| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 184/2021/00092/И |
| Дугаар | 210/МА2021/00686 |
| Огноо | 2021-04-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2021/00686
| 2021 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 210/МА2021/00686 |
Б.Лын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2021/00521 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Лын хариуцагч Л.Чт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагчийн өмгөөлөгч Э.Шинэзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Л.Ч нь Худалдаа үйлчилгээний газруудад архи согтууруулах ундааны зүйл түгээн борлуулдаг ажлыг эрхэлж байхдаа 2014 онд Нэхэмжлэгч Б.Лаас 30,0 сая төгрөгийг бичгийн гэрээгээр хүү төлөх нөхцөлтэй нотриатаар гэрчлүүлж аваад зохих хүү болон үндсэн зээлийг 2014 оны 5 сарын 29-ний байдлаар бүрэн төлж барагдуулж байсан. Үүний дараа 2016 оны 07 сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 09 сарын 05-нд 20 000 000 төгрөг нийт 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй бэлнээр зээлж авсан. Үндсэн зээлийг 2018 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл сар бүрийн 5 хувийн хүүтэй төлж дуусгана гэж талууд тохирч энэ талаараа хариуцагч нь гарын үсэг зурсан байдаг. Зээлийг авснаас хойш хариуцагч нь 2017 оны сүүл үеийг хүртэл тодорхой хэмжээний мөнгийг хүүд тооцож өөрийнхөө данснаас нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж байгаад сүүлдээ хүү болон үндсэн зээлээ төлөөгүй , утсаа ч авахгүй , уулзаж юу болоод яваагаа ч хэлэхгүй зугтаад өнөөг хүрсэн байна. Иргэний 182 дугаар зүйлийн 182.2-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах ба энэ шаардлагыг хангаагүй зээлийн гэрээнд хүү шаардах эрхээ алдах юм. Хариуцагч нь зээлийн гэрээг авснаа, хүү төлөхөө баталж гарын үсэг зурсан тул талуудын хоорондох тохиролцоог бичгээр байгуулсанд тооцох юм. Мөн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал ...гэж Мөн хуулийн 199.3-т төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэж тохирсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй" гэж тус тус хуульчлан зохицуулсан байна. Үүрэг гүйцэтгэгч тал тохиролцсон үүргийг тодорхой хэмжээгээр гүйцэтгэж үүргийн харилцааг гэрчлэх баримтыг бичгээр илэрхийлж үүргийг банкны шилжүүлгээр гүйцэтгэж байсан тул бидний хооронд байгуулагдсан хүү төлөх нөхцөлтэй 30,0 сая төгрөгийн зээл хүчин төгөлдөр гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Тэрчлэн ИХ-ийн 196-р зүйлийн 196.1,2-т бичгээр байгуулахаар хуульд заасан хэлцэлийн хувьд : талууд баримт үйлдэж гарын үсэг зурсан , гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсэг зурсан баримтыг нөгөө талдаа өгсөн бол гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул зээл авснаа зөвшөөрч хүү төлөх нөхцлөө бичгээр илэрхийлж хүү төлж байсан дээрхи баримт талуудын хооронд хүүгийн нөхцөл тохирсон гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл болно гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 182 дугаар зүйлд заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгчид Иргэний хуулийн 193 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн байна. Иймд үүрэг гүйцэтгэгчийн зүгээс төлж байсан хүүг нэхэмжлэгч тал гэрээгээр тохирсон, нэгэнт гүйцэтгэсэн үүрэг гэж үзэж хүлээн авсан тул үндсэн зээлийн 30,0 сая төгрөгийг Л.Чээс гаргуулж нэхэмжлэгч Б.Лт олгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Гэрчээр оролцож байгаа Д.Наранцэцэгээс нэхэмжлэхгүй, энэ хүнтэй зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэжээ.
Хариуцагч Л.Ч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нэхэмжлэгчээс 30, 0 сая төгрөг зээлдэж аваагүй юм. Энэ маргааны жинхэнэ хариуцагч нь би биш бөгөөд жинхэнэ хариуцагч нь Б.Л гуайн төрсөн хүү н.Адьяасүрэнгийн эхнэр П.Наранцэцэг юм. Бид найзууд бөгөөд надаар дамжуулан хадам ээжээсээ 30, 0 сая төгрөгийг зээлж авсан. Миний хувьд 2014 онд Б.Лаас 30,0 сая төгрөгийг хүүтэй зээлж аваад бүрэн төлж дуусгаж байсан нь үнэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн байна. Энэхүү болсон үйл явдлыг Б.Л болон П.Наранцэцэг нар өөрсдөө сайн мэдэж байгаа. Зээлийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан гэж ярьж байна. Энэ нь ямар ч үндэслэлгүй бөгөөд ингэж тохирсон зүйл байхгүй. 2017 оны 07 сарын 3 нд 10, 0 сая төгрөгийг, 2017 оны 09 сарын 5 нд 20, сая төгрөг нийт 30,0 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцож аваад П.Наранцэцэгт бэлнээр хүлээлгэж өгсөн. П.Наранцэцэг би өмнөх зээлээ төлж дуусгаагүй болохоор хадам ээж надад зээлэхгүй байх чи зээлээд өгөөч гэсэн юм. Эдгээр үйл ажиллагаанууд нь П.Наранцэцэгийн хүсэл зоригийг дагуу хийгдсэн юм. Энэ талаар гэрч өөрөө ч хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд 2014 оны хуучин гэрээний ар талд гарын үсэг зурсан учир П.Наранцэцэгийн өөрийн Хаан банкны 5013114281 данснаас шилжүүлсэн мөнгийг аваад Лхагважавын Хаан банкны данс руу шилжүүлдэг байсан. Б.Л нь манай гэрийг мэддэг бөгөөд манай гэрт ирж уулзаагүй, миний хувьд өмнө нь амьдарч байсан гэрийн хаяг дээрээ одоо ч гэсэн амьдарч байгаа болно. Сураггүй алга болоогүй. Энэ хэргийн хариуцагч Чулуунцэцэг биш жинхэнэ хариуцагч нь мөнгө авч хэрэглэсэн П.Наранцэцэг юм. Нэхэмжлэгч нь уг мөнгийг Чулуунцэцэг аваагүй гэдгийг мэдсэн юм. Мөн гэрээний үүрэгтэй холбоотойгоор зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Талуудын хоорондох зээлийн гэрээг бичгээр байгуулагдсан гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч тал хариуцагчийг гарын үсэг зурсан баримтыг үндэслэн шаардлага гаргасан байна. Энэ баримтаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Учир нь зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдана гэж хуульд заасан. Иргэний хуулийн 196 дугаар 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийг талууд харилцан тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Мөн Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээнд зайлшгүй тусгавал зохих, зүйл заалтыг хангахгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй гэж үзэж байна. Мөн талуудын хоорондох уг баримт хэзээ үйлдэгдсэн гэдэг нь тодорхойгүй байна. Түүнчлэн 30,0 сая төгрөгийн зээлдүүлэгчээс зээлдэгчийн өмчлөлд хэзээ шилжүүлж өгсөн нь тодорхой бус байна. Хэрвээ талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзвэл шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа ярих юм. Зээлийн гэрээний цаг хугацааны хувьд нэхэмжлэгч хариуцагчид 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 10, 0 сая төгрөг, 2016 оны 09 сарын 25-ны өдөр 20, 0 сая төгрөг зээлдүүлсэн гэж тайлбар гаргадаг. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь 2020 оны 10 сарын 28-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаан 3 жил байна гэж заасан. Хариуцагч Л.Ч нь нхэмжлэгчийн данс руу 2017 оны 12 сарын 25-ны өдөр зээлийн эргэн төлөлттэй холбоотой мөнгө шилжүүлсэн байгаа юм. Энэ үеэс хойш нэхэмжлэгчээс шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч олдохгүй байсан бол хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу хариуцагч үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Чээс 30 000 000 / гучин сая / төгрөг гаргуулахыг хүссэн Б.Лын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Л нь Л.Чт өөрийн хүсэлтээр 2016 оны 7 сарын 03-нд 10 сая төгрөг, 2016 оны 9 сарын 05-нд 20 сая нийтдээ 30 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2018 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлсэн. Л.Ч нь 2017 оны сүүл хүртэл алдаг оног төлсөн мөнгийг хүүд тооцно, одоо 30 сая төгрөг гаргуулна гэж нэхэмжилдэг. Зээлдэгч дээрх мөнгийг хүүд тооцно, одоо 30 сая төгрөг гаргуулна гэж нэхэмжилдэг. Зээлдэгч дээрх мөнгийг зээлж авахдаа 5 хувийн хүү төлөхөө илэрхийлэн бичгийн баримт үйлдэж гарын үсэг зурж авсан нь нэхэмжлэгчийн дүгээс хэрэгт гаргаж өгсөн бичгийн нотлох баримтаар нотлогддог. Шүүх шийдвэрийн үндэслэлдээ талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй зөв гэж үзэж байна. Харин нэхэмжлэлийг мөн хуулийн 75.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлж шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Зээлдэгч 30 сая төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-нд төлөхөөр тохирч авсан талаар нэхэмжлэлд тодорхой дурдсан тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа мөн хугацаанаас эхлэн тоологдох учир хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн нь үндэслэлгүй, шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, хариуцагч 6 сар хүү төлөхөөр тохирч авсан гэдэг боловч зээлийг хэдийд эргүүлж төлөхөөр тохирсноо шүүхэд нотлоогүй. Ер нь бусдаас өөрийн эд зүйлийг хэдийд ч шаардаж болно, иргэн хүний шаардах эрхийг хориглосон хууль манайд байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчимд тулгуурлах явагдах хуультай. Анхан шатны шүүхийн аль ч ажиллагааны үед хариуцагч Иргэний хуулийн 82.1-д заасан үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзсан, татгалзал хүсэлтийг шүүхэд болон нэхэмжлэгч талд ямар нэг хэлбэрээр гаргаагүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх, үүрэг гүйцэтгэхээс татгалзах гэдэг асуудлууд нь 2 өөр тусдаа ойлголт юм. Шүүх 2018 оны 12 сарын 31-ний өдрөөс эхлэн шаардах эрх үүсч байхад үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзсан, татгалзал гаргаагүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн заалтыг буруу тайлбарлаж буруу хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Л.Чт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Б.Л нь 2016 оны 7 дугаар сарын 03-нд 10 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 20 000 000 төгрөг нийт 30 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр Л.Чт зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна./хх-3 дахь талын арын хэсэг/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...30 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж авахдаа 2014 оны 5 дугаар сарын 29-нд хийсэн үүрэг дуусгавар болсон зээлийн гэрээний ар талд харилцан тохирч гарын үсэг зурсан... гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...зээлийг П.Наранцэцэгийн хүсэлтээр авч өгсөн, П.Наранцэцэг зээлийг эргэн төлдөг байсан, би хариуцагч биш... гэж тус тус тайлбарлажээ.
Гэрч П.Наранцэцэгийн мэдүүлэгт ... Чулуунцэцэгийн дансаар дамжуулж, хадам ээжээсээ 30 000 000 төгрөгийг авсан, түүгээр дамжуулж буцаан өгч байсан ... гэх тайлбарыг гаргасан байх боловч энэ тайлбар нь бичгээр хийгдсэн зээлийн гэрээ, Л.Ч Б.Лаас маргааны зүйл болж буй мөнгийг шилжүүлж авсан гэх үйл баримтыг шууд няцаах баримт болохгүй юм.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, мөн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ... гэж тус тус зохицуулсан.
Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үндэслэл бүхий дүгнэсэн ба Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.2, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцжээ.
Зохигчид харилцан тохиролцож хүүгийн хэмжээг тодорхойлсноо бичгээр гэрээ хийж баталгаажуулсан учраас зээлдүүлэгч хүү шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ, мөн 283.4 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн хүүг жил тутам төлнө гэжээ.
Талуудын хоорондын гэрээнд хариуцагчийн мөнгийг хэзээ буцаан төлөх хугацааг тодорхой заагаагүй байна. Нөгөө талаар зээлийг буцааж төлөх хугацааг тодорхой заагаагүй тохиолдолд тодорхой бус хугацаагаар байгуулсан гэрээ гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацааг зохигчид буюу нэхэмжлэгч 2018 оны 12 сарын 31 хүртэл хугацаагаар, хариуцагч 3 буюу 6 сарын хугацаагаар байгуулсан гэж тайлбарлах боловч тэдний тодорхойлсон тухайн хугацаа нь хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй.
Иймээс, талууд зээлийн гэрээний дагуу 30 000 000 төгрөгийн 5 хувийн хүүг 1 удаа төлөхөөр тохиролцсон гэж үзэх тул 31 500 000 /30 000 000+1 500 000/ төгрөгийг төлөх үүрэг хариуцагчид үүссэн. Зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт нийт 17 799 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон бөгөөд 13 701 000 /31 500 000-17 799 000/ төгрөгийн үүргээ биелүүлээгүй учраас хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. /хх4-6/
Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс тоолж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрүүлсэн гэх дүгнэлтийг хийхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь талууд мөнгөн хөрөнгийг буцаан төлөх хугацааг тодорхой заагаагүй, тодорхой бус хугацаагаар зээлийн гэрээ байгуулсан.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасан буюу нэхэмжлэгч хариуцагчаас мөнгөн хөрөнгийг хэзээ шаардсан, түүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөнөөс хойш 3 жилийн хугацааг тоолсон гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй юм.
Хариуцагчийн хувьд өөрт нь өр төлбөр үүсгэсэн этгээдэд холбогдуулан гэрээний болон гэрээний бус үүргийн хүрээнд уг мөнгөн хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2021/00521 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Чээс 13 701 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Лт олгож, нэхэмжлэлээс 16 299 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, Л.Чээс 226 455 төгрөгийг гаргуулж Б.Лт олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.НАРМАНДАХ