| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0062/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/75 |
| Огноо | 2018-03-22 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид Ш.Эрдэнэцэцэг, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга О.Өзийбуян,
Иргэдийн төлөөлөгч Б.Дэлгэрмаа,
Улсын яллагч Л.Отгончимэг,
Хохирогч Н.Э,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бд холбогдох эрүүгийн 201722000241 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод хохирогч Р.М хүүхэд зодлоо гэх шалтгаанаар толгойн тус газар нь модоор цохиж алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... тоотод хохирогч Р.М хүүхэд зодлоо гэх шалтгаанаар толгойн тус газар нь модоор цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Намайг гэрээс гарахад миний хүү Бямба-Очир хаалган дээр намайг энэ хүн зодоод байна гээд айсан шинжтэй нулмис нь цийлэгнэсээр ирсэн. Тэгээд би юун хүн бэ? яах гэж мотоцикль хулгайлах гээд байгаа юм бэ? гэсэн чинь дуугарахгүй байхаар нь хашаанаас гар гээд нөгөө хүнийг хойш нь 2-3 удаа түлхтэл намайг төмрөөр цохисон. Би хойшоо болтол намайг ална шүү гээд араас төмрөө бариад цохих гээд байхаар нь гэрийн хаалган тушаа байсан модыг аваад тэр хүний өөдөөс савсан юм. Хаана цохисон гэдгээ мэдээгүй. Би тэр хүнийг яаж газарт унасныг мэдээгүй сандарч тэвдэж айсан байсан...Би гэм бураагаа хүлээн зөшөөрч байна... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-8 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийх тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ-ийн 11-р хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 99-102 дугаар хуудас/,
Хохирогч Н.Эмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би талийгаачийн 3 хүүхдийн хууль ёсны асран хамгаалж, хамт амьдарч харж хандаж байна. Би өнчирсөн хүүхдүүдийг хараад наймаагаа хийж чадахгүй байна. 8-18 насны гурван хүүхдийг асран хамгаалж байна. Хоёр хүүхдийн сургалтын төлбөр мөн хэрэглээ гээд их зардал гарч байна үүнийг төлүүлмээр байна. Мөн одоо амьдарч байгаа хашаа байшинг өөрчлөх шаардлагатай байна хүүхдүүдийн сэтгэл зүйлд муугаар нөлөөлж байна. Оршуулгын зардал 8.165.450 төгрөг, хүүхдүүдийн сэтгэл санааны хохирол 50 сая төгрөгийг Ш.Б нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Р.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай дүү Уранжаргал залгаад Мөнхөө ах эмнэлэгт ухаангүй байна гэж танай найз Нямханд хэллээ гэхээр нь Нямханд руу залгахад эмнэлэг дээр ухаангүй ирсэн байна гэсэн. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр манай ах нас барсан. Би маш их гомдолтой байна. Талийгаачийн 3 хүүхэд нь өнчин үлдэж, харж хандах хүнгүй болсон...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 21-22 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Оюунтөгс эгч гадаа мотоцикль уначихлаа гараараа гэхээр нь хувцсаа өмсөөд гартал манай гэрийн үүдэн дээр байсан мотоциклийг түрээд гэрийн баруун хойд талд унагаачихсан өөрөө дээр нь сууж байсан. Би мотоциклио түрээд гэрийн үүдэнд авчраад данхараадаад эргэж хараад гэрлүүгээ орох гэтэл миний нуурруу төмрөөр цохиод миний муу гар болох зүүн гарлуу дэвссэн. Би ёоё гээд орилоод аавыг дуудсан чинь аав гарч ирээд та цаашаа байгаач гээд хашаанаас гаргах гээд гэрийн баруун тал руу түлхээд явсан. Тэгтэл аавыг төмрөөр цохисон юм шиг байна лээ. Би тэр үед айгаад мотоциклийн тэнд сууж байсан. Энэ үед Оюунтөгс эгч гарч ирсэн. Тэгээд нэг харсан чинь мотоцикль авах гээд байсан хүн гэрийн баруун талд дээшээгээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэр хүнийг гадаа газарт унасан байхад Нямханд гарч ирж байсан...Аавын аль нэг гарт мод байсан. Тэр модоор цохисон гэдгийг хараагүй...Бямбадорж ах заамарт байгаа. Бид хоёрын нэрийг хүмүүс андуураад намайг Бямбадорж гэж дуудаад байдаг юм...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 31-35, 2-р ХХ-ийн 257-258 дугаар хуудас/,
Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэрийн хаяанд байсан мотоцикль унах чимээ гарахаар нь хүү Бямба-Очирыг гараараа гэхэд хувцсаа өмсөөд гадаа гараад ёооё гээд дуугарахаар нь үүдээр шагайгаад хартал согтуу хүн хүүг маань заамдчихсан зогсож байсан. Тэгээд нөхөр Бийг гартал тэр хүн 2 удаа төмрөөр цохиход гараараа хаасан. Тэр согтуу хүнийг Б цааш нь түлхтэл пизда минь шүү гээд урдаас нь төмрөөр цохих гээд далайлгаад байхаар нь Б газарт байсан нарийхан мод аваад тэр хүнийг цохисон. Тэгэхэд нөгөө хүн хойшоогоо ар гэдэргээ саваад унасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-45 дугаар хуудас/,
Гэрч Ш.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бямба-Очир газарт хэвтчихсэн ааваа энэ ах намайг зодоод байна гэхээр нь очоод чи яагаад хүүхэд зодоод байгаа юм гэсэн чинь тэр хүн төмөр барьж байгаад намайг 2 удаа цохисон. Тэгэхээр нь би түлхчихсэн чинь гай болж нөгөө хүн бэртээд гэсэн. Ах маань надад манай хажуугийн айлд ирсэн хүн байсан юм байна лээ. Тэр хүн ухаан орохгүй эмнэлэгт байна ах нь хүн амины хэрэгт орж байх шиг байна гээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-54 дүгээр хуудас/,
Гэрч В.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б хүү Бямба-Очиртойгоо 2017 оны 05 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө ирж хоносон. Б надад ярихдаа мотоциклийг нь гэрийн гадаа хүн унагаагаад хүү Бямба-Очирыг нь цохисон. Би гараад гараараа цохисон чинь гэдэргээ саваад унасан. Тэр хүний чихнээс нь цус гарсан байсан. Одоо эмнэлэг дээр байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нямхандыг буцаж ороод удаагүй байхад 14-15 насны охин буцаж гарч ирээд ахаа таныг дуудаж байна гэхээр нь хашаан дотор яваад ортол гэрийн баруун талд М эгц дээшээ хараад хэвтэж байсан. Нямханд толгойноос нь өргөтөл ар дагз болон зүүн чихнээс нь цус их хэмжээгээр гарч байсан. Мын хажууд зогсож байсан хүнийг чи энэ хүнийг цохичихов уу гэхэд манай хүүг цохиод байхаар нь гараараа нэг духруу цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-63 дугаар хуудас/,
Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гадаа чимээ шуугиан гараад пизда чинь миний зэрэмдэг хүүхдийг цохидог хэн бэ гээд байхаар нь би гартал гэрийн баруун талд нэг хүн газарт унасан байсан. Хашааны үүдэнд гартал Батчулуун гуай машин дотроо сууж байсан. Та яваагүй юм уу гэтэл талийгаачийн нэрийг хэлээд чиний араас ороод ирье гээд цаашаа чинь орсон гэхээр нь буцаж гүйж очоод газарт унасан хүнийг хартал талийгаач дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би толгойноос нь ар дагзан тушаанаас нь өргөтөл гар цус болсон байсан...Б наадахыг чинь юмаар цохиогүй дух руу нь гараараа цохисон. Хулгай хийх гэсэн, зэрэмдэг хүүхдийг минь цохисон гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-74 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Т.О-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хажуу талын айл болох Очирхандынд орох гээд хашаа руу ортол Б гэдэг ахын гадаа нэг хүн дээшээ хараад хэвтэж байсан...Б ахын гэрт ороод Оюунтөгс эгчээс юу болсон талаар асуухад тэр газарт унасан хүн гадаа мотоциклиор нь оролдоод газарт унагаахаар нь Бямба-Очир гэдэг хүүгээ хар гээд гаргатал хүүг нь тэр хүн гараараа цохисон гэсэн. Тэгэхээр нь араас нь Б ах гарч ирсэн чинь төмрөөр цохихоор нь Б ах булааж аваад төмрөөр билүү, модоор цохисон гэсэн. Би тэднийхээс гараад иртэл Нямханд эгч тэр хүний толгойноос нь барьсан сууж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 дугаар хуудас/,
Гэрч С.О-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нямханд гэдэг хүүхэн надад хэлэхдээ Мөнхжрагал бид хоёр хамт явж байгаад би дүүгийндээ хүргүүлсэн. Дүүгийндээ ороод нэг аяга цай уучихаад гараад иртэл үүдэн дээр нэг хүн хэвтэж байсан. Хашааны үүдэн дээр гартал хамт явсан Батчулуун ах машинтайгаа зогсож байсан. Та хоёр яваагүй юм уу Мөнхөө хайчсан гэхэд чиний араас орсон гэхээр нь буцаад ортол хэвтэж байсан хүн М байсан. Би толгойноос нь өргөтөл гар цус болоод цустайгаа холилдсон хэвтэж байсан гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэрийн хаяанд байсан мотоциклийг согтуу хүн унагаагаад аав гарсан чинь тэр хүн аавыг төмрөөр нуруулуу нь цохихоор аав тэр хүнийг толгой руу нь модоор цохисон чинь үхчихсэн гэж би ээж цагдаа нарт ярьж байхад нь сонссон гэж надад Нямлхагва ах хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 259-260 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Н. Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би унтаж байсан болохоор зодоон болсон талаар мэдээгүй. Цагдаа нар маргааш нь ирсэн чинь ээж мотоцикль хүн унагаахаар нь аав гараад тэр хүнийг модоор цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 261-262 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг сумаас ирээд 2 хонож байхад Нямлхагва надад нэг согтуу хүн манай гэрийн гадаа байсан мотоциклийг унагаахаар нь аав гараад тэр хүнийг модоор цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 263-264 дүгээр хуудас/,
Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нямлхагва, Нямжаргал хоёр урд шөнө манайд аймар юм болоод гэхээр нь юу болсон юм гэхэд нэг согтуу хүн хаяанд байсан мотоциклийг унагаасан. Тэгэхээр нь Бямбадорж ах гарч ирээд нөгөө хүнийг цохисон...Хойд аав Б гарч ирээд хадаастай мод, төмрөөр цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 268-270 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 56 тоот дүгнэлтэд:
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх эмнэлгийн комиссийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 31 тоот дүгнэлтэд:
- Ш.Б нь урьд сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй.
- Ш.Б сэтгэцийн хувьд эрүүл.
- Ш.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
- Ш.Б нь сэтгэцийн өвчнөөр эмчлүүлж байгаагүй... гэх дүгнэлт /1-р хх-ийн 110 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ш.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 201722000241 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ш.Б нь Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж эхлэхээс өмнө гэмт хэрэг үйлджээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэж болох бөгөөд шинэ хуулиар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын дээд, доод хэмжээг багасгасан байх тул шүүгдэгч Ш.Бийн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцаан хэрэглэсэн нь зөв гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р ХХ-ийн 134 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Б нь хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Н.Э нь шүүгдэгч Ш.Б оршуулгын зардал 8.165.450 төгрөг, хүүхдүүдийн сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгний хохирол гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос оршуулгын зардал 8.165.450 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 8.165.450 гаргуулж хохирогч Н.Эт олгох нь зүйтэй байна.
Харин сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ш.Б нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж түүний хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 201722000241 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн станцын суурь төмөр, 80 см урттай мод зэргийг устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 85 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Б-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийн цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Ш.Б 8.165.450 /найман сая нэг зуун жаран таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух Н. Э ...-т олгосугай.
6. Эрүүгийн 201722000241 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн станцын суурь төмөр, 80 см урттай мод зэргийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Н.Э нь сэтгэл санааны хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Ш.Б нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Б.ИХТАМИР