| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/01654/И |
| Дугаар | 191/ШШ2025/02663 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/02663
| 2025 03 31 | 191/ШШ2025/02663 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, ...... тоот хаягт оршин суух, Б******* овогт Ж*******гийн Э******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, ...... тоот хаягт оршин байрлах, “К*******” ХХК дахь эрх хүлээн авагчид холбогдох,
“Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, ....... тоот хаягт байршилтай, 700 м.кв газрыг бусдад худалдсан дуудлага худалдааг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Л.Ч******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Т 1 гудамж, 1 тоот хаягт байршилтай 700 м2 /Г-******* дугаартай/ газрыг К*******ны эрх хүлээн авагч” ХХК-аас 2021 оны 12 дугаар 01-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар бусдад худалдсан бөгөөд энэхүү дуудлага худалдааг хүчингүй болгуулах.
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Ж.Э******* ХУД, 9 дүгээр хороо, ..... тоот хаягт байршилтай 700 м2 газрын /Г-******* дугаартай/ баруун талын хэсэг болох 318 м2 газрыг тухайн газрын өмчлөгч иргэн Ү******* овогтой Э, Х овогтой С нараас 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр худалдан авсан. Үлдэгдэл газрыг нь Х овогтой Б худалдан авсан бөгөөд тэрээр өөрийн газрыг тусгаарлан хамар хашаа татсан.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны дугаар бүхий тогтоолоор ХУД-ийн 9 дүгээр хороо нь хоёр хуваагдаж 9 болон 16 дугаар хороо болж зохион байгуулагдсан. Хороо хуваагдахаас өмнөх 9 дүгээр хороонд харьяалагдаж байсан Т 1 дүгээр гудамж 1 тоот 700 м2 газартай хашаа нь шинээр байгуулагдсан 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагддаг.
Хороо шинээр байгуулагдсаны дагуу 16 дугаар хороонд байрлах дээрх хаяг бүхий 700 м2 газрыг 2 хувааж хамар хашаа татсан, тус тусдаа хашааны хаалга гаргасан байсныг хорооны зүгээс ....тоот гэх хаягийг /миний худалдан авсан 318 м2 газартай баруун талын хэсэг/, мөн Т 1 гудамж 2 тоот гэх хаягийг /Х.Бын худалдан авсан 382 м2 газартай зүүн талын хэсэг/ тус тус албан ёсоор олгосон. Анх Ү.Э, Х.С нараас тухайн 318 м.кв газрыг худалдан авахад банкны барьцаанд байгаа гэдгээ хэлж, зээлээ төлж дуусган барьцаанаас суллагдсан үед гэрчилгээнд өөрчлөлт оруулан, 318 м2 газрыг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж тохирсон.
Гэтэл Х.Б бусдаас мөнгө зээлэн, банкны барьцаанаас суллагдсаны дараа Х.Б, Х.С нар хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, дахин барьцаанд тавьсан байжээ. Энэ тухайгаа надад хэлээгүй, банкны барьцаанаас чөлөөлж чадаагүй гээд яваад байсан. Банкнаас чөлөөлж гэрчилгээгээр газраа салгаж авах тухай Х.Бд удаа дараа шаардлага тавьж байсан. Гэтэл Х.Б утсаа авахгүй алга болж, уулзах гээд гэрт нь очиход эхнэр Г.Г нь “Б Сс явсан, бид салсан” гэх тайлбарыг хэлж, холбогдох утасны дугаарыг нь өгөөгүй.
Гэтэл 2022 оны 6 дугаар 13-ны өдөр ХУД-ийн ИХАШШ-д Г.О гэх хүн нэхэмжлэл гаргаж, миний гэр бүлийн гишүүд болох эхнэр Д.С, охин М.Но******* /Д.Сгийн охин бөгөөд дээрх хаяг бүхий газарт 5 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй/ нар хариуцагчаар татагдсан шүүх хурал болсноор би өөрийн амьдарч байгаа газраа бусдад зарагдсан болохыг мэдсэн.
Нэхэмжлэгч Г.О нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ХУД, 9 дүгээр хороо, ..... тоот хаягт байршилтай 700 м2 газрыг /Хуучин хаягаараа/ “К*******ны эрх хүлээн авагч” ХХК-с зарласан дуудлага худалдаагаар худалдан авсан учир өөрийн өмчлөлийн газар дээр амьдарч байгаа Д.С, М.Но******* нарыг нүүлгэж, газар чөлөөлүүлэх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байсан.
Үүний дагуу 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.С даргалж шүүх хурал хийсэн бөгөөд нэхэмжлэгч Г.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т “Манай нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлагатай байна” гэснээр шүүх хуралдаан хойшилсон.
Дараагийн шүүх хурал 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр болж шүүх хуралд нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Э, Т.Т нар хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй учир шүүх нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн.
Г.О дахин нэхэмжлэл гаргаснаар 2024 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д даргалж, Д.С, М.Но******* нар хариуцагчаар оролцсон шүүх хурал болж, Ж.Э******* намайг гэр бүлийн хамт дээрх газрыг чөлөөлж өгөх тухай дугаартай шүүхийн шийдвэр гарсан боловч шүүхээр дараах нөхцөл байдлууд тогтоогдсон. Үүнд:
- Төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгэх үед буюу 2005 оны 2 дугаар сарын 16-ны өдөр тус газрын өмчлөгчөөр Ү.Э, Х.С нар бүртгэгдсэн.
- Дээрх газрын баруун тал буюу 318 м2 хэсгийг 2005 онд 750.000 төгрөгөөр Ж.Э*******, Д.С нар, баруун талыг нь Х.Б худалдан авч Х.Сд мөнгийг хүлээлгэн өгсөн.
- Тухайн 700 м2 газрыг 2005 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “К банк” ХХК-ий гэрээний үүрэгт барьцаалсан.
- 2006 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тухайн газрын хамтран өмчлөгчөөр Х.С Х.Б нарыг бүртгэсэн.
- 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар газрын барьцаалагчаар “К Банк” ХХК-ийг тус тус улсын бүртгэлд бүртгэсэн.
- Дуудлага худалдааг өмнө нь 4 удаа зохион байгуулж, 5 дахь удаагийн дуудлага худалдаагаар бусдад зарагдсан.
- Ж*******гийн Э******* миний бие гэр бүлийн хамт дээрх газарт одоог хүртэл амьдарч байгаа нь үнэн зэрэг болно.
2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн, мөн оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.С даргалж хийсэн шүүх хуралд нэхэмжлэгч Г.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Т.Т, Н.Ган-Э нар нь “К*******” ХХК-д ажиллаж байгаад тус банкийг дампуурах үед Монгол банкнаас томилогдсон эрх хүлээн авагчийн ажлын хэсэгт ажиллах болсон.
Түүнчлэн 2018 оны 4 сарын 24-ний “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-р өөрийн газар дээр үнэлгээ хийлгэсэн бөгөөд зөвхөн миний амьдарч байгаа 318 м2 газрыг 31.800.000 төгрөгөөр үнэлж байхад “К Банкны эрх хүлээн авагч” ХХК газрыг бүхэлд нь буюу 700 м2 газрын дуудлага худалдааны анхны үнэ 29.326.500 төгрөг гэж хэт багаар үнэлүүлэн зар тавьж, дуудлага худалдааны анхны үнэ, дуудлага худалдаагаар зарсан үнийн зөрүү 600.000 төгрөг байгаа нь хэлбэр төдий, дүр эсгэсэн дуудлага худалдаа болсон гэж үзэхээр байна.
Мөн дампуурлыг нь зарласан “К Банк” ХХК-д ажиллаж байсан хүмүүс тухайн банкны эрхийг хүлээн авсан “К*******ны эрх хүлээн авагч” ХХК-д ажиллаж, дуудлага худалдааг зохион байгуулж байгаа атлаа дуудлага худалдаанд оролцон ялагч болсон гэх иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцсон, нэг газрыг 3 жилийн дотор 3 хүн худалдаж авсан боловч яг хаана, ямар газар авснаа хэн нь ч мэдэхгүй яваад байгаа, Х.Бын худалдан авсан зүүн талын хэсэг болох 382 м2 газар дээр 20 жил хэн нь ч огт амьдраагүй, “К Банк” ХХК тус газрыг барьцаанд авахдаа зээл олгох журамдаа заасны дагуу газар дээр нь очиж судалгаа хийгээгүй, /Уг газрыг хамар хашаагаар 2 хуваасан, албан ёсоор хорооноос өгсөн 2 өөр хаягтай, 2 өөр өнгийн хаалгатай байхад тодруулах ажиллагаа хийгээгүй, 700 м2 газар гэж бүхлээр нь барьцаанд авсан/ зэрэг нөхцөл байдалтай байна.
Дуудлага худалдаагаар миний амьдарч байгаа газрыг зарах гэж байгаа тухай надад мэдэгдээгүй. Дуудлага худалдаа зохион байгуулах зар тавихдаа манай хашааны зургийг оруулсан байсан бөгөөд зураг авах зорилгоор очиход л бүх зүйлийг тодруулах боломжтой байсан. Бүр 2010 онд хороо 2 хуваагдаж өөр хороо болсон байгааг “К*******” ХХК мэдээгүй барьцаанд авсан, мөн “К*******ны эрх хүлээн авагч” ХХК мэдэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан.
Газар худалдан авсан гэх Г.О нь миний амьдарч байгаа газарт очиж үзсэн, надад энэ тухайгаа хэлэх гээд очиход тухайн хашаанд хүн байгаагүй гэх тайлбарыг дээр дурдсан шүүх хурал дээр хэлсэн.
ХУД-ийн 9 дүгээр хороо нь 2010 онд 2 хуваагдан, манайх 16 дугаар хороо болсон байхад яг хаана байрлалтай, ямар хэмжээтэй газар авах гэж байгаагаа мэдэхгүйгээр, очиж үзэхгүйгээр, дуудлага худалдаанд оролцоно гэж байхгүй.
Хэрэв худалдан авах гэж байгаа газрынхаа гэрчилгээнд бичигдсэн хаягийн дагуу, эсвэл “К*******ны эрх хүлээн авагч” ХХК-с тавьсан зар дээр бичигдсэн хаягаар 9 дүгээр хороонд очсон бол тухайн хороонд “Т” нэртэй гудамж байхгүй гэдгийг, эсвэл “Т” нэртэй гудамжийг олоход тухайн хаяг нь 9 биш 16 дугаар хороо гэдгийг, мөн .... тоотод айл байгаа, энгийн нүдээр харахад 700 м2 биш хэт жижиг газар гэдгийг мэдэхээр байсан.
“К*******ны эрх хүлээн авагч” нь ХУД-9 дүгээр хороо, Т 1 дүгээр гудамжны .... тоот” хаяг бүхий газар гэж дуудлага худалдааны зарыг байршуулсан байна. Энэ нь Г.О худалдан авах гэж буй газраа очиж үзээгүй гэдгийг баталж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд миний амьдарч байгаа газрын яг хажууд дэд бүтэц буюу цэвэр, бохир усны шугам, халаалтын төвийн шугам ирсэн болохоор тухайн орчны хүмүүс өөрийн газраа 2-3 өрөө байраар сольж байгаа.
Иймд зохион байгуулалттай бүлэг этгээдүүд болох Г.О /Хаяг: БЗД, 28 дугаар хороо, Хужирбулан 1 хэсэг, 1 гудамж, .....тоот хаягтай/, К*******ны эрх хүлээн авагч” ХХК-ий ажилтан Т.Т /Утас: /, Н.Ган-Э /Утас-/ нар хуйвалдан, хэлбэр төдий зохион байгуулсан Дуудлага худалдаа”-гаар бусдын газрыг өөр хүний нэр дээр шилжүүлсэн гэж үзэж байна.
Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176,1-д “Дуудлага худалдаа явуулснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох өмчлөгч буюу гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг урьдчилан хангасан тохиолдолд дуудлага худалдаа явуулахыг зогсоож болно” гэж заасан байна.
Ж.Э******* би ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хувьд дуудлага худалдаа болохыг мэдсэн бол уг дуудлага худалдаанд оролцох байсан, эсвэл банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой байсан зэргийг огт харгалзан үзэлгүй зохион байгуулалттай надад мэдэгдэлгүй дуудлага худалдаа нэрээр бусдад шилжүүлсэн гэж үзэж байна.
Иймд “К*******ны эрх хүлээн авагч” ХХК-с зохион байгуулсан дээрх дуудлага худалдааг хүчингүй болгож, нэхэмжлэлд дурдсан шаардлагыг ханган, Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д заасан эрхээ эдлэх боломжийг надад олгож өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч нь гэр бүлийн 2 хүнээс маргаж буй газрын 312 м.кв хэсгийг худалдаж авсан. Үлдэх хэсгийг Бд зарсан байдаг. Б хамар хашаа татаад авсан. Ингэснээр 192 м.кв нь нэхэмжлэгчийн талд үлдэж 392 м.кв нь Бд үлдсэн байдаг. С, Ү******* нар нь газрыг зарахдаа банкны барьцаанд байгаа талаар хэлсэн. Зээлийг төлсний дараа газрын гэрчилгээг чөлөөлж аваад хувааж өгнө гэсэн. Ингээд тэд зээлээ төлж чадаагүй тул Бд газраа зараад барьцаагаа чөлөөлсөн байдаг юм. Тэгээд гэрчилгээгээ салгаж өгөөрэй гээд Бд гэрчилгээг шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл Б гэрчилгээг хувааж өгөлгүй банкны барьцаанд тавьсан байдаг. Үүнийг нэхэмжлэгч огт мэдээгүй явж байсан. Быг Сс явсан гэж гэр бүлийн хүн нь хэлсэн байдаг. Тэгээд 2022 онд О дуудлага худалдаагаар авсан гээд албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргаад нэхэмжлэгчийн эхнэр, охин хариуцагчаар орсноор газар банкны барьцаанд тавигдаад мэдэлд шилжсэн. Улмаар зарагдсан гэдгийг мэдэж авсан. Хан-Уулын шүүхийн шийдвэр гараад газрыг чөлөөлж өг гэсэн. Бидэнд яагаад мэдэгдэлгүй дуудлага худалдаа зохион байгуулсан бэ. Бид өөрт авах бүрэн боломжтой байсан. Иймд дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. 2022.11.9-ны өдрийн тушаалаар баталсан журамд мэдэгдэх талаар байдаг гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Г.М******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Э*******ын нэхэмжлэлтэй “К*******” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96, дугаар тушаалаар “К*******”-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, А-97 дугаар тушаалаар тус банканд Банкны эрх хүлээн авагч томилон банкны удирдлага, хяналт Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагч нь, иргэд, хуулийн этгээд болон Төрийн байгууллагад учирсан хохирлыг барагдуулахаар ажиллаж байна.
2. Иргэн Ж.Э******* нь Банкны эрх хүлээн авагчаас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдааг Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д заасны дагуу “Дуудлага худалдаа явуулснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох өмчлөгч буюу гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг урьдчилан хангасан тохиолдолд дуудлага худалдаа явуулахыг зогсоож болно” гэх заалтыг үндэслэн гаргасан байх бөгөөд тухайн хуулийн заалт нь дуудлага худалдааг зогсоох, түр хойшлуулах харилцааг зохицуулсан заалт юм. Тухайн дуудлага худалдаа нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдаад дуусчихсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд бүртгэгдээд өмчлөгч нь тухайн эд хөрөнгийг чөлөөлүүлэх шийдвэр гарсан байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа нээлттэй дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
2.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрнө. Монгол банкнаас К*******ийг татан буулгаж эрх хүлээн авч томилсон. Улмаар зээлийг төлүүлж хохирол барагдуулах ажиллагаа явагдаж байгаа юм. Ингээд дуудлага худалдаагаар О ялагч болсон. Нээлттэй дуудлага худалдааны журмын дагуу зохион байгуулагдсан. Өнөөдөр сонинд дуудлага худалдааны зарыг байршуулсан. Ингэснээр дуудлага худалдаанд хэн ч оролцох боломжтой. Хариуцагчийн зүгээс хэвлэл мэдээллээр мэдэгдэхээс өөр үүрэг байхгүй. Үүрэг гүйцэтгэгчийн үүргийг гуравдагч биелүүлсэн бол дуудлага худалдааг түр зогсоох зохицуулалт юм. Гэтэл дуудлага худалдаа болоод өнгөрсөн, улмаар албадан чөлөөлөх шийдвэр гарсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ7/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 11901 дүгээр захирамжийн хуулбар /ХХ8/, гэрэл зураг /ХХ15/, хөрөнгийн үнэлгээний тайлан /ХХ16-18/,
3б. Хариуцагчаас: Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар, А-97 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 дүгээр, мөн оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дүгээр, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394 дүгээр, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-268 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А-269 дүгээр, 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А-189 дүгээр, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А-239 дүгээр тушаалын хуулбар /ХХ27, 28, 29, 30, 31, 32, 33, 34, 35/, “К*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар /ХХ36, 37-39/, “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А-72 дугаар тушаалын хуулбар /ХХ47/, үл хөдлөх эд хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах журмын хуулбар /ХХ48-53/, “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А-77 дугаар тушаалын хуулбар /ХХ54/, нээлттэй дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын хуулбар /ХХ55/, нээлттэй дуудлага худалдааны зарын хуулбар /ХХ56/, дуудлага худалдааны тэмдэглэлийн хуулбар /ХХ57-59/, нээлттэй дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн талаар мэдээлэл танилцуулсан тэмдэглэлийн хуулбар /ХХ60/, дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн хуулбар /ХХ61/, Г.Очирсүхийн иргэний үнэмлэхийн хуулбар /ХХ62/, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /ХХ63/, дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн хуулбар /ХХ64/, Г.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар /ХХ65/, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар /ХХ66/, сонины хуулбар /ХХ67/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 03071 дүгээр шийдвэр /ХХ68-72/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ж.Э******* нь “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдөр явуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах нээлттэй дуудлага худалдааны Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, ..... тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаар бүртгэгдсэн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь дуудлага худалдааг журмын дагуу зохион байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө худалдагдсан, нэхэмжлэлд дурдсан хууль зүйн үндэслэл нь шаардлагад хамаарахгүй гэж маргаж байна.
4. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96, А-97 дугаар тушаалаар Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэг, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-302 дугаар тушаалаар баталсан “Банкийг албадан татан буулгах аргах хэмжээг хэрэгжүүлэх журам”-ын 2.7 дахь хэсгийг үндэслэн “К*******” ХХК-г албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилжээ. /ХХ27, 28/
Цаашлаад Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111, мөн оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дүгээр, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394 дүгээр, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-268 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А-269 дүгээр, 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А-189 дүгээр, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А-239 дүгээр тушаалаар тус тус банкны эрх хүлээн авах аргах хэмжээг хэрэгжүүлэх хугацааг сунгаж, эрх хүлээн авагчийг томилж, зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилсон байна. /ХХ29-35/
Улмаар “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А-72 дугаар тушаалаар Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн зохих хэсэг, “Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх журам”-ын 4.2.3-д заасныг үндэслэн “Үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах журам”-г баталсан. /ХХ47-53/
Үүний дараа “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А-77 дугаар тушаалаар маргаж буй Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, ....тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаар бүртгэгдсэн газрыг бусад үл хөдлөх эд хөрөнгийн хамт нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэжээ. /ХХ54-55/
Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй.
5. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хуулийн 176 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу бодитоор оршин сууж байгаа нэхэмжлэгчид дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдээгүй гэж тайлбарлаж байна.
Гэвч нэхэмжлэгч нь тухайн газарт оршин суудаг гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргийн дагуу нотлоогүй.
Дээрх А-77 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтад зааснаар маргаж буй дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 11 цаг 00 минут зохион байгуулахаар шийдвэрлэжээ. /ХХ56/
Энэхүү дуудлага худалдаа явуулах зарыг Үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах журмын 4.2, 4.4-т зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өнөөдөр сонинд нийтлэх замаар мэдээлсэн байна. /ХХ67/
Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн мэдэгдэлгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан гэх тайлбар үгүйсгэгдсэн. Өөрөөр хэлбэл, маргаж буй дуудлага худалдааг журамд заасны дагуу нийтэд мэдээлсэн бөгөөд харин нэхэмжлэгч энэ талаар мэдээгүй гэх тайлбар нь дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
6. Нэхэмжлэлд дурдсанаар болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд маргаж буй газрыг Х.Сгаас Х.Бын хамт худалдан авсан. Тухайн үед зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байсан. Улмаар тухайн үүргээс чөлөөлсөн боловч Х.С, Х.Б нар нь хамтран өмчлөгчөөр бүртгүүлж дахин зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Х.Сг худалдсан газрын өмчлөх эрхээ шилжүүлж өгөлгүйгээр дахин барьцаалсан гэж тайлбарласан байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 03071 дүгээр шийдвэрээс үзэхэд энэ хэргийн нэхэмжлэгч Ж.Э******* нь маргаж буй газрын өмчлөгчөөр тогтоох тухай Х.С, Х.Б, П.Г нарт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэсэн. /ХХ68-72/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар ийнхүү нэхэмжлэгч нь газрын өмчлөгчөөр тогтоох тухай шаардлагаас татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул энэ асуудлаар давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь маргаж буй газрын өмчлөгч биш гэдгийг зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл, газрын өмчлөлтэй холбоотой ямар нэг шаардах эрхээсээ татгалзсан гэж үзэхээр байна.
6.1. Нэхэмжлэлийн үндэслэл болох Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д заасан зохицуулалт газрын өмчлөгч буюу гуравдагч этгээд нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан тохиолдлын талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь бусдын үүргийг гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийн үндэслэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.
6.2. Нэхэмжлэгч нь маргаж буй газрыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан буюу барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Барьцааны гэрээний оролцогч нь нэхэмжлэгч биш талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэгч нь энэхүү барьцааны гэрээний дагуу эрх эдэлж, үүрэг хүлээхгүй юм.
Эдгээр үндэслэлийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д заасан үндэслэлгүй байх тул хариуцагч “К*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдөр явуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах нээлттэй дуудлага худалдааны Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, .... тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаар бүртгэгдсэн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ж.Э*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД