Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/34

 

*******д холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

Шүүгчид        Г.Давааренчин                                  

                       Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                           А.Энхтуяа

Яллагдагч                         *******                        

Яллагдагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 88 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэгт овогтой *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн дугаартай, 2 хавтас хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт төрсөн дүү зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.            

          Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 88 дугаартай шүүгчийн захирамжаар:

          - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Валяркагийн БатЭрдэнэд холбогдох хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

          Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй” байна гэх заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдлоо. Учир нь: Иалийгаач ******* үхлийн шалтгааныг тодорхойлсон шинжээч эмч нарын 2019 оны 01 сарын 04-ний өдрийн 57 дугаартай “...онош зүйн яаралтай мэс заслын тусламж үзүүлэх шаардлагатай..., нойр булчирхай гэмтсэн үед өвчтөнийг хүлээн авсан даруйд дараагийн эмнэлэгт хүргүүлсэн ч амь насыг аврах боломж муутай” гэсэн дүгнэлт, 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 1083 дугаартай “тухайн эмнэлэгт гэмтлийг оношлох боломж муутай тул яаралтай дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай байжээ... ” гэсэн дүгнэлт,

          2018 оны 08 сарын 31-ний өдрийн 1768 дугаартай цогцос хийсэн шинжилгээгээр “...талийгаачид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврах боломжтой ” гэсэн дүгнэлтүүдээс үзэхэд тухайн өвчтөнг нэн яаралтай дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэхгүй удаасны шалтгаан нөхцлийг яагаад амь насыг аврах боломжтой байсаар байхад эмнэлгийн эмч нар энэ арга хэмжээг авахгүй байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй, дүгнэлтүүд хоёрдмол утга агуулгатай дүгнэлт гарсан нь эргэлзээтэй байх тул яамны дэргэдэх мэргэжпийн салбар зөвлөлөөс мэргэжилтэн оролцуулан бүрэлдэхүүнтэй /5 шинжээчийн/ дүгнэлт гаргуулах шаардлагатай гэжээ.

          Шинжээчийн дүгнэлтүүдийн хувьд он сар өдрийн дарааллаар эхний буюу цогцост хийсэн шинжээч эмч 2018 оны 08 сарын 31-ний өдрийн 1768 дугаартай дүгнэлтээр “...талийгаач нь хэвлийн битүү гэмтэл нойр булчирхайн няцрал үхжилийн улмаас гялтангийн үрэвслээр хүндэрч олон эрхтэний дутагдалд орж нас баржээ...талийгаачид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврах боломжтой” гэх дүгнэлт гарсантай холбоотойгоор мөрдөн байцаалтын ажиллагаагаар ямар шалтгааны улмаас эмнэлэгт яаралтай үзүүлээгүй талаар тодруулахад шинжээч эмч “ ...яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой гэдэг нь тухайн гэмтлийн авсан даруйд эмнэлэгт хандан хүндрэл гарахаас өмнө мэс засал хийлгэсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсан” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр талийгаачийг Бугант тосгоны эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэхээс өмнө гэрээр эмч дуудаж үзүүлж байсан болох нь тогтоогддог боловч тухайн үед бусдад зодуулсан талаар огт хэлээгүй байсан. 2018.08.02-ны өдөр талийгаачийн өөрийн хүсэлтээр Бугант тосгоны эрүүл мэндийн төвд очиж үзүүлэн хэвтэж эмчлүүлсэн болох нь тогтоогдож байна.

          Аливаа шинжээчийн дүгнэлт хэрхэн ямар үр дүнтэй гарахыг урьдчилан хэлэх боломжгүй бөгөөд хэдийгээр шинжээч эмч Б.Долгормаагаас гаргасан дүгнэлттэй холбогдуулан мэдүүлэг авсан боловч талийгаач ******* үхэлд хүргэсэн шалтгаан нь эмч, эмнэлгийн мэргэжилтэний буруутай үйл ажиллагаа байгаа эсэх талаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж 2019 оны 01 сарын 04-ний өдрийн 57 дугаартай дүгнэлтийг гаргуулахад “...анхан шатны эмнэлэгт оношийг бүрэн тавих боломжгүй бөгөөд Бугант тосгоны эрүүл мэндийн төвийн эмч нарын тавьсан онош зөв, хийсэн эмчилгээ зөв байна...2018.08.05 өдөр ГССҮТ-д мэс засалд орсон ба эмч нарын тавьсан онош ба эмчиилгээг стандартын дагуу зөв тавьсан « байна...хэвлийн битүү гэмтэл нь онош зүйн нарийн шинжилгээг үндэслэн яаралтай мэс заслын тусламж үзүүлэх шаардлагатай байдаг, амь насанд эрсдэлтэй хүнд гэмтэлд тооцогддог бөгөөд нойр булчирхай гэмтсэн үед өвчтнийг хүлээн авсан даруйд дараагийн шатлалын эмнэлэгт хүргүүлсэн үед ч амь насыг нь аврах боломж муутай болно..” гэх дүгнэлтийг гаргасан ба шинжээчийн дүгнэлтүүдээр талийгаач нь нойр булчирхайн няцрал, үхжлийн улмаас хэвлийн битүү гэмтэл авсны улмаас нас барсан болохыг баталж байна.

          Мөн шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан, дүгнэлтүүдтэй холбоотойгоор оролцогч нарт танилцуулахад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй ба оролцогч нарын эрхийг ноцтой зөрчиж нотлох баримт цуглуулсан үндэслэл мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй болно.

          2. Талийгаачийн хэвлийн хөндийн битүү гэмтлийг яг хэдийд авсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэд шалгаж тогтоож чадаагүй, эргэлзээтэй байх тул учирсан гэмтэл нь шинэ хуучин эсэхийг тодруулах шаардлагатай гэжээ.

          Шинжээчийн 2018 оны 08 сарын 31-ний өдрийн 1768 дугаартай дүгнэлт, 2019 оны 01 сарын 04-ний өдрийн 57 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт,

          Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 36-38 хуудас/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 45-47 хуудас/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/, гэрч ******* мэдүүлэг/хх-ийн 54-55 хуудас/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 78-80 хуудас/, Шинжээч мэдүүлэг /хх-ийн 112-113 хуудас/ зэрэг баримтуудаар уг гэмтлийг хэзээ авсан болох нь хангалттай тогтоогдож байх тул 2 дахь заалтыг хангах үндэслэлгүй байна.

          3. Шинжээч эмч нараас талийгаачид үүссэн хэвлийн битүү гэмтлийг хэн нэгэн хүнд учирлаа гэж бодоход хэдий хугацаанд өвчлөл үүсэх, хэдий хугацаанд амьд явах боломжтой, ийм гэмтэл авсан хүн ямар үйл хөдлөл хийж чадах эсэх, архи уусан үед гэмтэл сэдрэх байдал байдаг зэрэг байдлыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэжээ.

          Дээрх гэмтэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан ба “нойр булчирхайн няцрал нь гэмтэл юм /өөрөөр хэлбэл өвчин биш/...яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд хүндрэл гарахаас өмнө мэс засал хийлгэсэн тохиолдолд амь нас аврах боломжтой...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба дээрх байдлыг тодруулах шаардлагагүй байна. Учир нь нэгэнт шинжээчийн дүгнэлтээр нойр булчирхайн няцрал гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж гарсан байна гэж цаг хугацааг тодорхойлсон байх тул энэ талаар нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлгүй байна.

          4. Түүнчлэн талийгаачид яаралтай эмчилгээ хийх цаг хугацааг хаана ямар эмнэлэг алдсан талаар тогтоолгох шаардлагатай гэжээ. Гэтэл мөрдөн байцаалтын явцад эмч, эмнэлгийн буруутай үйл ажиллагаа байхгүй болох нь тогтоогдсон тул дээх ажиллагааг явуулах шаардлагагүй байна.

          5. Шинжээч эмч Х.Долгормаагаас мэдүүлэг авахдаа мөрдөгч Сундуйсүрэнгээр мэдүүлэг авахуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж нотлох баримт бүрдүүлсэн гэжээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга С.Батжаргалын тогтоолоор мөрдөгч Сундуйсүрэн, Батбаяр, Энхбаатар, Бадрал нарын мөрдөгчидөд даалгасан тогтоол авагдсан ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул нотлох баримт хуулийн шаардлага хангаж байна.

          6. Талийгаачийн өвчний түүхэнд бичигдсэн өвчлөл эхэлсэн хоног нь ах *******д зодуулсан гэх 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөртэй тохирохгүй байгаа талаар дурджээ. Хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлгээр тухайн үйл явдал 2018 оны 07 сарын 27-ны өдөр болсон ба 2018 оны 08 дугаар сарын 02 -ны өдөр Бугант тосгоны эрүүл мэндийн төвд хүргэгдэн хэвтэн эмчлэгдэж байсан талаар эргэлзээгүй баримтууд авагдсан байна.

          Эмч эмнэлгийн мэргэжилтэн нь хэвтэн эмчлүүлэгсдэд өвчний түүхийг нээхдээ тухайн түүх нээлгэж буй өвчтнөөс асуух хэлбэрээр явагддаг бөгөөд талийгаачийн хувьд тухайн үед өвчин, зовиуртай байсан зэргээр цаг хугацааг баримжаагаар хэлсэн байдал нь заавал үнэн зөв хэлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

          Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахгүйгээр хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 88 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Яллагдагч В.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс ерөнхийдөө эмч нарын дүгнэлтийг шалгуулж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар буцаасан. Мөрдөн байцаах ажиллагааны явцад 2019 оны 01 дүгээр 04-ний өдрийн 54 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Түүн дээр талийгаач эмнэлгийн тусламж яаралтай үзүүлж, дараагийн шатлалд шилжүүлсэн ч амь насыг аврах боломж муу байсан гэх дүгнэлт гарсан. Иймд энэ хэргийг анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх саналтай байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт нэг удаагийн задлан шинжилгээ, хоёр удаагийн шинжээч нарын дүгнэлт гаргасан. Талийгаачид учирсан гэмтлийг хэвлийн хөндийн битүү гэмтэл гэдгийг оношилсон боловч аврах боломжгүй, нөгөөх нь дараагийн шатанд шилжүүлсэн бол аврах боломжтой гэж зөрүүтэй дүгнэлт гаргасан. Энэ зөрүүтэй байдлыг арилгаснаар яллагдагчийн ирээдүй хувь заяаг шийдэгдэнэ. Нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Яллагдагч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт төрсөн дүү зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас нас барсан гэмт хэрэг үйлдсэнд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатаар хянан хэлэлцээд шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр яллагдагчид холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

       Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай эсэргүүцлийн дагуу *******д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж, дүгнэлтүүдийн эргэлзээ бүхий байдлыг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

       Учир нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1768 дугаартай “...Талийгаачид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврах боломжтой.” гэсэн шинжээч эмч гаргасан дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1083 дугаартай “Талийгаач В.Соёл-Эрдэнэ нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэмтэл авч 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны эмнэлэгт хэвлийн битүү гэмтэл онош тавьж шинж тэмдгийн эмчилгээ хийсний дараагаар 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ГССҮТ-д хүргэгдэн ирж мэс засал эмчилгээ хийлгэж эмчлэгдэж байгаад нас барсан байна. ГССҮТ-н эмчийн тавьсан онош тохирсон, эмчилгээ стандартын дагуу хийгдсэн байна. Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд хэвлийн битүү гэмтэл онош тавьж, шинж тэмдгийн эмчилгээ хийсэн боловч тухайн эмнэлгийн нөхцөлд гэмтлийг оношлох боломж муутай тул яаралтай дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай байжээ.” гэсэн шинжээч эмч гаргасан нэмэлт дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаартай “Хэвлийн битүү гэмтэл нь онош зүйн нарийн шинжилгээг үндэслэн яаралтай мэс заслын тусламж үзүүлэх шаардлагатай байдаг, амь насанд эрсдэлтэй хүнд гэмтэлд тооцогддог бөгөөд нойр булчирхай гэмтсэн үед өвчтөнийг хүлээн авсан даруйд дараагийн шатлалын эмнэлэгт хүргүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байна.” гэсэн шинжээч эмч нарын дүгнэлтүүдээс харахад яаралтай эмнэлгийн тусламж авсан нөхцөлд амь насыг аврах боломжтой, эсхүл амь насыг аврах боломжгүй гэсэн нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжтэй дүгнэлтүүд гарсан бөгөөд эдгээр дүгнэлтүүдийн зөрүүг арилгахын тулд явуулах мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 88 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 88 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                       Д.БУЯНЖАРГАЛ