талаар заасан. Тодруулбал, тус Журмын 2.1, 2.1.4-т банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэхэд харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, ажилладаг байх зарчим баримтлах тухай заасан. Журмын 3.3, 3.3.5-д ББСБ нь харилцагчийн нууцлал, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тусгасан баримт бичгийг баталж, мөрдөж ажиллахаар заасан. Иймд нэхэмжлэгч нь өөрийн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангах, хадгалах, энэ талаар журам баталж мөрдүүлэх үүрэгтэй байсан билээ.

4.   ББСБ-ын хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах нь тусгай зөвшөөрөл эзэмшигч ББСБ-ын гол үүрэг байх тул мэдээллийн аюулгүй байдал алдагдсан бол түүнд бусад этгээд хариуцлага хүлээх учиргүй юм. Тодруулбал, нэхэмжлэгч нь “А*******” ХК болон бусад этгээдээс үл хамааран мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүрэгтэй байна, Иймд тус зөрчлийн үр дагаврыг нэхэмжлэгч өөрөө хариуцах учиртай гэж үзэж байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь ийнхүү Хороонд бүртгүүлээгүй, зохих журмын шаардлага хангахгүй цахим зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн, хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангаагүй нь нэхэмжлэгч байгууллагын гаргасан хуулийн ноцтой зөрчил юм. Үүний үр дагаврыг хариуцагч компани хариуцах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. /1ХХ190-193/

 

2.3.        Нэхэмжлэгч нь гэрээнээс үүдэлтэй шаардах эрх ярьдаг. Хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг. Ямар гэрээний үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй. Хариуцагчийг гэм буруугаа зөвшөөрсөн гэдэг боловч энэ талаар хариу тайлбар дээр дурдсан. Бид хэрэглэгчийн гомдолд л хариу тайлбар өгдөг. Гэрээний 9-1-д зааснаар зөвшилцлийн журмаар шийдвэрлэе л гэсэн байдаг. Талуудын хооронд клауд үйлчилгээний нөхцөл гэж гэрээ байгуулагдсан. Гэрээний 4.9, 4.14, 4.16-р буруутгаж байгаа бөгөөд 2.8, 5.13, 5.10-д зааснаар клауд үйлчилгээ нь мэдээлэл хадгалах үйлчилгээ байсан, мөн нөөцлөлтийн үйлчилгээ байдаг. Өөрсдийн буруутайгаас болж нөөцлөлтийг үйлчилгээ байгаа талаар тусгасан боловч нэхэмжлэгч нь мэдээллээ нөөцлөхгүй гэсэн байдаг. 2.8-д нөөцлөлтийн үйлчилгээ аваагүй тохиолдолд хариуцагч хариуцлага хүлээхгүй гэсэн байдаг. 5.13-т энэ талаар дан хадгалах үйлчилгээ авч байгаа бол эрсдэлийг нэхэмжлэгч хариуцахаар заасан байдаг. Энэ талаар 5.10-т мөн адил тодорхой заасан. Кибер аюулгүй байдлын тухай хуульд мэдээллийн аюулгүй байдлаа өөрсдөө хангах ёстой гэсэн байдаг. Нэхэмжлэгч нь богино хугацаатай жижиг зээлийг цахимаар олгосон байдаг. Иргэний хуульд зааснаар хүүтэй зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн байдаг. Нэхэмжлэгч нь энэ зээлийн талаар тодорхойлдоггүй. Энэ нь Иргэний хуулийн 452-г зөрчсөн байдаг тул хохирол нэхэж байгаа нь тодорхойгүй. Зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа бол мэдээллийн аюулгүй байдлыг өөрөө хангах талаар байдаг. 2022.4.6-д СЗХ баталсан журмын 1.1, 2.1.4, 3.3.5, 3.4, 3.11, 3.11.8, 4.1, 4.3, 4.4, 4.4.1, 4.4.2, 4.5, 4.6, 5.1, 5.1.1-5.1.3, 5.8, 5.13, 5.10-д зааснаар зохицуулсан. Мэдээллийн аюулгүй байдлыг файл хадгалж байгаа хариуцагч биш нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой байсан. СЗХ-нд бүртгүүлсний дараа зээл олгож эхлэхээр байдаг. Гэтэл хэрэгт байгаа баримтаар 2022 оны 8 сард байгуулагдаад ББСБ тусгай зөвшөөрөл аваад шууд цахим зээл олгож эхэлсэн. Цахим зээл олгох бол СЗХ-нд бүртгүүлсэн байх ёстой юм. Ийнхүү бүртгүүлээгүй үйл ажиллагаа явуулснаас хохирол учирсан. 2024 оны 2 сард энэ үйлчилгээг бүртгүүлсэн байдаг. Маргаан болж буй үйл явдал болсноос хойш тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг. Журмаар мэдээллийн аюулгүй байдлын стандартыг мөрдөх ёстой байдаг. Маргаж буй үйл явдал 2022 оны 12 сард болсон байхад энэ үед мэдээллийн аюулгүй байдлыг стандартыг аваагүй бүртгэлгүй аппликейшнээр үйл ажиллагаа явуулсан.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь хохирол шаарддаг. Хэргийн 1ХХ30-д задаргаа гаргасан байдаг. Гаргасан баримт нь шаардлага хангадаггүй. Энд байгаа зардлууд нь нотлох баримтаар тогтоогдоогүй юм. Зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа бол гэрээг бичгээр байгуулах ёстой. Мөн зээлийн үйл ажиллагааны бүрдэл хөтлөх ёстой. Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулахыг хориглосон. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаа гаргаж өгдөггүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Шаардаж байгаа зүйл нь мэдээлэл устсан болон гэрээтэй ямар холбоотой нь тодорхойгүй. Ямар баримтад үндэслэл шаардаж байгаа нь тодорхойгүй. Санхүүгийн тайлан тооцоо гаргаж өгөөгүй. Хохирол нь тодорхойгүй. Анхны мэдээллийг бусдаас авсан гэдэг талаар нэхэмжлэгч нотлох ёстой байсан юм. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219.1-р шаардаж байгаа юм байна. Анхнаасаа нэхэмжлэл тодорхойгүй гэсэн тайлбараа нотолж байгаа юм. Түрээсэлсэн зайнд юу байсан нь тодорхойгүй. Бид нөөцлөлтийн үйлчилгээг авсан бол давхар хадгалагдана ингээгүй тохиолдолд 5.13-р эрсдэлээ өөрсдөө хариуцна гэж тохиролцсон. Нэхэмжлэгч анхнаасаа хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан эсэх талаар шалгасан. Хүү тохирч байгаа бол зээлийн гэрээг бичгээр байгуулахаар байгаа юм гэв.

 

3.            Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар /1ХХ6, 7-8/, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/47 дугаар албан тоотын хуулбар /1ХХ16/, 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 2022/48 дугаар албан тоотын хуулбар /1ХХ17/, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/53 дугаар албан тоотын хуулбар /1ХХ18/, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/02 дугаар албан тоотын хуулбар /1ХХ19/, 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 2023/04 дүгээр албан тоотын хуулбар /1ХХ20/, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/08 дугаар албан тоотын хуулбар /1ХХ21/, хэрэглэгчийн гэрээний хуулбар /1ХХ22-24/, нууцын баталгааны хуулбар /1ХХ25/, мэдээлэл нийлүүлэгчийн гэрээний хуулбар /1ХХ26-27/, танилт, нэвтрэлтийн систем ашиглан үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар /1ХХ28-29/, хохирлын тооцоолол /1ХХ30/, ажил гүйцэтгэх гэрээ /1ХХ31-32/, ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт 2 ширхэг /1ХХ33, 35/, ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ /1ХХ37/, гараар бичсэн баримт /1ХХ38/, хөлсөөр ажиллах гэрээ 11 ширхэг /1ХХ39-49/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /1ХХ188/, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 7/1873 дугаар албан тоотын хуулбар /1ХХ189/, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний хуулбар /1ХХ201-205/, 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 2022/56 дугаар албан тоотын хуулбар /1ХХ206/, Монгол банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгөх, авах гэрээний хуулбар /1ХХ207209/, Чек пойнт ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/06 дугаар албан тоот /1ХХ211/, техникийн шинжилгээ хийсэн ажлын тайлан /1ХХ212/, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 08/1198 дугаар албан тоот /1ХХ230/, кассын зарлагын ордер 14 ширхэг /2ХХ125-138/, 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 2022/11 дугаар тушаал /2ХХ139/, 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А 2022/17 дугаар тушаал /2ХХ140/, хөлсөөр ажиллах гэрээ 3 ширхэг /2ХХ141-143/, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 7/4686 дугаар албан тоотын хуулбар /2ХХ144/, хараат бус аудиторын тайлан дүгнэлт /2ХХ145-163/, зардлын задаргаа /2ХХ164/, хөлсөөр ажилласан хүмүүсийн тооцоо /2ХХ165/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /2ХХ166-175/, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 02/74 дүгээр албан тоот /2ХХ176/, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 03/1149 дүгээр албан тоот /2ХХ177/, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 53 дугаар албан тоот /2ХХ182/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /2ХХ183-185/, тайлан 16 хуудас /3ХХ13-28/, алдаатай байгаа харилцагчдын жагсаалт /3ХХ30-32/, хөнгөлөлтийн тайлан жагсаалт /3ХХ33-39/, мессеж тусгай дугаарын үйлчилгээний гэрээ /3ХХ41-45/, тусгай дугаараас мессеж илгээх үйлчилгээний гэрээний хуулбар /3ХХ46/, сүлжээ ашиглах гэрээний хуулбар /3ХХ47-48/, тусгай дугаарын үйлчилгээний гэрээний хуулбар /3ХХ49/, хөнгөлөлтийн тайлан 2 ширхэг /3ХХ58-72, 80-94/, гадаад паспортын хуудасны хуулбар /3ХХ95/, хараат бус аудиторын тайлангийн хуулбар /3ХХ96-98/

3б. Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1ХХ56/, эвлэрлийн харилцааг зохицуулах гэрээ /1ХХ75-77/, аудитын тайлангийн хуулбар /1ХХ89-105/, г эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1ХХ106/, кадастрын зургийн хуулбар /1ХХ107/, г эзэмшүүлэх гэрээний хуулбар /1ХХ108-109/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1ХХ110/, үнэлгээний тайлангийн хуулбар /1ХХ111-119/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /1ХХ121-122/, үнэт цаас эзэмшигчийн хураангуй судалгаа /1ХХ123-124/, Санхүүгийн зохицуулах хорооны 2023оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 7/1937 дугаар албан тоот /1ХХ154/, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7/3075 дугаар албан тоот /1ХХ235/, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 4/72 дугаар лавлагаа /2ХХ1/, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 160 дугаар тогтоолын хуулбар /2ХХ2/, банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам /2ХХ3-6/, бизнесийн тасралтгүй байдлын төлөвлөгөөний хуулбар /2ХХ210-222/, мэдээллийн аюулгүй байдлыг хангах журмын хуулбар /2ХХ223-230/, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А23/022 дугаар тушаал, түүний хавсралтын хуулбар /2ХХ231-232/

3.1.        Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1ХХ157-180/, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 2023оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр албан тоот /1ХХ245/, шинжээчийн дүгнэлт /2ХХ110-119/, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2659 дүгээр албан тоот, түүний хавсралт /2ХХ204-206/, гэрч О.Ц, Н.О нарыг асуусан тэмдэглэл 2 ширхэг /3ХХ3-7, 8-11/, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /3ХХ77-78/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд нийт 305,628,766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. /1ХХ1-3/

Энэхүү нэхэмжлэлээс үзэхэд хохирлыг өөрсдийн бүрдүүлсэн харилцагчийн мэдээлэл, бусдаас худалдан авсан харилцагчийн мэдээлэл, харилцагчийн санхүүгийн чадавхад хийсэн дүн шинжилгээний мэдээлэл, зээлдэгч нарын мэдээлэл устгагдсанаас зээлийг буцаан шаардах боломжгүй болсон, мэдээллийг дахин бүрдүүлэхэд гарсан нэмэлт зардал зэргээр тайлбарласан байх боловч мөнгөн дүнгийн хувьд шаардлагыг хохирол тус бүрээр тодорхойлоогүй.

Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хохирол тус бүрийн мөнгөн дүнг хүснэгтэлж шүүхэд ирүүлсэн байна. /1ХХ30/

Цаашлаад нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н******* нь түүнд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Үүнд үндсэн зардал болох ДАН, ЗМС, Маркетинг, интернэт, СМС үйлчилгээ, ярианы төлбөрүүд, ажилтнуудын илүү цагийн хөлс, АНУ-с дуудан ирүүлсэн зардал, хөлсөөр ажиллуулсан хөлсөнд нийт 232,823,771 төгрөг, ажиллаж чадаагүй өдрүүдийн олох байсан орлого, алдагдсан цаг хугацаанд хийх боломжтой байсан ажлын үнэ цэнэ гэж 36,195,946.36 төгрөг, нийт 269,019,717.36 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, багасгасан байна. /1ХХ73, 3ХХ99/

Үүний дараа нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б******* нь түүнд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдөр нэхэмжлэлийг шаардлагыг 265,997,512 төгрөг болгож багасгасан. /1ХХ5, 3ХХ211/

 

3.            Хариуцагч “Ай түүлс” ХХК нь гэрээний үүрэг зөрчөөгүй, мэдээлэл хадгалах нөөцлөлтийн үйлчилгээ аваагүй тул эрсдэлийг нэхэмжлэгч хариуцна, хариуцагчийн буруугаас мэдээлэл устаагүй, нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулаагүй, цахим зээлийн үйлчилгээ үзүүлэх эрх авалгүй үйл ажиллагааг эхлүүлсэн, хөлсөөр ажиллуулж хөлс төлсөн гэх боловч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч маргасан.

 

4.            Зохигч Cloud үйлчилгээ үзүүлэх гэрээг цахимаар байгуулсан бөгөөд энэхүү гэрээг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралтаар бэхжүүлсэн. Ийнхүү гэрээг үзлэгээр бэхжүүлсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д заасантай нийцэж байна. /1ХХ157-160, 178-180/

Энэхүү гэрээ байгуулагдсан буюу гэрээний агуулгын талаар зохигчид маргахгүй байна.

Улмаар гэрээг байгуулахдаа үйлчилгээний нөхцөлтэй цахимаар танилцаж харилцан зөвшөөрсөн эсэх талаар хэн аль нь маргаагүй. Өөрөөр хэлбэл, үзлэгээр бэхжүүлсэн үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсний дагуу гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар зохигч маргахгүй байна. /1ХХ170-177/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлдог.

Дээрхээс үзэхэд зохигч үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх гэрээг цахимаар байгуулсан, түүний агуулгын талаар маргахгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

Cloud үйлчилгээ үзүүлэх гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн харилцагч нарт цахим зээлийн үйлчилгээ үзүүлэх программ, түүнд суурилсан дата мэдээллийг хариуцагчийн серверийн тодорхой хэсэгт хадгалуулах, улмаар төлбөр төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчийн серверт түрээсэлсэн зайнд өөрийн харилцагчдад цахим зээлийн үйлчилгээг холбогдох программ, түүнд суурилж хадгалагдсан мэдээллээр дамжуулан зээлийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байсан үйл баримтын талаар зохигч маргаагүй. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02 цаг 00 минутад уг программ нь мэдээллийн хамт устгагдсан болох нь “М” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /2ХХ118/

 

5.            Нэхэмжлэгч нь дата мэдээллийг хариуцагч хадгалах үүргээ биелүүлээгүй системд шинэчлэлд хийх явцдаа устгаснаас болж хохирол учирсан гэж тайлбарлаж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс мэдээлэл устсаны улмаас хохирол учирсан гэж тайлбарласан.

Хариуцагч нь бид цахим мэдээлэл хадгалах зай түрээсэлсэн бөгөөд мэдээллийн аюулгүй байдал буюу бүрэн байх асуудлыг хариуцаагүй гэж тайлбарласан. Улмаар нэхэмжлэгч нь дата мэдээллээ хадгалуулахаас гадна тухайн мэдээллийг давхар  хадгалах нөөцлөлтийн үйлчилгээ аваагүй тохиолдолд мэдээллийн хадгалалттай холбоотой асуудлыг нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой гэж маргаж байна. Түүнчлэн серверт мэдээлэл хадгалагдаж байгаа хэсэг буюу тухайн мэдээлэлд нэхэмжлэгч өөрөө нэвтрэх буюу түүнийг шинэчлэх, өөрчлөх, устгах эрхтэй байсан тул мэдээлэл устсан үйл явдалд хариуцагч буруугүй гэж маргаж байна.

Үйлчилгээний нөхцөлийн 4.12-т зааснаар серверийн түрээсэлсэн хэсэгт хадгалагдах мэдээлэлд хариуцагч нэвтрэх эрхгүй бөгөөд үйл ажиллагаа, хэрэглээнд хариуцлага хүлээхгүй гэж заажээ. Мөн 4.14-т зааснаар хариуцагч нь хэрэглэгчид системийг бүрэн хянах эрх олгох үүрэгтэй бөгөөд ийнхүү эрх олгогдсон байсан эсэх талаар зохигч маргаагүй.

Мөн үйлчилгээний нөхцөлийн 5.10-т зааснаар хэрэглэгч буюу нэхэмжлэгч нь хадгалагдаж байгаа мэдээллийн үйл ажиллагаа, шинэчлэлт болон аюулгүй байдалтай холбоотойгоор нөөцлөлтийг хариуцахаар заасан. Цаашлаад 5.14-т зааснаар нөөцөлж аваагүйн улмаас үүсэх эрсдэлийг хэрэглэгч буюу нэхэмжлэгч хариуцахаар заасан. /1ХХ170-177/

Дээр дурдсан үйлчилгээний нөхцөлийн талаар Cloud үйлчилгээ үзүүлэх гэрээний 4.12 болон 5-р зүйлийн холбогдох заалтад оруулж талууд харилцан тохиролцсон байна. /1ХХ178-180/

Нэхэмжлэгч нь хариуцагчийн мэдээллийг хадгалах үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан нь дээрх үйлчилгээний нөхцөл, гэрээнд заасан эрх, үүргээр үгүйсгэгдсэн. Тодруулбал мэдээллийг нэхэмжлэгч удирдах бөгөөд хариуцагчид энэ талаар эрх, үүрэг байгаагүй, түүнчлэн аюулгүй байдлын улмаас программ, түүнд суурилсан мэдээллийг нөөцлөх үүрэг нэхэмжлэгчид байжээ.

5.1.        Нэхэмжлэгч нь хариуцагчийн удирдлагын гараар бичсэн баримт, шүүхэд гаргасан тайлбар, цахим шуудан, эвлэрлийн гэрээгээр хариуцагч нь серверт шинэчлэлт хийх явцад нэхэмжлэлийн мэдээллийг устгасан тул хариуцагч буруутай гэж тайлбарласан.

Гэвч гараар бичсэн баримтаас үзэхэд хариуцагч нь мэдээллийг нөхөн сэргээх талаар үйл ажиллагаа хэрэгжүүлэх, харилцан тохиролцсон тохиолдолд хохирлыг барагдуулахаар тохиролцсон гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, маргаж буй асуудалд буруутай гэдгээ зөвшөөрсөн гэж шууд үзэхээргүй байна. /1ХХ38/

Мөн эвлэрлийн гэрээний 2.2-т зааснаас үзэхэд хариуцагч маргаж буй үйл явдалд буруутай гэдгээ зөвшөөрсөн гэх тайлбар үгүйсгэгдэж байна. /1ХХ75-77/

Түүнчлэн хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон цахим шуудангаас үзэхэд өөрийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болохыг зөвшөөрсөн гэж шууд үзэх боломжгүй байна. /1ХХ157-160/

Эдгээрээс гадна “М” ХХК-ийн гаргасан дүгнэлтээр мэдээлэл устахад хэн буруутайг тогтоох боломжгүй гэж дүгнэжээ. /2ХХ118/

Дээрх үйл баримтыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нь цахим зээлийн үйл ажиллагаа явуулахад зориулагдсан программ, түүнд суурилсан мэдээллийг өөрөө удирдах, аюулгүй байдал буюу нөөцлөлтийн асуудлыг хариуцахаар тохиролцсон, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас мэдээлэл устсан үйл баримт тогтоогдохгүй байна.

 

6.            Цаашлаад нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан гэж үзэж байгаа бол учирсан гэх хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь өөрт учирсан гэх хохирлыг 1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар талд авагдсан хүснэгтийн дагуу тайлбарлаж байна.

6.1.        Энэхүү хүснэгтийн 1-д зааснаар 17,224 хэрэглэгчийн мэдээллийг бусдаас худалдан авч серверт ажиллаж байсан программд мэдээлэл оруулсан байсан нь устсан гэж тайлбарласан. Гэвч 2,003,833 төгрөгийн үнэ бүхий энэхүү мэдээллийг бусдаас худалдан авч серверт хадгалж байсан гэх тайлбараа гэрээ болон төлбөр төлсөн баримтаар нотлоогүй. Түүнчлэн хэрэв цахим мэдээллийг бусдаас худалдан авч программд мэдээлэл оруулсан бол уг мэдээллийн эх үүсвэр нь нэхэмжлэгчид байх боломжтой бөгөөд нэгэнт үнийг төлж цахим мэдээлэл худалдан авсан бол уг мэдээлэл устгагдсанаар худалдагчаас мэдээллийг дахин үнэ төлбөргүйгээр авах боломжтой гэж үзлээ.

6.2.        Мөн 29,576,750 төгрөгийн үнэ бүхий зээлийн мэдээллийн сан худалдан авч түрээсэлсэн серверт ажиллаж байсан программд бааз үүсгэсэн байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Түүнчлэн зээлдэгчийн мэдээллийн сан нь Монгол банканд хадгалагдах бөгөөд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч нь эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулах замаар зээлдэгчийн мэдээллийг тогтмол цаг хугацаанд хүлээн авах, шинэчлэх үүрэгтэй байдаг.

6.3.        Маркетингийн зардал гэдэг нь өөрийн байгууллагын мэдээлэл, үйлчилгээний нөхцөл, давуу тал зэргийг хэрэглэгчид таниулах үйл ажиллагаа тул сервер дээрх мэдээлэл устсан хохиролд хамааралгүй.

Интернэтийн төлбөр, СМС /SMS/ буюу ухаалаг мессеж үйлчилгээ, яриа гэдэг нь нэхэмжлэгчийн өөрийн үйл ажиллагааны зардал тул мэдээлэл устсан үйл баримтад хамааралгүй юм. Цаашлаад мэдээлэл устсантай холбоотойгоор нэмэлт дата авах зайлшгүй шаардлагатай болсон нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй.

6.4.        Хохирлын хүснэгтээс үзэхэд 14,195,946 төгрөгийг зээлдэгч нарын эрсдэлийг судлах зардал гэж тайлбарласан. Ийнхүү судалгаа хийж ийм хэмжээний зардал гаргаж бүрдүүлсэн мэдээлэл байсан гэдэг нь баримтаар нотлогдоогүй. Мөн ямар үндэслэлээр 20 хувиар тооцсон талаар тайлбарлаж буюу хуульд заасан үүргийн дагуу нотолж чадаагүй.

6.5.        Гэрээний дагуу олгогдож буй үндсэн зээл, түүний хүү, шимтгэл гэж 93,696,111 төгрөг шаардсан байна. Зээлийн мөнгөн хөрөнгийг арилжааны банк дахь дансаар шилжүүлэх замаар олгосон гэж тайлбарлаж байх тул зээлдэгчээс шаардах эрхтэй ба боломжтой. Түүнчлэн зээл олгосон шимтгэлийг зээл олгох үед суутган авдаг тул мэдээлэл устсан үйл явдалтай шалтгаант холбоогүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт суутган авсан мөнгөн хөрөнгө юм.

Зээлийн хүүгийн хувьд хэнд ямар хэмжээний зээл олгож энэхүү хүүг тооцсон буюу нэхэмжлэлийн үндэслэл болох энэхүү шаардлагын задаргаа, тооцооллыг холбогдох баримтаар нотлоогүй.

6.6.        Хохирлын хүснэгтэд дурдсан 25,117,455.54 төгрөгийн хувьд авч чадаагүй хүү, шимтгэл гэдэг нь дээр дурдсан хохирлуудын 93,696,111 төгрөгийн хохиролтой давхардаж байна. Мөн үүнийг хэзээний ямар хэмжээний зээлд хэрхэн тооцож байгаа үндэслэлээ нотлоогүй. Түүнчлэн ямар үндэслэлээр 3.5 хувиар тооцсон талаар баримтгүй.

6.7.        Хүснэгтэд дурдсан 22,000,000 төгрөгийг харилцагчийн зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэнээр олох байсан орлого гэж тайлбарлаж байна. Гэвч олгогдоогүй буюу зээлдэгчийн хүсэл зоригоос хамаарах байгуулагдаагүй гэрээ буюу үүсээгүй эрх, үүрэг байх тул нэхэмжлэгчийг энэ хэмжээний орлого олох байсан гэж үзэх үндэслэлгүй.

6.8.        Хохиролд тооцсон АНУ явсан гэх зардал болох 27,362,734 төгрөгийг өөрийн санхүүгийн албаны даргыг хувийн шалтгаанаар гадаад улсад зорчиж байхад нь замын дундаас буцаан дуудаж ирүүлсэн гэж тайлбарласан. Энэ нь мэдээлэл алга болсонтой шалтгаант холбоотой болох нь тогтоогдоогүй. Мөн энэ хэмжээний төлбөр төлж, нэхэмжлэгчид хохирол учирсан гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй.

6.9.        Мэдээллийг дахин бүрдүүлэх зорилгоор гуравдагч этгээд нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж бэлнээр болон дансаар мөнгөн хөрөнгө олгосон байна. Гэвч мэдээлэл устахад хариуцагчийг буруутай гэх үндэслэлгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. /1ХХ39-49, 2ХХ141-143, 2ХХ125-138, 2ХХ166-174/

Түүнчлэн бэлэн мөнгөний зарлагын баримтаас үзэхэд мэдээлэл устсанаас хойш 2 хоногийн дараа хөлс олгож эхэлсэн, өөрөөр хэлбэл мэдээллийг дахин системд оруулж эхэлсэн байгаа нь мэдээлэл эх үүсвэргүйгээр бүрэн устсан гэж тайлбарыг үгүйсгэж байна. /2ХХ125-138/

 

7.            Дээрхийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагчийн серверт хадгалагдаж байсан цахим зээлийн үйл ажиллагаанд зориулагдсан программ, түүнд суурилсан мэдээлэл устсан үйл явдалд хариуцагч буруутай гэдэг нь тогтоогдоогүй, учирсан гэх хохирлын зарим нь маргаж буй үйл явдалд хамааралгүй, зарим нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй, зарим нь нэхэмжлэгчийн өөрийн үйл ажиллагааны зардал байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8.            Хариуцагчийн нэхэмжлэгч нь цахим зээлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан гэх тайлбарын хувьд энэ нь маргааны зүйлд хамааралгүй. Учир нь энэ хэрэг нь цахим зээлийн үйл ажиллагааны явцад серверт хадгалагдаж байсан программ, холбогдох мэдээлэл устсантай холбоотой бөгөөд харин цахим зээл олгосонтой буюу зээлийн үйл ажиллагаатай холбоотой маргаан биш юм.

 

9.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тохиолдол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “Ай түүлс” ХХК-с  265,997,512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,686,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД