Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 426

 

Ж.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган, хохирогч Д.Г , хохирогчийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 553 дугаар магадлалтай, Ж.У ад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч Ё.Энхбулган нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Ж-ын У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.У ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.У ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Ж.У  нь ...хохирогчийн хохирол төлбөрт 434,000 төгрөгийг төлсөн болохыг,

Хохирогч Д.Г  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.У , түүний өмгөөлөгч Ё.Энхбулган, хохирогч Д.Г  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.У  гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Миний бие ...бусдын бие махбодид халдсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12976 дугаар шинжилгээний дүгнэлтэд заагдсан хүндэвтэр гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй, уг дүгнэлт дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Учир нь, уг хэрэг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр болсон ч хохирогч Д.Г  2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Гэмтлийн эмнэлгийн ...дүгнэлт, ...2018 оны 10 дугаар сарын 26-ны “Люксмед” эмнэлгийн баруун мөрний тодосгогчгүй МRI шинжилгээний хариу нь ...онош хоорондын зөрүүтэй байгаа тул уг хэргийг дахин прокурорт буцааж гэмтлийн мэргэшсэн эмч нарын дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна.

Хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, карт, ямар эм тариа хэрхэн хэрэглэсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн хохирогч 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл өөр гэмтэл авсан эсэх нь тодорхойгүй. Хэрэг гарсны дараа хохирогч ...хэрхэн ажилласан талаар шалгалтын бүртгэлийн дэвтрийг хавтаст хэрэгт хавсаргах хүсэлтэй байна.

...Мөн шүүгдэгчийн баруун гарын хугарлыг нотлох эрүүл мэндийн картыг хэрэгт хавсаргахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргасан ч шүүх хүлээн аваагүйд гомдолтой байна. Гэрч Дарамбазар /хх-25-27/ Ө.Туяа /хх-28-30/ нарын мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Өмгөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдол шүүгдэгчийн гаргасан гомдолтой агуулгын хувьд давхцаж байгаа. Үндэслэлийн хувьд:

1. Шүүх гэрч Д.Д /хх-25-27/, Ө.Туяа /хх-28-30/ нарын худал мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэсэн.

2. Мөн хэргийн 24, 37, 44, 48, 54 дугаар талд яллагдагч, хохирогчийн нэр, гарын үсгийг сольж зуруулсан, мөн мөрдөгч нь иргэн Я.Х, А.С нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал хяналтын прокурорт хүргүүлсэн гэх мэтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

3. Хэрэгт хохирогчийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчтөний түүх, ямар эм тариа гэх мэтийг хэрхэн хэрэглэх эмчийн заалт зэрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт нь дангаараа нотлох баримт болохгүй тул шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

4. Шүүгдэгч   нь шүүх хуралдаанд хохирогч зодуулсан өдрөөс хойш ажлаа хийж байсныг нотлох бүртгэлийн дэвтэр, гар ажиллагааны хайч, “РОLIСЕ” хантаазны арын бэлдэц, шүүгдэгч Ж.У ын өөрийнх нь баруун гарын хугарлыг нотлох өвчний картыг хэрэгт хавсаргуулах, технологич, инженер Ц.Э, нягтлан бодогч Э.С, эсгүүрчин Бямбадулам нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй.

Шүүгдэгч нь бусдын бие махбодид халдсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч шинжээчийн 12976 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Учир нь ...хохирогч 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн, 2018.09.25-ны өдөр үзүүлсэн Гэмтлийн эмнэлгийн дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мэдрэлийн эмчийн үзлэг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Люксмед” эмнэлгийн МRI шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй.

Хохирогч Д.Г  зовиуртай байдлаар “гарын үсэг” зурсан хэрнээ шинжээч томилох тухай тогтоол, хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэл, эмчилгээний зардлын баримтуудад “Д.Г ” гэж бичмэлээр ямар ч зовиургүйгээр гарын үсгээ зурсан байдаг.

Үүнээс үзэхэд хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй, мөн хохирлын баримтыг хуурамчаар бүрдүүлж шүүгдэгчийг, цаашилбал хуулийн байгууллагыг хуурч мэхэлж байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.5 дугаар зүйлд зааснаар тусгай мэргэжил эзэмшсэн нарийн мэргэжлийн эмч оролцуулан шинжээчдийн баг томилуулж дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэсэн гомдол гаргасан ч одоо хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан хэлсэн саналдаа “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 553 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Д.Г гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үзүүлсэн рентген онош зөрүүтэй гэж гомдол гаргасан байдаг. Үүнд ямар нэгэн зөрүүтэй асуудал байхгүй ба хамгийн сүүлд үзүүлсэн шинжилгээгээр илүү нарийвчилсан онош гарсан. Хохирогч нь эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний баримт, карт, эм тариа авсан баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны тов мэдээгүйн улмаас нэмэлтээр гаргаж өгөх гэж байсан баримтуудыг өгч чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.   

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт тогтоовол зохих бүх асуудлыг шалгаж тогтоосон. Шүүх хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчилсэн. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.У , түүний өмгөөлөгч Ё.Энхбулган нарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.У ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ж.У  нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц Ш” оёдлын үйлдвэрт Д.Г тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар баруун далан тус газар нь цохиж, түлхэн “баруун бугалганы шөрмөс баруун лабрумын урагдал баруун гарын эрхий хуруу, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Энэхүү үйл баримтыг хоёр шатны шүүх хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, Ө.Одончимэгийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ё.Энхбулган нар нь “...Нотлох баримтыг буруу үнэлсэн, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах” гэсэн давхцуулсан агуулга бүхий гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт, түүнийг тогтоосон нотлох баримтын үнэлгээний талаар гомдол гаргасан хэдий ч хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган нь дээрх саналаасаа өөр үндэслэл бүхий “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн санал гаргалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ...эрхгүй” бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах эрх хэмжээг хуулиар тогтоосон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн үйл баримтыг дахин өөрчлүүлэх зорилгоор гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Ж.У ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Ж.У , түүний өмгөөлөгч Ё.Энхбулган нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 553 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Ж.У ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ж.У , түүний өмгөөлөгч Ё.Энхбулган нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН