Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00687

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00687

 

 

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/00468 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Мэндбаяр, Б.О нарын хариуцагч Э.Сд холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг буюу нийт 22 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

  Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.О, Э.Мэндбаяр нар Хятад Улсаар дамжиж Солонгос улсад ажиллах зорилгоор мөнгөний хэрэг гарч unegui.mn дээр мөнгө зээлж, хүүнд нь байрандаа суулгана гэх зарыг байршуулсан. Уг зарын дагуу Э.Стай холбогдож бид 15 000 000 төгрөгийг зээлж, хүүнд нь 2 хүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу хороолол, 72/2 дугаар байр 3А тоотод байрлах, 41.1 м.кв талбайтай 2 өрөө байрандаа суулгасан. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай зээлийн болон орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан ба тухайн үед Б.О, Э.Мэндбаяр нар Солонгос улсад ажиллахаар хөөцөлдсөн хэдий ч бүтээгүй учир дээрх зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч, Солонгос улсад ажиллах боломжгүй болж эргэж Хятад улсад ирсэн. Зээлсэн мөнгөө олохын тулд Хятад улсад ажил хайж эхэлсэн энэ хугацаанд Э.Стай байгуулсан гэрээний хугацаа дууссан ба энэ үед Э.Стай холбогдож нөхцөл байдлаа хэлсэн. Мөн нөхрийн дүү болох Э.Сувд-Эрдэнэ нь тухайн үед ах, эгч хоёр тэндээ хулхитуулчихлаа, наад байрыг чинь 2 жилээр түрээслээд таны зээлдүүлсэн мөнгийг гаргаад өгье гэх саналыг Э.Сд гаргасан хэдий ч зөвшөөрөөгүй. Улмаар бид хоёр 2019 оны 12 дугаар сард Хятад улсаас ирсэн ба байраа авах гэсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй байна. Гэрээний хугацаа дууссанаас хойш Э.С нь 28 сарын хугацаанд нэхэмжлэгч нарын байранд ямар ч үнэ төлбөргүй суусан ба амьдарсан хугацааг зээлсэн мөнгөнөөс суутгаад үлдэгдэл төлбөрийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй ба орон сууцыг суллаж өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч нар 2 талынхаа аав, ээжийнхээ гэрт ирэн очин амьдарч, хүүхдийн сургууль, цэцэрлэг холдсон. Иймд Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу хороолол 72/2 дугаар байр, 3А тоот хаягт байрлах орон сууцыг Э.Сгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. Э.С нь гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл манай гэрт үнэ төлбөргүй амьдарч байгаа тул орон сууцыг ашигласан хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 11 сар хүртэл ашигласан хугацааны төлбөрийг талуудын гэрээгээр тохирсон сарын 500 000 төгрөгөөр тооцож, нийт 15 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд үндсэн зээлээс төлбөр хийгээгүй нь үнэн тул орон сууцаа чөлөөлүүлээд, түүнээс 15 000 000 төгрөгийг авчихвал төлөх боломжтой. Харин алданги 7 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Б.О, Э.Мэндбаяр нартай зээлийн гэрээ байгуулж, гэрээ байгуулсан өдрөө уг гэрээг гэрчилсэн нотариатчийн хажууд 15 000 000 төгрөгийг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бэлэн мөнгөөр зээлдэгч нарт шилжүүлэн өгсөн. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар нь зээлийн хүүг сар бүр 500 000 төгрөг байхаар, хүүгийн төлбөрт орон сууцанд нь амьдрахаар тохиролцсон ба мөн өдрөө Э.С, Б.О, Э.Мэндбаяр бид харилцан тохиролцож, орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Ингээд миний бие нь Б.О, Э.Мэндбаяр нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 72/2 дугаар дугаар байр, 3А тоотод байрлах, 41.1 м.кв талбайтай 2 өрөө байранд 6 сарын хугацаагаар амьдрахаар болсон юм. Бид зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээнүүдийг байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаа өнгөрсөн ба үүнээс хойш Б.О, Э.Мэндбаяр нар нь яасан нь мэдэгдэхгүй алга болсон юм. Тодруулбал, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл facebook-ийн Мэндбаяр гэсэн хаягаас идэвхтэй харилцаатай байж байгаад ор сураггүй алга болсон. Би 2018, 2019 онуудад тухайн хаягаар нь холбогдохыг оролдож, гэрээний хугацаа дуусаж байгаа талаар болон зээлсэн мөнгөө авах, эсхүл гэрээгээ сунгах талаар байнга шаардаж байсан. Б.О, Э.Мэндбаяр нар нь ийнхүү бүтэн 10 сар шахам хугацаанд ор сураггүй байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр урд БНХАУ-д байгаагаа мэдэгдэж, 13019503030 гэсэн дугаартай байгаагаа бичсэн. Ингээд дахиад сураг чимээгүй болсон ба 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр болон 14-ний өдрүүдэд холбогдож мөнгөө өгөх гэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Ийм утгатай мессежийг мөн холбоогүй байж байгаад 2020 оны 8, 9 дүгээр саруудад бичсэн. Би мөнгөө авья гэж удаа дараа шаардаж, болохгүй бол БНХАУ-д суугаа Элчин сайдын яамаар дамжуулан итгэмжлэл олгооч, түүний дагуу би орон сууцыг нь өөр хүнд хөлслүүлээд мөнгөө гаргаж авъя ч гэж хэлж, гуйж байсан. Гэхдээ ямар нэг итгэмжлэл явуулаагүй. Дүү нь гэх хүн надтай харилцдаг байсан, гэхдээ зээлийг бэлнээр өгөх боломжгүй гээд өөр нөхцөл санал болгодог байсан. Уг нөхцөлийг нь би хүлээн авах боломжгүй болохоо нэхэмжлэгч нарт болон дүүд нь хэлж, мөнгийг маань хурдан өгөхийг л шаардаж байсан. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцанд өнөөг хүртэл амьдарч байгаа нь үнэн, нэгэнт тэдний өмч тул орон сууцыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин орон сууцанд 30 сар амьдарсны төлбөр 15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг яагаад ч зөвшөөрөхгүй. Би нэхэмжлэгч нарын байранд үнэгүй амьдраагүй, харин зээлсэн мөнгөнийхөө хүүнд амьдарч байгаа, нэхэмжлэгч нар нэг ч төгрөгийн зээл, хүүг надад төлөөгүй тул анхны тохиролцооны дагуу амьдарч байгаа намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нар надаас зээлсэн мөнгөө өгөөгүй байсан учир би орон сууцнаас гарах боломжгүй гэж үзэж байна. Мөнгөө өгвөл гарна гэдгээ ч хэлдэг байсан. Гэтэл нэг ч төгрөг өгөөгүй тул би өнөөг хүртэл амьдарч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин Б.О, Э.Мэндбаяр нарын хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийг буцаан төлөх хугацаа 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дууссан тул гэрээ ёсоор алданги тооцож шаардах эрх хариуцагчид үүссэн гэж үзэж байна. Харин зээлийн хүүндээ тооцож орон сууцанд нь амьдарсан тул хүү шаардахгүй. Иймд Б.О, Э.Мэндбаяр нараас үндсэн зээл 15 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 7 500 000 төгрөг буюу нийт 22 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т заасан үндэслэл тогтоогдсон тул Э.Сгаас 15 000 000 төгрөг гаргуулах тухай Б.О, Э.Мэндбаяр нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэлтэй тул Б.О, Э.Мэндбаяр нараас 22 500 000 төгрөгийг гаргуулж Э.Сд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Э.С нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025147 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу хороолол, 72/2 дугаар байрны 3А тоот хаягт байршилтай, 41.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай Б.О, Э.Мэндбаяр нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 303 150 төгрөг, хариуцагчаас төлсөн 270 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч нараас 270 450 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Э.Сувд-Эрдэнийг оролцуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу гэрч шүүх хуралдаанд ...анх 2018 оны 8 сарын 08-ны өдөр Э.Стай фэйсбүүк чатаар холбогдож, энэ үеэс нэг нэгнээ мэддэг болсон. Манай ах эгч хоёр мөнгө зээлээд явсан. Мөнгөө гадаадад хулхидуулаад мөнгөө олох гээд байсан. Би ах эгч хоёртойгоо холбогдоод ярилцдаг байсан, ...Э.Сд хэд хэдэн удаа санал тавьж байсан байрыг түрээслээд түрээсийн төлбөр дээр ах эгч хоёрын явуулсан 5 сая төгрөгийг нэмээд өгье, түрээслэх хүн нэлээд байсан... гэх мэдүүлгийг өгсөн. Гэтэл шүүхээс уг мэдүүлгийг баримтын хэмжээнд хуульд заасан журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл тухайн байранд амьдарсан хэмжээгээр түрээсийн төлбөр бодогдоно гэдгийг анхнаасаа хариуцагч мэдэж байсан. Гэтэл шүүхээс хариуцагчид мэдэгдэж байгаагүй гэдэг үндэслэлээр буюу Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй гэх зохицуулалтыг үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс судлалгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Сөрөг шаардлагын тухайд хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Уг шаардлагаас 15 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 7 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт өнөөдрийг хүртэл зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээний хугацаа зээлийн гэрээний 3.2-т заасны дагуу зээлийн гэрээ сунгагдсаар ирсэн гэх тайлбар өгдөг. Зээлийн гэрээг дуусгавар болоогүй гэж үзээд байгаа хэрнээ алдангийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссанаас хойш алданги шаардах эрх үүснэ. Гэтэл алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.О, Э.Мэндбаяр нар нь хариуцагч Э.Сд холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц үнэ төлбөргүй ашигласны улмаас үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 15 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч үндсэн зээл 15 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

Хариуцагч Э.С нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.О, Э.Мэндбаяр нарт 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 500 000 төгрөгийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцон зээлийн гэрээг бичгээр байгуулсан, мөн өдрөө нэхэмжлэгч Б.О, Э.Мэндбаяр нар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу хороолол, 72/2 дугаар байрны 3А тоот хаягт байршилтай, 41.1 м.квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Э.Саруулгэрэлд 6 сарын хугацаатай, нэг сарын 500 000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. /хх-ийн 5-8 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.О, Э.Мэндбаяр нар нь орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон сууцаа өөр хүнд түрээслэж хариуцагчаас зээлсэн төлбөрийг төлнө... гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрснийг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт бусдад хууль болон гэрээний үндэслэлгүйгээр хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгч нар зээлээ буцаан төлөөгүйн улмаас хариуцагч нэхэмжлэгчийн шилжүүлсэн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсанд хариуцагчийг буруутай гэж үзэх үндэслэлгүй. Орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хөлслөгчид Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг буцааж өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч буюу зээлдэгч зээлээ буцаан төлөөгүй тул Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар уг үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Нөгөө талаар анх хариуцагч маргааны зүйл болж буй орон сууцанд зээлийн гэрээний хүүний төлбөрт тооцон зээлдэгч нарын зөвшөөрлийн үндсэн дээр амьдарсан. Эдгээрээс үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 15 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Түүнчлэн, гэрч Э.Сувд-Эрдэнийн ...Э.Сд хэд хэдэн удаа санал тавьж байсан байрыг түрээслээд түрээсийн төлбөр дээр ах эгч хоёрын явуулсан 5 сая төгрөгийг нэмээд өгье, түрээслэх хүн нэлээд байсан... гэх мэдүүлгээр орон сууцыг чөлөөлөхийг хариуцагчид мэдэгдэж байсан, харин орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссанаас хойш орон сууцны хөлс 500 000 төгрөгийг сар бүр тооцож авах талаар мэдэгдэж талууд гэрээг сунгасан гэж үзэхгүй. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т заасан үндэслэл тогтоогдсон гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй юм.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ талаар зохигчид маргаагүй. Харин зээлийн гэрээний 2.7-д Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дах хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр заасан байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх учиртай. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зээлийн гэрээний 2.5-д заасан хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй тул хариуцагч үндсэн зээл, алдангийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар шаардах эрхтэй хэдий ч хэргийн нөхцөл байдал, талуудын тайлбар, гэрээний агуулга, хугацаа дууссанаас хойш хариуцагч зээлдэгч нарыг мөнгөө төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцыг үнэ төлбөргүй ашиглах буюу орон сууцанд одоог хүртэл амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзвэл алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгч нарын зээлийн гэрээний хүү төлөх үүрэгтэй холбогдуулан орон сууц чөлөөлөх үүргээ биелүүлээгүй, үүргийн зөрчилтэй байхад гэрээний хариуцлага болох алданги гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алдангийн талаарх гомдол үндэслэлтэй байна.

Иймд зээлдэгч нарын төлбөл зохих үүргийг 15 000 000 төгрөгөөр тооцвол зохино.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/00468 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 22 500 000 гэснийг 15 000 000 төгрөгийг гаргуулж Э.Сд олгож, 7 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын 270 450 гэснийг 232 950 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Б.НАРМАНДАХ